Г.Цогзол: Могой яр хүүхдэд салхинцэцэг, томчуудад бие ороосон үлд хэлбэрээр гардаг

13-11-21-6tЭрүүл мэндийн  сайдын тушаалаар жил бүрийн аравдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Аяны хүрээнд салбарын яамнаас олон ажил зохион байгуулсан ч өндөр настнуудын дунд түгээмэл тархаад байгаа “Могой яр” өвчний тухай нэмэлт мэдээлэл хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг нэлээд олон хүн тавьсан. Тиймээс энэ талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн II тасгийн эрхлэгч, арьс гоо заслын тэргүүлэх зэргийн эмч Г.Цогзолтой ярилцсан юм.

 

МОГОЙ ЯР ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ БИЕД ХУРДАН ИЛЭРДЭГГҮЙ

 

-Могой яр нь биеийг ороож гардаг арьсны өвчин гэж өмнө нь сонсож байсан. Гэсэн ч юунаас болж үүсдэг, биед ямар зовиур шаналгаатай байдаг талаар төдийлөн сайн мэдэхгүй юм. Ямартай ч энэ өвчин өндөр настнуудад элбэг тохиолддог гэсэн мэдээллийн дагуу таныг зорьж ирлээ.

-Могой яр гэдэг энэ өвчин нь мэдрэлийн гаралтай өвдөлтөөр эхэлж, хэд хоногийн дараа арьсан дээр тууралт гардаг. Хурц явцтай вирусийн шалтгаант арьсны өвчин. Энэ өвчнийг бүслүүр (бүслэх) үлд гэж нэрлэдэг. Өвчин биед  тийм ч хурдан  илэрдэггүй. 7-8 хоногийн нууц хугацаатай байдаг. Халдвар авснаас хойш нууц хугацаа дуусах үед шинж тэмдэг тухайн хүндээ мэдрэгдэж, зовиурлаж эхэлдэг. Бүслүүр үлд туссан тохиолдолд толгой өвдөх, бие сулрах, арьс загатнах, ирвэгнэх зэрэг урьдал шинж тэмдэг илэрнэ. Өвчний эхэн үед дал зэрэг мэдрэхүйн мэдрэлийн ширхэгийг дагаж өвддөг. Тиймээс зүрхний өвчин, ходоод гэдэсний хямрал, хурц мухар олгойн үрэвсэл, эмэгтэйчүүдийн өвчин зэрэгтэй андуурч оношлох явдал байдаг.

Энэ өвчний үед биед төөнөх, халуу оргих, хатгаж байгаа мэт өвддөг. Бүслүүр үлд нь ихэнхдээ хавирга хоорондын мэдрэл, гурвалсан мэдрэл, нүд, нүүр, гуя зэрэг мэдрэлийн судлыг дагаж гарна. Иймээс нэг буюу зэргэлдээх хэд хэдэн мэдрэлийн судлыг гэмтээдэг. Гэхдээ тууралт биеийн аль нэг хэсэгт харалдаа бус аль мэдрэхүйн судлыг дагаж арьснаас хамаарч үр дагавар нь өөр. Тухайлбал, насанд хүрэгчдэд 2-5 хоногийн дараа арьсан дээр тууралт гардаг бол бага насны хүүхдэд өвдөлт мэдрэгдэхгүйгээр тууралт гардаг. Ингээд хавагнаж улайсан арьсан дээр бүлэг бүлгээрээ буюу бөөгнөрч байрласан шар будаа, вандуйн чинээ, хальс нь чинрэлттэй, дотроо тунгалагдуу шингэн агуулсан, цэврүүн цэрүүд туурна. Ингээд 2-3 хоногийн дараа цэврүүн цэрүүдийн доторх шингэн нь булингартаж идээтэй болдог. Өвчний үед тууралт нэмэгдэж гарч болно. Ингээд аажимдаа цэврүүн цэрүүд хатаж, шаргал сааралдуу тав үүсч, улмаар 5-10 хоногийн дараа тав нь унан ягаан толбо үүсч, удалгүй эрүүл арьсны өнгөтэй болдог. Харин үхжилт хэлбэрийн үед сорви үлддэг. Амны хөндийн салст бүрхүүл дээр бүслүүр үлд гарах тохиолдол маш ховор. Ер нь энэ өвчин хөнгөн явцтай үедээ 1-3 долоо хоногт эдгэрнэ. Шархлаат, үхжилт хэлбэрийн үед өвчин сар гаруй үргэлжилнэ.

 

-Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ.  Арьсны өвчнийг гол төлөв  агаарын бохирдол, бидний идэж буй хоол хүнс, химийн гаралтай бүтээгдэхүүнээс болж байна гэж ярьдаг.Харин энэ өвчний тухайд шалтгаан нь юу байх вэ?

-Энэ өвчнийг үүсгэгч нь арьс, мэдрэлийн зангилааг гэмтээдэг “Varicella zoster” хэмээх вирус. Энэ вирус нь энгийн герпес вирусийн бүлэгт багтдаг салхинцэцэг өвчнийг үүсгэдэг вирус юм. Агаар дуслын замаар арьс салстад нэвтэрч орсон вирус нь хүний нугалам хоорондын мэдрэхүйн арын мэдрэлийн зангилаанд орж, идэвхгүй нуугдмал байдалтай болдог. Ингээд эрсдэлт хүчин зүйлсийн нөлөө болон дархлаа сулрах үед дахин идэвхжин үржихийн зэрэгцээ арьс, салстыг өвчлүүлдэг.

-Эрсдэлт хүчин зүйлийн нөлөө гэж юуг хэлээд байна вэ?

-Даарах, хүнд хэлбэрийн хордлого, химийн эмчилгээ, цусны өвчин, дархлаа дарангуйлах эм уух буюу хавдар, ХДХВ/ДОХ-ийн халдвар, халдварт өвчин, сэтгэл санааны хүнд цочрол, сэтгэлийн дарамт, хэт ядрах зэрэг нь өвчин үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг хэлж байгаа юм.

 

БҮСЛҮҮР ҮЛДЭЭР БҮХ НАСНЫХАН ӨВЧИЛДӨГ

 

-Энэ өвчнийг туссан бол ямар эмчилгээ хийлгэх вэ. Гэрийн нөхцөлд эмчлэх боломж бий юу? 

-Энэ өвчний үед эмчилгээг цогцоор нь хийлгэх хэрэгтэй. Өвчний шалтгаан, арьсны гэмтэл, мэдрэлийн болон бусад эрхтэн тогтолцооны байдал зэргээс хамаарч эмчилгээг хийнэ. Гол төлөв вирусийн эсрэг, өвдөлт намдаах, тууралт арилсны дараа үүсэх мэдрэлийн өвдөлтөөс урьдчилан сэргийлэх эмчилгээг хийдэг.  Өвчин хөнгөн хэлбэрийн бол эмчийн заавраар гэрийн нөхцөлд эмчилж болно.

-Эмчилгээний үед юуг анхаарах ёстой вэ. Хориглох зүйл бий юу?

Эмчилгээгээ тасал­дуулахгүй байх нь чухал. Мөн даарахгүй, эмийн тунг хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Түүнчлэн амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж хорт зуршлаас зайлсхийх нь чухал.

-Энэ өвчлөлд насны ангилал гэж байдаг уу?

-Бүслүүр үлдээр эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэж ялгалгүй бүх насны хүмүүс өвчилдөг. Гэхдээ 10 хүртэлх насны хүүхдүүд өвчлөх нь харьцангуй цөөн. Ижил төрлийн вирусээр үүсгэгддэг учир бага насны хүүхдүүд салхинцэцэг, насанд хүрэгчид бүслүүр үлдээр өвчилдөг. Гол төлөв  40-өөс дээш насны хүмүүс өвчлөх хандлагатай байдаг. Учир нь нас ахих тусам хүний дархлаа сулардаг. Тиймээс эсийн дархлаа буюу “Т” эсийн үйл ажиллагаа буурсантай холбоотойгоор нас ахисан хүмүүс энэ өвчнөөр өвчлөх хандлага нэлээд ажиглагддаг.

-Ханиад, харшил зэрэг өвчин улирлын шинжтэй байдаг. Тэгвэл энэ өвчинд улирал нөлөөлөх үү. Энэ өвчнөөр өвчилсөн хүн дахин өвчилдөг үү?

-Ерөнхийдөө намар орой, хавар эрт өвчлөл ихсэх хандлага ажиглагддаг. Тиймээс улирлын шинжтэй өвчлөл гэж ойлгож болно. Бүслүүр үлд өвчнөөр өвчилсний дараа хүний биед дархлаа тогтдог учир дахин өвчилдөггүй. Харин биеийн дархлааг сулруулдаг хорт хавдар, цусны цагаан эсийн хавдар, ХДХВ/ДОХ-ийн халдварын үед дахин өвчилж болно.

 

ЭНЭ ӨВЧИН НҮДНИЙ ХАРААНД МУУГААР НӨЛӨӨЛДӨГ

 

-Хэрэв уг өвчний шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд хаана хандах ёстой вэ. Настай хүмүүс өөр хоорондоо энэ тухай ярихаас өөр арга хэмжээ авч чадахгүй байна гэх юм?

-Харъяа аймаг, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлэгтээ эхэлж хандах хэрэгтэй. Туршлагатай өрхийн эмч  энэ өвчний оношийг төвөггүй таньдаг. Харин зарим эмч бусад эмгэгүүдтэй андуурах, ялган оношлоход хүндрэлтэй байдаг юм. Тиймээс онош тавихдаа эргэлзээд байгаа бол  харъяа арьсны кабинетийн эмч болон хувийн эмнэлгийн арьсны эмчид хандаж болно. Мөн Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч нараар оношлуулж, хүндэрсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх боломжтой.

-Настай хүмүүсийн ярьж байгаагаар энэ өвчин биед их зовиуртай байдаг. Хувцсаа тайлаад үр хүүхдүүддээ үзүүлж харуулж чадахгүй байна гэх юм.  Энэ өвчин ямар тохиолдолд хүндэрдэг юм бэ?

-Бүслүүр үлдийн үед хэд хэдэн хүндрэл тохиолддог. Тухайлбал, үхжилт хэлбэр, өвчин эдгэрсний дараах удаан хугацааны өвдөлт, нүдний мэдрэлийн гэмтэл зэрэг. Үхжилт хэлбэр нь ихэвчлэн чихрийн шижин, ходоодны шархтай, дархлаа сул настай хүмүүст тохиолддог. Энэ үед арьсан дээрх тууралт цусархаг шингэн бүхий цэврүүн цэрүүд гарч, улмаар удаан эдгэрэхгүй гүнзгий шарх үүсч, энэ нь эдгэрэхдээ сорви үлдээдэг. Нүдний мэдрэл гэмтсэнтэй холбоотой нүдний эвэрлэг ,салст бүрхүүл, солонгон бүрхүүл гэмтэж хараа муудах цаашилбал сохрох аюултай.

-Хүндэрвэл нэлээд аюултай өвчин юм. Хүмүүс улирлын чанартай харшлын  вакцин хийлгээд байдаг. Түүн шиг энэ  өвчнөөс урьдчилан сэрийлэх тарилга, вакцин гэж байдаг уу?

-Герпесзостер буюу уг өвчнийг үүсгэгч вирусийн  эсрэг вакцин гэж бий. Манай улсад одоогоор орж ирээгүй байгаа. Энэ вакциныг зарим оронд  хийдэг. 12-18 сартай болон 12 хүртэлх насны хүүхдэд нэг удаа 0.5 мл вакциныг тарьдаг. Зургаан жил хүртэлх хугацаанд 70- 90 хувь  хамгаалах үр дүнтэй болохыг судлан тогтоосон байдаг.

 

Э.ОРХОНСҮРЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих