Уул уурхайн тулаанд бэлтгэж байна

11f26f06352139d6417bcca391bc2770_LВАНКУВЕР. /МАЙНИНГ/. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монголын шинэ, нөхөрсөг хууль энэ сарын 3-наас хүчин төгөлдөр боллоо.  Шатахуунаас эхлээд уул уурхайн салбар нь бусдаас хараат, гурван сая иргэнтэй Азийн тус улс эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтын эрс уналтаа даван туулахаар чармайж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны есдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 49 хувиар, төгрөгийнх нь ханш жилээс жилд унан унасаар энэ онд 20 хувиар буурч, инфляц хоёр оронтой тоонд хүрэхийн зэрэгцээ Монголбанкны орлого зарлагын тэнцэлд валютын өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьтай тэнцэх хэмжээтэй гарчээ.
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд 155-д бичигдэж байгаа нь Монголын хөгжил цэцэглэлтийн зам байнгын бартаатай буйг илэрхийлнэ. Олон улсын валютын сангаас тус улсыг таваас цөөнгүй удаа батлан даасан боловч тус улсын дотоодын банк дунджаар 18 сар болоод л алдагдалд ордог аж.
2012 онд баталсан Стратегийн нөлөө бүхий орд газарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуульд өөрчлөлт оруулан уул уурхайн салбарын татвар, нөөцийн төлбөрийг тогтворжуулан, гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулагчдад тавьсан харилцан ялгаатай журмыг арилгасныг эерэг алхам хэмээн олон улс үнэлж байгаа боловч шийдэгдээгүй цөөн тооны асуудал бас бий.
Монголын банкны салбарын ахлах ажилтан төрийн өмчийн, зэс олборлогч “Эрдэнэт” компанийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт банк”-наас 120 сая доллар зээлсэнтэй холбогдуулан Монгол Улс олон улсын шүүхэд дуудагдаад байгаа билээ.
Хятадын тэргүүлэх “ICBC” банк 20 хувийг нь эзэмшдэг “Стандарт банк” Монголоос бүрмөсөн ангижрахаар Монголын 350 сая долларын өрийг Францын банканд худалдсан нь асуудлыг хурцатгав.
Энэ нь 2009 онд тус улсын гаргасан бондын асуудлыг тэргүүлэн хариуцсан “Стандарт банк”-ны хувьд ухралт гэлтэй.
Канадын уран олборлогч “Хаан ресурс” компани олборлолтын зөвшөөрлөө хууль бусаар цуцлуулсныхаа төлөө Монголын Засгийн газраас 326 сая долларын нөхөн төлбөр нэхэмжилж Парис дахь Олон улсын арбитрын шүүхэд хандсан ба шүүх хурал даваа гарагт эхэлнэ.
Монголд олборлолт хийж буй нийт газраас зургаа дахин том талбайд олборлолт хийх эрх олгосон 106 лицензийг нь өнгөрсөн сарын сүүлчээр хүчингүй болгосон нь хуулийн арга хэмжээ үргэлжлэх дохио болж байна. Хүчингүй болгосон лицензийг эзэмшигч компаниудыг өмнөх Засгийн газрын үеийн Ашигт малтмалын газрын ажилтнуудын авлигын хэрэгт хамаатай гэж үзсэн аж.
Уул уурхайн салбар тус улсын ДНБ-ий 20 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд хүн амын 30 хувь нь ядууралд автсан тус улсын эдийн засагт цаашид түлхэц үзүүлэх хүчин чадалтай юм.
Монголын уул уурхайн салбарын чадамжийг “Оюутолгой”-н төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын худалдаа, гадаад харилцааны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Г.Батсүх, “Монголыг оргилд ч хүрч, хавцлын уруу ч хэдэнтээ унахыг би үзлээ. 2006 онд ашигт малтмалын хуулийг баталж, ашгийн татварыг баталж ч үзсэн, хүчингүй болгож ч үзсэн. “Оюутолгой”-н гүний уурхайн ажил саатсан гээд саяхны жишээ ч байна. Алдаа оноотой ч бид аажмаар урагшилсаар, Монголын урт хугацааны хөгжлийн чадавхийг таньсан хөрөнгө оруулагчид хүлээцтэй болоод хувиршгүй байсныхаа үр шимийг хүртэх боломж буйг олж харсан” гэж хэлсэн байна.
Хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалахын тулд “Оюутолгой”-н асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх нь чухал юм. Эцсийн дүнд 14 тэрбум доллароор үнэлэгдэж буй зэс, алтны уурхайн 34 хувийг Монгол, үлдсэн хувийг Рио Тинтогийн хяналттай “Turquoise Hill” компани эзэмшдэг билээ.
“Оюутолгой”-н өргөтгөлийн асуудал, анх байгуулсан 2009 оны гэрээг дахин авч үзэх талаар яриа энэ жилийн дийлэнх хугацаанд үргэлжилсэн. Мухардмал байдлыг эвдэхээр хоёр тал өнгөрсөн есдүгээр сард болсон ТУЗ-ын хуралд дахин нүүр тулсан юм.
Рио Тинтогийн менежментийн илүү зардал болон Монголын Засгийн газрын хувь эзэмших асуудал хэлэлцээний гол сэдэв болж байлаа.
“Оюутолгой”-н маргааны салхи Ванкуверт төвтэй  өөр нэг компанийг ч хомрогондоо хамжээ. Тус уурхайтай хөрш зэргэлдээ орших “Энтри голд” компанийн олборлолтын лицензүүдийг Монголын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийн нэгээхэн хэсгийг Засгийн газарт буцаан өгөхөөр болсон билээ.
Зөвшилцөлд хүрэхэд бараг цаг үлдээгүй байгаа энэ үед ч хоёр тал “ахиц гарч байгаа” гэдэг бэлэн хариунаас өөр мэдэгдлийг хийхгүй байна.
Уул уурхайн салбарт хамгийн ихэд тооцогдох, Дэлхийн банкаар удирдуулсан 4,5 тэрбум долларын санхүүгийн багцыг батлах хугацаа ирэх сард дуусна.
Энэ нь маргааныг шийдвэрлэх хангалттай л шалтгаан баймаар юм.
Зэсийн баяжмалаа өнгөрсөн долдугаар сард экспортолж эхэлсэн тус уурхайн үнэлэмжийн 80 хувь ногдож буй гүний уурхайн өргөтгөлийн ажил төлөвлөсөн ёсоор явагдвал тус уурхай нь үндэсний эдийн засгийн гуравны нэгийг бүрдүүлнэ гэж тооцоолж буй.
Уурхайн ажил хойшилсны улмаас 2000 ажилчин нь түр ажилгүй болоод буй “Оюутолгой”-н асуудал эергээр шийдэгдэх нь тус улсад халуун чулуу долоосон хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалан үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
“Оюутолгой”-н асуудал эергээр шийдэгдэх нь хүчтэй хурдасгуур болох боломжтой хэдий ч Улаанбаатарт төвтэй Монголын өнгөт металл, уул уурхайн бие даасан судалгааны компанийн тэргүүн Дейл Чой байдлыг арай сөргөөр харж байна.
Тэрбээр “Хэдийгээр удаж байж батлагдсан хөрөнгө оруулалтын шинэ хууль нь хөгжлийн эерэг төлөв боловч хувийн салбар ашгаа өгнө гэдэгт бидний итгэлийг төрүүлэх хамгийн гол зүйлүүдийг тусгаж чадаагүй мэт санагдана” гэжээ.
Монголын эдийн засгийн нөөц бололцоо болсон нүүрс ч гүн хямралд унаад байгаа билээ.
Далайд гарцгүй тус улсын нүүрсний экспорт Австралид шахагдан Хятадын зах зээлээс орон зайгаа алдаж байна. Монголын нүүрсний 10 тонн тутмын есийг авдаг байсан Хятад 2012 оны эхний хагаст нэг тэрбум долларын нүүрсийг Монголоос авч байсан бол энэ тоо одоо 542 сая доллар болон буурсан байна.
Экспортын хэмжээ буураад зогсохгүй төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс тонн нь 40 доллароор арилжигдаж байгаа юм. Уг нь өндөр чанарын, коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээлд тонн нь 120-150 доллар байгаа билээ.
Нүүрсний хямд үнэ нь 350 сая долларын өрийг оны эцэс гэхэд төлж дуусгахыг шаардсан, эрх баригчдын одоо мөрдөх боломжгүй гэж мэдэгдэж буй, Хятадын “ЧАЛКО” компанитай хийсэн гэрээнээс үүдэлтэй аж.
Өндөр чанарын коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд томоохонд тооцогдох, Өмнөговийн “Тавантолгой” ордын баруун цанхийг олборлох талаар яриа хэлцээ олон улсын хөрөнгө оруулагчидтай үргэлжилж буй боловч уг төслийн түүх тийм ч сайныг зөгнөхгүй байна.
1960-аад оноос хойш олборлож буй, 6,4 тэрбум тонны нөөц бүхий ордын төв хэсгийг “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшдэг боловч 1,2 тэрбум тонны нөөцтэй Цанхи хэсгийг гадаадын компанид санал болгоод буй юм.
АНУ-ын “Peabody Energy”, Хятадын “Shenhua” компаниудтай хийсэн тохиролцоогоо Монголын тал цуцлан, бүх үйл явцыг хоёр сараар хойшлуулж буйгаа 2011 оны зургадугаар сард болсон Орос-Монголын консорциумын үеэр мэдэгдсэн.
Түүнчлэн тав гаруй жилийн өмнөөс яригдаж эхэлсэн, Хонконг болон Лондоны биржид гаргах, “Тавантолгой”-н хэдэн тэрбум долларын IPO одоо хүртэл сураггүй байна.
Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан, хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор Монголын макро эдийн засгийн дүр зураг доройтож буйг дөрөвдүгээр дүгээр улирлын ажлын үр дүнг хэлэлцэх, Олон улсын Валютын сангийн ажлын хэсэг хатуу анхааруулаад, “Бүтээгдэхүүний илүүдэл нь хөгжиж буй, эмзэг эдийн засагт илүүтэйгээр нөлөөлдөг учир гадны гэнэтийн цочрол болоод хямралын эрсдлээс өөрийгөө хамгаалах арга замыг сонгох шаардлага Монголын өмнө тулгарч байна” гэж тэмдэглэсэн байгаа билээ.
Л.Урангуа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих