Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар: Болж өгвөл урт насалмаар байна шүү

Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазартай ярилцлаа.

-”Болор цом”-ын тайзан дээр дахиж шүлэг уншихгүй” гэж хэлээд үзэгчдийг бужигнуулснаас тань хойш тааралдсангүй. Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн П.Бадарч гуай үзэгчдийг аргадаж “Манай Гүрээ тухайн үеийнхээ сэтгэлийн хөдөлгөөнийг л гаргаж байгаа байх. Уншина аа, уншина шүлгээ уншилгүй яахав. Яруу найрагчид ийм л сэтгэлийн хөөрөлтэй улс шүү дээ” гэж байсныг санаж байна. Яагаад тэгээд хэлчихсэн юм бол гэж танаас олон хүн асуусан, та хариулсан байна лээ. Гэхдээ би өөрийнхөөрөө асуумаар байна, тэр үед юу бодогдож, тэгтэл огшсон юм бэ?
-Наадам нь надад илүү хүндэтгэлтэй санагдсан юм. Хүмүүст заавал “Болор цом” авах гээд оролцоод байгаа юм шиг харагддаг байж магад. Наадамд оролцох нь илүү гoё санагддаг. Түүнээс хойш би “Болор цом”-д орсон шүү дээ, өнгөрсөн жил хөтөлсөн. Би тэр үед наадмаа хүндэтгэсэн юм.

-Наадмаа хүндэтгээд хэлчихсэн гэж үү?

-Тийм. Тэр үгийг би их бодож хэлсэн. Хэн нэгэнд гоморхсон ч юм биш. Сайхан наадах хэрэгтэй шүү дээ, бид. Заавал цом авах гээд оролцоод байгаа юм биш шүү дээ.

-Хүмүүс хашгираад, зарим нь уйлж “Гүрээд өг, өг” гэж хашгирч байсан. Хүмүүсийн тэр халуун, дулаан энергиэс та юу олж харав, юу мэдэрсэн бэ?
-Миний шүлгүүд хүнд хүрч байсан даа тэр. Би “Болор цом”-д муу шүлэг уншиж байгаагүй шүү дээ. Хамгийн сайхан шүлгүүд минь “Болор цом”-д уншсан тэр шүлгүүд байсан. “Хоршоо Дэрэм”, “Говийн ганц айл”, Монголоороо гоёдог” гээд бүгд тэнд уншигдсан шүлгүүд.

-Үзэгч, уншигчдын зүгээс өөрийн тань бүтээлд ямар үнэлгээ өгч байгааг харах гэж тэр үгийг зориуд хэлсэн юм биш үү?

-/инээв/. За, за мэдэхгүй, чи өөрийнхөөрөө дүгнэх эрхтэй шүү дээ. Ямар ч гэсэн “Болор цом” сайхан наадам, Түүнд уншсан шүлгүүд өлзийтэй байдаг юм. Заавал алалцаад, түрүүлэх гээд байгаа юм шиг хүмүүсийн дургүйг хүргэх хэрэггүй шүү дээ. Зарим нь намайг түрүүлэх гээд “Болор цом”-д ороод байна гэж бодоод байх шиг. Хорин хэдэн жил оролцож, үхэн үхтлээ үзэж байна, тэр цомоо аваад салаасай гэж боддог шиг байгаа юм. Гэтэл үгүй байхгүй юу. Би амьд яваа бүхий л хугацаандаа “Болор цом”-д орно.

-Тайзны ард шүлгээ унших гээд эсвэл даваагаа давчихаад зогсч байхад юу бодогддог вэ?

-Юм бодогддоггүй. Юу бодох ёстой гэж…

-Зарим нь тайзны ард хэдэн мөр сараачиж уншаад түрүүлчихлээ гэх юм?
-Би тэр жил бичсэн сайн шүлгээ л уншдаг. Тэгдэгтээ ч миний “Болор цом”-д уншсан шүлгүүд хүмүүсийн зүрх, тархинд их бага хэмжээгээр хүрсэн байдаг байх.

-”Энэ үнэн шүү” нэртэй тоглолт хийх гэж байгаа гэж дуулсан. Олон тоглолт хийсэн санагдах юм, яагаад анхны гэдэг үг гарч ирээд байна вэ?

-Уран бүтээлчийн хувьд хийж буй дөрөв дэх тоглолт юм. Гэхдээ энэ удаагийнх бараг миний анхны тоглолт гэж бодож байгаа. Өгүүлэх урлагийн хувьд хамгийн анхны тоглолт юм л даа. Уянгын, инээдмийн, өгүүлэх урлагийн тоглолт гэж нэрлэсэн учраас төрөл, жанрын хувьд яах аргагүй наддаа анхных. Өмнө нь голдуу дууны яруу найргийн эсвэл уран бүтээлийн баяр маягийн тоглолт хийж байсан.

-Гүрбазар ганцаараа бүтэн тоглолт хийчих хүн гэж хүмүүс үнэлдэг. Гэхдээ уран бүтээлийн найзууд тань оролцоно биз?
-Миний шүлгийн дууг дуулдаг олон сайхан уран бүтээлч, мөн драмын театрын жүжигчид, хошин урлагийнхан гээд оролцож байгаа хүн олон бий. Гэхдээ тоглолтынхоо 65 хувийг би өөрөө үүрч гаралгүй яахав. Өгүүлэх урлагийн тоглолт гэж нэрлэж байгаагийн маань учир тэр л дээ. Тоглолт сайхан байх, уянгалаг байх гээд бүх зүйлийн орц найрлагыг тааруулахыг хичээсэн.

-Жорыг нь та өөрөө тааруулав уу, тухайлбал найруулгыг?
-Найруулгыг “Эйфель” продакшн, гэрэл, техникийг “АСА” циркийнхэн хариуцаж байгаа. Мөн Бумбарай гэж Монголын нэртэй дууны найруулагч ажиллаж байна. Энэ мэт олон хүний хөдөлмөр, зүтгэл орсон.

-Гэнэт тэсрэлт хийж, шинэ зүйл гаргаж ирдэг болохоор ямар уран бүтээл хийж байгаа бол гэж хүсэн хүлээдэг, уншихсан гэж хорхойсдог уншигч, фенүүд цөөнгүй. Сүүлийн үед ямар чиглэлээр уран бүтээл хийж байна?
-Төрийн хошой шагналт,  Соёлын гавъяат зүтгэлтэн, миний багш Д.Намдаг агсны “Оролмаа” жүжгийг драмын театрынхан тавих гэж байна. Түүнд би багшийнхаа бодож, санаж явсан зүйлүүдийг нэмэрлэх, агуулгыг ялимгүй өргөж өгөх ажилд гар бие оролцож байгаа. Энэ бол хүн болсны минь том гавъяа. Наадмын өмнөхөн яруу найргийн хоёр дахь цомгоо гаргана. Өөрийн чинь асууснаар шинэ зүйл гэвэл болдог, эсэхийг мэдэхгүй ч хүн өөрийгөө голохгүй байх ёстой байх, хайр сэтгэлийн шүлэглэсэн роман бичиж байгаа. Энэ мэт оролдож байгаа зүйл бий.

-Хайрын шүлэглэсэн роман гэв үү. Зарим хүн залуу байхад хайрын шүлэг бичдэг гэлцдэг. Та үгүйсгэж байна уу?
-Шүлэг бичих залуу насны явдал биш. Өтлөх тусмаа сайн бичих ёстой. Хүн сэтгэлдээ эмтэрч, эмзэглэж байх үедээ, магадгүй тэр эмзэглэх гэгч зүйл чамд байдаг л бол үхэн үхтлээ бичих л ёстой.

-Уран бүтээлийн тань дөрөөнд сүү дусаасан, таны хувьд хадаг барьсан анхны багш хэн бэ?
-Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн. Би 16-тай дагасан юм шүү дээ. Харин номд нь суусан хүн бол Д.Намдаг багш.

-Хэнийг нь илүү шүтэв?
-Монголчууд “Сайн нь ч, муу нь ч миний багш” гэж ярьдаг даа. Шавилсан л бол шүтэж таарна. Тэр нь дээр, энэ нь доогуур гэж болдоггүй юм шүү дээ.

-Багшийн хайр, харамгүй тусыг хэр хүртэв?
-Лхагваа багш надад сайн байдаг юм. Өнгөрсөн жил нэг ярилцлагадаа “Би Гүрбазараа цагаан өнгөөр л зурна” гэж хэлсэн байсан, Намдаг багш амьд ахуйдаа миний тухай их сайхан зүйлүүд ярьсан нь радиогийн алтан фондод үлдсэн байдаг юм. Багш минь намайг хайрладаг юм байна гэж бодоход хүртэл сайхан байдаг шүү дээ.

-Амьдралын зам дардан биш. Хэн ч унаж, босч явж хүн болдог. Өнөөдрийг хүртэл танд хэцүү, бэрх санагдаж байсан зүйл байдаг уу?
-Нэг их хэцүү, хатуу зүйл тааралдаагүй шүү, бурхны авралаар. Ертөнцийн жамаар аав, ээжийгээ алдсанаас өөр зовоогүй, ядарч зүдэрч ч үзээгүй.

-Угаасаа юу ч тохиолдож байсан хөнгөхөн давчих сэтгэлийн тэнхээтэй хүн ингэж хэлдэг байх?
-Яахав, ганц нэг кино хийгээд шатсан үе бий. Хэнд ч тохиолддог л зүйл. Тэрийг Монголын бүх сонин, телевиз надаас асуусан. Уран бүтээлчид тааралддаг л зовлон шүү дээ.

-Кино хийх гэж баларсан тухай одоо домог шиг яриа л үлдэж дээ?
-Надаас илүү баларсан хоёр, гурван хүн бий. Тухайн үед мөнгө хатуу, арван хэдэн сая төгрөг гэдэг өндөр тоо. Би хөдөлмөрийнхөө хөлсөөр өрөө төлсөн. Хийсэн бүтээл нь хүнд илүү хүрсэн. Миний хоёр кино тийм түүхтэй.

-”Гүрээ байраа барьцаанд тавиад баларч явна гэнэ” гээд дуулдаж байж билээ?
-Тийм юм огт болоогүй. Орон байраа зарах, солих нь миний эрх шүү дээ. Өнгөрсөн жилийн наадмаар 25 дугаар суваг телевиз намайг шууд ярилцлагад урихад би өөрийн амьдралын тухай бүх асуултад хариулсан, түүгээр цэг хатгасан гэж бодож байгаа. “Дахиад кино хийж шатсан тухай, өрөө төлсөн үү, “Говийн ганц айл” нэвтрүүлэг хийж байна уу, морь тайлбарлах уу гэх мэт зүйлийг хэн ч надаас бүү асуу. Би эхнээс нь хэлж өгье” гэж байгаад яриад дуусгасан. Зарим юмыг тэгж дуусгах хэрэгтэй байдаг юм.

-Залуу сэтгүүлчдэд хэлмээр үг байвал хэл л дээ, тэд олж хараг?
-Юу хэлэх вэ дээ. Би тэдэнд сайн бич, тэр чинь буруу, энэ зөв гэж хэлэхгүй. Сэтгүүлзүй гэгчийг өөрөө яаж ойлгож хүлээж авч байна вэ, түүнийгээ хий гэж хэлнэ. Тэр хүний өөрийнх нь шүүлтүүр мэдэх хэрэг. Тиймээс би сэтгүүлзүйн ажил руу хошуу дүрдэггүй. Харин залуустаа хандаж хэлэхэд урагшаа хараач, одоо та нар л хэрэгтэй байна шүү гэмээр байна.

-Уран бүтээлээрээ, нэвтрүүлгүүдээрээ хүмүүст ухаарал өгдөг. Түүний цаадах Гүрбазарын үзэл санаа, зарчим юу вэ?
-Би шүлэг уншсан ч, нэвтрүүлэг хөтөлсөн ч хүмүүст ойр байхыг хүсдэг. Хүнд бүлээн дулаан харагдаж, тийм сэтгэл төрүүлж, хүмүүсийн амьдралыг ойлгож, тэндээс сайхныг харахыг хүсдэг. Аль болох бүлээн дулаан, үнэн сэтгэлээр хандахыг эрмэлздэг. Тэр хандлага багадахгүй. Юм уншсан ч, шүлэг бичсэн ч, нэвтрүүлэг хийсэн ч тэр нь илэрхийлэгдэх ёстой. Би хөдөө өссөн, хүний ганц хүү. Аав минь улсад олон жил манаач хийж, ээж минь бүх насаараа хэвтэрт байсан. Тиймээс амьдралаас авсан юм гэж байдаг, миний төрөлхийн хүмүүжил угаасаа зөөлөн, дулаан сэтгэл, тийм бодол санаа, хүмүүжил. Байгаа нь л тэр, миний.

-Ямар үед уран бүтээлийн санаа их төрдөг вэ?

-Зарим нь хавар, зарим нь намар бичдэг гэдэг юм. Надад улирал хамаардаггүй. Дөрвөн улирал нь  бүгдээрээ гоё шүү дээ, миний эх орны.

-Зарим нь онгод бий гэдэг, үгүйсгэгчид ч байдаг?

-Онгод бол бурхны хишиг. Ямар нэгэн сайн сайхан зүйл ирэхийг онгод орлоо гэдэг. Гэхдээ миний хувьд архи уугаад онгод орлоо гэж байгаа хүнийг ойлгодоггүй. Яахав сонин санаа төрдөг байж болох юм. Зөн сонин, сайхан бодол санаа төрөхийг л онгод гэдэг юм шүү дээ.

Жүжиг хүний амьдралын хамгийн том толь. Би жүжгийн зохиол бичиж байхдаа ганцхан зүйлд баярладаг. Нэг хэсэг хүний амьдралыг би шийдэж байгаа юм шиг санагддаг нь хамгийн гоё. Суулгах уу, салгах уу , үхүүлэх үү, болих уу гээд шийднэ шүү дээ, гол баатруудынхаа амьдралыг. Тэр л гоё, түүний өмнө өөрөө эмтэрч суух нь бүр сайхан.

-Улстөржиж байхыг тань хараагүй юм байна. Гэхдээ сэтгүүлч бол хэзээд сэтгүүлч. Мэдрэмж ямар ч үйл явдлаас хол байдаггүй. Таны оюун санааны шүүлтүүрт өнөөгийн улстөр ямар өнгөөр бууж байна?

-Уран бүтээлчийн мэдрэмж гэж нэг юм бий. Түүнээс гадна 32 жил сэтгүүлч хийсэн, нас 50 гарсан хүний хувьд улс орны амьдрал миний зүрх, тархин дотуур урсдаг. Түүнийг ил гаргаж ярьдаггүй болохоос, мөн миний хийж буй нийтлэл, нэвтрүүлэг таардаггүй болохоор тэр талаар дуугардаггүй. Ярьвал бүр сайн ярина. Одоогийн нөхцөл байдлыг хараад  улстөр төгс төгөлдөр явж байна гэж хэлж чадахгүй. Бодмоор юм их байна. Сайхан болгох нөхцөл байна. Үүнд аль нам нь хамаагүй, би жагсаал, цуглааныг яриагүй байна шүү дээ. Яг одоо бодох газар. Үүнээс цаашилбал, бишдэх гээд байна. Өнөөдөр юу үнэн байна вэ гэвэл энэ үнэн.

-Хүмүүст гэрэл гэгээ өгөхсөн гэж боддогоо түрүүн хэлсэн. Гудамжаар явж байгаа хүмүүсийг харахад царай нь ч, өмссөн зүүсэн нь ч баргар байгааг анзаардаг байх. Энэ талаар юу хэлэх вэ?

-Зөв юмныхаа үзүүрээс барьж авч чадахгүй байна. Төрийн бодлого ч, хүмүүсийн мөрөөдөл ч, амьдралын чиг хандлага ч бүгд төөрөөд байна. Тийм үед баргар байдаг юм. Буруу ч гэсэн зөв зүйлийн өмнө яваа хүн өөдрөг байдаг. Хэрэг хийчихээд засан хүмүүжүүлэх газар ял эдэлж байгаа хүн өөдрөг байдаг юм шүү дээ. Би алдаа хийсэн, түүнийгээ засаад хурдан эндээс гарна. Гараад сайхан амьдарна гэж бодож байгаагаас тэр. Аливаа зүйл зорилгогүй бол бүрхэг шүү дээ.

-Том охины тань авьяасыг хүмүүс шагшдаг. Одоо хаана байна?

-Манайх хоёр охинтой. Том охин Эденбургийн сургуульд утга зохиолын чиглэлээр суралцаж төгссөн. Зохиол бичиж байгаа. Бага маань МУИС төгсөөд гадагшаа суралцахаар явсан. Нэг зээтэй, хөгшин бид хоёр өсгөж байна.

-Өвөө болохоор юу бодогдох юм?

-Зээдээ хоёр охиноосоо бараг илүү хайртай шүү. Амьдралынхаа үргэлжлэлийг харж байна. Амьдралд илүү хайртай болж хоргоддог юм байна. Урт насалмаар санагдах юм. Өөдрөг болдог юм байна шүү, ер нь.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Манай залуус ажиллах хэрэгтэй байна. Тэдэндээ итгэл өгөх хэрэгтэй. Тэдний гарт эх орон бий. Амны хишигтэй ард түмэн хэзээд урагшаа явна. Гэхдээ бидний ухаан хэрэгтэй.

Ч.Үл-Олдох


URL:

Сэтгэгдэл бичих