Л.Цагаандалай, Г.Ханхүү нар их хэмжээний мөнгө завшсан гэв
МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг тойрсон асуудлууд сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байгаа билээ. Өнгөрсөн жилээс эхлэн өнөөг хүртэл тус телевизийн захирлаар ажиллаж байгаа Ч.Даваабаярыг эрх ашгийн зөрчилтэй гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаа өгөхийг тус телевизийн хамт олон шаардаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр өөрийн биеэр хэвлэлийнхэнд хандлаа.
Ингэхдээ тэрээр “Өнөөдөр намайг буруутан болгох гэж маш олон хэвлэл мэдээллээр төлбөртэй мэдээлэл тавьж байна. Миний зүгээс тэдний яриад байгаа шиг эрх ашгийн зөрчил нэг ч байхгүй. Одоогийн ажлаа аваад бүтэн нэг жилийн хугацааг үдэж байна. Энэ хугацаанд чамгүй олон ажлыг хийж амжууллаа. Миний эсрэг зүйл яриад намайг ажлаа өгөхийг шаардаад яваа хүмүүс өөрсдөө ашиг сонирхлын зөрчил үүсгэчихсэн явж байна. Энэ нь хэдхэн хурган дарга нарын хийж буй ажил юм.
“Нэг минут нэг сая” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ханхүү гэхэд удаа дараагийн зөрчил гаргаж их хэмжээний мөнгө хувьдаа завшсан. Энэ нь аудитаар илэрсэн. Мөн спортын сэтгүүлч Л.Цагаандалай “Адуучин” нэвтрүүлгийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж 200 сая төгрөгийг хувьдаа авсан. Яахав тэрнээс нь хэвлэл мэдээллийн зардалд мэдээж орсон байх. Гэхдээ Үндэсний телевизийн удирдлагуудтай уулзаж гэрээ байгуулалгүй дур мэдэн шийдсэн. Түүнчлэн Уран бүтээлийн хоёрдугаар нэгдлийн н.Наранцэцэг “Miss Mongolia” тэмцээнийг бүтэн сар шахуу эфирээр гаргачихаад одоо хүртэл нэг ч төгрөгний гэрээ барьж орж ирээгүй явна. Энэ мэт маш олон зөрчил дутагдал МҮОНТ-д байгаа гэв.
А.ТӨМӨРСҮХ
URL: