Ямар удирдагчаа санан дурсах юм бэ, бид
Нээрээ Монголчууд бидэнд санаж дурсах удирдагч бий юү? Бий бол хэн юм бэ? Эргэцүүлье л дээ.
Зөвхөн “Нууц товчоо”-ны хэмжээнд муу мэддэг ч Чингис хаан гэдэг хүн үнэхээр түүхэн хийгээд эгэлгүй их хүн байсан шиг санагддаг. Түүнийг дэлхий мэддэг. Мэддэг болоод мянганы хүнээр өргөмжилсөн биз ээ. Тиймээс түүнийг шүтэхээс, санан дурсахаас өөр арга байхгүй.
Тэгвэл тусгаар Монгол Улсыг анх байгуулснаар нь Богд Жавзундамбыг сүүлийн үед үнэлэх болж буй. Тэгээд дараагийнх нь яалт ч үгүй Ардын хувьсгалыг мандуулалцсан жанжин Д.Сүхбаатар, өрлөг Х.Чойбалсан нар. Тэдний тухайд ч өнөөгийнхөн сургаар л бага зэрэг мэднэ. Илүү мэддэгүүд нь бурхны оронд одчихсон доо. Гэтэл мэдэхгүй мөртөө “их мэдэгчид” гарч ирээд л.
Д.Сүхбаатар чинь өөдгүй амьтан хөшөөгий нь нийслэлийн талбайгаас зайлуулна гэж орилох. Хэн тэгэв гээд харахаар нөгөө л овлиго төрх нь олгойдоо орсон, онгироо сагсуудуу нөхөд л дуулдах юм. Тэд өөрсдөө Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нараас илүүтэй хувьсгалч болох гээд байгаа бололтой. Чааваас даа. Тэр орилогсод тухайн үед байсан бол нэг гамингийн шаахайнд өртөн дуусах байсан даа.
Дараагийнх нь Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нар байна. Монголын ард түмний хувь заяаг тэгш л авч явсан хүмүүс дээ уг нь. Ю.Цэдэнбал Монголын төрийг 40 жил барихдаа их л юм бүтээсэн. Монгол орны үйлдвэржилт 60-70 хувьд хүрсэн. Тээврийн салбар бас 70 шахам хувиар өссөн байдаг. Ажилгүйдэл тун бага. Өнөөгийнх шиг ядуу хүн олон байсангүй. Траншейнд гэртэй, хог ухаж амьдрагсад байв уу. Байгаагүй ээ. Тэр ч байтугай мэргэжил боловсролгүй хүн тун ховор байсан. Тэр бүхэн социализмын үеийн ололт байв гэдгийг чанга хэлье. Зарим нь хуучинсаг энээ тэрээ гэвэл тэр л биз, яадаг юм.
Ер нь соц нийгмийн үе гэдэг хачин бараан үе байгаагүй л дээ. Өнөө үед аяга хоол буруу аргаар олж идэхийг оролдогчид л муугаар хэлж яддаг. Тэгвэл үлдээсэн сайн юм ихтэй өвлөж авам арга барил зөндөөтэй бүтээн байгуулалтын хувьд Монголыг өнөөдөрт бэлтгэж өгсөн л юм шүү дээ. Энэ бүхэн Ю.Цэдэнбал дараа нь орыг нь залгамжилсан Ж.Батмөнх нарын зүтгэлтэй салшгүй холбоотой. Иймээс энэ хүмүүс байнга санан дурсаж, үр ач нарыг нь харж хандаж явмаар. Гэтэл мэддэг нь мэддэггүй дүр үзүүлэх гэж хачин зан гаргаад байгаа нь мөн шог байгаа биз дээ.
Ю.Цэдэнбал гуайг тойрон хүрээлэгчтэй гэж муулах гэж оролддог. Тэгвэл өнөөгийн төр, засгийнхан чинь түүнээс тавь зуу дахин олон “тойрон хүрээлэгч”-тэй болсон шүү дээ. Тэр ч Ерөнхийлөгчийн хүн, энэ ч Ерөнхий сайдын хүн гэж ярьдаг. Тэр бүхэн цөмөөрөө тойрон хүрээлэгчид. Өнөөгийн УИХ-ын эрхэм түшээнцэрүүд гэхэд нэг хүн лав 30-40 хүнээр хүрээлүүлж буй. Бас Цэдэнбалтангуудыг тусгай хангамж эдэлж байсан гэдэг. Ээ чааваас даа. Өнөөгийн төр, засгийнхны, түшээдийн дэргэд ёстой хангамж гэх юм байсангүй. Бараг өдөр тутмын хэрэглээнээсээ давсан юм авч байгаагүйг олон хүн гэрчилдэг.
Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нар төсвийн мөнгөнөөс таван төгрөг ч хумсалж байгаагүй юм билээ. Гэтэл өнөөгийн удирдагчид гэх нөхөд хөдлөх, хэлэх бүрд нь ашиг сонирхлын зөрчил нь давамгайлж улсын сангаас хэдэн зуун саяар нь халааслаад сууж байдаг болсон. Идэж уухад бас хязгаар баймаар даа… Яасан ч цадаж ханадаггүй юм бэ дээ.
Ж.Батмөнх гуайг 1990 онд ард олныхоо хөдөлгөөнийг хүндэтгээд “За бид огцоръё” гэж хэлээд сандал суудлаа өгөхөд нь ердөө 500 төгрөг өгсөн гэдэг. Энэ жудаг ёс мөн үү! Яавч биш. Тэр өвгөн эрх мэдлээ өгчихөөд гэртээ сууж байхдаа төр, засгийнхны алдаатай болчимгүй хандлага бүхнийг хараад зүрх нь өвдөж ухаан нь самуурч “Яанаа Монгол түмэн минь” гэсээр байгаад насан хальсан байдаг. Энэ тухай түүний халамжит хань Дайриймаа гуай ярихдаа өдий төдий баримт хэлж, “Муу өвгөн минь зүгээр л багшаараа байсан бол өдийд байж байх л байсан даа” гэж уртаар санаа алдаж билээ. Олон түмнийхээ төлөө цохилох зүрхтэй нэгэн тэр байж дээ.
За тэгвэл XXI зууныхнаас хэнийгээ хожим нь сана дурсах болж байнаа. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг төгсгөл бодогдоод байна. Анхны Ерөнхийлөгч гэдгээр нь П.Очирбатыг уу? Одоо байгаагаар нь Ц.Элбэгдоржийг уу? Гэмт явдалд холбогдоогүйгээр П.Жасрай агсан, буурал Д.Бямбасүрэн гуай нарыг уу? Газрын баялгаа харийнхны идэш болгочихоод байгаа С.Батболд нарыг уу? Нөгөө сураг ажиг нь голдуу гадаадад байдаг С.Баярыг уу? УИХ-ын танхим руу өнгийгөөд үзье. Олон жил түшээ байлаа гэж бусдад аагалдгаар нь Ц.Нямдоржийг дэнслэх үү? Үгүй ээ.
Ер нь УИХ-д нэгээхэн ч хожим дурсмаар хүн алга. Төрийн түшээ гэсэн шүүлтүүр тавихад гоожихгүй үлдэх хүн УИХ-д хэд бол. Байвал гарын таван хуруунд л багтанаа. За даа XXI зууны Монголын удирдагчдад өлгөөд авах хүн байхгүй юм байна. Эргэцүүлж бодоход цагийн гарз санагдана.
XXI зууныхан түрүүчээсээ л хэдхэн жилд мартагдаж эхлэлээ. Дараагийн зууныхныг л хүлээхээс…
Д.Бичээчхүү
URL: