Хорт зуршил дутуу төрөлтийн үндсэн шалтгаан болдог
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг “Дэлхийн дутуу төрөгсдийн өдөр” хэмээн олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл манай улс эл өдрийг хоёр дахь жилдээ “Алгын чинээхэн минь… яарч төрөхөөс чинь сэргийлье, Даарч зутрахаас тань хамгаалья” сэдвийн дор ЭХЭМҮТ-д тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхий дээр нэг жилд 15 сая орчим нярай дутуу төрж, нэг сая орчим нь энддэг гэсэн судалгаа бий. Харин манай улсын нийт төрөлтийн 4.5 хувийг дутуу төрөлт эзэлдэг байна. ЭХЭМҮТ улсын хэмжээнд дутуу төрөлтийг хүлээж авдаг ганц эмнэлэг. Тэгвэл ганц энэ эмнэлэгт жилдээ 10 мянга гаруй эх амарждагаас 6-7 хувийг нь дутуу төрөлт эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, тус эмнэлэгт амаржсан эхчүүдийн 800-900 орчим нь дутуу төрдөг гэсэн үг юм. Харин өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт дутуу төрсөн 20 нярай эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Эмч нар дээрх судалгааг дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улс зохих төвшиндөө байгаа хэмээж байлаа. Гэсэн ч сэтгэл эмзэглүүлсэн их тоо. Эхийн эрүүл мэндээс шалтгаалаад жилд нэг сая орчим нярай дутуу төрснөөсөө болж энддэг гэж бодохоор энэ бага тоо яавч биш. Зохих төвшиндөө байгаа гээд зүгээр суулгүйгээр нэг нярайг ч эндүүлэхгүй байх талд тангараг өргөсөн эмч, ээж болох хариуцлага хүлээсэн эмэгтэй, түүний гэр бүлийнхэн хаана хаанаа анхаармаар санагдана. Дутуу төрөлт үр хөндөлт шиг хэвлий дэх үрээсээ татгалзсан үйлдэл биш юм. Хазгай гишгэхээс эмээж, хайрлан энхрийлж төрөх өдрийг хүлээх хугацаанд тохиох харуусал. Ийн харуусалд хүргэхэд олон зүйл нөлөөлдгийг өдөрлөгийн үеэр эмч нар хэлж байлаа. Үүнд, байгаль, нийгмийн хүчин зүйлс нөлөөлдөг ч эхийн эрүүл мэнд, зөв хооллолт нь эрүүл, саруул хүүхэд төрүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй болохыг ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Болормаа учирласан. Тэрбээр “Бүсгүй хүн ээж болох нь байгалийн жам. Ээж болохоор шийдэж, хэвлийдээ хүүхэд тээсэн л бол эрүүл мэндээ сайтар бодож байх хэрэгтэй. Өөрийнх нь эрүүл мэндээс гадна давхар өөр нэг хүний амь нас, эрүүл мэнд надаас шалтгаална, надтай холбоотой шүү гэдгийг ямагт санах нь зөв. Ингэж байж эрүүл саруул хүүхэд тээж, өлгийдөж авна. Манай жирэмсэн эхчүүдийн олонх нь ямар нэгэн суурь өвчинтэй байдаг. Хамгийн гол нь үүнийгээ эмчлүүлэх хэрэгтэй. Мөн жирэмсэн болсон л бол жирэмсэн үеийн эрүүл ахуйг сайтар барих ёстой. Ингэж гэмээнэ хүүхэд нь эрүүл саруул бойжно” гэв. Тэгэхээр дутуу төрөлтийн шалтгааныг өрөөлөөс бус өөрөөсөө хайх нь хамгийн зөв шийдэл байх нь. Өөрөөр хэлбэл, тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг эхийг дутуу төрөх эрсдэл тойрдоггүй. Энэ мэт олон зүйлс эхийн хэвлийд бойжиж буй тэр бяцхан амьтныг эндэхэд хүргэдэг аж. Та, таны дотнын хэн нэгэн ээж болох том алхамыг хийсэн л бол эдгээр хорт зуршлаа даруй хаях хэрэгтэйг эмч нар сануулж байна. Ингэснээр бурхнаас илгээсэн бэлэг энхрий үр нь аав, ээждээ хугацаанаасаа өмнө ирэх гэж сандаргахгүй юм байна шүү гэдгийг нэхэн сануулъя. Манай улс таван жилийн өмнөөс 22 долоо хоногоос дээш, 500-2500 килограмм жинтэй төрсөн дутуу нярайг төрөлт хэмээн үзэж, амьдруулах эмчилгээ хийж эхэлжээ. Үүнээс өмнө нэг килограмм жинтэй дутуу төрсөн нярайг амьдрах боложтой гэж үздэг байсан байна. Дутуу төрсөн нярай бага жинтэй байх тусмаа эндэх эрсдэл өндөр байдаг бол жин их тусмаа амьдрах найдварыг төрүүлдэг аж. Бага жинтэй төрсөн дутуу нярайг эмчлэхэд “Их цаг, төсөв, эмчилгээний багаж тоног төхөөрөмж шаардлагатай байдаг. Бид бүх шаардлагатай эмчилгээгээ хийдэг. Сүүлийн үед энэ талын эмчилгээнд түлхүү анхаарч, тоног төхөөрөмжөө ч шинэчилсэн. Бидний энэ бэрхшээл ч яахав. Нярайд л гэхэд эрхтэний тогтолцоо дутуу хөгжсөн, хооллолт гээд олон бэрхшээл тулгарна. Аль аль талдаа л асуудал бий. Тэгэхээр хэн хэнийгээ ийм хүнд байдал оруулахгүй байх нь тухайн ээжээс хамаарна. Хамгийн гол нь манай ээжүүд хэвлий дэх хүүхдээ л бодож, хожим нь харуусал дагуулахааргүй баймаар байна” тус эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Л.Хишгээ өгүүлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дутуу төрөлтөөс сэргийлэх, багасгах чиглэлээр таван зөвлөмжийг гаргажээ. Уг зөвлөмжийн эхэнд охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролын дээшлүүлэхийг тусгасан байна. Тодруулбал, жирэмсэн болсон эмэгтэй, хэвшсэн олон зүйлээсээ татгалзаж, эрүүл бүхнийг эрхэмлэхийг сануулсан байх юм. Мөн эхийн нас дутуу төрөлтөд шууд хамаатай гэж үзжээ. Хэт бага буюу 17-оос доош настай бол эсвэл 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтэд дутуу төрөлт ихээр тохиолддог болохыг тогтоосон байна. Тиймээс жирэмсэн эхчүүд, ирээдүйд ээж болох охид эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарч, ямар нэгэн өвчинтэй бол даруй эмчлүүлэхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ нь ирээдүйд өөртөө болон хорвоод ирсэн үрдээ эрүүл энхийг өгч буй хамгийн том бэлэг болох юм. Бас тэгж гэмээнэ олон арван үрс хүний орчлонд эрүүл саруул мэндлэх юм шүү. Монголын үрс маш олон болтугай.
С.ДУЛАМСҮРЭН
URL: