Ч.Даваабаяр хурган дарга нараа шорон руу үдээд, өөрөө захирлаар үлдэх үү?

Гэмтлийн эмнэлгийн эмч, ажилтнууд Н.Удвал сайдын гэнэт авчраад тавьчихсан Ц.Энхбаяр гээч даргыг эсэргүүцэн хоёр сар орчим тэмцсэн. Тэгвэл одоо буухиаг нь залгаад МҮОНТ-ийн хэсэг уран бүтээлчид бас даргаа огцруулахаар тэмцэж эхэллээ.
МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг 100 гаруй ажилтнууд нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, албан тушаалаасаа огцрохыг шаардаж буй юм. Харин энэ талаар Ч.Даваабаяр өөрөө хэвлэлийн бага хурал зарлан хийлгэхдээ ингэж хэлжээ.
Сэтгүүлч түүнээс
 -Таныг эсэргүүцэж 150-250 хүн гарын үсэг зурсан гэсэн үнэн үү? гэж асуухад:
-100 гаруй хүн зурсан юм билээ. Хамгийн гол нь өнгөрсөн амралтын өдөрт манай телевизийн волейболын тэмцээн болсон. Тэгээд тэр үед гарын үсэг зуруулсан юм билээ. Ажилчид ч тэмцээндээ анхаараад юуг нь анзаарахгүй зурсан гэсэн. Над руу маш олон хүн “Би огцруулахаар гарын үсэг зурж байгааг нь анзаараагүй” гэдгээ хэлж ярьж мессэж бичсэн. Зарим нэг нь зурахгүй бол ажилгүй болно гэдэг шахалтаар зурсан юм билээ… хэмээн хариулжээ. Уг нь волейболын тэмцээн болохоос ухаан гартал ууж, идээд юун дээр гарын үсгээ зурж буйгаа мэдэхээ байчихаар хэмжээний үйл ажиллагаа биш шиг эхний ээлжинд санагдана. Сэтгүүлч түүнээс дахин
-Үүнийг хэн зохион байгуулаад байна гэж үзэж байгаа вэ? гэж асуухад:
- 4-5 хурган даргын хийж буй ажил. Би зөрчилтэй байгаа хурган дарга нарыг бүгдийн АТГ-т шалгуулахаар өгсөн байгаа. Студи, продакшны хурган дарга нар телевизэд орох ёстой мөнгийг өөрсдөө халааслаад байгаа. Ард түмний татварын мөнгөөр цалинжиж үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд ингэж болохгүй биз дээ. МҮОНТВ хувийн телевиз биш. Ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс МҮОНТВ бүтцийн өөрчлөлтөд шилжих ёстой байсан. Зарим уран бүтээлийн нэгдлүүдэд аудитын шалгалт хийж эхэлсэн учраас тэд ийн турхирч байгаа… хэмээн хариулжээ.
Захирал нь ажлаа ахиулахаас бус аудитээс эхэлдэг иймэрхүү нэгэн жишээ энд дэлгэрч эхэлсэн байна. Ер нь Ч.Даваабаяр захирал хурган дарга нараа бүгдийг нь АТГ-т өгнө гэдэг шорон руу үдэх ёстой гэж үзсэнтэй ялгаа юу байх билээ. Гэтэл хамаг хурган дарга нараа ингээд шорон руу үдчихээд өөрөө үлдээд ажиллана гэхээр МҮОНТ-ийн хамт олон хүлээн зөвшөөрнө гэж хэлэхэд үнэндээ бэрх юм.
Тэгээд ч түүний хэлсэнчлэн хурган дарга нар нь үнэндээ “идэж”, уусан” нь тогтоогдоогүй, зөвхөн Ч.Даваабаярын сэжиг таамаг төдий байгаа хэрэг. Үгүй бол аль хэдийн АТГ-ынхан шалгаад, ялгаад гаргаад ирэлгүй яав гэж.
Өнөөдөр Ч.Даваабаярын асуудлыг Үндэсний зөвлөлөөр шийдэх юм байна. Эндээс гарсан шийдвэр зөвхөн Ч.Даваабаярын дарга байх эсэх тухай бус бас МҮОНТ-д олон жил ажилласан уран бүтээлчдийн хувь заяаг ямархан нэг хэмжээгээр шийдэх юм.
Р.Хар
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих