Малчин айлын гэр дээр ирвэс гарчээ
Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн-аяга багийн нутаг Бумбат хайрханы урд энгэрийн Хүртэн хэмээх газар өвөлжиж байсан тус сумын Мөрөн багийн иргэн Д.Ганбатын гэр дээр ирвэс гарчээ. Тодруулбал, уржигдар буюу 2013 оны 11 сарын 19-ны 19-20 цагийн орчимд тэдний гэр дээрээ тавьсан ууттай махыг нь идэхээр ирвэсийн зулзага гарсан байна. Түүнийг нь мэдсэн Д.Ганбатын гэр бүлийнхэн сумын төв руу гар утсаар холбогдож, хэл дуулгаснаар сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг малчин Д.Ганбатынд очиход гэр дээр байсан ууттай махыг нь задлаж идээд, цагираглан хэвтэж байгаа ирвэстэй таарчээ.
Ажлын хэсгийнхэн эхний ээлжинд гэрт байсан иргэдийн аюулгүйгээр гэрээс нь гаргаад ирвэсийг үргээж цочоон хөөх гэсэн боловч гэрийн дээврийг тойрон эргэлдэж буухгүй байсан гэнэ. Үүний дараа аргаа барсан ажлын хэсгийнхэн гэрийн 2 унь залгаж уурга хийн ирвэсийг уургалж, дарж унаган шуудайд хийн айлаас холдуулж, ууланд аваачин гаргаж тавьсан байна. Энэ үйл явдал хүн малд ямар нэгэн хохирол учруулаагүй ажээ.
Ямартай ч дэлхийн ховордсон цасны ирвэсийн 2-3 настай гүен монгол гэрийн дээр гарсан өвөрмөц сонирхолтой зургийг та бүхэндээ толилуулья.
Ц.Мөнх
URL: