Гадаадын компаниуд Монгол дахь хөрөнгө оруулалтаа эрс багасгав
БЭЭЖИН. /Глобал Таймс/. Монголын Уул уурхайн яамны Газрын тосны хэрэг эрхлэх газраас тус улсын хэвлэл мэдээллийнхнийг Дундговь аймгийн Зүүнбаян дахь газрын тосны “Дуншөн” компанийн Монгол дахь салбарын хайгуул хийдэг газраар оруулж, ажил байдалтай нь танилцуулах ажлыг зохион байгуулжээ. “Дуншөн” компани нь Хятадын Шандун мужийн газрын тосны компани бөгөөд Монголд салбартай юм.
Монголын мэдээний цахим хуудаст мэдээлснээр, “Дуншөн”-ий Монгол дахь салбар компанийн хариуцлагатан тус улсын хэвлэлийнхэнд хандаж хэлэхдээ, Монголын Засгийн газрын бодлого тогтвортой бус, маш олон татвар хураамж авдаг учраас ирэх жилийнхээ хөрөнгө оруулалтынхаа хэмжээг тал хувиар багасгана хэмээжээ. Энэ нь мөн ерөнхий компаниас тэдэнд хүргэсэн шаардлага аж.
“Глобал таймс” сонины сурвалжлагч тус компанийн холбогдох хариуцлагатантай утсаар холбогдоход, “тус компаниас Монголын Засгийн газартай байгуулсан гэрээ жинхэнэ утгаараа хэрэгжихгүй байна. Үнэн хэрэг дээрээ гэрээгээ зөрчиж байна. Гэрээний заалтаар тус компаниас Монгол Улсын Засгийн газарт төлөх ашгийг янз бүрийн татвар болон өөр бусад зардлыг хасч тооцсон байдаг. Гэтэл 2010 оноос эхлэн Монголын Засгийн газар бусад хуулиар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас ажлын байрыг дэмжих татвар, гаалийн татвар, НӨАТ зэрэг татвар хураамжуудыг авч байгаа нь үнэн хэрэг дээрээ давхар татвар хурааж буй арга юм. Энэ нь бизнесийн үйл ажиллагааны дүрмийг зөрчиж байгаа хэрэг юм” гэлээ.
Уг хариуцлагатны танилцуулснаар, тус компани 2003 оноос эхлэн өнөөг хүртэл Монгол Улсад газрын тосны хайгуул хийж байна. “Дуншөн”-ий Монгол компани нь нийтдээ ойролцоогоор 200 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн, Хятад улс руу хоёр сая 900 мянган баррель газрын тос нийлүүлсэн. Тус компани 2012 онд 70 мянган тонн газрын тос олборлоход нийтдээ 50 сая доллар зарцуулжээ. Үүнээс Монголын Засгийн газарт ашгаа хуваасны 15 сая 920 мянган долларыг тушаасан байна. Хэрэв цаашдаа янз бүрийн татвар, хураамжуудыг тушаавал алдагдалд орох ажээ.
Энэ хариуцлагатан дахин илэрхийлэхдээ, Монголд саяхан батлагдсан Хөрөнгө оруулалтын шинэ хууль нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, гадаадын хөрөнгийг татах гэсэн санаа агуулж буй боловч эдгээр хууль нь үнэн хэрэгтээ урьд өмнөх хөнгөлөлттэй бодлогууддаа хүрэхгүй байгаа учраас гадны хөрөнгө оруулалтыг татах бодлого нь жинхэнэ утгаараа хэрэгжих эсэхийг гадаадын компаниуд дахин харж ажиглаж суухаас өөр арга алга. Иймээс “Дуншөн газрын тос Монгол” компани ирэх жилээс өрөмдлөгийн ажлаа түр зогсоож, Монголын Засгийн газрын бодлого болон хөрөнгө оруулалтын орчныг ажиглаж байж дараагийн хөрөнгө оруулалтаа хийх эсэхийг шийдвэрлэнэ гэв.
Зөвхөн “Дуншөн газрын тос Монгол” компани бус бусад орны зарим компаниуд, ялангуяа газрын тосны компаниуд ч мөн адил тус улсад хөрөнгө оруулахдаа болгоомжлох байр суурь баримталж байна. Холбогдох салбарын хүний тооцоолсноор, Монгол дахь гадаадын арван хэдэн компани газрын тосны хайгуул болон олборлолтод хөрөнгө оруулснаас ес нь хөрөнгө оруулалтаа түр хугацаагаар зогсоогоод байгаа бөгөөд Монгол Улсын бодлогыг ажиглаж, хэдийд ч Монголын зах зээлээс гарахад бэлэн байна.
Б.Мөнхтуул
МОНЦАМЭ
URL: