Мөнгөн ус ашиглахгүй алт олборлох багаж байдаг ч бичил уурхайчид хэрэглэдэггүй
Монгол Улс мөнгөн усны тухай Минаматагийн конвенцид энэ оны 10 дугаар сарын 11-нд нэгдсэн билээ. Энэхүү конвенци нь хүний үйл ажиллагаагаар үүссэн мөнгөн ус болон түүний нэгдлүүдээс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.
Конвенцийн гишүүн орнууд 2020 он гэхэд мөнгөн ус агуулсан баттерей, унтраалга, флюрецент гэрлийн шил, гоо сайхны бүтээгдхүүн, пестицид, хэмжилзүйн багж тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспортыг хориглож, тэдгээрийг мөнгөн ус агуулаагүй бүтээгдэхүүнээр орлуулах үүрэг хүлээдэг. Мөнгөн ус ашиглаж гар аргаар алт олборлох үйл ажиллагаа болон нүүрсээр ажилладаг цахилгаан станц нь мөнгөн усны бохирдол үүсгэдэг томоохон эх үүсвэрт ордог. Конвенциор улс орнууд гар аргаар алт олборлох үйл ажиллагаанд ашиглаж буй мөнгөн усны хэрэглээг бууруулах, зогсоох бодлогыг боловсруулан, үйл ажиллагааны төлөвлөгөөг конвенци хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн дотор батлуулж хэрэгжүүлэх үүрэгтэй аж. Мөн түүнчлэн уг конвенциор нүүрсээр ажилладаг цахилгаан станц, үйлдвэрийн уурын зуух, хог хаягдал шатаах зуух, цементийн зуух гэх мэт томоохон эх үүсвэрээс үүсэх мөнгөн усны үүсэл, ялгаралд хяналт тавих юм.
Монгол Улс конвенциор хүлээсэн үүргийнхээ хүрээнд мөнгөн усны хэрглээг таслан зогсоох ажлуудыг эхлээд буй юм. Үүний нэг бол өнөөдөр болсон “Химийн хорт болон аюултай бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл” сэдэвт сургалт байв. Сургалтын зорилго нь бичил уурхай эрхлэгчдийг мөнгөн усны хэрэглээнээс татгалзуулахад оршиж байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг сургалтад бичил уурхайн 27 ТББ-ын тэргүүн хамарч, мөнгөн усны хор уршиг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө болон мөнгөн усыг хэрэглэхгүйгээр хэрхэн алт олборлох талаар суралцаж байна.
Мөнгөн ус хэрэглэхгүйгээр эсвэл хор нөлөөг нь багасган алт олборлох боломж байгаа аж. Тухайлбал, реторт хэмээх багажаар мөнгөн усаар бариулсан алтаа ялгаж авахдаа шатааж, агаарт ууршуулах явцад замаас нь хүйтэн температур өгч, мөнгөн усыг тусгайлан хураан авах явц гэж ойлгож болох юм. Агаарт уурших байсан мөнгөн усыг 95-100 хувь хүртэл барьж чадах багаж юм. Огт мөнгөн ус хэрэглэхгүйгээр алтаа угаах попандсон гэх багаж ч байдаг байна. Энэ багаж нь татах хүчийг ашигладаг аж. Энэ төхөөрөмж нь гадна сав буюу гялгар хавтан, гурван өөр хэмжээтэй торнууд, доод хэсэгт алт барьж авах зориулалт бүхий дэвсгэрээс бүрдэнэ. Энгийнээр хэлбэл алтыг гурван үе бүхий тороор дамжуулан, томоос эхлээд хамгийн жижиг хэсгүүдийг дараалан барьдаг бөгөөд 100 микроноос доош хэмжээний алтыг ялгах чадвартай юм. Гэвч эдгээр багаж, арга технологи нь ажиллагаа их шаарддаг тул өртөг өндөртэй, бичил уурхай эрхлэгчид хэрэглээндээ нэвтрүүлдэггүй хэмээн сургалтад хамрагдагсад хэлж байна.
Бичил уурхайчдын мөнгөн усны хэрэглээнээс болж эх нутагт минь хордсон газар цөөнгүй. Дархан-Уул аймгийн Хонгор сум, Баянхонгор, Төв аймгийн сумдаас эхлээд мөнгөн ус илэрсэн газрыг нэрлээд байвал олон. Түүнчлэн нөхөн сэргээлт хийлгүй орхисон газар ч олон. АНУ-ын “Пакт Монгол”, “Санс фронтиер прогресс” хэмээх төрийн бус байгууллага хамтран Монголд бичил уурхай эрхлэгчдийн дунд судалгаа явуулжээ. Тэд говийн 59 газарт шинжилгээ хийхэд 50 нь мөнгөн усаар бохирдсон нь илэрчээ. Гар аргаар алт олборлож буй хүмүүсийн шээснээс ч мөнгөн ус илэрчээ.Тиймээс эх орныхоо онгон дагшин байгалийг унаган төрхөөр нь хадгалан үлдэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хангахын тулд байгаль орчинд ээлтэй зөв технологи, зөв арга барил нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа юм.Тиймээс үнэ өртөг, ажиллагаа гэх зэргээс цааргалалгүйгээр эдгээр аргуудыг бичил уурхай эрхлэгчдэд нэвтрүүлэх шаардлагатай байгааг сургалт зохион байгуулагчид онцолж байна.
Ч.Ариунболд
МОНЦАМЭ
URL: