Баялагтай бүхэн баяждаггүй

Баялаг эзэмшинэ гэдэг хүний зол заяатай холбоотой гэх үзэл санаа нэн эртнийх. Хүний түүхийн болоод соёл иргэншлийн эхний он жилүүдэд хүн хоёр л тохиолдолд баян чинээлэг болдог байв. Юуны өмнө баян чинээлэг гэр бүлд төрсөн хүн баян байж болдог, эрдэс баялаг олдог ч юм уу хөндлөнгөөс харахад цэвэр аз завшаанаар баяжих бас нэгэн нигууртай байжээ. Аль аль нь бурханы бэлэг, хувь тавилангийн онцгой шагнал харагдаж байж.

Харин иргэншин суурьшихын хэрээр баян айлд төрөлгүйгээр бас гэнэтхэн лусын сан, сезамын агуйг ололгүйгээр баяжиж болдгийг хүн төрөлхтөн олж харжээ. Айлыг баяжуулагч хүч нь морин толгойн чинээ молор эрдэнэ биш, шидэт саваа, шившлэг тарни бус хүний ой ухаан, сэтгэн бодох чадварт байдаг гэдгийг мэдсэн байна. Энэ нээлт жинхэнэ морин толгойн чинээ молор эрдэнэ байв.

Бурхан хэлж өгснөөс зайлахгүй энэ үнэнийг Монголчууд эртнээс мэддэг байсан бололтой. Учир нь бидний өвөг дээдэс “Сайн явах санааных, сайхан төрөх заяаных” хэмээн үр ачдаа захисан байдаг. Сайн сайхан элбэг хангалуун явах нь хүний санаа сэтгэл, оюун ухааны хэрэг бөгөөд зөв ухаалаг менежмент хийж чадсан хэн боловч сайн сайхан явж болно гэсэн философи.

Өнчин өрөөсний зовлон үзэж, хээрээр гэр хэцээр дэр хийж явсан Тэмүүжин суу билгийнхээ хүчээр улсын төдийгүй дэлхийн империйн эзэн болсон түүх энэ сургамжийг хэлж өгсөн гэлтэй.

Бурханаас зөвхөн хүнд заяасан хамгийн том эрдэнэс болох ой ухаан нь хоёр том эрдэнийг 20-р зуунд хүн төрөлхтөнд бэлэглэв. Энэ бол сургамж эрдэнэ байлаа. Баялгийг бий болгох арвижуулах ухаан байхгүй бол эрдэнэс баялаг тус болохгүй, харин гай ч ирнэ гэдгийг практик дээрээс олж харсан аж.

Үүний тод жишээ Нигер улс болж байна. Баян эцгийн хөрөнгө зоорийг мулгуу хүү өвлөж аваад хоромхон хугацаанд үрэн таран хийн гараа угаагаад харин ч өөрөө өртэй үлдэн өмнөхөөсөө дор болсон түүх энэ улсад давтагдсан байдаг.

Нигер улсаас асар их газрын том нээгдэх, дэлхий даяар бензиний үнэ тэнгэрт хадах хоёр давхардав. 1972 оноос нефтийн хямрал эхэлжээ. Нигер хүн бүр лусын эзэн шиг баяжих боломж гарсан байна. Гэтэл төр засгийн толгойд гарагсад мөнгө идэх арга бодож олсон нь янз бүрийн нэртэй сүржин төслүүд байлаа. Мянганы нийслэл гээчийг шинээр элсэн дунд барьж эхлэв. Дараа нь тийшээ “мянганы өндөр хурдны зам” татах төсөл гаргажээ. Улсын данснаас шууд өөрийн данс руу мөнгө хийх арай улаан цайм байсан тул олон мянганы төслүүдээр дамжуулан цемент нийлүүлэх, асфальт олж өгөх нэрээр улсынхаа нефть зарж олсон мөнгийг хумсалсаар байв.

Тэр үед Нигер улсын гадаадад захиалсан цементийг хийхэд Зөвлөлт ба Европын энэ чиглэлийн үйлдвэрүүдийн хүчин чадал багадаж байлаа. Нэг хүнд ноогдох цементээр Нигер улс АНУ, Европ зэрэг орнуудаас хол давав. Улс баяжиж байгаа гэсэн сурталдаа итгээд гадаадаас ядуу зүдүү, хар ажлын улс олноор оруулж иржээ. Ингэж байтал нефтийн хямрал өндөрлөж, хүн төрөлхтөн бензин, шатахууны асуудлаа шийдвэрлэсэн байна.

Хэдэн түшмэл цулайтлаа баяжаад улс орон ядуу хэвээр үлдэв. Хаа л бол хаа “мянганы цементийн хог овоолоостой. Өр шир замаа алджээ. Удирдагчид өөрөөсөө бурууг зайлуулахын тулд гадаадын ажиллах хүчинд бурууг тохов. Хамгийн сайн ажил үйлчилгээг гадаадынхан эрхлээд байгаа учир “унаган Нигер хүн” зовж байгаа гэж ойлгууллаа. Харанхуй ядуу зарим хүмүүс гадаадынхныг учир утгагүй үзэн ядаж тэдний эсрэг аллага, хүчирхийлэл үйлдэн сэтгэлээ онгойлгож эхлэв.

Нигер улс ядуу дээрээ ядуу болж гадаад дотоодод нэр нүүрээ барлаа. Гай газар доороос гэдэг шиг хөрсөн доорх баялагтаа хөөрхий Нигерчүүд хөнтрүүлэх нь тэр.

Баялгаасаа болж баларсан орон байхад баялагтаа тулгуурлан хөгжсөн орон байдаг. Энэ дэлхийн газрын зургийг харахад алаг цоог байдаг шиг газрын хэвлийд агуулагдах баялаг ч жигд биш билээ. Харин тэрхүү бурхны хишгийг асгаж цутгалгүй аригтай хэрэглээд, ашиг шимтийг нь хүртээд байгаа орон олон бий.

Дөнгөж өнгөрсөн зууны эхээр бидэнтэй адилхан нүүдэллэн амьдарч байсан арабчууд өнөөдөр газрын баялгаа зөв ашиглан суга хөгжиж буй нь үлгэр дууриалал болоод байгаа.

Хорьдугаар зуунаас л газрын тосны хэрэглээ өдөр хоногоор өссөн бөгөөд үүнийг дагаад Арабын ертөнц элсэн дундаас сүндэрлэн боссон ажээ. 1910 оны байдлаар Канадын Альбертад, Индонезийн Суматра арал, Иран, Перу, Венесуэл, Мексикт хэд хэдэн газрын тосны томоохон ордуудаас олборлолт явуулж байжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд шүү дээ. Гэтэл 1950-иад оны дунд үе хүртэл нүүрс эрчим хүчний үндсэн түүхий эд байсан юм. Харин одоо нийт тээврийн хэрэгслийн 90 хувь газрын тосноос гаргаж авсан төрөл бүрийн түлшийг хэрэглэж химийн үйлдвэрийн маш чухал түүхий эд болсон.

Газрын тос олборлолтын хэмжээгээр Саудын Араб, ОХУ, АНУ тэргүүлдэг. Манай дэлхий дээр мэдэгдэж буй нөөцийн 65,2 хувь Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Ирак, Катар, Кувейтын газар нутагт байгаа. Хамгийн гол нь баялагтай оронд төрсөндөө бус баялгаа зөв ашиглах арга ухааныг олсонд тэдний аз байна.

Ухаан нь нөөцөөрөө Саудын Арабаас дутуугүй Нигерийн ард түмэн өнөөдөр байнгын цэргийн эргэлт, омог хоорондын мөргөлдөөн, авлигын золиос болон тарчигхан амьдарч байна. Тэгэхээр баялагтай бүхэн хөгжөөд байдаггүй харин түүнийгээ хоол болгох ухаан чухал.

Монгол ба Арабын хойг

Арабын хойгт Кувейт, Бахрейн, Оман, Катар, саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Йемэн гэсэн долоон орон байрладаг. Тэдгээр долоон орон газар нутгийн дундаж хэмжээгээр Монголоос 3,9 дахин бага, хүн амын дундаж тоогоор гурав дахин их билээ.

Арабын Нэгдсэн Эмират улсын эдийн засаг нь байгалийн хий, газрын тосны экспортод тулгуурлан хөгжсөн боловч өнөөдөр үйлдвэрлэл, аялал жуулчлал, олон улсын санхүү бизнесийн үйл ажиллагааны орлого давамгайлж байна.

Эмиратын дундаж иргэн гэхэд л жилд хоол, хувцас үйлчилгээнд 20000 ам.долларыг зарцуулдаг байх юм.

П.Алтан


URL:

Сэтгэгдэл бичих