МҮОНТ-д ужгирсан асуудлыг ард түмэнд ил болгосонд дарга, уран бүтээлчид нь дургүй байна
Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, телевизэд үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн юм. Үндэсний зөвлөлийн хурал 11:00 цагаас зарлагдсан. Гэтэл МҮОНТ-ийн өргөдөл гаргасан гэх сэтгүүлч, дарга нар өглөөнөөс авахуулаад энд тэнд цугларч өөр өөрсдийнхөө хүрээнд хуралджээ. Тэд байдал эвгүй тийшээ эргэж байгаа учир үлдсэн ажилчид буюу дахин 150 гаруй хүний гарын үсгийг яаралтай цуглуулах хэрэгтэй хэмээн гарын үсэг цуглуулах ажил өрнүүлж байгааг тэндэхийн эх сурвалж ярьсан юм.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж даргалдаг. Харин гишүүдээр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат, “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн багш Д.Гоошоохүү, ахмад дипломатч Ц.Гомбосүрэн, Хүний эрх, ардчиллын судалгааны төвийн тэргүүн, Хэлцэл хууль зүйн товчооны захирал, хууль зүйн ухааны доктор С.Цэрэндорж, Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав.
Мөн “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд, Төрийн шагналт Д.Сосорбарам, Төрийн шагналт, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо, “Боролдой” студийн захирал С.Мягмар, “Эй Би Ай” хүрээлэнгийн захирал Ш.Батцэцэг, Аялал жуулчлалын тогтвортой хөгжил төвийн тэргүүн, “Аялал Жуулчлалын тогтвортой хөгжил” сэтгүүлийн ерөнхийлөгч Д.Гантөмөр, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, Ирээдүйг аврах хөдөлгөөний тэргүүн, Монголын олон ангит кино компанийн захирал, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Ален Арман, Канад улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Зоригтбаатар нар ажилладаг юм байна.
Үндэсний зөвлөлийн эдгээр 15 гишүүнээс өчигдрийн хуралдаанд 11 нь иржээ.
Хуралдааны үеэр Үндэсний зөвлөлийнхөн юу ярьсныг тоймлон хүргэж байна.
-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн шагналт Д.Сосорбарам: Үндэсний зөвлөлдөх хороо энэ асуудлыг шийдэхгүй. Шүүх хурал шиг юм асуугаад байх ч шаардлага ч байхгүй. Би зүгээр шууд бодлоо хэлэхэд ийм байна. Энэ Ч.Даваабаяр бол өөгүй хүн байна гээд энд тайлбар ирсэн байна. Эсэргүүцэж байгаа хүмүүс бас л ажлаа сайн хийж байсан өөгүй хүмүүс. Өөгүй баахан хүмүүс хоорондоо маргалдаж байна л даа, миний харж байгаагаар . Тэгэхээр би Үндэсний зөвлөлийн гишүүн бус байхдаа МҮОНТ-ын энэ тэрийг анзаарч байхад өөгүй хүний тухай биш харин бүр ужгирсан тийм газар болчихсон юм байна гэдгийг л хардаг байсан, уран бүтээлч хүнийхээ хувьд. Үндэсний зөвлөлийн хорооны гишүүн болсноос хойш би энэ телевизийн элдэв нэвтрүүлэгт орохоос татгалздаг байсан. Яагаад гэвэл Үндэсний зөвлөлийн гишүүн байж энэ телевизээр их хэмжээгээр их гарах эрх байхгүй гэж үздэг. Миний бодлоор МҮОНТ-ийн дотроо ярих зүйлийг та нар үүдээр нь дэлгэчихсэн л байхгүй юу. Миний санаа зовж байгаа юм юу вэ гэхээр бүх юм дууссан. Одоо ичээд ч хэрэггүй, та нар. Та нарын өмнөөс ичиж байгаа юм юу вэ гэхээр ийм мэргэжлийн өндөр түвшний сэтгүүлчид зиндаа нь арай өндөр байх хэмжээний хүмүүс ийм юм яриад сууж байна гэдэг бол ертөнцийн онигоо. Энэ онигоог та нар яаж арилгах ёстой юм бэ гэхээр шууд шүүхэд ханд. Үүнийг Үндэсний зөвлөлдөх хороо шийддэг ч юм биш. Энэ бол цагын гарз. Шууд шийдвэр гаргаад энийг хал тэрийг ингэ гэх хууль эрхзүйн үндэс байхгүй.
Ч.Даваабаяр ч шалгуул. Та нар ч шалгуул. Аудитын шалгалт орохоор юм гардаггүй байхгүй юу. Энд нэг л бугшмал юм байгаад байгаа юм. Өнөөдөр радио, телевизийг удирдаж байгаа дарга нь гэнэт л алга болох уу/Ерөнхий захирал М.Наранбаатарыг хэлэв./ Гэхдээ өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг гэдэг. Гэхдээ энэ өдөр утсаа авахгүй алга болно гэдэг цаана нь нуугдмал юмтай л байгаа байхгүй юу. Тийм учраас та нар энэ ужгаа өөрсдөө арилга. Яаж арилгадаг юм бэ гэхээр шүүх байгаа ш дээ. Өөрсдийгөө шалгуул. Тэр 200 хэдэн сая төгрөг идсэн, уусан нь үнэн байна уу. Үндэсний зөвлөлдөх хороон дээр орж ирээд цаг бараад байх шаардлага байхгүй. Ажлаа хий. Ч.Даваабаяр шалгуул. Ч.Даваабаяр ч та нарыг шалгуулаг. Аяндаа илэрнэ. Энд бүгд өөгүй хүмүүс хүрч ирээд ярьж байгаа нь ажил хэрэг ч биш, хов. Ийм зиндааны сэтгүүлчид хов яриад. Энийгээ боль. Би хувь хүнийхээ хувьд, эр хүнийхээ хувьд, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний хувьд гэж үзнэ үү, падгүй. Би хувь хүнийхээ хувьд та нарт ингэж л хандаж хэлнэ. Бидний дунд, уран бүтээлч хүмүүсийн дунд ийм яриа баймгүй байгаа юм. Зүгээр л энэ байгууллагын нэр төрийг хөөдчихсөн юм байна. Та нар ч бас тав зургаан телевиз дагуулж орж ирсэн нь бас л буруу зүйл. Та нар яваад шалгуул. Хурдан шийд. Болдоггүй юм бол та нар сайн дураараа огцор. М.Наранбаатар чинь алга байна. Та нар гомдлоо гарга, шалгуул, тогтоо гүйцээ. Өөр юм байхгүй. Одоо телевиз, радиогоор сүйд болоод байх хэрэг байхгүй. Хэвлэл мэдээллээр хэрэлдээд ч хэрэггүй. Тэгвэл бүр онигоо шүү. Гомдлоо өгөөд урдах ажлаа хий. Нэг байшинд амьдарч байгаа хүмүүс гарч орохдоо хөмсөг зөрөлдөөд, аягүй бол гар зөрчих гээд байх хэрэггүй. Өнөөдөр М.Наранбаатар дарга нь өөрөө алга байна ш дээ. Ямар шийд гарах юм. Байсан бол ондоо юм ярина. Энэ телевиз дунд их бугшмал юм байгаа нь ингээд нотлогдож байгаа байхгүй юу. Тэсрээд одоо дэлбэрч байна хэмээн ярилаа. /Энэ үеэр хурлын танхим чимээгүй болж, хүмүүс түүний яриаг анхааралтай сонсч байв./
Ингээд Үндэсний зөвлөлдөх хороо хаалттай хуралдсан юм.
Манай сонины дугаар шилжих мөчид МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурал шийдвэр гаргаж, ирэх сарын 2-ны даваа гаригт ээлжит бус хуралдаанаа хийхээр болжээ. Тэр болтол идэж, уусан гэгдээд байгаа нөхдүүдийг зохих газруудаар нь шалгуулж, дараагийн хуралдаанд М.Наранбаатар захирлыг заавал байлгахыг үүрэгджээ. Өчигдрийн хуралдаанд ерөнхий захирал М.Наранбаатар “Одоо очлоо” хэмээсээр байгаад сүүлдээ утсаа ч аваагүй алга болжээ. Хаалттай хуралдааны үеэр түүнд арга хэмжээ авах тухай санал хэд хэдэн удаа гарчээ. Дараагийн хуралдаанд М.Наранбаатарын талаар авч хэлэлцэхээр болсон юм байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин” Д.Гансаруул
URL: