Нутгийнхаа чулууг нүүлгээд дуусч байна

Нутгийнхаа чулууг нүүлгээд дуусч байна

“Бороо орсны дараа уулын энгэрт солонго татаж, хөндий даяар үзэсгэлэнт олон өнгө гялтганан туяарч, яг л эрдэнэсийн аралд байгаа мэт гайхалтай үзэгддэгсэн” гэж нутгийн иргэн шүүрс алдлаа.

Тэр хүн чулууны тухай ярьсан хэрэг. Газрын гадаргуу дээр өнгө өнгөөр солонгорон хэвтэж байдаг эрдэнийн чулуунуудын тухай шүү дээ. Шинжлэх ухаанчаар яривал  галт уулын дэлбэрэлт зэрэг эрт галавын үеэс өрнөж ирсэн геологийн олон талт үзэгдлүүдийн нөлөөгөөр бий болсон байгаль эхийн бүтээлүүдийн тухай.

Гэвч одоо энэ яриа зөвхөн дурсамж төдий болсон тухай гашуун үнэнийг Дорноговь аймгийн Айраг сумын уугуул өвөө надад хэлсэн юм. Түрүүхэн л тэр гоё газрыг очиж үзэх юмсан гэсэн сэтгэлдээ автан байсан миний урам хугарч газар хэвтэх шар өнгөтэй, дугуй хэлбэртэй хөөрхөн чулууг авч халааслав. Энэ чулууг мана гэдэг юм билээ. Ийм л баян говь нутагт хийсэн сурвалжлагаа, гэхдээ сэтгэл эмзэглэж, харам төрсөн тийм сэдвийг хөндөж уншигч танд хүргэх гэж байна.

Сурвалжлагын эхлэлд багахан өмнөтгөл хийе. Дорноговь аймгийн Айраг, Их хэт, Даланжаргалан гэсэн гурван сумын нутаг бол байгаль ээжийн гайхам бүтээлийн өлгий нутаг юм. Эрдэнийн чулуу хэмээн ерөнхийд нь нэрлээд байгаа төрөл бүрийн гоёмсог өнгө, хэлбэр дүрстэй байгалийн чулуугаар баялаг нутаг. 1980-аад оны үед өнгөт чулууны хайгуул хийж манай орны нутаг дэвсгэрт усан биндэрьяа, оюу, анар, саран чулуу, алтан чулуу зэрэг хагас эрдэнийн чулуу, түүнчлэн мана, гартаам, хаш, шүр, болор, чүнчигноров зэрэг гоёлын чулууны илэрц байгааг тогтоож байжээ. Энэ дундаас мана, гартаамын олон төрөлт өнгөт чулуунууд Дорноговь аймгийн дээрх гурван суманд их байдаг байна. 1990-ээд оны үед өнгөт чулууны нөөцийг тогтоосноос хойш энэ салбарт эрэл, хайгуул, судалгаа хийгдэлгүй, ерөнхийдөө орхигдсон гэж хэлж болно. Харин зах зээлийн хүнд хэцүү он жилүүдийг даван туулсны дараа буюу баян, ядуугийн ялгаа гарч эхэлсэн үеэс манайхан чамин хийцтэй хөөргөөр гангарч, гоёмсог чулууг үнэлж эхэлсэн. Зөвхөн манайд ч биш олон улсад байгалийн чулуугаар гангарах, энергийг нь шүтэх үзэл идэвхжсэн юм. Чулуу мөнгө болон хувирч, говь нутаг нүцгэрч хоцорсон их нүүдлийн шалтгаан нь ердөө л энэ.

Айраг суманд өдөрт 2-3 хятад ченж ирдэг

Халтар, судалт, улаан, хөх цэнхэр, үзмэн, чуна, навчит, цэхэр, толбот, усан гээд бүх төрлийн мана Монголд бий гэдэг юм билээ. Тэдгээрийн ихэнх нь Дорноговь аймагт байдгийг нутгийнхан хэлж байна. Бөөрөнхий, мөлгөр хэлбэртэй галт уулын чанартай энэ чулууны цулыг нь мана, судалтайг нь гартаам гэж ерөнхийд нь нэрлэдэг аж.

Ер нь  чулууны харагдах байдал хэлбэр дүрсээр нь нэрлэсээр ийм олон төрөлтэй болдог гэсэн. Гоёл чимэглэлийн зүйлс хийхэд маш тохиромжтой, өнгөлөг, мөлгөр энэ чулуунуудыг урд хөршөөс ирсэн ченжүүд килограммаар нь үнэлж, шуудай шуудайгаар нь худалдан авч байна. Үнэлгээг нь тогтоохдоо чулууны өнгө, хэлбэр, том жижиг, хагарал, цуурлаас шалтгаалан килограммыг нь 10-30 мянган төгрөгөөр авдаг гэсэн. Аймаг дамжсан чулууны наймаачид энэ газар нутгийг талхлаад дуусч байгааг нутгийн иргэд болон байгаль орчны байцаагчид хэлсэн юм.

Дээрээс нь тодорхой эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт гарсан гэх мэт нутгийн зарим иргэд  ч чулуу түүж ченжүүдэд тушаан амьдрал залгуулж байгааг хэллээ. Мана, гартаамын төрлийн жижиг чулуунууд газар дээр ил байдаг учир хэн дуртай нь ундааны сав барин түүгээд түүнийгээ хямдхан ч хамаагүй ченжүүдэд зарчихдаг байна. Арай дээгүүр төвшинд үнэд хүрэх чулууны хойноос хөөцөлддөг, тодорхой хэмжээний гүнд ухаж хэлбэр хэмжээ, хийцийн хувьд өөр чулуу хайдаг хүмүүс ч бий. Хэн хэн нь говь нутгийн байгаль орчинд ямар их хохирол учруулж байгаагаа ухамсарлахгүй байна гэж байгаль орчны байцаагчид халаглан ярьсан юм. Тэдний яриаг дараагийн цувралдаа дэлгэрэнгүй хүргэх болно.

Одоогоос хоёр, гуравхан жилийн өмнө газар дээр ил байгаа жижиг мана, гартаамыг хүрзээр хутгаад машинд ачдаг байсан бол одоо өвдөглөн мөлхөөд түүдэг болжээ. Энэ нь байгалийн баялаг хэрхэн шавхагдаж байгааг илтгэж байгаа хэрэг. Тал газарт баахан шувуу суучихаа юу даа гэмээр харагдах нь чулуу түүж байгаа хүмүүс байдаг аж.

Хамгийн харамсалтай нь анхандаа чулуу түүгсэд аль өнгө зүстэйг нь шилж авдаг байсан бол одоо байгаа л харагдвал цөмийг нь хамдаг болжээ. Ямааны сам, галын шилбүүр зэргээр газрын хөрсийг онгичиж чулуу түүж байгаа нь хамгийн эмгэнэлтэй хэрэг юм. Айраг сумын төвд өдөрт 2-3 хятад ченж очиж чулуу худалдаж авдаг байна. Гэхдээ энэ үйл явц нь хэрэндээ нууц хэлбэртэй болжээ. Тэдэнд чулуу дамжуулдаг нэр бүхий 4-5 ченж байдаг. Тэд хууль хяналтынхны хараанд байдаг ч газар дээр ил байгаа чулууг түүх, борлуулахтай холбоотой эрх зүйн орчин байхгүйгээс арга хэмжээ авч болдоггүйг байцаагчид учирлалаа.

“Өнгөт чулууны хувьд тийм ч их үнэд хүрэхгүй хэрнээ байгаль дээр түгээмэл тархацтай байдаг. Энэ салбарт зохицуулах хууль үнэхээр байхгүй. Бид байцаагчаа, цагдаагаа дагуулаад түүж байгаа хүмүүс дээр очдог. Гэвч торгох, чулууг нь хураах эрхзүйн акт байдаггүй.  Өөр аймгуудаас ирсэн хүмүүсээс гадна чулуу түүж байгаа нь ихэвчлэн тэтгэврийн хөгшчүүл, арван жилийн хүүхдүүд байна. Тэдэнд аль болох зөв талаас нь тайлбарлахыг хичээдэг. Хөрсөн дээрх чулууг авчихаар цөлжилт явагдана. Шороо нь суларна. Энэ мэтчилэн байгальд нөлөөлөх, нийгмийн ухамсар талаас нь тайлбарлахаас хуулийн үүднээс ярих арга байхгүй шүү дээ”  гэж Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхсэргэлэн ярилаа.

Ханги-Мандалын боомт руу хөдөлцгөөжээ

Яг одоо бол Айраг сумын чулууны ченжүүд бүгд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандалын боомт руу явцгаасан байгаа. Учир нь Ханги-Мандалын боомт нь улиралд нэг удаа 15 хоногийн турш онгойдог. Энэ үеэр хятадууд чулуугаа урагш нь гаргадаг гэсэн мэдээлэл аймгийн хууль, хяналтынханд иржээ.

Үргэлжлэл бий

/ ЗУУНЫ МЭДЭЭ/

URL:

Сэтгэгдэл бичих