“Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийн дор байрны зээл өгсөн явдал нь сүүлдээ луйврын буюу гэмт хэргийн шинжтэй байж болох”
Гэрээний аргаар хийгдсэн хөдөлмөрийн “мөлжлөг”
Төрийн үндсэн үүргүүдийн нэг нь иргэнээ хамгаалах явдал бөгөөд тэднийгээ Төр хуулийн хамгаалалтанд байлгах учиртай. Харин хэн нэгэн тэрхүү хуулийн хязгаарлалтыг зөрчих аваас хуулийн дагуу зохих хариуцлага хүлээнэ. Тиймдээ ч Төр улс нийгмийнхээ бүхий л харилцааг урьдчилан харж, түүнийг нь хуулчилж, түүнийгээ бүх нийтээр даган мөрдүүлдэг.
Гэсэн хэдий боловч өнөөгийн манай нийгэмд ямар нэгэн байдлаар Төрөөс тогтоосон тэрхүү хуулийн үйлчлэлийг сулруулах, идэвхгүй болгох зэрэг хуулийг хэрэгжүүлэхгүй байх олон олон тохиолдол гарах болжээ. Харин энэ бүхний эцэст Монгол улсын иргэн хүн л хамгийн ихээр хохирч, хэн нэгэн эрхтэн дархтан хийгээд хөрөнгө мөнгөтний “мөлжлөгө”-д өртсөөр байна.
Жишээлбэл сүүлийн үед олны анхаарлыг татах болсон “Капитал” банкны асуудал. “Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийн дор байрны зээл өгсөн явдал нь сүүлдээ луйврын буюу гэмт хэргийн шинжтэй байж болох” талаар шуугицгааж байгаа. Гэхдээ энэ удаад энэ асуудлыг түр орхиод, тус банк “гэрээний” аргаар хэрхэн ажилчдынхаа хөдөлмөрийг мөлжиж байгаа болон Монгол улсын хуулийг зөрчиж байсан талаар.
Харин ингэхийн тулд тэдний ажилчидтайгаа байгуулсан “хөдөлмөрийн гэрээ”-ний хэд хэдэн заалтыг онцлоход л хангалттай. Хөдөлмөрийн гэрээний 2.1-т “Шинээр ажилд орсон эмэгтэй ажилтан 2-3 жилийн хугацаанд гэр бүл төлөвлөлийг нарийн тоцоолсон байх хийгээд ажлын зайлшгүй шаардлага, ажлын байрны онцлогоос шалтгаалан энэ хугацаанд нэг сараас дээш урт хугацааны чөлөө, амралт авахгүй үүрэгтэй” гээд заачихсан.
Мөн хөдөлмөрийн гэрээний 2.4-т “энэхүү гэрээний 2.1-т заасан/2-3 жил/ хугацаанаас өмнө ажилтан хүндэтгэн үзэх бус шалтгаанаар болон өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд тухайн хугацааны буюу нэг жилийн үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ажил олгогчид эргүүлэн төлнө” гэх зэргээр Монгол улсын Үндсэн хууль болоод Хөдөлмөрийн тухай хууль бусад хуулиудыг онц ноцтойгоор зөрчсөн зүйл заалтуудыг оруулж, ажилтнуудаа эрх, эрх чөлөөг хязгаарлаж орхижээ.
Үндсэндээ дээрх заалтуудтай холбоотойгоор тухайн ажилтан өвдөж зовох, хүүхэд төрүүлэх ч эрхгүй бөгөөд энэ бүний цаана ямар их дарамт шахалт, хууль бус нуугдаж болохыг үгүйсгэхгүй аж. Тиймээс гэрээнд заасан хугацаанаасаа өмнө хэн нэгэн ажлаасаа гарах болсон тохиолдолд ихээхэн хэмжээний торгууль төлөх, даварсан зохицуулалттай.
Манай улс Ардчилал, зах зээлийн замаар замнаад хорь гаран жилийг үдлээ. Тиймээс эдгээрийн нөлөөллөөр бидний сэтгэлгээнд шударгаар ажиллах аваас боломжийн амьдрах бүхий нөхцөл боломж бүрдсэн гэдэгт итгэдэг. Гэтэл өнөөгийн нийгэмд Төрийн хуулийг уландаа гишгэлсэн, ард иргэдээ эдийн засгийн замаар хөдөлмөрийг нь “мөлжих” явдал энэ мэтээр элбэгших болов.
Харин энэ бүхэн нь төдийгөөс өдий хүртэл хууль хяналтынханы нүднээс далд, чихнээс гадуур явсаар ирсэн бүр ч их хачирхалтай.
http://undesten.mn/s/37419
URL: