Б.Ганбаатар: Өмгөөлөгчид их хэмжээний мөнгө нэхвэл дүрмээр зохицуулна

13-11-19-5tД.БОЛОРМАА

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатартай ярилцлаа.

-Та Монголын өмгөө­лөгч­дийн холбоо хэ­мээх том байгууллагыг удир­да­хаар боллоо. Шүүхийн шинэт­гэл, эрхзүйн шинэч­лэл өрнөж буй энэ үед хариуц­лагатай албанд ирж байна. Хурд хүч, хариуц­лагатай байхыг танаас шаар­дах байх. Хийх ажил ч бишгүй харагдаж байна уу?

-Монголын өмгөөлөгчдийн холбооны ээлжит бус хурлыг энэ сарын 8-нд зарлан хуралдууллаа. Энэ холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Батсүх дарга Хуульчдын холбооны ерөнхийлөгч болсон учраас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу албан үүргээ өөр хүнд өгөх шаардлага тулгарсан юм. Хуулийн шаардлага үүссэн учраас  өмгөөлөгчид ээлжит бус хурлаа хийж намайг ерөнхийлөгчөөр сонгосон. Энэ ажлыг авахаас өмнө холбооны дэд ерөнхийлөгчөөр ажил­лаж байсан юм. Ер нь Өмгөөлөгчдийн холбооны ойрын ирээдүйн чиг хандлага, хийх ажил тодорхой.

Өнөөдөр Монголын нийгэмд эрх зүйн шинэчлэлийг өргөн хүрээнд хийж, олон хууль тогтоомж баталж байна. Тэгвэл энэ бүх шинэчлэлд өмгөөлөгчид манлайлан оролцох ёстой. Өөрөөр хэлбэл, гарч байгаа хууль тогтоомжийг судлах, судлаад ойлгосныхоо дараа нийгэмд сурталчлах хүн бол өмгөөлөгч. Яагаад гэвэл өмгөөлөгчид хуулийг иргэдэд хамгийн сайн ойлгуулж чаддаг онцлогтой хүмүүс. Хууль тогтоомжид орж байгаа өөрчлөлтийг үйлчлүүлэгчидээ ойлгуулж, мэдээллээр хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байдаг гэсэн үг.  Энэ утгаараа эрх зүйн шинэчлэлд өмгөөлөгчид манлайлан оролцох ёстойг хэлээд байгаа юм.  Нөгөө талаар саяхан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж,  Монголын хуульчдын холбоо гэдэг байгууллага бий боллоо. Үүнд мэдээж шүүгч, прокурор, өмгөөлөгч гурав багтана. Хуульчийн холбоо гэж байгуулсан нь төрийн хамгийн оновчтой алхам байлаа гэж хэлье. Манай өмгөөлөгч нар ч гэсэн “Төр өөрийнхөө тодорхой чиг үүргийг шилжүүлсэн том алхам боллоо” онцолж байгаа. Хуульчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг төр өгдөг байсан бол одоо Хуульчдын холбоо өгөхөөр боллоо. Түүгээр зогсохгүй хуульчийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, түдгэлзүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ирээдүйн хуульчийн эрх зүйн зохицуулалтыг хүртэл Хуульчийн холбоо гардан хариуцна. Өөрөөр хэлбэл, хуульч бэлтгэж байгаа их, дээд сургуулиудыг заавал магадлан итгэмжлэх тухай зааж байна. Хэрэв боловролыг нь эзэмшиж чадаагүй бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах шалгалтад орох эрхгүй гэсэн үг. Энэ нь алс ирээдүйн эрх зүйн шинэчлэлийг хийж байгаа нэг алхам юм.

-Монголын өмгөөлөгчдийн холбоо нь төрийн бус байгууллагын статусаар ажиллахаар болсон. Төрийн бус байгууллага болсонтой холбогдуулан нэлээд өөрчлөлт орж байгаа байх. Дээрээс нь зарим чиг үүргээ хүртэл Хуульчдын холбоонд шилжүүлсэн байх аа. Танай байгууллагын цар хүрээ хумигдав уу гэж харагдаж байна?

-Өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 5-нд болсон ээлжит бус их хурлаар Монголын өмгөөлөгчдийн холбоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болсон. Энэ утгаар дүрмээ бага зэрэг өөрчилсөн. Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулж байгаа зарим чиг үүргээ дүрмээсээ  хассан. Сахилга хариуцлагын асуудал болон өмгөөлөгчдөд тавигдах боловсрол, жил бүрийн кредит цагийн сургалт зэрэг зарим  чиг үүргээ  Хуульчдын холбоонд шилжүүллээ. Хуульчийн холбоо гэж толгой байгууллага байгуулагдсантай холбоотойгоор зарим үүргээ шилжүүлсэн нь тэр. Одоо бол Өмгөөлөгчдийн холбоо нь гишүүн өмгөөлөгч нартаа Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу үйлчилгээний чиг үүрэг үлдэж байна гэж ойлгож болно. Нөгөө талаар бидний тавьж байгаа том зорилт бол өмгөөлөгчийн ур чадварын асуудал юм. Өмгөөлөгч хүн эрх зүйн өндөр боловсрол, ур чадвартай байж нийгэмд эрх зүйн чиглэлийн туслалцаа үзүүлэх боломжтой. Өмгөөлөгчийн ур чадвар гэж тодорхой хугацаанд ажиллаад эзэмшдэг зүйл биш. Олон жилийн ажлын үр дүн, идэвх санаачлага, шаардлага, нийгмийн өмнө хүлээж байгаа хариуцлага. Хоёрдугаарт, өмгөөлөгчдийн нийгэм, эрүүл мэнд, амьдралынх нь баталгаа холбооны анхаарлын төвд байх ёстой асуудал. Төрөөс өнөөдөр иргэдийг орон сууцжуулах тухай ярьж байна. Тэгвэл өмгөөлөгч ч гэсэн Монголын нэг иргэн. Иргэн хүнийхээ хувьд энэ хөтөлбөрт хамрагдах ёстой. Энэ асуудлыг ажил хэрэг болгохоор ярьж байгаа зүйл бий.  Эрүүл мэндийн хувьд ч ялгаагүй анхаарах ёстой асуудал. Оюуны ачаалалтай ажилладаг хүмүүс. Гуравдугаарт, Хуульчдын холбооноос явуулж байгаа бодлого Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагаатай нягт холбоотой явагдах ёстой. Өөрөө хэлбэл, Хуульчдын холбооноос явуулж байгаа бүх бодлогыг  зохион байгуулж, манлайлан оролцох учиртай хүмүүс нь өмгөөлөгчид юм.

-Танай холбоо хэдэн гишүүнтэй билээ?

-Өнөөдрийн байдлаар 1058 гишүүнтэй. Хуульчийн холбоо байгуулагдсантай холбоотойгоор өмгөөлөгч болох хүсэлтэй иргэдийн тоо  ч гэсэн олширч байна. Шүүхэд төлөөлөх эрхээ авсан 20 гаруй өмгөөлөгч манайд элслээ. Энэ нь өмгөөлөх байгуулах нийгэмд ямар байр суурь, нэр хүндтэй байгааг харуулж байгаа хэрэг. Дээрээс нь төр, нийгмээс өмгөөлөгчдийг хүлээн зөвшөөрч эхэлж байна. Наад захын жишээ гэхэд УИХ төдийгүй Засгийн газар түүний салбар яам, агентлагт өмгөөлөгчид түлхүү орж ирж байна. Энэ нийгэм өмгөөлөгчдийг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл. Цаашдаа өргөн хүрээгээр явах ёстой.

- Төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх тухай хууль батлагдлаа. Энэ хуулиар төлбөрийн чадамжгүй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг байсан та бүхний эрх өөр байгууллагад шилжиж байна уу?

-Энэ хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйлчилж эхэлнэ. Төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй эрхзүйн туслалцаа үзүүлэх тухай хууль батлагдсанаар Улсын өмгөөлөгч гэдэг статустай өмгөөлөгч нар гарч ирнэ. Төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлдэг тусгай хүмүүс гэсэн үг. Мэдээж төрөөс санхүүжиж, Хууль зүйн яамны дэргэд байна.

-Улсын өмгөөлөгч гэх энэ алба  танай өмгөөлөгч нараас бүрдэнэ биз?

-Мэдээж манай өмгөөлөгч нараас бүрдэнэ. Тэглээ гээд шууд нэр зоогоод авчихгүй. Тусгай шалгалт, болзлыг нь хангах ёстой. Сонгон шалгаруулалтад ороод шалгарч чадвал Улсын өмгөөлөгч хэмээх  статустай болно. Ер нь Төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх хуулийн үйлчилгээг Монголын өмгөөлөгчдийн холбоо нэр төртэйгээр биелүүлж ирсэн. Өмнө нь үйлчилж байсан Өмгөөлөх тухай хуулийн дагуу өмгөөлөгчид жилд хоёроос доошгүй төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй байсан. Холбооны зүгээс жилд дунджаар 400 гаруй иргэдэд эрхзүйн туслалцаа үнэгүй үзүүлсэн байдаг. Гэвч нэг ч иргэнээс “Танай сонгож явуулсан өмгөөлөгч чинь муу үйлчиллээ” гэсэн гомдол ирээгүй. Энэ нь манай өмгөөлөгчид хариуцлагаа ухамсарлаж, үүргээ сайн биелүүлснийг илтгэх байх. Тэгээд ч төлбөрийн чадваргүй иргэдэд тусламж үзүүлэх ухамсар манай өмгөөлөгч нарын дунд хэдийнэ тогтчихсон байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж үнэ төлбөргүй үйлчлэх үүрэг нь хасагдсан байсан ч тэд маань ухамсарынхаа дагуу үнэгүй үйлчилсээр ирсэн юм.

-Өргөдөл бариад ирвэл шууд цохоод өгдөг байх нь?

-Сангийн яам болон Хууль зүйн яамны хамтарсан тушаал гэж бий. Ямар хүнийг төлбөрийн чадваргүй гэж үзэх вэ гэж. Тэр үзүүлэлтийг хангасан иргэдэд тусалж байна. Өмгөөлөгчдийн холбооны өнөөдөр ч гэсэн төлбөрийн чадваргүй иргэдэд тусламж үзүүлэхгүй гэж хэлэхгүй.

-Улсын өмгөөлөгчийг дагаад агентлаг үүснэ гэсэн үг үү?

-Хууль зүйн яамны харьяа төв гэж байгуулагдах байх. Одоо ажлын хэсгийнхэн судлаад явж байна. Төвөөрөө дамжуулж 21 аймаг, нийслэлийн дүүрэгт төлбөрийн чадваргүй иргэдийг өмгөөлнө. Ингэхдээ тухайн бүсийнх нь гэмт хэргийн зөрчил, ачаалалтай нь уялдан харьцангуй өөр, өөр тооны улсын өмгөөлөгч байна. Төрөөс санхүүжих ч,  үйл ажиллагаа явуулахдаа хараат бус байна.

-Монголын өмгөөлөгчдийн холбоо гэдэг бол том байгууллага. Төрийн бус байгууллага гэхээр цар хүрээ нь жижгэрсэн мэт ойлгогдож байна?

-1080  гишүүнтэй төрийн бус байгуулага гэж Монголд байхгүй.  Нөгөө талаар өмгөөлөх байгууллагын 85 жилийн түүхийг түүчээлэн нийгэмд үүргээ гүйцэтгэж байсан байгууллага мөн. Монгол Улсын aхэмжээнд цорын ганц, мэргэжлийн төвшинд иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа байгууллага бол Өмгөөлөгчдийн холбоо. Өнөөдөр үүнээс юугаараа ялгаатай гэхээр сайн дурын гэсэн тодотгол юм. Түүнээс биш тавигдах шаардлага, гишүүнчлэл хэвээрээ байна. Өмгөөлөгчдийн холбооны http://www.ama.org.mn/ гэж цахим хаяг гэж бий. Одоо тэгвэл энэ цахим хаягаа шинэчилж байна. Ингэснээр хоёр том асуудал шийднэ. Нэгдүгээрт, иргэдэд  өмгөөлөгчөө өөрөө сонгох боломжоор нь хангана. Тухайлбал, цагаан толгойн үсгийн дарааллаар өмгөөлөгч бүрийг жагсааж ямар чиглэлээр ажилладаг, ямар сургууль төгссөн, ямар дадлага туршлагатай гэдгийг нарийн биччихсэн байгаа. Эрүүгийн хэргээр мэргэшсэн өмгөөлөгчийг сонгоё гэвэл энэ цахим хаягаар сонгоно. Хоёрдугаарт, өмгөөлөгч нараа сурталчилж байгаа хэрэг. Удахгүй энэ хаягийг англи хэл дээр хөрвүүлж, зах зээлийг нь тэлэх ёстой.

-Зарим өмгөөлөгч ямар ч үндэслэлгүйгээр үйлчлүүлэгчээсээ их хэмжээний мөнгө нэхдэг шүү дээ. Үүнийг дүрмээрээ хааж байгаа гэсэн үү?

-Саяхан Хуульчдын мэргэжлийн хариуцлагын дүрэм батлагдлаа. Энэ дүрэм ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Дүрмэнд өмгөөлөгч бүр аманд орсон мөнгөн дүнгээ хэлж болохгүй гэдгийг хатуу заасан байгаа. Үйлчилгээний үнийн дүн бодитой байхыг  бид шаардана. Нөгөө талаар энэ дүрэмд урьдчилан сэргийлэх, таних мэдэхүй, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү оруулсан.  Хуульчдын холбооны анхдугаар хурал дээр зарим хүн ярьж байсан. Энэ дүрэм дэлхий нийтийн жишиг рүү очлоо гэж. Манай өмгөөлөгчид ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөнө. Гэхдээ хүлээн зөвшөөрч байна гэж үгээр биш үйлдлээр үзүүлнэ.  Өмгөөлөгчийн эрх зүйн ухамсрын төлөвшилд энэ дүрмийг ойлгуулах нь хамгаас чухал байна. Энэ утгаараа  Хуульчдын холбооноос энэ чиглэлийн сургалт зохион байгуулвал хүмүүсээ сайн оролцуулна.  Ямар ч хуульчийг сүүдэр мэт дагаж мөрдөх зүйл бол ёс зүй. Ёс зүй, хариуцлага хоёрыг өндөрт өргөж байсан цагт өмгөөлөгч сайн хуульч болж чадна.

-Өнөөдөр өмгөөлөгчид хэргийн талаар нэгд нэгэнгүй ярих болж. Үүнээсээ болж хариуцлага хүлээж байгаа өмгөөлөгч нар ч байна. Тэдний үйлчлүүлэгчээ хамгаалах гэсэн энэ оролдлого зөв үү?

-Үүнийг ч гэсэн дүрмээр зохицууллаа. Өмгөөлөгч бүр хэвлэлийн бага хурал хийгээд хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй гэж. Мэргэжлийн дүрмээр үүнийг нь хаачихсан. Гагцхүү ямар боломж байна гэхээр тухайн үйл явдлыг шүүх эцэслээд шийдвэрлэсэн бол мэдээлэл хийж болно. Өмгөөлөгч нар хэргийн талаар нийгэмд ямар нэгэн мэдээлэл цацсаны дараа өнөөх нь шүүх дээр очоод өөрөөр шийдэгдсэн бол иргэдэд эргэлзээ төрж эхэлдэг.  Шүүх, прокурор дээр очоод хэрэг замхарлаа гэж. Тэгэхээр гэм буруугүйн асуудлыг эцэслэн шийдээгүй байхад гэм буруутай мэтээр зарлах нь маш буруу. Ингэж зарласан бол мэргэжлийн хариуцлагын дүрэмд заасны дагуу эрхийг нь хүртэл хасахаар болсон. Тиймээс өөрсдөө шударга байж,  хууль шүүхийн шинэчлэлд манлайлан оролцох болно гэдгийг онцлох ёстой.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих