Дээдсийн тансаглалд зориулагдах шинэ их өрийн эсрэг ард түмнээ уриалж байна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачил гаар “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалт саяхан болж өнгөрлөө. Энэ уулзалтын урилга хаагуур яаж тарсныг мэдэхгүй. Төрөл бүрийн ажил мэргэжлийн 600 орчим төлөөлөгч оролцсон гэх. Голдуухан сайд дарга нар, компани, байгууллагын эзэд харагдана лээ. Миний хувьд, уулзалтын өмнө өдөр Төрийн ордноор орох зөвшөөрөл аваад бараг л “дэлтийг нь дэлдэж” явж ганц урилга олсноороо, мандат ч үгүй, хөөгдөж туугдан явж оролцохчоо болсон.
Ганц би ч биш, энэ уулзалтад оролцъё гэсэн хүн олон байх шиг байсан.
Монголын төр судлаач цөөхөн хүний нэг Ц.Балхаажав гуай Төрийн ордны үүдэнд ээрэгдэж, учирлаж гуйсаар арай ядан орсон байлаа. Уулзалтад оролцогчид болон уншигч, үзэгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг зөв дуугарлаа гэж ярьж байх шиг. Улсын маань Ерөнхийлөгч хэчнээн дуугарлаа ч гэсэн яг зэрэгцээд Улсын их хурал нь 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсөв гэж “сарампай” юмыг ум хумгүй баталж байгааг харахаар “ухаалаг төр” мөн ч хол байна даа гэж өөрийн эрхгүй бодогдоно билээ. Үндэсний зөвлөлдөх уулзалт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгэнд хэд хэдэн онцлог байлаа. Эхлээд улсын эдийн засгийн одоогийн байдлыг олон улсын байгууллагуудын судалгаан дээр тулгуурлаж ярьсан.
Манай Үндэсний статистикийн хорооны худал мэдээллээр биш, олон улсын судлаачдын үнэн зөв мэдээллийг олон түмэнд хүргэлээ. Ерөнхий сайд гарч ирэнгүүтээ хэдэн газрыг яг “өөрийнхөө хүнээр” удирдуулдаг нь хэвлэгдээгүй хууль. Тэр газрын нэг нь Үндэсний статистикийн хороо байдаг л даа. Одоо бол тэр хороо, бараг л Н.Алтанхуяг гэж хүний халаасанд яваа. Би ганцхан баримт авъя. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад цалин, тэтгэврийг сохор зоосоор ч нэмээгүй. Тэгсэн чинь статистикийн хорооны мэдээгээр монголчуудын дундаж цалин 900 мянган төгрөгт хүрч гэнэ. Энэ тоог сонсоод олон хүний толгой эргэсэн байх.
Тэр 900 мянган төгрөгийн цалинг чинь хэн авчих нь тэр вэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 144 мянган төгрөгийн цалин авдаг хоёр зуу гаруй мянган хүн байсан. Түүнийг нэмлээ гээд 192 мянга болгосон. Сургууль, эмнэлгийнхэн 900 мянга байтугай талыг нь ч бараг авдаггүй л байх. Тэгээд 900 мянган төгрөгийн дундаж цалинд хэн нөлөөлчих нь энэ вэ. Энэ бол худалч статистик. Хүмүүс ингэж худал мэдээлэл цацдаг, эрх баригчдад үйлчилдэг Үндэсний статистикийн хороог татан буулгая гэх юм билээ. Үндэсний зөвлөлдөх уулзалт таван салбар хуралдаанаар хүмүүсийн санал бодлыг сонссон. Манайхан ч өөд өөдөөсөө хараад суухаар буруутанд үг хэлж чадах биш дээ.
Тэгээд ч салбар хуралдаануудыг З.Энхболд, Н.Алтанхуяг, П.Цагаан, Ч.Сайханбилэг, Э.Бат-үүл нар удирдахаар бүр ч бүлх залгисан юм шиг болчих юм гэх хүн нэлээдгүй таарч байлаа. Миний хувьд үг хэлэх завшаан олдвол хэдэн үг хэлчихье гэж очсон юм л даа. Тэгсэн чинь үнэн үгэнд яасан их эмзэглэх юм бэ. Үг хэлэх хугацааг хоёр минутаар тогтоож байгаа юм. “Чи амаа татаарай” гэсэнтэй утга нэг. Цаг байсан сан бол Монголын мөнгийг тэр аяар нь залгичихаж байгаа “том төр”-ийг шүүмжлэе гэж бодсон юм. Эрдэмтдийн судалгаагаар Н.Алтанхуягийн Засгийн газрын үед л Монгол Улс мөнгөөр бялуурч байгаа юм билээ. Арваад их наяд төгрөгөөр тансаглаж байгаа.
Даанч, жирийн ард түмний аманд ч үгүй, алган дээр ч үгүй, үнэртээд л өнгөрч байгаа нь харамсалтай л даа. Энэ Засгийн газрын өнгөнд сургуулиуд дөрвөн ээлжээр хичээллэдэг болж, өвчтөнүүд эмнэлгийн шалан дээр зулаатай байх болсон. Өлбөрч турсан ард түмнээ Н.Алтанхуяг “бүсээ чангал” хэмээн загнаж байгаа. Ийм төрийг “ухаалаг төр” гэж хэлж болох уу. Ийм Ерөнхий сайд, УИХ-ын даргад “Биднийг залж хөтлөөд яв!” хэмээн найдаж болох уу. Бидний гол алдаа энэ байна. Ухаалаг хүмүүсээр удирдуулж явъя гэж, би эхний ээлжинд хэлэх гэсэн юм. Үүнийгээ хэлэх хугацаа гараагүй. Зөвлөлдөх уулзалт дээр миний хэлэх гэсэн гол зүйл эзэн богд Чингис хааныхаа нэрийг барьж, улсаа барьцаалж авсан таван тэрбум ам.доллараас үлдээд байгаа 3,5 тэрбумаас нь татгалзъя гэсэн санаа.
Би энэ санаагаа салбар хуралдаан дээр Ерөнхийлөгчийн нүүрэн дээр хэлж амарсаан. “Чингис” бондын эхний ээлжийн 1,5 тэрбум ам. доллар 100 гаруй тэрбум төгрөгийн хүүтэйгээ салхинд хийсээд өнгөрсөн. Энэ их мөнгөөр эрхэм дээдэс дан “хувийн тоглолт” хийсэн. Ерөнхийлөгчийнхөө өмнө баримтгүй худлаа хэлж болохгүй учраас би хоёр баримт авсан. Эхнийх нь “Чингис” бондын олон зуун тэрбум төгрөгөөр өнөө жил зургаан аймгийн төвийг Улаан- баатартай холбоно гэсэн. Гурвыг нь Ерөнхий сайд маань өөрөө очиж нээн сүр дуулиантай рекламдсан. Гурав нь өнөө жил баригдах ч юмуу, үгүй ч юмуу, бүү мэд. Энд нэг л “но” байгаа юм. Зам барина гэж төсөв төлөвлөгөөг нь авчихаад хэн нэгнийхээ халаас уруу гулгуулчихдаг биш байгаадаа гэсэн хардлага. Дорноговь аймгийн төв Сайншандыг Улаанбаатартай холбоход Сайншанд- Чойрын хоёр зуу гаруйхан км зам л үлдээд байсан. Түүнийг энэ намар холбочихсон. Хачирхалтай нь энэ замд “Чингис” бондын хөрөнгөөс ганц ч цент ороогүй. Бүгдийг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр бариад дуусгачихсан. Бондын хөрөнгөөр барина хэмээн төсөвлөж авсан олон тэрбум төгрөг хаачсан бэ.
Хэний халаасанд орсон бэ. Энэ л сонин байгаа юм. Би дараагийн баримтаа “Шинэ сум” төсөлд хандуулсан. Гэв гэнэт- хэн “Шинэ сум” гэгч төсөл гараад ирсэн. Жишиг сум байгуулна гээд Баянхонгорын Баянлиг, Бууцагаан, Дорноговийн Замын–Үүд сумдыг сонгож аваад Канадын хэдэн модон байшин угсарч байгаа юм. Баянхонгорынх нь сум тус бүр 10 тэрбум төгрөгийн, Замын–Үүдийнх нь 15 тэрбумын барилга барих юм байна. Би бүр гайхчихлаа. Замын – Үүд бол жишиг сум байтугай жишиг хот болчихсон том газар. Жишиг сум баръя гэсэн бол Баянхонгорын хоёр сумыг сонгож авдаг нь юу билээ. Гурван жишиг сумын нэгийг Баянхонгорт, нөгөөг нь говийн аль нэг алслагдсан суманд, гурав дахийг нь Дорнод, Сүхбаатарын аль нэг суманд ч юмуу байгуулж болоогүй юм бол уу гэж бодож байлаа. Тэгсэн чинь их учиртай гэнэ.
Х.Баттулгын удирдсан МоАХ фракцынхан хүчтэй байгаа. Н.Алтанхуягийг аваад хаячихвал Ерөнхий сайдын суудалд хамгийн өндөр магадлалтай нь Х.Баттулга. Тэгээд л мань хүн Х.Баттулгыг аргадаж, аргалж Баянхонгорын тойрогт нь жишиг сум нэрийдлээр 20 тэрбум төгрөг хаяж байгаа нь энэ гэсэн яриа ам дамжиж явна. Дан хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн Н.Алтанхуягийг огц- руул на гэсэн яриа тэнгэрт тулж байс- наа сураггүй замхарч байгаа нь энэ мэттэй холбоотой байж болох л юм. Зөвлөлдөх уулзалт дээр хэлж амжаагүй нэг зүйл бол ардчиллын үнэт зүйлсэд, тэр дундаа хувийн өмчид халдаж байгаа бурангуй халдлагыг хэлэх гэсэн юм.
Сүүлийн үед Засгийн газар, хотын удирдлагын амнаас гардаг үг нь “Хаана, цуцална, албадан нүүлгэнэ, устгана, торгоно, баривчилна” гэсэн үгс. Сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийн хэлж байсан нэг үг надад бичээтэй байдаг юм. “Та нар метр квадрат газраа сая төгрөгөөс доош үнэлж болохгүй шүү. Газар үнэд орно. Та нарын амьжиргааны үндэс бол энэ алга дарам газар чинь”. Ингэж ухуулж байж гарч ирсэн хотын дарга маань одоо яаж байна. Иргэдийн газрыг өчүүхэн үнэлүүлчихээд “Нүүхгүй бол албадан нүүлгэнэ” хэмээн хууль хүртэл санаачилж суух юм.
Ядуусын амьжиргаагаа залгуулдаг хэдэн захыг нүүлгэнэ гэнэ. ТҮЦ гараашуудыг ч бүр нурааж хэмхчээд ачиж байгаа. Хувийн хэвшлийнхэн хоногийн хоолоо залгуулдаг “Урт цагаан”-ыг нураана л гэнэ. Манай гэрийн дэргэд хөлгүй, өрөөсөн тал мэдээгүй хоёр залуу хүнсний жижиг ТҮЦ ажиллуулан хоногийн хоолоо олдог юм. Тэр хоёрыг бараг л өдөр болгон шалгаж дарамталдаг гээд эхнэр нь уйлж байна билээ. Хувийн хэвшлийнхний цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй хэрнээ ингэж дарамталж, нүд үзүүрлэж болдог юм уу, арай дэндэж байна аа! Тэнэж мөргөлж яваад улсынхаа Ерөнхийлөгчийн өмнө, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн өмнө, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын өмнө, сэтгэл зүтгэл нэгтэй сурвалжлагч нөхдийнхөө өмнө цээжин дотор харлаад байсан нэг зүйлийг гаргаж тавьсандаа олзуурхаж байгаа. Энэ бол Монголын шинэ их өрийн асуудал.
Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын өр. Хэрвээ одоо шинээр авах гэж арааных нь шүлс асгараад байгаа 3,5 тэрбум ам. долларыг авбал Монголын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 60-70 хувьд хүрч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх юм билээ. Монголчууд хэдэн үеэрээ төлж барахгүй өрийн дарамтад унана. Иймээс бондын үлдэгдэл 3,5 тэрбум ам. долларыг авахуулахгүй байх талаар анхаарлаа хандуулаач гэсэн. Би өөрөө энэ их өрийн эсрэг тэмцэнэ гэдгээ хэлсэн. Мэдээж би талбайд зулын гол болж шатахгүй. Өлсгөлөн зарлаж чадахгүй. Гэхдээ сэтгүүлч хүн яаж тэмцэж болдог вэ, бүх арга замыг хайна гэдгээ хэлсэн. Дээдсийн тансаглалд, магадгүй ирэх сонгуулиудын бэлтгэлд ч зориулж ядашгүй, их өрийн эсрэг бүх монголчуудаа уриална гэдгээ хэлсэн.
URL: