Монгол хүүхдийг хилээр гаргах нь нохойг нэвтрүүлэхээс ч амархан гэнэ
Насанд хүрээгүй хүүхдүүд хил дамнасан хүний наймааны золиос болж байгаа харамсалтай мэдээлэл сүүлийн үед ихээр цацагдах болсон. Ийм төрлийн гэмт хэрэг Монгол Улсад бүртгэгдээгүй ч иймэрхүү тохиолдол бий гэдгийг албаны эх сурвалжууд баталж байгаа юм.
Манайх шиг хүүхдийг хилээр нэвтрүүлэхэд нохойг хилээр нэвтрүүлэхээс ч амархан эрхзүйн зохицуулалттай улсад ийм төрлийн гэмт хэрэг гарахад хамгийн амархан байдаг ч байж болох талтайг тэд онцолж байгаа юм.
Сүүлийн үеийн статистик мэдээллүүдийг харж байхад гудамжны хүүхдүүдийн тоо эрс буурсан тухай таатай тоо баримт нүдэнд тусдаг. Гэхдээ холбогдох албаны хүмүүс үүний цаад шалтгааныг ухаж тодруула
Монгол Улс 1998 онд холбогдох хуулиудын хүрээнд Гаагийн конвенцид нэгдэн орсноосоо хойш улс хооронд хүүхэд үрчлэх асуудлыг нээлттэй болгосон байдаг. Үүнээс хойш хэдэн монгол хүүхэд харь оронд үрчлэгдсэн талаар ямар ч тоо баримт байхгүй гэдгийг холбогдох байгууллагууд нь хэнэг ч үгүй хэлж байдаг нь ичмээр. Албан бус тоогоор 2006 оны байдлаар гадаадын иргэд Монголоос 162 хүүхэд үрчилж авсан гэх мэдээлэл байдаг ч энэ нь тийм ч баталгаатай тоо бус аж.
Нөгөөтэйгүүр, тархины саажилттай болон төрөлхийн өвчтэй хүүхдүүдийг гадны иргэд үрчилж авах нь ихэссэн гэсэн мэдээлэл ч гарах болсоор удаж байна. Тухайлбал, бидэнд мэдэгдэж байгаагаар тархины саажилттай болон төрөлхийн гажигтай, дутуу төрсөн хүүхдүүдийг эмчилдэг Хүүхдийн төв Сувиллын эмнэлгээс л гэхэд тархины саажилттай хэд, хэдэн хүүхдийг гадны иргэд үрчилж авсан байдаг аж. Гэхдээ холбогдох албаныхан нь энэхүү мэдээллийг үгүйсгэдэг бөгөөд энэ асуудлыг хариуцсан байгууллагууд нь ч ямар нэгэн мэдээлэлгүй байдаг юм.
Уг нь бол гадаадад үрчлэгдсэн монгол хүүхдүүд 18 нас хүртлээ Монгол Улсын харьяанд байх хуультай ч манай улсын зүгээс тэдэнд ямар нэгэн анхаарал, халамж тавьж байсан удаагүй. Энэ нь ч гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн талаарх мэдээлэл одоо болтол нууц, эсвэл байхгүй байгаагаар нь батлагдах биз. Өвчтэй төрснөөсөө болж эцэг, эхдээ гологдож, ядуугаасаа болж гудамжинд амьдарч байгаа хүүхдүүд ямар буруутай гэж. Тэд хэдий болтол нохойноос дор үзэгдэж, нүд үзүүрлэгдсээр байх вэ гэдэгт анхаарах цаг хэдийнэ иржээ.
Р.Сарангоо
URL: