Рио Тинто алтаа Монголд тушаахгүй гэж зүтгэв үү
Алтны ил тод байдлын тухай хуулийг анх санаачилсан цагаас нь л байнга хаалттай хэлэлцэж байгаа. Өөрөөр хэлбэл, олон нийтэд энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй. Харин Д.Эрдэнэбат даргын хариулт Алтны ил тод байдлын тухай хууль чухам ямар утгатай хэнд зориулсан хууль вэ, Байнгын хороо, ажлын хэсэг дээр чухам ямар асуудал гараад байна гэдэг асуудлыг жаахан ч гэсэн тодруулаад өгчих шиг боллоо. “Монголбанк” гэх гээд Монгол Улс гэчихэв үү” гэж эргэлзсэн ч бүх үгнүүд нь андуураагүй гэдгийг харуулж байсан юм. “Оюутолгой” алтаа Монголд тушаахгүй бол рояалти татвар нь таван хувь хэвээрээ байна. Харин Монголд тушаавал л рояалтиг нь 2.5 болгож буулгах асуудал байгаа юм”, “Хуулийн гол зорилго нь 1800 тонн алтаа Монголдоо авч үлдэх” гэснийг өөр яаж ойлгох юм.
Хөөрхий, Рио Тинто алтаа Монголд тушаахгүй гэж гүрийгээд, 1800 тонн алтныхаа 66 хувийг гадагш нь авч гарна гэж зүтгээд байгаа болж таарлаа. Яг баталгаатай мэдэхгүй байна, гэхдээ одоо гарах гэж байгаа хууль яг л энэ санааг нь зөөлрүүлж, наашлуулах гэсэн арга шиг харагдаж байна. News.mn сайтын сэтгүүлч Н.Дарь “Хууль батлагдсанаар Оюутолгой алтны нөөц ашгласны төлбөрөөс гурван тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлт эдэлнэ” гэсэн тооцоо хийсэн байна лээ. Монголд бүх алт тушаагддаг хуультай болохоор л хөнгөлөлтийн талаар бодсон хэрэг шүү дээ. Би ч гэсэн тэгж л бодож байсан. Гэтэл асуудал арай өөрөөр эргэж байгаа бололтой.
“Алтны ил тод байдлын тухай” гэж товчлон нэрлээд байгаа энэ хуулийг анх санаачлахад нь зөвхөн Монгол Улсаас хуулийн гадуур гарч яваад байгаа алтыг Монголбанкинд тушаалгах зорилготой хийгдэж байгаа юм байна даа гэж бодож байлаа. Нинжа нарын олборлосон алт хууль бусаар Хятад руу гарч яваад байгаа нь мэдэгдээд байсан болохоор тэдэнд л зориулж гэж бодохгүй юу. Тэртэй тэргүй Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олборлогдсон бүх алт Монголбанкинд цуглах ёстой байдаг учраас тэгж сэтгэсэн хэрэг. Гэтэл шинэ хуулиар аж ахуйн нэгжүүдээс “Алтаа Монголд тушаачих л даа, татвар бага авна шүү” гэж гуйж байгаа юм шиг болчихож. Бид роялтийн хувь хэмжээг бууруулснаар алтны нөөцөө тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж чадах л байх л даа. Гэхдээ хэрвээ роялтийн хөнгөлөлтөөс илүү эрх ашиг Рио Тинто компани, Монголд алт олборлолтын чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн гадны орнууд шийдвэл яах вэ.
Алт бол хэзээ ч алга болдоггүй, орлуулж болшгүй эд. Дэлхий дээр алтны нөөц багасч байгаа. Хүчирхэг гүрнүүд алтны нөөцөө нэмэгдүүлэх гэж үхэн хатан хөөцөлдөж байна. Ийм тохиолдолд Рио Тинто “танай хөнгөлөлт хамаагүй ээ, алтаа аваад явна, таван хувийг чинь төлчихье” гэвэл яах уу. Энэ бол Монголын төр арай дэндүү арчаагүй байгаагийн илрэл. Монголд олборлогдсон алт Монголд л тушаагдах ёстой.
Монгол ч гэлтгүй, төр шиг төртэй дэлхийн бүх оронд тэгдэг. Харин хөгжингүй орнуудын боол зарц Африкийн зарим орнуудад л тэгдэггүй юм билээ. Хөрөнгө оруулагчид биднийг Африкийн орнууд шиг болгохыг хүсч байгаа нь мэдээжийн асуудал. Энэ тухайгаа ил тод хэлж ярьдаг. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамбаас “Discovery Mongolia-2011” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр “Гадныхан монголчуудад ямар шаардлага тавьж байна” хэмээн асуухад “Хөрөнгө оруулагчид маань манайхтай хамтран ажиллахын зэрэгцээ хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн дарамтыг багасгах гэсэн асуудлыг тавьж байна. Одоо манайд мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль харьцангуй сайн хуульд тооцогддог. Гэхдээ Африкийн зарим орны хуулийг бодвол учир дутагдалтай тал бас байдаг юм байна л даа” хэмээн хариулж байсан билээ. Гэтэл барууны хөрөнгө оруулалт ихээр орсон Африкийн зарим орнуудад баялгийн хуваарилалт 97-3 хувь болсон байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл тэр улсад олборлогдсон алт, зэс, алмааз… өөр юу, юу ч байдаг юм, баялгийн 97 хувь нь барууны баячуудад очиж, гуравхан хувь нь баялгийн жинхэнэ эздэд үлддэг гэсэн үг. Эдгээр улсуудад эрх баригчид нь АНУ, Швейцарийн банкинд тэрбум, тэрбумын хөрөнгөтэй баячууд байдаг бөгөөд хөрөнгө оруулагч улсууд эх орныг нь шулж байгаагийнхаа төлөөсөнд хөрөнгийг нь найдвартай нууж өгдөг юм. Гэхдээ ямар нэг асуудал гарангуут энэ хөрөнгийг нь шууд царцаадаг. Ингээд л эргэлт буцалтгүй болгож авна.
“Mining Mongolia”, “Discovery Mongolia” гэх мэт нэртэй энэхүү чуулга уулзалтууд нь “Монголд уул уурхайн салбар хөгжсөний 90 жилийн ойд” гэх мэт сайхан уриатай ч үнэндээ гадныхны гуйлт, тулган шаардалт, сүрдүүлэг дор болж өнгөрдгийг жирийн иргэд тэр болгон мэдэхгүй. Зохион байгуулагдсан эхний жилүүдэд хоосон тоо баримт, дэврүүн мөрөөдөл, өөдрөг төсөөллөөр дүүрэн болдог байсан бол жил ирэх тусам өөрчлөгдөж, Монголын хууль, татварын орчныг “сайжруулах” нэрийн дор Африкийн орнуудынх шиг болгохыг шаарддаг болсон байна. Өнгөрсөн жилийн “Discovery Mongolia-2011” “Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх” гэсэн уриатай байсан бол энэ жил “Хайгуул, олборлолтоос хөгжил дэвшил өөд хамтдаа” болгож өөрчилжээ. Урианаас нь харахаар уул уурхайн салбар хөгжөөд ч байгаа юм шиг. Гэвч цаана нь Монголыг улам л шулж мөлжих санаа явж байдаг.
Монгол Улс уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хангалттай их ажлыг хийсэн. Татвар тэглэж, тогтвортой байдлын гэрээ хүртэл байгуулах заалтыг Ашигт малтмалын хуульд тусгасан. Уг хуулийн 29 дүгээр зүйлийн “Эхний таван жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартай тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартай тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартай тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна” гэсэн гурав дахь заалт одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэтэл гадныханд энэ хангалтгүй санагджээ.
Манайх хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр олон ажил хийж байгаа. Уул уурхай хөрөнгө их шаарддаг, эрсдэл ихтэй болохоор ингэхээс ч аргагүй. Гэхдээ энэ удаагийнх арай дэндлээ. Энэ хууль батлагдах ёсгүй. Нууц заалт энэ тэр орчих вий. Тэгээд батлагдчих вий. Ажлын хэсэгт орсон нөхдүүд, УИХ-д сууж байгаа гишүүдэд одоо үнэхээр хэцүү байгаа. Энэ үед С.Зориг агсны хэлсэн “Гэхдээ би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үгийг хэлэхээс өөр арга алга даа.
URL: