Даяарчлал одоо л эхэлж байна
…Дэлхийн улстөр, эдийн засгийг хэдхэн хүчирхэг гүрэн захирахаа больж байна. Их найм гэх ойлголт Их 20-иор солигдож Турк, Өмнөд Африк, Бразилийн дуу хоолойг олон улс анхааран чагнах болов. Персийн булангийн жижигхэн орон Катар Ойрхи Дорнодын геополитикт санхүүгийн “булчин” гэгдэж, Олон улсын зохицуулах банкны саяхны тооцоогоор Хятадын юань анх удаа хамгийн их гүйлгээтэй арван валютын нэг болов. Соёл ч мөн хурдацтай даяаршиж байна…
Даяарчлал үгүй болжээ, эсвэл эсрэгээрээ явагдаж байна гэх яриа сүүлийн үед ихсэв. Даяарчлал гэх ойлголтыг анх бий болгосон үндсэн зарчмууд өөрчлөгдсөн гэж үзэх хүмүүс ч олон болж. Дэлхийн эдийн засгийг чиглүүлэгч гол хүчин зүйл болсон худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд буурч, олон улсын хэмжээний худалдааны тунхаг болох Дохагийн гэрээ мухардмал байдалд байгаа зэргийг тэд нэн тэргүүнд онцолдог. Мөн техник технологийн шинэчлэл аж үйлдвэрлэлийн дүр төрхийг өөрчилж, АНУ тэргүүтэй ихэнх хөгжингүй улсад үндэсний үйлдвэрлэл бараг үгүй болж, дэлхийн зах зээлд бус орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан үйлдвэрлэл нэмэгдэв. Гэхдээ эдгээр баримтыг ойшоох хэрэггүй. Даяарчлал “амьсгалж” байгаагаар үл барам эрүүл саруул байна. Цагаан ордон гэхэд л Европын холбоо болон Ази, Латин Америкийн хэд хэдэн оронтой Транс-Номхон далайн хамтын ажиллагаа нэрийн дор чөлөөт худалдааны гэрээ байгуулах бодлогоо орхиогүй байна. Ерөнхийдөө даяарчлалын хэлбэр өөрчлөгджээ. Өнгөрсөн хугацаанд даяарчлал гэдэг ганц урсгалтай зам бий болгоход чиглэж байлаа. Өөрөөр хэлбэл, хөгжингүй орнуудыг хөгжиж буй орнуудтай холбох байв. Мөнгөн тусламж, техник технологи АНУ, Европоос Хятад, Энэтхэг болоод орлого багатай улс орнууд уруу урсч, тэдгээр орныг дэлхийн худалдааны сүлжээнд татан оруулж байв. Эл явц ардчилал ч бай, капитализм, марксизм ч бай бүхий л үзэл санаанд, дээр нь поп хөгжим, нийтийн харилцааны сүлжээ, түргэн хоол, Холливудын кино тэргүүтэй соёлын нөлөөлөлд ч ижил төсөөтэй явагдсан. Хөгжил буурай орнууд өөр хоорондоо цөөхөн сэжмээр холбогдож байсны дээр дэлхийн улстөр, эдийн засагт нөлөөлөл нь бага байв. Харин өнөөдөр энэ байдал өөрчлөгджээ. Үүнд Хятад, Энэтхэг тэргүүтэй хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт голлон нөлөөлж, өнөөх нэг урсгалтай замыг эсрэг урсгалтай, олон зорчигчтой, үзүүштэй хөдөлгөөнтэй болгов. Үүнийг дэлхийн эдийн засагт гарч байгаа шинэхэн өөрчлөлтүүд батална. Хятад, Энэтхэг, Индонезийн үй олон хүн ердөө хямд ажиллах хүчин биш болов. Дэлхийн хүн амын талаас илүү нь өмнөд болон зүүн Азид амьдарч байгаагийн хувьд Хятад, Энэтхэгийн худалдан авагчид дэлхийн зах зээлийн гол хөдөлгөгч хүч болов. Үүний дүнд арилжааны хууль ч өөрчлөгдөж эхлэв. “Женерал Моторс” Америкт биш Хятадад илүү олон машин борлуулж, түргэн хоолны газрууд Хятадаас илүү ашиг олж, Парисаас Бали хүртэлх аяллын агентлагууд энэтхэг, хятад жуулчдыг татахын төлөө өрсөлдөж, Европын дээд зэрэглэлийн загварын дэлгүүрүүд Азид шинэ салбаруудаа нээж байна. Ердөө арван жилийн дараа дэлхийн хэмжээнд борлогдох тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний тал хувийг азиуд эдэлж хэрэглэнэ гэсэн судалгаа гараад байна. Хөгжиж байгаа орнуудын пүүс компаниуд ч дэлхийн зах зээлд хүчтэй тоглогч болон гарч ирэв. “Apple” корпорацийн гол өрсөлдөгч нь Европын ч, бүр Японы ч компани биш, харин Өмнөд Солонгосын “Samsung” болов. Хятадын “Huawei” мэдээлэл, харилцааны салбарын шинэ тэргүүлэгчээр тодров. Хөгжиж буй орнууд бүр хөрөнгө оруулагч, ажил олгогч болон хувирсан нь гайхалтай. Хятадын гахайн мах боловсруулах “Shuanghu” үйлдвэр Америкийн гахайн мах боловсруулагч хамгийн том корпораци “Smithfi eld”-ийг өнгөрсөн есдүгээр сард худалдаж авсан бол “Ford” компани “Volvo”- гоо Хятадын автомашин үйлдвэрлэгч “Geely”-д худалдаж, “Jaguar”-ийг Энэтхэгийн “Tata”-г өөрийн болгов. Хятадын “Lenovo”, Энэтхэгийн “Wipro” зэрэг компани дэлхий даяар ажиллагсадтай үндэстэн дамнасан корпораци болон өргөжив. Хамгийн чухал нь хөгжиж байгаа орнуудын хоорондын харилцаа урьд байгаагүйгээр тэлж, баян орнуудыг буурай улсуудтай холбох дэлхийн худалдаа зах зээлийн хуучин зарчим өөрчлөгдөв. Азийн хөгжлийн банкны тооцоогоор Азийн экспортын 56 хувь нь өнгөрсөн 2012 онд зөвхөн бүс нутагтаа эргэлдсэн нь 1990 онд 41.6 хувьтай байсан үзүүлэлтээс хурдацтай өссөн хэрэг юм. Харин 1995 онд Энэтхэг, Хятад хоорондын худалдааны эргэлт 1.1 тэрбум ам.доллар хүрэхтэй үгүйтэй байсан бол 2012 онд 69 тэрбум ам.доллар болтлоо өсчээ. Энэ хугацаанд Хятад, Оросын худалдааны эргэлт 5.5 тэрбумаас 88 тэрбум ам.долларт хүрсэн байна. Чөлөөт худалдааны гэрээ хэлцлүүд ч мөн сүүлийн жилүүдэд дэлхийн бусад хэсгээс илүү Азийн орнуудад л хүчин төгөлдөр болжээ. Үүний хамт дэлхийн улстөр, эдийн засгийг хэдхэн хүчирхэг гүрэн захирахаа больж байна. Их найм гэх ойлголт Их 20-иор солигдож Турк, Өмнөд Африк, Бразилийн дуу хоолойг олон улс анхааран чагнах болов. Персийн булангийн жижигхэн орон Катар Ойрхи Дорнодын геополитикт санхүүгийн “булчин” гэгдэж, Олон улсын зохицуулах банкны саяхны тооцоогоор Хятадын юань анх удаа хамгийн их гүйлгээтэй арван валютын нэг болов. Соёл ч мөн хурдацтай даяаршиж байна. Бостоны төвийн сургуулиудын сурагчид Psy гэх солонгос дуучны дуунд бүжиглэж, Денвер, Ванкуверийн залуус “Hyundai” унаж, дэлхий даяар Күнзийн хүрээлэнгүүд шинээр нээгдэж, Болливудын дуунууд, Солонгосын саван дууриуд Арабын ертөнцөөс Индонез, Филиппинд хүртэл мандаж байгааг даяарчлалаас өөр юугаар тайлбарлах билээ. Өмнө нь нэр нь сонсогдож ч байгаагүй компаниуд танд ажлын санал тавьж, Энэтхэгийн төв банк таны хувьцаанд нөлөөлж, хүүхдүүд тань интернэтээс турк, хятад дуу татаж суух цаг айсуй. Даяарчлал гүнзгийрч байна, хавтгайрч байна. Илүү олныг хамарч, илүү тэнцвэртэй болж байна. Шинэ үзэл санаа, шалгарсан бүтээгдэхүүн, шилэгдмэл соёлыг түгээж байна. Даяарчлал зүгээр ч нэг хүчээ авч байгаа юм биш. Харин ч ердөө эхэлж байна.
Г.ЛХАГВАДУЛАМ
URL: