Амралтын биш архины хяналтын хууль хэрэгтэй байна

Амралтын биш архины хяналтын хууль хэрэгтэй байна

“Монголын хууль гурав хоног” гэдэг хэлц байдаг. Манайхан болохоор хууль гараад сайндаа л гурав хоног хэрэгжүүлээд л больдог гэж ойлгоод байгаа. Уг нь Монголын хууль гурав хоногийн дотор олон нийтэд хүрч, хэрэгжиж эхэлдэг гэдэг утгыг илэрхийлдэг байсан юм билээ.

Тэр нь ч зөв утга байх. Одоо л бүрхэг, битүүлэг болгоод, эсрэгээр нь яриад байгаа болохоос биш. Ер нь монголчууд хууль дүрэм, журмаа дагаж биелүүлдэггүй ард түмэн биш гэдэг нь сүүлийн ганц жилд гарсан олон шийдвэрээс харж болно. Тухайлбал, дугаарын хязгаарлалт байна. Дийлэнх нь л дагаж мөрдөөд, одоо хэвшил болчихлоо.

Тамхины эсрэг хууль гарсан. Одоо олон нийтийн газар тамхи баaгиулж, бусдыг хордуулдаг хүн байхгүй. Энэ бүхэн хуулийн биелэлтийг хянаж, хангаж чадвал ард түмэн дагаж мөрдөж болдог гэдгийг харуулаад байгаа юм. Тиймээс журамлах, хуульчлах шаардлагатай зүйлээ ном журманд нь оруулж л байх хэрэгтэй.

Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш гэдэг. Түүнтэй адил ямар нэг байдлаар хууль, журам гараад ирвэл хүмүүс тодорхой хэмжээгээр дагаж мөрдөнө. Тэр утгаараа бага ч гэсэн үр дүн гарах нь тодорхой. Яг өнөөдөр бидэнд архины эсрэг хууль хэрэгтэй байна. Яагаад вэ гэж үү. Хэдхэн тоо баримт дурьдахад хүлээн зөвшөөрөх биз ээ.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 600 гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 300 гаруй хүн тутамд архи зардаг нэг дэлгүүр ногдож байна гэсэн үг гэнэ.

Тиймдээ ч  архичдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Энэ олон архи зардаг дэлгүүр зүсэн зүйлийн өнгөтэй, шилтэй, нэртэй архи зарж байхад арга ч байж уу. Зөвхөн энэ оны эхний мэдээгээр Монгол Улсын үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундааг насанд хүрэгчдэд хувааж үзэхэд нэг хүнд 48.5 литр спирт ногджээ. Уух нь битгий хэл томоохон саванд хийж байгаад усанд орсон ч болмоор их архи байгаа биз.

Уг нь энэ  тоо 2009 онд 36.4 литр байсан гэж байгаа. Жил бүр өргөн хэрэглээний барааны үнэ өсч байхад архины литрийн хэмжээ ч гэсэн нэмэгдэлгүй яах вэ дээ, түмэн зөв.

Архины хэмжээний хувьд ийм байна. Гэтэл  ДЭМБ жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 8-9 литрт хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг юм байна. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 23 литрт хүрчихсэн гэж байгаа.

Монгол үндэстэн аюулд учирдгаа учраад, устах дээрээ тулчихсаныг энэ тоо баримт өгүүлж байгаа хэрэг биш үү.  Тэгвэл арай өөр өнцгөөс нь жишээ татаад үзэх үү.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүүхдийн 80, хараа хяналтгүй хүүхдийн 86 хувь нь архи, тамхи хэрэглэх, тэнүүчлэх, компьютерт донтох өвчтэй, тэдний эцэг, эхчүүдийн 86 хувь нь архины хамааралтай байна. Таван өрх тутмын нэг нь архины хэрэглээтэй холбоотой эмгэгт өртөж байгаагийн дотор гэр бүлийн тогтворгүй байдал, сөргөлдөөний шалтгааны 97, гэр бүл салалтын шалтгааны 58.3 хувийг архидалт эзэлж байгаа аж.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүн амины болон хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдийн 90 хувь нь согтуу байсан байна. Цагдаагийн байгууллагаас 2009 онд явуулсан судалгаагаар согтуугаар үйлдсэн гурван хэрэг тутмын нэг нь гэр, орон сууцанд үйлдэгдэж байжээ. Энэ мэт жишээ, судалгаа, тоо баримт монголчууд бид архинаас болж “сүйрэх” дээрээ тулсан байна гэдгийг яах аргагүй сануулаад байгаа.

Өмнө нь ийм тоо баримтад нэг их итгэдэггүй байлаа. Гэтэл хоёр хоногийн өмнө ГССҮТ дээр очиж, шөнийн сурвалжлага хийв. Жишээгээ улам бататгах гэж үүнийг дурьдаж байгаа гэдгийг сануулмаар байна. Шөнийн сурвалжлага хийх үед иргэд согтуурсан үедээ автомашины осолд өртөж, нэгийгээ зодож, тархи толгойг нь хагалж байна.

Эрэгтэй, эмэгтэй гэж ялгаад байх юм алга. Тиймээс Архины хяналтын тухай хуулиа яаралтай баталмаар байна аа, эрхэм гишүүд ээ. Л.Эрдэнэчимэг тэргүүтэй эмэгтэй гишүүд өмнө тамхины хууль баталж, одоо гайгүй л хэрэгжиж байна. Араас нь Архины хяналтын тухай хууль санаачиллаа.

Одоо яаралтай хэлэлцээд, баталчих хэрэгтэй байна. Бүр шинэ жилээс өмнө баталчихвал аятай юу. Нийслэлээс энэхүү хууль батлагдах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түр хугацаанд зогсоох тухай НИТХ-аас иргэдийн дунд санал асуулга явуулж эхлээд байгаа.

Энэ асуудлыг заавал хүмүүсээс асуугаад байх шаардлагагүйгээр шийдчих хэрэгтэй байсан. Гэхдээ яах вэ, олон түмний санаа бодол хэрэгтэй байх. Үр дүн яаж ч гарсан Архины хяналтын хуулиа яаралтай батлах шаардлагатай. Уг нь намрын чуулганы эхэнд л хэлэлцээд, баталчих болов уу гэж харж байсан ч тэгсэнгүй. Ирэх оны төсөв мөнгөтэй зууралдсаар байгаад таарлаа. Арай гэж төсөв баталсны дараа одоо л дайрах байх гэтэл тэгсэнгүй.

Харин түүний оронд Цагаан сараар гурав хоног амрах тухай хуулийн төсөл баталж, чуулганаар хэлэлцүүлэх гээд сууж байна. Манайд амралтын өдөр мундахгүй олон. Баасан гарагийг бараг л амралтын өдөр болгочихсон. “Баасан ахын төрсөн өдөр” болгон тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэдэг болсоор удаж байгаа, манайхан. Тийм байхад бас нэг амралтын өдөр нэмээд өгчихвөл харин ч сайхан ууна биз дээ, нөхдүүд.

Түүнээсээ үүдээд гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэрэг ч өсч магадгүй юм. Ерөөсөө Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхний хийсэн судалгаагаар амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэрэг өсдөг гэдэг нь харагдсан.

Учир нь удаан хамт байж, дээрээс нь баяр тэмдэглэж архи уугаад л хүчирхийллээ үйлддэг аж. Энэ бас л Архины хяналтын тухай хууль батлах цаг болсныг сануулсан нэг жишээ. Үнэндээ бидэнд амралтын биш архины эсрэг хууль л хэрэгтэй байна. Олон зах замбараагүй архины үйлдвэрүүдийг цэгцлэх шаардлагатай байна.

Гаднаас зүсэн зүйлийн архи, шар айраг оруулж ирдгийг болиулах хэрэгтэй байгаа. Тэртэй тэргүй Монголдоо төрөл бүрийн архи, шар айраг, дарс үйлдвэрлэж байхад гаднаас нэмж зөөгөөд байх хэрэг ч алга. Дээрээс нь бараг л захын ТҮЦ-т архи зардгийг болиулах цаг болсон.

Энэ бүхнийг шийдэхэд Архины хяналтын тухай хууль зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Зүгээр нэг журам, тогтоол, иргэдийн саналаар шийдчих жижиг асуудал энэ ерөөсөө биш. Зайлшгүй хууль батлах шаардлагатай. Тэгэхдээ хурдан батлах хэрэгтэй байна. Зарим архины үйлдвэртэй, энэ төрлийн бизнес хийдэг гишүүдийн эрх ашгийг ч ор тас мартмаар байна, шийдвэр гаргагчид минь.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих