Яармагийн гүүрний халтар нохойг аваръя
“Амьтан хамгаалах сан”-гийнхан манай сайтаар дамжуулан “Яармагийн гүүрний халтар нохойг аваръя” хэмээх ил захидлыг та бүхэнд хүргэж байна. Захидлын зорилго нь уг нохойг эзэнтэй болгох явдал аж.
“ЯАРМАГИЙН ГҮҮРНИЙ ХАЛТАР НОХОЙГ АВАРЪЯ”
(Амьтанд хайртай хүн бүхэнд илгээх захидал)
Яармагийн гүүрэн дээр автомашины осолд орж тэндээ сайхан сэтгэлт хүмүүсийн ач буянаар тэжээж тэтгэгдэн дахин босч ирсэн дөрвөн нүдтэй хар халтар нохойг одоо нийслэлчүүд андахгүй болсон. Түүний хувь заяаны талаар хүмүүс эзэн нь орхисон, эзэн нь энэ гүүрэн дээрээс үсэрсэн, энэ гүүрний савдаг, гүүрэн дээр машинд дайруулан хэвтэрт орж яг тэндээ сайн санаат хүмүүсийн өгсөн хоол хүнс, сэтгэлийн хүчинд эрүүлжиж “Энд л байвал хоол олддог” гэсэн амьтны төрөлхийн зөн совингоороо байнга тэндээ байдаг болсон”… гээд л янз бүрийн таамаглалыг NEWS.MN сайтынханы бэлтгэсэн зохиомж интернэтэд тавигдсанаас хойш олон хүмүүс дэвшүүлсэн байдаг. Бидний судлаж таамаглаж байгаагаар бол дээрхи таамгуудын сүүлийнх нь үнэнд ойртон байж мэдэх.
Японы Хачико, Оросын Внуково, нисэх буудлын Пальма гээд эзнээ үнэнчээр хүлээсэн хэд хэдэн нохойн өрөвдөлтэй түүх, хувь тавилан энэ нохойд бүү тохиолдсон байгаасай билээ. Хачико эзнээ хүлээсээр хорвоог орхиж хөшөө нь боссон бол Пальмаг гадаад дотоодын олон хүн авч асрая гэж байсан ч Киевийн их сургуулийн сайн санаат нэг эмэгтэй гэртээ авч дараа нь гурван гөлөгтэй болсон байдаг. Харин энэ халтар нохойн талаар гэр бүлээ тэжээх мөнгөний төлөө хайртай бүхнээ орхин хилийн чанадыг зорьж буй олон Монгол залуусын амьдралыг харуулсан нөгөө талаар амьтныг хүнчилж үзүүлсэн богино хэмжээний кино, нэвтрүүлэг, уран бүтээл хийвэл уран бүтээлчдэд бэлэн сэдэв. Манай байгууллага зохиолыг нь бичиж хамтран бүтээж болно.
Харин Монголчууд биднээс энэ нохойг авч эзэн нь болж асран хамгаалж, гүүр сахисан энэ эмгэнэлт тавилангаас нь салган амьдрал бэлэглэж өөрөө ч гэр бүл садан төрөлдөө сэтгэлийн их буян хураах сайхан сэтгэлтэн олдоно гэдэгт “ Амьтны эрх хамгаалах сан” ТББ-ынхан итгэлтэй байна. Яагаад гэвэл одоо өвлийн хүйтэн орсон энэ үед гүүрний хүйтэн цэвдэг цементэн дээр хайруулж, хамгийн аюултай нь өдөр шөнөгүй хоёр урсгалтай замаар хөлхөх, автомашины “дугуйны нөхөөс” болж халуун амь нь тасрах эрсдэлтэй орчинд тэр нохой байна.
Манай байгууллага энэ асуудалтай холбоотойгоор жолооч нартаа уриалахад: Зам хөндлөнгөөр гарч буй нохой өмнө тань байвал хурдаа хасч зарим үед зогсож өгч гаргаж байх нь танд том буян болно шүү !!! Бид золбин ноход гэж адлан зэрлэгээр буудаж устгадаг.
Магадгүй, тэд та бидний хэн нэгний маань урьд өмнөх амьдралдаа жаахан тааруухан үйл хийж явсан садан төрлийн маань нэг ч юм билүү хэн мэдлээ. Нохой, ер нь амьтад гэдэг чинь хүний гар харсан өрөвдөлтэй амьтад. Гэрийн тэжээвэр зэрлэг амьтад хүмүүс бид бүгд энэ цэцэгтэй цэнхэр дэлхийн хүндтэй зочид бөгөөд төрөх үхэх гэдэг хоёр заагийн дунд л зовж жаргаж амьдрах яг адил хувь тавилантай амьтад шүү дээ.
Тиймээс энэ нохойг хэний ямар айлын нохой болох, эзнийг нь таних хүн байвал доорхи хаягаар хандана уу. Мөн энэ нохойг асран хамгаалж шинэ эзэн нь болох сайхан сэтгэлт буянтан байвал манай байгууллага холбогдох байгууллагуудтай хамтран эрүүлжүүлж хүлээлгэн өгөхөд бэлэн байна.
Бидний хаяг: “Амьтны эрх хамгаалах сан” ТББ
(С. Дамдинсүрэн, З. Эрдэнэбат) 88001414. 88623198
animals_ mongolia @yahoo.com
“Амьтныг өрөвдөнө гэдэг
Сайхан сэтгэлээс үүдэлтэй” / Шопенхауэр /
URL: