Ч.Батбаатар: Жолооны багш нар дүрмийн шалгалтдаа унаж байна

Ч.Батбаатар: Жолооны багш нар дүрмийн шалгалтдаа унаж байна

Авто замын ослоор жил бүр 500 хүн нас бардгийн 60 орчим хувийг хүүхэд эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.

Зам тээврийн ослын шалтгаан нь жолооч нарын ур чадвартай холбоотой болохыг ШӨХТГ-аас онцолж Замын цагдаагийн газартай хамтран жолооны курсуудыг шалгаж эхэлсэн юм.

Уг шалгалт нийслэл болон орон нутагт үргэлжилж өнгөрсөн долоо хоногт дуусчээ.

Энэ тухай ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.

-Жолооны курсуудыг шалгаж дууссан гэсэн. Ямар дүгнэлт гарсан бэ?

-Манай улсад авто замын осол буурахгүй байна. Хүүхдүүд маш ихээр өртдөг. Энэ тохиолдолд авто машин жолоодож яваа жолоочоос болж гэмтэж, бэртэх, амь насаа алдаж байна гэж бид үзэж байгаа юм. Үүнийг нарийн ухаж үзвэл чанаргүй жолооч бэлтгэгдэж байгаагаас үүдэлтэй. Тиймээс Замын цагдаагийн газрын Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран жолооны курсуудад шалгалт хийлээ. Нийслэл орон нутгийн нийт 150 курсыг шалгахад хангалтгүй дүн гарсан.

-Тодруулахгүй юу?
-Жолооны курсын багш нарыг голчилж шалгасан юм. Тухайлбал, хотын дүрэм зааж байгаа багш өөрөө дүрмийн шалгалтдаа унаж байна. Сурч буй хүмүүсээс авдаг 20 тестэд багш нь тал хувьд нь хариулж чадахгүй тохиолдол гарлаа. Ийм төвшингийн багш нараас болж муу сурагчид төгсч байна. Жолоо бол хэлний, тогоочийн курс биш. Үнэмлэхээ гардсан тохиолдолд өөрийн болон бусдын эд хөрөнгө эрүүл мэнд, амь настай холбоотой болохоор чанарын өндөр төвшинд хүргэхээр энэ шалгалтыг хийсэн юм.

-Нийслэл, орон нутгийн ялгаа байна уу?

-Орон нутагт сургалтын чанар харьцангуй гайгүй байгаа нь ажиглагдсан. Нийслэлд 400 хүнээс 350 нь унаж байхад, Дархан-Уул аймагт 350 хүнээс 10 нь шалгалтдаа бүдэрсэн. Ер нь өмнө нь жолооны курсэд суралцагчдын 75 хувь нь төгсч байж үйл ажиллагаа явуулах эрхийг сунгадаг байсан. Гэтэл үүнийг болиулчихсан чинь реклам төдий чанаргүй сургалт явуулж, цагаан хуудас олгочихдог болсон. Тэгэхээр нөгөө хүн дахин давтан сургалтад суух болдог. Ингэхээр дахиад чанарын асуудал гарч ирнэ. Мөн замбараагүй тусгай зөвшөөрлийг эцэслэнэ. Удахгүй дүгнэлт гаргаж, нэгдсэн шийдвэрт хүрнэ.

Б.Энх /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих