АЖЛЫН ЦАГИЙН ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
Нийслэлд барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зам засах, барилгын угсралт, засварын ажил хийх, богино хугацаанд их хэмжээний ажлын захиалга биелүүлэх болон эдгээртэй адилтгаж болох цаг үеийн, улирлын чанартай ажил эрхлэх үед ажлын цагийг уртасгах буюу шөнийн цагаар ажиллах явдал зарим тохиолдолд гарч байна.
Ажлын цагийг уртасгах, шөнийн цагаар ажиллах нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагын хүрээнд сөрөг нөлөөлөл бий болж, осол эндэгдэл гарах нөхцлийг бүрдүүлэхээс гадна орчны оршин суугчдын тав тухыг алдагдуулах, тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зэрэг хор холбогдол их байна.
Иймд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд доорх зөвлөмжийн дагуу ажиллаж, гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, орчны оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
1.Монгол улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоол “Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм” 22 дугаар зүйлийн 22.2 заалт /… д. Их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй байх./, 22 дугаар зүйлийн 22.3 заалт /Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно./-ын дагуу шөнийн цагаар дуу чимээ гаргаж ачих, буулгах ажил хийхгүй байх,
2.Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны авто машиныг хязгаарлалттайгаар оролцуулах, гудамж замын хөдөлгөөнд оролцогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг хангуулах, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор батлагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 37 дугаар тогтоол “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх,
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 заалт /Орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно./, 74 дугаар зүйл /Илүү цагаар ажиллуулахыг хязгаардах/-ийн -ын дагуу ажиллагсдын ажлын цагийг зөв зохион байгуулж ажиллах,
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16 заалт /… өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй./-ын дагуу ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс
URL: