“Их найм”-ынхан юу хэлэлцэх вэ
Францын Довильд энэ сарын 26,27-нд болох “Их найм”-ын дээд хэмжээний уулзалтдаа гишүүд бэлтгэж байна. Ирэх уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон асуудлуудын нэг бол даяарчлалыг хамарсан мансууруулах бодисын аюул юм.
“Их найм”-ын тэргүүнүүд уулзалтынхаа үеэр анх удаа энэ асуудлыг гол асуудлаа болгож хэлэлцэх аж. “Атлантыг дамнасан мансууруулах бодисын сувгийг сөрөн зогсох нь шийдэх ёстой тэргүүлэх асуудлуудын нэг” гэж энэ удаагийн уулзалтыг даргалах Франц улс мэдэгдлээ.
Сүүлийн үеийн тоо баримтаас харахад жилд дунджаар дэлхий даяар 2000 тонн мансууруулах бодис тээвэрлэгддэг. Үүний бараг тал хувийг нь Афганистан улсаас зөөвөрлөж байна. Иймээс хамгийн гол нь Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэлийг устгах хэрэгтэй гэж Москва үзэж байгаа аж.
Мансууруулах бодисын суваг бүх улсаар аалзны тор мэт тарж байхад дийлэнх нь хор уршигтай нь тэмцэх гэж асар их хөрөнгө зардаг гэнэ. Иймээс асуудлыг Аюулгүйн зөвлөлд оруулж, мансууруулах бодисын хяналтыг чангатгаж, үйлдвэрлэлийг нь таслан зогсооход энэ “Их найм”-ын уулзалтын зорилго оршиж байгаа гэхэд хилсдэхгүй.
Дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх бусад асуудлын дотор үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, Африкийн улсуудтай түншлэх асуудал багтаж байгаа. Он гарснаас хойш Арабын зарим улсад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Үймээнтэй байгаа улсад байдал улам хурцдаж, засгийн газрууд нь иргэдийнхээ эсрэг зэвсэг хэрэглэж байна. Иймээс олон улс “Их найм”-ыг Арабын хямралыг зохицуулахын тулд ямар нэг шийдэлд хүрнэ гэж найдаж байгаа юм.
Арабын хямралаас болж нефть, үнэт металлын зах зээл дээр тогтворгүй байдал үүссэн билээ.
Харин “Их найм” Ливийн асуудалд хэрхэн хандах нь олны сонирхлыг татаж байна. Ливийн эсрэг явуулсан барууны улсуудын бодлого тус улсын нөхцөл байдлыг мухардалд оруулсан нь тодорхой болоод буй. Энэ бодлого ямарч үр дүнгүй бүр утга учиргүй гэж яригдаж байна. Учир нь Ливийн тэнгэрт онгоц нисгэхгүй байх шийдвэрийг НҮБ баталсан. Гэвч барууныхан өөрсдөө агаарын довтолгоо явуулсан юм. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1973 онд баталсан тогтоолыг үгүйсгэсэн.
Түүнчлэн, Япон улсад болсон байгалийн гамшиг “Их найм”-ын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа. Хүчтэй газар хөдлөлт болон цунамигаас болж Фүкүшима Дайчи АЦС-д осол гарч, хоёр дахь Чернобыль хэмээн нэрлэгдэх болов. Иймээс Япон улс бүх реакторынхоо тал хувийг зогсоогоод байна. Энэ асуудлаас үүдэж атомын эрчим хүчний аюулгүй байдлын асуудал “Их найм”-ын онцлох сэдэв байх юм.
Зарим улсын төлөөлөгч найман баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай газарт АЦС барихыг хориглосон шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт нэгэн чухал үйл явдал болж өнгөрлөө. Энэ бол Вашингтон, Бээжингийн эдийн засаг, стратегийн хамтын ажиллагааны ээлжилт уулзалт юм. Уг уулзалт Довилийн дээд хэмжээний уулзалтын явцад шууд бусаар нөлөөлж болзошгүй. Учир нь юанийн ам.доллартай харьцах ханш суларсаар байгаа. Сүүлийн жилүүдэд Хятадын тал санаатайгаар юанийн ханшаа буулгаж байгаа нь АНУ-ын эрх баригчдын толгойны өвчин болжээ. Өөрөөр хэлбэл, Хятад улс юанийг ам.доллартай өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхийг зорьж байгаа.
АНУ сүүлийн 10 жилд юанийн ханшийг өөрчилж зах зээлийн ханшинд ойртуулахын тулд Хятад улсад улс төр, эдийн засгийн шахалт үзүүлсээр байгаа ч үр дүнд хүрсэнгүй. Харин “Их найм”-ын дээд хэмжээний уулзалтаар энэ харилцан буулт хийлт шууд бус нөлөөлөх аж.
Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/
URL: