Хөгжим тархийг залуужуулдаг

Нас ахих тусам хүний сонсгол муудаж, зарим дуу чимээг ялгаж чаддаггүй болдог бөгөөд бусдын асуусан зүйлд шууд хариулж чаддаггүй. Энэ нь чих хатуурч байгаа гэсэн үг биш харин тархины эсүүдийн үйл ажиллагаа муудсантай холбоотой гэнэ.

Хижээл насны хүмүүсийн тархины эс дохиог маш удаан боловсруулдаг байна. Харин өтөл насны чих хатууралтыг хөгжмөөр эмчилж болно гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь хөгжимчдийн тархи үргэлж залуугаараа байдаг гэнэ.

Хөгжим нь тархийг хөгшрөхөөс сэргийлдэг маш сайн хэрэгсэл байж болох юм гэж Америкийн Баруун-Хойд их сургуулийн судлаачид үзэж байна. Эрдэмтэд өмнө нь хөгжимчин байсан хижээл насныхан, хөгжим огт сонирхдоггүй ахимаг насныхан болон хөгжмийн бус мэргэжилтэй залуучууд гэсэн гурван бүлэг хүмүүсийн тархины эсүүд хүний хэл ярианы авиаг хэрхэн автоматаар хүлээн авч байгааг харьцуулан судалжээ.

Судалгааны дүнд хижээл насны хөгжимчдийн тархины бор эдийн хариу үйлдэл үзүүлэх хурд нь нас чацуутнуудынхаа хурдаас даваад зогсохгүй хэзээ ч хөгжим сонирхож байгаагүй залуучуудынхаас ч илүү байсан байна. Хөгжимчдийн тархины эсүүд өтлөхдөө ч хариу үйлдэл үзүүлэх чадвараа хадгалсан хэвээр байсан гэж судлаачид “Nеиrоьiоlоgу оf Аging” сэтгүүлд бичжээ. “Энэ нь бидний амьдралынхаа туршид сонсдог хөгжим нь хүний мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд идэвхтэй нөлөөлдөг гэсэн таамгийг баталж байгаа юм” гэж судалгааг явуулсан эрдэмтдийн нэг болох Нина Кросс ярьсан байна.

Харин тархиа залуу байлгахын тулд бүхий л амьдралаа заавал ч үгүй хөгжимтэй холбох хэрэггүй. “Нас ахих үед сонсголоо алдахгүйн тулд тархины эд эсийг сэргээх дасгал хийж болно” гэж Иллиноис муж улсын Өмнөд Их сургуулийн анагаах ухааны тэнхимийн эрдэмтэн Дон Каспари ярьжээ. Хөгжим сонсох нь ой тогтоолтыг сайжруулж, хүрээлэн буй орчин дахь чимээ шуугианаас үг яриаг ялган сонсох чадварыг нэмэгдүүлдэг болохыг сонсголын нейробиологийн салбарын эрдэмтдийн өмнө нь явуулсан судалгааны дүн харуулсан байна. Хижээл насны хүмүүс чимээ шуугиантай орчинд хүний яриаг ялган сонсч чадахгүй болох тохиолдол цөөнгүй байдаг.

Хөгжмөөр хичээллэх нь ой тогтоолтыг сайжруулдаг болохыг өмнө нь Хонконгийн их сургуулийн эрдэмтэд тогтоож байжээ. Тэд 6-аас 15 хүртэлх насны 90 хүүхдийн дунд судалгаа явуулсан байна. Эдгээр хүүхдүүдийн тал хувь нь сургуулийнхаа найрал хөгжимд тоглодог эсвэл хөгжмийн хичээл дээр нэмэлт давтлага авдаг хүүхдүүд байсан бол үлдсэн 45 нь хэзээ ч хөгжмөөр хичээллэж байгаагүй ажээ. Хөгжмөөр хичээллэдэг хүүхдүүдийн бусадтай харилцан ярих чадвар нь харьцангуй өндөр дээр нь ой тогтоолт нь хэзээ ч нотны дэвтэр нээж байгаагүй хүүхдүүдийнхээс хамаагүй илүү байсан байна. Харин эрдэмтэд жилийн дараа дахин судалгаа явуулахад хөгжмөө хаясан хүүхдүүдийн дээрх чадварууд эрс буурсан байсан нь тогтоогджээ.

Дээрх судалгааг явуулсан доктор Агнес Чан хөгжмийн энэ гайхамшигтай чанарыг “урьд нь хэзээ ч теннисээр хичээллэж байгаагүй мөртлөө хожих магадлалтай гүйлтийн тамирчны чадвартай” харьцуулсан байна. Харин хөгжим нь тархийг яг л “биеийн тамирын дасгал сургуулийн цогц хэрэгсэл” шиг хөгжүүлдэг гэж тэрбээр ярьжээ. Үүний дүнд ой тогтоолт болон харилцан ярих чадвар сайжирдаг байна. Хөгжим нь амьд бие организмд шууд нөлөөлдөг эсэх нь эрдэмтдийн сонирхлыг эртнээс татсаар иржээ. 2009 онд Америкийн Мэдисон хотын Висконсины их сургуулийн сэтгэл судлаачид харьцангуй чавдартай сармагчингууд сэтгэлийн хөдөлгөөнөөр хөгжмийн аялгуунд хариу үйлдэл үзүүлдэг болохыг анх удаа тогтоосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих