УИХ-ын дэд дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчдийг ОХУ-ын холбооны зөвлөлд хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог тэргүүтэй, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Ганбат, Ц.Оюунбаатар нар орсон Монголын Парламентын төлөөлөгчид ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн урилгаар тус улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид 11 дүгээр сарын 19-ны өдөр ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Хөдөө аж ахуй, хүнсний бодлого, байгаль ашиглалтын байнгын хороон дээр өргөтгөсөн хуралдаан хийлээ.
Хуралдааныг Монголын талаас төлөөлөгчдийн тэргүүн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нар, Оросын талаас ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга В.А.Штыров, Холбооны Зөвлөлийн Хөдөө аж ахуй, хүнсний бодлого, байгаль ашиглалтын байнгын хорооны дарга Г.А.Горбунов нар удирдан явуулав.
Энэ үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр анх удаагаа болсон уг хуралдаан ихээхэн үр дүнтэй, хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж хоёр тал үзэв. Хуралдаанд Оросын талаас ОХУ-ын Буриадын БНУ, Өвөр Байгалийн хязгаар, Алтайн хязгаар, Эрхүү муж зэрэг Монгол Улстай хил залгаа субъектүүдээс ОХУ-ын Холбооны зөвлөлд сонгогдсон сенатчид оролцсон байна.
URL: