Хүслийн цахлай /өгүүллэг/

Хүслийн цахлай /өгүүллэг/

Зургаан сарын говь. Нар зулай дээрээс цоонон, нүдэлж шарсан өндөг шиг алтарна. Наранд халсан агаар нарийн элсний ширхэгтэй холилдон пургиж, алагдаахай, хонин гүрвэл ч халуунаас халган нүхэндээ шургалах цагаар би хот руу давхиж явлаа.

Би өмнийн говийн гүнд байх нэгэн алтны компанид ажилладаг юм. Түүхийн мэргэжилтэй ч цалин сайтайг нь харж энэ компанид жолооч хийдэг. Хайруулын таваг дүүрэн хайлмаг шиг санагдах халсан элсэн далай дундуур давхиж явахдаа би нойрмоглон хот ордог замаасаа гарчихсан бололтой. Захгүй юм шиг шаргалтах элсэн дундаас гэнэт үзэсгэлэнт тооройн ногоон төгөл нүдний өмнө ургаад ирэв. Зэрэглээ юу гэтэл яах аргагүй л торго шиг ширэг ногоорон, усны сэргэлэн үнэр ханхийх ажээ.

Тийм ээ. Говьд хаа нэг тааралддаг эргээрээ номин ногоон зүлэг эмжсэн болор уст горхи, сэрүү татсан салхинд навчис нь сэржигнэх хайлаас, тоорой ургасан сайхан баян бүрдэд би ирчихсэндээ итгэж чадахгүй хэвээр машинаасаа буулаа.

Тэртээ тэнгэрийн хаяанд хуурамч далай цэлэлзэн цэнхэртэж, хэдхэн алхмын цаана элчилгүй уудам элсэн далай шаргалтах атал энд сэтгэл татам сэрүүхэн, хоржигнох горхины хөвөөнд суухад зүлэг нь дурдан мэт зөөлхөн ажээ. Би ширэг дээр сууж арзгар ултай аяны гутлаа тайлан горхины цэв хүйтэн усаар толгойгоо шавшин нүүрээ угааж гарлаа. Элсэн говийн шатам халуун өдөр  баянбүрдийн горхины хүйтэн усанд толгойгоо норгон алган дээрээ утгаж уун цангаагаа тайлах шиг жаргал үгүй юм шиг л санагдаж байтал…

Гэнэтхэн ард морь тургих, бүсгүй хүний хэлмэгдэн цочсондоо “Ээж ээ!” хэмээн уулга алдах  сонсогдоход би ч цочин эргэж харав. Бурхан шүтээн минь. Багадаа уншсан “Зэст уулын эзэгтэй” гэж үлгэрт гардаг уулын эзэн үзэсгэлэн төгс хүүхэн биш байгаа даа гэмээр гайхалтай сайхан охин толгой хаялан дүүхэлзэх саарал морин дээрээсээ над руу айсан харцаар ширтэж байх нь тэр. Тас хар хур дэлээ сугсалзуулсан гайхам сайхан саарал морь унасан тэр бүсгүй богинохон хүрэн үсээ хагасыг нь хавчиж, толгой дээрээ ковбой малгай тавин, бариу хар биеийн тамирын хослол өмсчээ. Цайвар бор цэвэрхэн царай, жижгэвтэр давхраатай цоглог хар нүдтэйгээ ойрхон нарийхан хөмсөг, уран хэлбэртэй зузаавтар ягаан уруултай агаад дэндүү гоолигхон урт хөлтэй юм.

Тэр бүсгүйн адын гэмээр гоо үзэсгэлэн, мориных нь дэндүү сайханд балмагдсан би үг дуугарч чадахгүй мэлрэн ширтсээр байснаа ч анзаарсангүй.

-Ёооё, ингэж айх гэж. Монгол хүн шив дээ. Сайн явж байна уу? гэж бүсгүй эрхлэнгүй өнгөтэй цовоо дуугаар мэндэлснээ өөдөөс нь алмайран зогссоор буй над руу доогтой харснаа:
-Амаа хамхиач дээ. Хүн үзээгүй юм шиг хэмээн даапаалаад мориноосоо буулаа.

Түүнийг юм ярихад зузаандуу шөмбөгөр уруулынх нь завсраар голоороо зайтай ер бусын цагаахан шүд  нь гялалзахыг хараад л баймаар. Эзгүй шахам говийн цооном халуун өдөр гэнэт ийм нэгэн  бяцхан диваажин мэт баянбүрдэд ирж, ийм гоо охинтой тааралдахын чинээ санаагүй би түүний уруулын хөөрхнийг нь бахдан амаа ангайтал ширтсээр байсандаа  бага зэрэг ичингүйрч хариу мэнд мэдэлцлээ.

-Энэ хавийн нүүрсний уурхайн хятадууд их явдаг болохоор эхлээд айлаа шүү. Миний согоон саарал хурдан юм болохоор эвгүйдвэл буцаад давхичихъя гэж бодсон хэмээн тэр ярин хамраа сарталзуулан ус залгилах мориныхоо хүзүүг илнэ.

Сайхан бүсгүй үзээд  анх балмагдсанаа мартсан би эр хүний хувьд муухан маасганах байдалд шилжин юуны өмнө нэрийг нь асуулаа.

-Хэнээр нь яах нь вэ? Хэрээ гэдэг гэснээ тэр тас тас хөхөрч:
-Өөрөө эхлээд нэрээ хэлэхгүй юу гэж байна. Ер нь хөөрхөнөө мэддэг, бас их нүүрэмгий, сүрхий захирангуй зантай нь илт.

Би нэрээ хэллээ. Тэгээд бүсгүйг дахин шалгааж байж  нэрийг нь Сувд гэдэг, эндээс холгүй байдаг нагац эгчийндээ зусч буй гэдгийг нь мэдэж авлаа.

Сувд надаас чихэр байна уу? гэж асуухад нь машин руугаа ухаан малгайнгүй гүйн очиж ганц “Mars” шоколад байснаа авчирч өгөхөд тэр:
-Өө, уг нь хатуу чихэр байсан бол дээр байхгүй юу. Би согоон сааралдаа л өгөх гэсэн юм. Миний согоон саарал “Му му” чихэрт бүр ч дуртай. Энийг идэх болов уу, үгүй болов уу гээд цаасыг нь задлав.  Ёстой л согоо чихээ солбиулан, толгой хаялах согоон саарал шоколадны хэлтэрхийнүүдийг ганцхан үмхчихээд үүрсэв.

Тэр жиг жиг инээн “Би  бүр даага байхаас нь чихэрт дуртай болгочихсон юм. Намайг ирэхээр чихэр нэхчихнэ гээч” гэснээ надаас морь унаж чадах эсэхийг минь асуув. Би  омхон морь унаад ергүүлэхээс цаашгүйдээ анх удаа их л ичлээ. Ингэж Сувд бид хоёр танилцсан юм.

Би хот орох замын туршид Сувдын тухай бодолд автсаар, түүнийг богинохон тас хар даашинзтай, эсвэл хөхийг нь дөнгөж халхлах төдий усны хувцастай, бас гоолиг гуяыг нь тас барьсан жийнс, өндөр өсгийт өмссөнөөр төсөөлөн дүрсэлсээр явлаа.

Уг нь танилцаад удаагүй Жавхлан хэмээх эгэл даруухан бүсгүй байсан ч Сувдын ер бусын гоо үзэсгэлэнд татагдан түүнээсээ сэтгэл хөндийрч эхлэв. Хотод очоод би Жавхаатай уулзсангүй. Харин Сувдаатай уулзах шалтаг болгон гурван хийл “Му му” чихэр авлаа.

Тэдний нагац эгчийнх Тооройн бүрдээс баруун тийш сэрэвгэр хадат дэнж дээр зусдаг улаан ямаат Чанцал гэдэг айл ажээ. Сувд надад өөрийнхөө тухай дэлгэрэнгүй ярихаас цааргалсан ч би нутгийн залуугаас нэлээд юм мэдэж авч билээ. Сувдын аав нь сумын төв дээрх цаг уурын станцын эрхлэгч, ээж нь химийн багш байснаа нас барсан юм гэнэ. Аав нь ганц охиндоо ухаангүй хайртай ажээ. Бүсгүй хөдөө аж ахуйн их сургуульд сурдаг, өнөөдрийг хүртэл өөртөө санаатай ганц ч залууг халгаадаггүй ороо амьтан гэнэ.

Би уурхай руугаа буцахдаа зам хазайн анх Сувдтай танилцсан бүрд дээр ирэв.

Нар жаргах гэж байв. Өдөржин төөнөх наранд халсан элс гар хүргэхийн аргагүй халж, хонин гүрвэл ч нүхэндээ сэрүүцэн шургаа юу гэмээр эл хуль говийн элсэн манхнууд нойрмоглон дүнхийнэ.

Нов ногоон эмжээрт горхи хоржигнон урсах нь эгшиглэнтэй ч Сувд байхгүй болохоор бяцхан баян бүрд анхных шигээ гайхалтай санагдсангүй. Эзэгтэй нь эзгүй айл шиг цаанаа л гунигтай.

Би горхины тагнай хага ташим цэв хүйтэн усаар зулайгаа норгох гэснээ больж, хүзүү толгойгоо бүтэн булхаж нэг сэхээ ороод тооройн сүүдэрт сууж байснаа дугхийчихжээ.

Баянбүрдийн тооройн дундаас гэнэт урт ёрдгор буутай гамин цэргүүд гараад ирэв. Би машин руугаа гүйх гэтэл толгой дээгүүр сум шунгинаж гарлаа. Би хармагийн бутны араар орж амиа хаацайлав. Тэгтэл саарал морь унасан Сувд гараад ирэх юм. Тэгтэл нэгэн гамин түүнийг цавчихаар сэлэм далайн дайрлаа. Би ч айхаа мартчихсан, гартаа тааралдсан нударгын чинээ чулууг шүүрэн гамин цэрэг рүү дайртал яг зүрхэнд бууны сум онож лүгхийгээд явчих нь тэр. Сувд над руу гүйн ирж “Битгий үхээч дээ” хэмээн уйлахад нулимс нь нүүрэн дээр асгарах юм.

-Хүүе ээ, сэрээч. Хар дарсан юм уу? гэх сэтгэл татам дотно дуунаар би хүнд зууранги нойрноосоо сэрлээ.
Сувд  ирчихсэн морио хөтлөн над руу шоолонгуй нүдээр харж  зогсох ажээ.
-Сайн уу?
-Зүүн  манхны тэрүүгээр хонь хариулж явтал чиний машин харагдсан юм. Хүрээд ирсэн чинь  чи модны сүүдэрт хэвтээд бүр “давсанд явчихсан” байнаа. Энэ халуунд унтахаар толгой чинь дүйрдэггүй юм уу? Би тэгээд чам руу ус цацсан юм гэж тэр ярив.
-Би гамингуудтай байлдаж байна гэж зүүдлээд. Намайг үхчихсэн чинь чи уйлаад гэж зүүдэлж байлаа.
-Юун гамин бэ? Хачин зүүд зүүдэлдэг залуу юу, үгүй юу? Бас намайг уйлуулчихжээ гээд Сувд тас тас хөхөрлөө.

Шөмбөгөр зузаан уруулынх нь цаанаас инээх бүрд нь гялсхийх танан цагаан шүдийг нь хараад л баймаар. Түүнийг биедээ яв цав таарсан ягаан тэрлэгтэй, толгойдоо саравчтай малгай дурдуулсан явааг харах их л сонин байв.
-Сувд аа, чамд найз …залуу бий юу?
-Яах нь вэ? Ингээд л хэрэгт дурлаад байдаг залууст би дургүй ээ гээд тэр зүлгэн дээр сууж малгайгаа авлаа. Саравчтай малгайгаа авмагц хүүхдэрхүү дүрсгүй төрх нь оргүй алга болж, гоолигхон биед нь яг таарсан нимгэн ягаавтар дурдан тэрлэг нь түүнийг  улам ч нууцлаг, басхүү монголжингоо төрх оруулжээ.

Би гэнэт их л ичиж, бантсандаа юу хэлэхээ мэдэхгүй машин руугаа явлаа. Морь нь тургиж ус руу зүтгэнэ.
-За за, морио усалъя.
Намайг машинаасаа ууттай “Му му” чихрээ барьсаар ирэхэд морь нь ухаангүй ус залгилж, Сувд горхины цэв хүйтэн усанд  баруун гарын алгаа хүргэн хүйтэн болгоод харцартаа үе үе наан сэрүүцэж  суулаа.

-Сувд аа, май.
-Хүүе ээ, юун их чихэр вэ? Баярлалаа.
-Саарал моринд чинь авчирсан юм.
-За май. Чамд өгөх зөндөө чихэртэй боллоо гэж тэр морьтойгоо ярин нэг чихэр задалж аманд нь хийлээ.

Согоон саарал  хэрэмнийх шиг соотолзсон чихээ  солбиулан, амандаа чихэр тачигнуулна.
-Чи бас надад битгий дурлачихаарай гэж Сувд даажинтай хэлээд хөхөрлөө.

Ийм омголон, өөртөө итгэлтэй, цовоо, бас хөөрхөн бүсгүйтэй өмнийн говийн жижигхэн баян бүрдэнд таарна чинээ бодсонгүй явжээ, би.

Бид хоёр горхины хөвөөн дээр хэсэгхэн сууж, шинэ кино, удахгүй болох наадмын тухай хэдэн үг солиод салав.

Хотод ирсний дараа Жавхаа над руу баахан залгасан ч би хөдөө явна гэж худал хэлээд уулзахаас цааргалж, гар утсаараа сэмхэн авсан Сувдын зургуудыг засч янзлан гар компьютертаа оруулах зэргээр хоёр хоногийг арай чуу барлаа. Зэлэн дээрээс эх рүүгээ тэмүүлж байгаа тугал шиг л хот руу зүтгэдэг байсан би одоо говь руу, ажилдаа соронзон мэт татагддаг хүн болж хувирав. Юу ч хийж байсан согоон саарал морьтой, цас шиг цагаан шүд яралзуулсан Сувдаа нүдэнд ургаад ирнэ. Тэдний зусч байгаа Улаан манханы тэнд гар утас барьдаггүй, тэгээд ч Сувд надад дугаараа өгсөн ч биш.
Энэ удаа уурхай руу ерөнхий нягтланг  ажилчдын цалинд өгөх мөнгөтэй  нь хүргэх болсон тул би Сувдаатай уулзаж чадсангүй. Зэрэглээн далай дунд гандирсын шилтгээн болон мяралзах Тооройн бүрд рүү хялам хийсээр хажуугаар нь өнгөрч билээ.  Буцахдаа ч мөн л чанга дуутай, захирангуй эзэрхэг зантай нягтлан эгчийг машиндаа суулгаж явсан болохоор Тооройн бүрд рүү  эхдээ хоргодох янзага шиг  хараачлан ширтсээр хот руу давхин өнгөрөв.

Ийнхүү ажлаас болоод би Сувдын барааг харалгүй арваад хонохдоо  нойр хоолноос гарч, дуугаа хурааж, найзуудынхаа хэлснээр бүр нүднээс гарч гүйцэв.

Гэтэл амьдралдаа анх удаа намайг ийм зовлонт дурлалын шаналалд унагаасан говийн тэр гоо бүсгүй нь би гэдэг хүнийг тоох ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Харин Жавхаа хэмээх  нэгэн  эгэл   бүсгүй  болохоор над руу гүйгээд байхад нь би тоодоггүй.

Зургадугаар сарын 21. Миний төрсөн өдөр л дөө. Өглөө эрт нар битүүгээр хотоос гарч уурхай руу  ганцаараа  давхиж явахдаа өнөөдөр л Тооройн бүрд орж Сувдтай уулзана гэхээс сэтгэлд жигүүр ургасан мэт давхиж байлаа.

Зам эцэс төгсгөлгүй мэт хөврөн, хааяа машины урдуур орох ганц нэг адуу, улаан зам руу багшран орж ирэх хонь ямаанд уур хүрч, түүнтэйгээ уулзах, сайхан дүрийг нь харах мөчийг уяж байгаад нь ундууцан дохиогоо сүртэйгээр хангинуулан давхисаар би үдээс хойно Тооройн бүрдийн барааг олж харав.

Нүд аргам шаргал  элсэн дундах Тооройн бүрд сэтгэл баясган ногоорсоор угтлаа. Анх Сувдтай учирсан бяцхан цэнхэр горхи хоржигнон урсаж, тооройн сүүдэрт сэрүү татна. Харин тэр минь байсангүй. Юу гэж л намайг харуулдан энэ бүрдэд өнжих билээ дээ гэж бодон сэрүүн горхины усаар толгойгоо шавшиж суутал ард адуу тургилах, жиг жиг инээх сонсогдов. Сэтгэл баяр хөөрөөр цалгилан эргэж хартал…Сувдаа ягаан тэрлэгтэйгээ зогсч байлаа.

-Хүүе, сайн уу? Намайг морио услах гэхээр л чи байж байх юм.
-Сайн сууж байна уу?
-Сайн, сайн. Чи чинь цэргээс ирж байгаа юм шиг л сайн сууж байв уу? ч гэх шиг. Сүртэй гэдэг нь гээд Сувдаа мориныхоо хүзүүг илбэнэ.
-Моринд чинь чихэр авчирсан гээд би машин руугаа алхлаа.

Тэр саарал моринд дурласан биш дээ, ямар. Өөр олигтойхон үг олоод хэлж болсонгүй юу? хэмээн би өөртөө ундууцаж явлаа.

Сувдаагийн согоон саарал миний өгсөн чихрийг тачигнуулан идээд, ус руу зүтгэлэхэд би бүсгүйтэй ойр зуурын хэдэн зүг солив.
-Чам шиг гоё охин загвар өмсөгч болбол…
-Яах юм? Тэр сайхан амьтад нь надаар л дутаг. Надад байгалийн шинжлэл сонирхолтой байдаг. Малын эмч болж  амьтан эмчлэхсэн гэж хүсдэг.
-Малын эмч ээ?
-Юунд нь гайхаав?
-Зүгээр л. Чам шиг гоё охинд зохихгүй юм шигээ.
-Тэгвэл чам шиг түүхч хүн жолооч хийх нь зохиж байгаа юм уу?

Амаа таглуулсан би юу ч хэлж чадсангүй. Сувдаа надад утасныхаа дугаарыг өгөөгүй ч би нутгийн нэг залуугаас мэдээд авчихлаа.

Тэгээд л мессэжээр булж гарсан ч эргээд хариулна гэж үгүй. Наадмаар тэр аавтайгаа хот явж, би уурхай дээр ажилтай байснаас уулзаж амжсангүй. Тэгтэл яг долдугаар сарын 11-нд Сувдаа надад гэнэт баярын мэнд хүргэсэн мессэж илгээхдээ, бас Тооройн бүрдний горхины эхэнд байх өвгөн хайлаасны хонгилд бэлэг үлдээснээ бичдэг байгаа. Би гэдэг амьтан хөөрч баярласандаа тэнгэрт нисмээр л байлаа. Сувдаа надад мессэж бичжээ. Бас бэлэг үлдээсэн гэдэг… төсөөлж ч байгаагүй баяр хөөр авчирлаа.

Говийн том улаан наран баруунаа жаргаж байхад би Тооройн бүрд дээр давхиж ирэв. Хуланжороо нисэн бууж, богширго жиргэн, сэвэлзэх салхинд тооройн төгөл шуугисан хачин сайхан орой байлаа.
Сэрүү татан хоржигнох булгийн эх өөд торгон ногоон ширэг дээгүүр алхлан явахдаа би багадаа мөрөөдөж байснаараа ягаан үүлэн дээгүүр хөвж байх шиг сэтгэл хөвөлзөөд дэндүү сайхан. Баян бүрдийн зүүн захад байх оройдоо ганц тэвэр ногоон мөчиртэй өгөршиж унах дөхсөн хөгшин хайлаасны  их биед нээрээ нэгэн том хөндий байх ажээ.

Тийшээ гараа хийвэл доошоо сайн дэлэм гүнзгий бололтой. Гар юунд ч тулсангүй. Харин дунд хавьд нь нэгэн догол дээр сонинд боодолтой зүйл байж байлаа. Задалбал му му чихрийн цаасаар хийсэн бяцхан хөөрхөн завь гарч ирэв. Завины хитэг дээр наадаг цэнхэр цаас тогтоосныг авч уншвал гаргацтай, том бичгээр “Миний мөрөөдлийн бяцхан завь. Мөрөөдөлдөө үнэнч байгаарай. Сайхан наадаарай. Сувдаа” гэжээ.

Хөөрхөн юм. Тэр чихрийн цаасаар урласан бяцхан завь, өөдөсхөн наалддаг цаасан дээрх зурвас хоёр шиг гайхалтай бэлэг би хэнээс ч хэзээ ч авч байгаагүй юм шиг санагдав.

Завийг би горхинд тавивал ягаавтар бөөр гялалзуулан хөвж одлоо. Зурвасыг би түрийвчиндээ нандигнан хадгаллаа.

Наадмын дараагийн долоо хоногт Сувдаа бид хоёр дахиад л Тооройн төгөлд уулзав.
Сувдаа тэр өдөр надад  нөгөө хөгшин хайлаасны хөндийд зурвас  нууж байя гэлээ. Энэ санал надад их таалагдав.

Би  хэд хоногийн дараа тэр хайлаасны хөндийд нь Сувдаад авсан бэлгээ  орхилоо. Тэр нь   хавхлагийг нь нээж, зураг хийдэг жаазтай зүрхэн зүүлт байсан юм. Өөрийнхөө зургийг тэр жаазанд нь хийчихдэг юм бил үү гэснээ ичээд больчихсон юм.

Тэр өдрөөс хойш бид хоёр байнга уулзаж, хүсэл мөрөөдлөө ярилцан, горхинд завь хөвүүлж тоглох болов. Түүний дэндүү омголон, дэндүү хөөрхөнд нь сүрдсэн би сэтгэлээ илчилж зүрхлэхгүй байсан ч миний бэлэглэсэн  тэр л зүрхэн зүүлтийг хүзүүнээсээ салгахгүй явах болсонд нь сэмхэн баярлаж, надад хайртай байх гэсэн горьдлого тээх болсон юм.

Нэг өдөр би түүнээс “Чи ямар залуутай сууна гэж боддог вэ?” гэж асуухад тэр  “Суух аа? Ямар залуутай гэнээ? Юу ч гэсэн чам шиг л лав биш” хэмээн тохуутай хэлээд хөхөрлөө. Намайг энэ үгэнд нь гомдож царайгаа хүрлийлгэмэгц, тэр горхины ус цацлан хөхөрч “За, юун ч гомдомтгой юм дээ” гэснээ босон мориныхоо суман дэлийг илбэн зогссоноо алсыг ширтэн бодолд орж :
-Надад заавал далай үзүүлж, бас яг энэ горхины ус шиг тунгалаг алмазан шигтгээтэй цагаан алтан бөгж зүүлгэн, цав цагаан хуримын даашинз өмсгөх тийм л хүнтэй л суумаар байна гэлээ.
-Далайд аваачих аа?
-Тийм ээ. Далайн эрэг дээр зогсож, цагаан цагаан цахлай шувууд уснаас загас шүүрэн нисэлдэхийг  үзэхсэн. Цэв цэнхэр далай, цав цагаахан цахлай үзэх нь ээжийн минь сүүлчийн хүсэл байсан юм. Хөөрхий миний ээж. Эмчилгээгүй гэж эмнэлгээс гарсан оройгоо надтай хамт зурагт үзэж суугаад гадаадын нэг кинонд нарлаг далайн эрэг, намуухан давалгаа, цав цагаан цахлайнууд нисэлдэхийг  хараад “Ээж нь далай үзэхсэн гэсэн хүслээ л биелүүлж чадсангүй дээ” гэсэн сэн… Тэгэхэд цаг үргэлж  хөгжилтэй, егөөтэй гялалзаж байдаг Сувдаагийн нүд нулимсаар дүүрснээ аньсагаа зөөлхөн анихад нь хоёр том гэгчийн тунгалаг нулимс хацрыг нь даган бөмбөрлөө. Би нулимсыг нь арчаад түүнийг цээжиндээ зөөлхөн наалаа. Эгнэгт эргэн ирэхгүй аянд мордсон хайрт ээжийгээ үгүйлэн гуниглах  түүнийг хязгааргүй ихээр өрөвдөн хайрлах сэтгэл миний зүрхэнд үерлэнэ. Эхэндээ би бүсгүйг  тэсгэлгүй өрөвдөн хайрласандаа тэвэрч  байлаа. Тэгтэл түүний өтгөн үснээс нь анхилуун үнэр сэнгэнэж, хоёр хөх нь цээжинд төмбөлзөн, зөөлөн амьсгаа нь хүзүү ирвэгнүүлэхэд би тэссэнгүй, нэг л мэдэхэд уруулыг нь тачаадан озож байв.

Гэтэл Сувдаа сэхээ орж, “Болиоч” гээд намайг байдаг чадлаараа түлхчихээд босч тэрлэгнийхээ хормойг гүвснээ, “Чи яаж байгаа юм бэ? Уй гашууг минь далимдуулж үнсэж үнгэнэ гэнээ, ёстой… ёстой  өөдгүй амьтан!” гэчихээд согоон сааралдаа мордож давхин одлоо.

-Сувдаа, хүүе Сувдаа! Намайг уучил л даа!
-Өөдгүй амьтан! Ийнхүү би хайрынхаа сахиусан тэнгэрийг тэнэглэлээсээ болж үргээж орхив.

Гэмээ хүлээх санаатай намайг маргааш нь нагацынд нь очвол Сувдаа сумын төв дэх гэртээ харьчихсан байв. Аавыг нь ууртай хүн гэж сонссон болохоор би тэднийд очиж зүрхэлсэнгүй, мессэж бичин нүглээ түмэнтээ наманчилсан ч түүнээс ганц ч хариу ирэхгүй л байлаа.

Тэгтэл хот руу хэд хоногоор явах ажил гарчихав. Хотод очсоныхоо маргааш орой нь би “Тэнгис” кинотеатрын хажуугаар явж байгаад Жавхаатай тааралдчихлаа. Хэл сураггүй алга болсон надад гомдсон атлаа хайрын харцаар ширтэх тэр бүсгүйтэй уулзмагц Сувдаас өшөө авах тэнэг бодол  толгойд орж ирсэн юм.

-Хоёулаа кино үзэх үү?
-Тэгье л дээ гээд Жавхаа миний гараас зуурчихлаа. Гарынх нь зөөлхөнийг ээ. Ааш нь ч хичнээн ялдамхан юм.

Кинон дундуур би Жавхаагийн бэлхүүсээр тэвэрсэн чинь уурласангүй, харин мөрөн дээр минь толгойгоо тавьчихдаг байгаа. Би улам даварч уруулыг нь озон үнслээ. Тэгсэн чинь өмнөөс янагхан гэгч нь үнсч байна. Кино тараад би түүнийг эзгүй гэртээ дагуулан харилаа…

Тэр үдшээс хойш Жавхаа бид хоёр салахаа байлаа.

Үе үе Сувдаагийн мэлтэгнэсэн хөөрхөн жижигхэн нүд, завсартай цав цагаан шүд цухуйлган инээмсэглэдэг цэцгийн дэлбээ шиг хөөрхөн уруулыг санахад гэнэт зүрхээр шархиран эмзэглэдэг ч  Жавхаагийн аяс дөлгөөн аашинд уягдан мартагнана.

Наймдугаар сард би уурхай руугаа явлаа.
-Битгий дахиад хэл сураггүй алга болчихоорой. Би олон нүүртэй залуучуудад дургүй шүү гэж Жавхаа хэллээ.
-Яалаа гэж дээ.
-Цүнхэнд чинь хуушуур хийсэн. Бас ногоон цай найруулаад хийсэн байгаа. Гаазтай ундаа уусны хэрэггүй шүү. Жавхаа үнэхээр халамжтай бүсгүй байв.

Хотын ойролцоох атираат нүцгэн уулс, тачирхан өвстэй ногоон толгодууд аажимхан өөрчлөгдсөөр  армаг тармаг дэрс, бударгана сөрвийх говийн зах руу орж ирмэгц зүрхний хөндүүр шарх сэдрэн, нүдэнд Сувдаагийн инээмсэглэл урган ирлээ.

Машиныхаа хөгжмийг эцэс дээр нь тавин, замын цагдаа гэж үгүй хээрийн замаар зуун милийн хурдтай давхихдаа би нүдэнд тодрон ирэх Сувдын дүрээс зугтах гэж оролдсоор байсан байх. Би Жавхаагаас нууж байгаад фэйсбүүктээ байсан Сувдаагийн зургуудыг устгахдаа сэтгэлээсээ ч сайхан дүрийг нь арчсан гэж өөрийгөө хуурч явжээ.

Тэртээд Тооройн бүрдийн бараа зэрэглээтэн үзэгдэхэд би машинаа зогсоож, жолоогоо дэрлэн уналаа. Хорин хоёртой эмзэг зүрх минь, атираа цөөнтэй тэнэгхэн тархиныхаа балгаар шархиран лугшиж, сэтгэл минь  хөндүүрлэн  өвдөхийг намжаах гэж би хичнээн ч удаан тэгж суусныг мэдсэнгүй.

Тэр ганцхан үнсэлт, тэвчээр алдсан хормоос  болж түүнийгээ би  алдах гэж үү? гэсэн харуусал зүрх базлахад “За тэр сэхүүн бүсгүйгээр яах юм. Цалин багатай, царай муутай надад түүнийг далайд аваачин цахлай үзүүлэх, очир эрдэнэ шигтгэсэн сүйн бөгж зүүлгэх бэл бэнчин хаана байна? Ер нь тэгээд түүнд намайг гэсэн сэтгэл байдаг бол яачихав? гээд ганц залгаж болох л байсан даа” гэхчлэн би   өөрийнхөө шарыг малтдаг байлаа.

Нэг л мэдэхэд намар болов. Есдүгээр сарын бороотой бүүдгэр өдөр байсан сан. Жавхаа жирэмсэн болсноо надад дуулгах тэр мөчид би Сувдааг үүрд алдаж байгаатайгаа эвлэрсэн юм.

Баяр гунигтай, эрхиний хэлхээ шиг л өдөр хоногууд ээлжлэн өнгөрсөөр гурван жилийг ардаа орхиход би хэдийнээ уурхайнхаа захиргаанд ахлах мэргэжилтэн боллоо. Цалин нэмэгдэж, сайхан байртай ч боллоо. Харин Сувдаатай дахин ганц ч уулзаагүй. Түүний тухай бодлыг ямагт тархинаасаа шахан зайлуулах оролдлого хийсээр байлаа.

Сувдаагаас салснаас хойш яг дөрвөн жилийн дараа би нэг удаа ажлаар ганцаараа говь руу явсан юм.
Зургадугаар сарын эхэн. Нялх зуны энхрийхэн нарлаг өдрүүдийн нэг байлаа. Тэртээд тооройн бүрд бүртэлзэн үзэгдэхэд зүрх сэтгэлийн гүнд зүүрмэглэн байсан хайрын нандин дурсамж минь амилан сэргэж, би өөрийн эрхгүй тийшээ жолоогоо эргүүллээ.

Алтан элс гэнэт номин ногоон зүлгээр солигдон, тунгалаг цэнхэр горхи нь яг л тэр жилийнх шиг хоржигнон урсах нь мөнгөн хонхны эгшиг шиг. Навчилж гүйцсэн тоорой говийн наалинхай салхинд үл мэдэг шуугих атал Сувдаагийн эрхлэнгүй цовоо инээд л энд байсангүй.

Гэнэт ард морь тургин зөөлөн үүрсэх чимээнээр зүрхний  минь ховдолд ёг хийхэд би “Согоон саарал” гээд эргэн харлаа.

Тийм ээ. Сувдаагийн хайртай хүлэг миний ард ирчихсэн толгой хаялан “Залуу минь, чи хаачив аа?” гэх шиг зогсож байх нь тэр.

“Сувдаа” гэж би амандаа шивнээд согоон саарал руу очив. Сумлан зассан байдаг ганган дэл сүүл нь азарганых шиг нэвсийн ургасан согоон саарал чөдөр ногтгүй сул байх агаад надаас ялимгүй үргэж  цаашаа хэд алхаад зогсов.

Би гэнэт халаасаа тэмтрэн ганц чихэр олж согоон сааралд өгөхөөр цаасыг нь задалтал тэр шажигнах чимээнээр чихэр идэх гээд хамраа дуугарган, нэг ухарснаа хүрээд ирэв.

Чихэр тачигнуулан идэх тэр сайхан хүлгийн хур дэлийг илбэн зогсохдоо би “Эзэн чинь хаачсан юм бэ, согоон саарал минь?” хэмээн асуулаа. Мэдээж хэн ч надад хариулах билээ дээ. Хулан жороо жиргэж, богширго босон суун нисэлдэж, горхи хоржигнон урсах атал  сэтгэлийн угаас үл гарах сайхан  тэр минь л энд байсангүй. Нуруундаа эмээл хүргээгүй удсан нь илт, тэгээд ч дэл сүүл нь ингэж их ургасныг үзэхэд  согоон саарал  ихэд эмнэгшсэн бололтой.

Хожим нь нутгийн танилаас дам сонсвол Сувдаа сургуулиа төгсөнгүүтээ гадаадад сурахаар одож, аав нь хот руу шилжихдээ хайртай морийг нь сэтэрлэн энэ баян бүрдэнд орхисон гэнэ. Тэр намар нь би есдүгээр сард Тооройн бүрдэнд дахин очлоо. Согоон саарал намайг хараад нэг үүрссэнээ үргээд давхичихлаа. Тэгэхэд нь би хайлаасны алтан навчис хивс шиг шаргалтсан  горхины хөвөө даган явсаар  нэгэн цагт Сувд бид хоёрын хайрын шуудан болж байсан хөгшин мод руу очив. Тэнд Сувдаагаас надад зориулан орхисон ямархан нэг заавал юм байх ёстой гэсэн горьдлого өрц хөндүүрлүүлээд байсан юм. Хөгшин хайлаасны хөндий рүү гараа шургуулахдаа сэтгэл минь  өгүүлшгүй  ихээр догдлон дэндэлзсээр байлаа. Тэгтэл… долоовор хурууны үзүүрт нэг юм торов. Гараа цааш лавшруулан оруулбал жижигхээн хайрцагтай юм байнаа. “Тэнгэр минь!” зөн совин минь намайг хуурсангүй шүү. Тэгээд тэр юмыг яаран гарган ирвэл жижигхэн туузтай хайрцаг байлаа! Зөн совин минь намайг хуурсангүй. Тагийг нь нээвэл миний түүнд бэлэглэсэн зүрхэн зүүлт, ёроолд нь бяцхан зурвас хийсэн байлаа.

“Тэвчээргүй амьтан минь, сайн уу? Чамайг хэзээ нэгэн өдөр энд заавал ирнэ гэдгийг мэдэж байна.  Чамаас салаад намайг гуниглаагүй гэж бодож байна уу, тэнэг минь? Чамайг би хайрыг минь даана гэж итгэж байсан. Гэтэл дөнгөж муудалцав уу, үгүй юу хоёрхон хоногийн дотор хотоос өөр бүсгүй олчихсон,   кино үзэж, үнсэлцэж явахыг чинь би хоёр нүдээрээ хараад итгэж чадахгүй байсан. Надад далай үзүүлж, цагаан алтан бөгж өгөх хүнтэй л сууна гэж хэлэхдээ уг нь би чамайг тийм хүн болж чадна, тийм болохын төлөө тэмцээсэй л гэж хэлсэн юм. Чи намайг ойлгосонгүй. Гэхдээ яая гэхэв. Харин тэр бүсгүйгээ л над шиг бүү гомдоогоорой. Чамайг хүүхэдтэй болсныг би мэдсээн. Баяртай, тэвчээргүй амьтан минь. Би өөрөө далай үзэхээр, өөрийнхөө амьдралыг босгохоор явлаа. Сувдаа” гэжээ.

Би тэр бяцхан хайрцгийг барьсаар бидэн хоёрын хайрын шуудан болж байсан өмхтэй дархи модон дээр сандайлаад Сувдааг анх харсан тэр өдрийг дурсан санав.

Сувдаа үнэхээр миний гэгээхэн, анхны хайрын эзэн, бас хүслийн гэрэлт цахлай минь байж гэдгийг би ухаарав.  Гэнэт дэргэд минь согоон саарлын үүрсэх чимээ сонсогдов.   /Б.Шүүдэрцэцэг/

Жич: Зохиолч Шүүдэрцэцэгийн “Сэтгэлийн анир” хэмээх өөрийнх нь зохиосон өгүүллэгүүдээс бүрдсэн сайхан номыг та бүгдийг авч уншаасай гэж хүсэж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих