Өвөрхангайчууд МАН-аас юу хүсэв?

АН-ын генсек Ц.Оюундарийг дүрмийн бус шийдвэр гаргасан хэмээн Дархан-Уул аймгийн АН-ынхан огцрохын шаардан төв намынхаа байрны үүдэнд суулт зарлаж байгаа бол сонгуулиас хойш “шок”-ын байдалтай байсан МАН-чууд Их хурлаасаа хойш сэхээ авч орон нутаг болон иргэд рүү анхаарал хандуулан ажиллаж эхэллээ.
 МАН-ын шинэхэн генсек Ж.Мөнхбатын хэлснээр Удирдах зөвлөл, УИХ-ын гишүүдийн өргөн бүрэлдэхүүнтэй “десант” баруун, зүүн, хангай, төв, говийн бүсүүдэд ирэх сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж иргэдийнхээ санал бодлыг сонсох бөгөөд үнэтэй буудалд бууж тансаглахгүй, хамгийн их шүүмжлэл өрнүүлсэн өрх айлд очиж хоноглож шинэ бүтэц бүрэлдэхүүн, шинэчлэлийн 27-р Их хурлын бодлого шийдвэрийг танилцуулах юм байна.
Ажлын хэсгүүд бүх аймгуудад хүрч ажиллах аж. Баруун бүс хариуцсан намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн О.Содбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгаас ажлаа эхлүүлжээ. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Д.Лүндээжанцан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Оюунбилэг, Нийгэм хөгжлийн бодлогын газрын дарга С.Чинзориг нар багтсан байна.
Уулзалтад оролцсон иргэд шинэчлэлийн Засгийн газар муу ажиллаж байгаа, мөн УИХ-д олонхи болсон АН олон асуудалд хүч түрч байна. Энэ бүхэнд хяналт тавьж, ард түмний дуу хоолой болсон сөрөг хүчин муу ажиллаж байгааг дуулгаж, цаашид ингэж ажиллаж болохгүйг сануулсан.
Өвөрхангайчууд МАН-аас УИХ-д нэр дэвшсэн 2 нэр дэвшигчийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн ч одоо болтол хариугаа аваагүй байгаа талаар анхаарлаа хандуулахыг хүсч байлаа.

URL:

Сэтгэгдэл бичих