Ливэрпүүл зөв замдаа орсон

Өнгөрсөн лхагва гарагт Ливэрпүүл клубийн менежер Кэнни Далглиш багтайгаа гэрээгээ гурван жилээр сунгаснаар нилээдгүй олон хөгжөөн дэмжигчдийн магнай тэнийж зөв зүйл болсон хэмээн үзэж байсан бол тэдний эгнээнд Хосэ Рэйна нэгдлээ.

Тэрээр Кэнни Далглиш гэрээгээ сунгаснаар багийн ирээдүй “гэрэлтэнэ” гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Далглишийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд Рой Ходжсоны орыг залган Энфильдэд ирсэн ба тухайн үед баг нь 12-р байрт бичигдэж /доод лигт унах багаас ердөө 4 оноо дутуу/ байсныг ахиулан одоогийн байдлаар Европын тавцанд хүч үзэх эрхийг авах байранд Ливэрпүүл бичигдэж байна.

Мөн түүнчлэн багаасаа явах хүсэлтэй байгаа мэдэгдсэн Фэрнандо Торрэс 50 саяар Лондонг зорьж, араас нь Испани багийн анд Рэйна багаа орхих гэж байсан ч Кэннигийн ачаар 28 настай хаалгач эр багтайгаа байхыг илүүд үзэж байна.

Тэрээр, “Би ирэх улирлыг л одоо хүлээж байна. Би өнгөрсөн 12 сар болон 1 сард надад эргэлзээ төрж байсан гэдгийг үргэлж хэлдэг. Учир нь бид тухайн үед яг одоо байгаагаасаа тэс өөр байсан. Бидэнд Кэннигийн гэрээний тухай сайхан мэдээ байна. Мөн Стив Кларк болон бусад бүх техникийн албаныхан гэрээгээ сунгажээ. Бид яг одоо зөв чигтээ явж байгаа учир бид ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж байна” хэмээн ярьж багийнхаа уур амьсгал болон ирээдүйн тухай ярьлаа.

Ливэрпүүлийн сүүлийн үеийн тоглолтыг харвал тэд таван тоглолт хожигдолгүй явж байгаа ба үүнээсээ 13 оноог авч 17 гоол оруулж хаалгандаа ердөө гурвыг л алджээ. Хэрвээ тэд үлдсэн тоглолтууддаа Тоттэнхэмээс оноо дутуу авахгүй л бол Европын эрх тэдний гарт байгаа.

Харин энэ тухайд Рэйна, “Тавдугаар байр гэдэг бол Ливэрпүүл клубийн үзүүлэх амжилт биш. Бид илүү өндөрт гарахыг зорж байна. Магадгүй ирэх улирал илүү сайн амжилт үзүүлнэ гэж найдаж байна.

Хэдий бид ирэх улирлаа тэсэн ядан хүлээж байгаа ч Ням гаргийн даалгавраа амжилттай биелүүлэх хэрэгтэй. Хэрвээ бид ням гарагт хожиж чадвар математик тооцооны хувьд тавдугаар байраа албан ёсоор хадгална” хэмээжээ.

Тэдний араас хоёр онооны дутуутай нөхөж яваа Тоттэнхэмтэй ням гаргийн 22 цагаас Энфильд Рөүдэд тоглоно.

“CSPORTS TEAM”


URL:

Сэтгэгдэл бичих