Рестораны захирал сүрдүүлэг хийжээ
Зайсанд үйл ажиллагаа явуулдаг “Golden dragon” рестораны хятад тогоочийн биед халдсан хэрэг энэ сарын 9-нд гарсан билээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хуулийн мэргэжилтэн Т.Бат-Эрдэнэ “Би уг ресторанд найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Гэтэл идэж байсан хоолноос тамхины том иш гараад ирсэн” хэмээн тайлбарласан уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй аж. Тэгвэл уг рестораны захирал н.Батзориг гэгч нь тооцоогоо хийхийг шаардаж “Идсэн хоолныхоо мөнгийг төл. Маргааш бичлэгнийхээ эхний хэсгийг хараарай. Нэг хоолноос л иш гараа биз дээ. Чи өнөөдөр эв зүйгээ олохгүй бол маргааш гэхэд оройтохоор байна шүү. Төр хийж буй хүнд ийм юм хэрэггүй байдаг юм шүү” гэх мессежийг Т.Бат-Эрдэнэ рүү явуулсан байна.
Энэ талаар Т.Бат-Эрдэнэ “Хүн сүрдүүлдэг бас их мөнгөтэй юмаа. Батзориг захирал та хийгээгүй зүйлийг хийсэн болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн болгож чаддаг их мөнгөтэй, баян хүн юм байна. Арга ч үгүй биз дээ, Гэхдээ таны хийсэн үйлдэлд хуулийн хариуцлага гэж юм байдаг гэдгийг сануулъя. Миний бие өнөөдрийг хүртэл нэг ч төрийн байгууллагад гомдол гаргаагүй. Батзориг таны ах битгий нийтэд дэлгээрэй гэж гуйсан болохоор явж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье. Монгол хүн тамхины иштэй хоол идэх, тамхины иш гарлаа гэснийхээ төлөө шанаа хүртэх бас хэл амаар доромжлуулах нь таны хувьд хэвийн үзэгдэл бололтой. Бичлэгээ бүтнээр нь тавиад өгөөрэй. Хүмүүс яг юу болсныг хараг. Та бичлэгээ өөртөө болон хятад тогооч нартаа ашигтай байдлаар харуулсан байна лээ бас зальтай хүн юм аа” гэж өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.
Э.Энх /News.mn/
URL: