С.Лувсангомбо: Монгол улсад цөмийн зэвсэг хадгалж байгаагүй юм шүү
Монгол Улсын зэвсэгт хүчнээс гарын таван хуруунд багтах цөөн хэдэн хурандаа генерал төрсөн байдаг. Эдэн дотроосоо өдгөө амьд сэрүүн байгаа нь хурандаа генерал С.Лувсангомбо юм. Тэрээр 1970-аад оноос батлан хамгаалахын салбарт генерал цолтойгоор алба хашиж байгаад 1982 онд тухайн үеийн НАХЯ-ны сайдаар томилогдож, хурандаа генерал цол хүртсэн түүхтэй. Түүнийг Генералуудын өдрийг тохиолдуулан ОХУ-аас Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байхад нь ярилцлаа.
-Сайн байна уу, танд Генералуудын өдрийн мэндийг хүргэе. Та манай “Үндэсний шуудан” сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-За баярлалаа. “Үндэсний шуудан” сонины уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Сономын Лувсангомбо гэдэг. Би 1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн одоо 89 настай. 1944 онд цэрэгт татагдаж Улаанбаатар хотод ирж байлаа. За тэгээд 1989 он хүртэл иргэн, цэргийн салбарт тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн дээ.
-Монгол Улсад цөөхөн хэдэн хурандаа генерал байдгийн нэг нь та юм байна. Энэ эрхэм хүндтэй цолыг хэзээ, хэнээс хүртэж байв. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-1982 онд БНХАУ хөрш зэргэлдээ Вьетнам улсыг цэргийн хүчээр довтолж, Зөвлөлт холбоот улстай харилцах харилцаа нь улам хүйтрээд байлаа. Энэ үед манай өмнөд хилийн байдал ч түгшүүртэй болж эхэлсэн. Нөхцөл байдал ийм болсон үед Ю.Цэдэнбал дарга намайг өрөөндөө дуудаад “Бид армиа өргөтгөн зохион байгуулж эхлээд байна. Зэвсэгт хүчнээ орчин үеийн шинэ зэвсэг техникүүдээр хангагдаад үндсэндээ дууслаа. Одоо бидэнд хилээ бэхжүүлэх, ялангуяа урд хилээ бэхжүүлэх шаардлага тулгараад байна. Ялангуяа хүн хүчийг нь зузаатгах, орчин үеийн зэвсэг техникээр хангах нэн шаардлагатай байна. Мөн хилийн отръядуудын байршил, анги нэгтгэлийг шинэчлэн зохион байгуулах, хилчдийн орон байр, ахуй амьдралд анхаарах хэрэгтэй байна. Чи цэргийн хүн. Хилийн цэргийг сайн мэднэ. Тиймээс чамайг НАХЯ-ны сайдын албан тушаалд томиллоо. Ажлаа хүлээж ав” гэсэн юм. Ингээд би энэ албан тушаалыг хүлээж аваад 1984 оныг хүртэл ажилласан юм. НАХЯ-ны сайдын албан тушаалд томилогдохдоо хурандаа генерал цолоо хүртсэн дээ.
-Та тэгэхээр БНМАУ-ын түүхийн нэгэн эгзэгтэй агшинд өндөр хариуцлагатай албан тушаалыг хүлээж авчээ. Ер нь тэр үеийн улс төрийн бодит нөхцөл байдал ямархуу байсан юм бэ?
-Ер нь л хүндхэн байсан шүү. Үндсэндээ бол Зөвлөлт холбоот улс Хятадын хооронд өргөн хүрээтэй үзэл суртлын дайн болж байсан цаг үе. Бид бол мэдээж Зөвлөлтийнхөө талд зогсох нь тодорхой. Гэтэл 1982 онд Хятадын цэргүүд Вьетнамтай дайтаж эхэлсэн. Энэ цаг мөчтэй БНХАУ, БНМАУ-ын хооронд хилийн хэлэлцээр байгуулсны 20 жилийн ой давхцаж таардаг юм. Ингэж таарсан нь хилийн шугамаа тодотгох, хилийн шалгалт хийхэд маш их ээдрээ, хүндрэл дагуулсан л даа. Хоёр улсын хилийн цэргийнхний хооронд их ч ажил өрнөсөн, олон ч маргаан гарсан. Энэ үйл хэрэгт генерал Цэдэн-Иш, гадаад яамны Нямдаваа нар оролцсон нь бидэнд их тус болсон шүү.
-Тэр үед урд хил дээр дайн гарахаа дөхсөн гэдэг. Мөн манай улсын нутаг дэвсгэр дээр маш том цэргийн хүч төвлөрч байсан гэдэг юм билээ?
-Арай ч дайндаа хүртэл нөхцөл байдал хүндрээгүй ээ. Гол нь үзэл суртлын дайн л өргөн цар хүрээтэй өрнөсөн юмдаг. Тэгээд ч аажимдаа хятадууд номхорч эхэлсэн л дээ. Монгол Улсын хувьд энэ цаг үед хилээ бэхжүүлж, хилийн гэрээ байгуулсны 20 жилийн ойгоор хилээ бататгаж авсан даа. Үүний дараачаас манай улс хоёр хөрш оронтойгоо хилийн ямар нэгэн асуудалгүй болсон.
-Та Ю.Цэдэнбал даргатай их ойр байсан гэдэг. Тэр хүний талаарх дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би 1972 онд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга болсноосоо хойш маршалаас олон үүрэг даалгавар хүлээж авч байсан. Тухайлбал, Ж.Батмөнх даргыг Сайд нарын зөвлөлийн дарга болоход “За Лувсангомбо оо, чи бол цэргийн хүн. Энэ чиглэлээр Батмөнхөд туслах хэрэгтэй шүү” гэсэн үүрэг өгч байлаа.
-Тэр үеийн НАХЯ нэлээн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байсан байх даа?
-Маш том бүтэц шүү дээ. Товчхондоо бол нийгмийн аюулаас хамгаалах бүх хүчийг нэг гарт зангидаж байсан газар. Цагдаа, хилийн цэрэг, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх мэт.
-Энэ том бүтцийг нэг гарт зангидаж удирдана гэдэг багагүй ур ухаан шаардсан ажил байх?
-Тийм л дээ. Нийгмийг аюулаас хамгаалах бүх албадыг багтаасан гэдэг утгаараа нэг хором ч зүгээр суух ёсгүй хүчир алба байсан.
-Гадаадын тагнуулын байгууллагуудын эсрэг ямар арга хэмжээ авч байв?
-БНМАУ бол Зөвлөлт, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог. Энэхүү газар зүйн байрлал нь гадны тагнуулын байгуулагад том түшиц газар болж болохуйц л даа. Өөрөөр хэлбэл, энэ хоёр том гүрнийг тагнаж туршихад хамгийн боломжтой улс гэж үздэг байсан. Иймэрхүү хандлага ч илэрч байсан. Бид ч түүнийг нь таслан зогсоож байлаа. Үүнээс илүү зүйл хэлэх боломж алга даа. Энэ чинь улсын нууц шүү дээ.
-Таныг Оросын армийнхантай нягт харилцаатай ажилладаг байсан, цэргийн зэвсэг техникийг шинэчлэх ажлыг ч гардан гүйцэтгэсэн гэдэг юм билээ.
-Би 1979 онд арми өргөтгөн зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн. Тухайн үед чинь нэг миллиард гаруй шилжих рублийн буцалтгүй тусламжаар оросоос сүүлийн үеийн зэвсэг техник авч байлаа. Танк, их буу, сум галт хэрэгсэл гээд тэр үеийн армид юу л хэрэглэдэг байсан тэр бүгдийг авч байсан. Хамгийн гол нь зөвлөлтийн цэргийн сургалтын асар том системийг Монголд нэвтрүүлсэн юм. Цэргийн ангиудыг зохион байгуулах, суурьшуулах, тохижуулах, хээрийн сургуулийн бэлтгэлийн талбай гэх зэрэг үйл хэрэгт энэ мөнгөний бараг 30 хувь нь зориулагдсан байх шүү. Ер нь бол армийн ар тал, зэвсэг техник, аж ахуйг бэхжүүлэх ажлыг гардаж хийсэн дээ. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн учраас генерал цол хүртэж байлаа. Дараа нь НАХЯ-ны сайд болж, хилийн цэргийг бэхжүүлэх үүрэг хүлээж авахдаа хурандаа генерал цол хүртсэн.
-Ер нь энэ хурандаа генерал цолыг авсан хэдэн хүн байдаг юм бэ?
-Одоо бол хурандаа генерал цол манай зэвсэгт хүчинд байхгүй л дээ. Энэ цолыг Авхиа, Батаа, Дэжид, Равдан, би гээд хэдэн цөөхөн хүнд өгч байсан юм билээ. Яахав тэгээд одоо би хуучны энэ цолтойгоо л явдаг юм.
-Танаас нэг зүйл асуумаар санагдаад байна. Сүүлийн үед Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлах нь гэсэн яриа гарах боллоо. Үүнтэй холбоотойгоор асуухад социализмын үед, ялангуяа таныг цэргийн өндөр алба хашиж байх үед оросууд Монголд цөмийн зэвсэг нууцаар хадгалж байсан гэх яриа байдаг. Энэ хэр үнэний ортой юм бэ?
-Наадах чинь огт ор үндэсгүй яриа байна. Би батлан хамгаалах зөвлөлийн гишүүн байсан хүнийхээ хувьд тийм зүйл байгаагүй гэдгийг баттай хэлж чадна. Тэгээд ч оросуудад манай нутагт цөмийн зэвсэг хадгалах шаардлага ч байгаагүй юм шүү дээ. Оросууд Чита, Алтай, Эрхүү муждаа томоохон пуужингийн баазтай юм чинь Монголд цөмийн зэвсэг байрлуулаад ямар ялгаа байх вэ дээ.
-Таныг оросуудтай ойр дотно ажилладаг байсан болохоор энэ талаар нарийн сайн мэдэж байгаа гэдэгт итгэж байна.
-Тийм ээ, оросууд манайд зөвхөн улс төрийн зорилгоор биш, анд нөхдийн журмаар их тусалдаг байлаа. Манай улсад ямар нэгэн байгалийн гамшиг зуд турхан болоход бид зөвлөлтийн цэргийн ангиудаас тусламж гуйдаг байсан. Жишээ нь, 1980 онд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар маш хүчтэй цасан шуурга болж 700 гаруй мянган мал хорогдож, хүний амь хүртэл эрсэдсэн байгалийн гамшигт үзэгдэл болсон юм. Тэгэхэд бид Чита мужийн цэргийн тойрог руу утсаар яриад л тав, зургаан нисдэг тэрэг ирүүлж, ард иргэддээ тусламж хүргэж байсныг санаж байна. Сүүлд бас цэргийн ачааны онгоц авчраад Сэлэнгэ аймгаас өвч ачиж Увс, Говь-Алтайд хүргүүлж ч байлаа.
-Таныг цэргийн нисэх онгоцоор өвс хүргэж өгсөн гэсэн яриа байдаг. Тэр явдлыг хэлээд байна уу?
-Тийм ээ, онгоцны нисэх багийнхантай би ганцаараа суугаад онгоц дүүрэн өвс ачаад малчдад хүргэж өгч байсан юм.
-Төрийн сайд, генерал гэхэд эрсдэлтэй зүйл хийсэн гэдэг юм билээ.
-Үгүй яахав дээ. Буух газар маань метр гаруй зузаан цасан бүрхүүлтэй байсан. Гэхдээ оросын цэргийн онгоц мундаг шүү дээ. Нисгэгч нар нь ч чадвартай байж. Нөгөө бидний “Царцаа ногоон” гэж нэрлэдэг АН-2 онгоц буудаг талбай хаана байгааг радио холбоогоор заалгаж аваад л шууд буучихаж байгаа юм. Тэр их цасыг бяслаг зүсч байгаа юм шиг элгээрээ хага зүсээд буухыг харахад биширмээр байж билээ.
-Гэтэл ийм хүнээ төр нь хилсээр шийтгэх байдаг?
-Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж Монгол үг байна шүү дээ. 1990 онд ардчилсан хувьсгал гарснаас хойш цаг төр өөрчлөгдсөн. Цэдэнбал даргыг бүх зүйлд буруутгаж эхэлсэн. Дараа нь бидэнд “Тойрон хүрэээгчид” гэсэн нэр зүүж яллахыг оролдсон юм. Гэхдээ сүүлдээ шүүхээс “энэ бол эрүүгийн хэрэг биш, туйлшрал байсан байна” гэж үзээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон л доо.
-Таныг ямар хэргээр буруутгаж байсан юм бэ?
-Намайг бол Цэдэнбал даргад зориулж Оросод байшин бариулах ажлыг гардаж хийсэн гэдгээр прокурор буруутгаж байсан юм. Гэтэл энэ нь “Оросод нэг ийм байшинтай болъё” гэсэн улс төрийн товчооны шийдвэрээр надад үүрэг өгч хийлгэсэн ажил шүү дээ. Бал дарга ч энэ байрныхаа төлөө санаа зовж “Та нөхөд минь ийм юм хийж болж байгаа юм уу” гэж санаа зовдог байсан. Ер нь бол өөрөө ч тэр байшиндаа ганцхан удаа очиж үзсэн хүн шүү дээ. Би одоо боддог юм. Даргыг маань тэгж их гомдоож, намаас хөөж, цол тэмдгийг нь хураагаагүй, эх орноос нь явуулаагүй байсан бол хөөрхий илүү урт наслах байсан даа. Цэдэнбал даргыг нас барсны дараа бичгийн ширээнээс нь “Би хийж чадах бүх бүх зүйлээ хийж чадсангүй дээ” гэсэн бичиг олдсон юм гэнэ лээ. Тэгэхээр энэ хүний сүүлчийн үг нь эх орон ард түмэндээ гомдсон сэтгэлийнх биш өөрийгөө эх орондоо өртэй үлдсэн гэх сэтгэлийнх байсан байгаа юм.
-Та энэ мэт улс төрийн шалтгаанаас болоод эх орноосоо явсан хэрэг үү?
-Үгүй дээ. Би орос эхнэртэй. Тухайн үед хадам хөгшний маань бие их дордож асаргаа сувилгаа шаардагдах болсон юм. Шүүхээс “Тойрон хүрээлэгчдийн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа би гадагшаа зорчих эрхтэй болсон. Ингээд Москвад хөгшин дээрээ очиж, гурван жил асарч тойлоод бурхны оронд үдсэн. Тэгээд л өдийг хүртэл Москвад амьдарч байна даа. Хоёр охинтой.
-Москвагийн хаахна амьдарч байна? Москвагийн амьдрал хэр байна даа?
-Москвагийн ойролцоо НАХЯ-наас хөөцөлдөж авч өгсөн нэг өрөө байрандаа хөгшинтөйгөө амьдарч байгаа. Тэтгэврийн бид яахав дээ. Тэтгэврийн жаахан мөнгөөрөө болгоод л байна. Москва маш их хөгжиж байгаа. Энэ хэрээр амьдралын өртөг ч нэмэгдэж байна.
-Та эндээсээ тэтгэвэр авдаг уу?
-Монголоос бол тэтгэвэр авдаггүй. Тухайн үеийн “СЭЭВ”-ийн орнуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Оросын талаас тэтгэвэр өгдөг юм. Би чинь бүр энгийн хүнээр тооцогдож тэтгэвэр авдаг байсан. Харин Жадамбаа генерал хөөцөлдөж өгч байж цэргийн тэтгэвэрт багтаасан. Энгийнээ бодвол арай илүү л дээ. Өөрсдийнх нь цэргийнхэн бол өндөр тэтгэвэр авна. Бид бол гаднын хүн гэдгээрээ ОХУ-ын тэтгэврийн хамгийн доод хэмжээг л авдаг юм. Одоо манай Жадамбаа генералын хүү аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлээд Батлан хамгаалахын сайд болсон байна. Биднийг их сайхан хүлээж авч уулзлаа. Сайн аавын сайн хүүгээрээ бахархаж л байлаа. Би хэдийгээр НАХЯ-ны сайдаар хэдхэн жил ажилласан хүн боловч тагнуулын байгууллага маань надтай байнга холбоотой байж, хүндэтгэл үзүүлж байдагт их баярлаж явдаг юм даа.
Х.Түвшинтөгс
“Үндэсний шуудан” сонин 2012.05.03 №105
URL: