“Хальтиргаагүй Улаанбаатар” аян 3 сар үргэлжилнэ

p189n9digf1uuc9uofg18eg1k581Өвлийн улиралд жил бүр хальтиргааны улмаас 24 мянган хүн унаж бэртдэг гэсэн статистик судалгаа бий. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгээр ч нийт унаж бэртсэн хүмүүсийн 60 % нь хальтиргаа гулгааны улмаас гэмтдэг байна. Иймээс хүн амын унаж бэртэх тохиолдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны болон хууль хяналтын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд  хамтран 2013 оны 11 сарын 20-ноос “Хальтиргаагүй Улаанбаатар” 3 сарын аяныг зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд нэгдсэн төлөвлөгөө гарган сургалт, сурталчилгаа зохион байгуулж, зөвлөмжийн дагуу нөлөөллийн арга хэмжээ авах 2  ажлын хэсэг гарлаа.
Явган хүний зам талбайн хальтиргааг бууруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Зам тээврийн яам, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын оюутны холбоо, хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгжүүд орсон. Харин  Гэр хорооллын гудамж талбайн хальтиргааг бууруулах ажлын хэсэгт дүүрэг, хорооны Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сайн дурын идэвхтэн иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ЭМШУИС-ийн оюутан, Монголын оюутны холбоо орж байгаа юм.
Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв иргэд хальтирч унан гэмтсэн тохиолдлуудыг бүртгэн тандалт хийж хэн, хэзээ,хаана бэртсэн болохыг мэдээлэх юм. Мэдээллийн дагуу нийслэлийн дүүрэг хороод тохижилт үйлчилгээний газрууд хальтиргааг бууруулах арга хэмжээ авч ажиллана. Мөн хүн амын дунд хальтиргааны улмаас үүсэх осол бэртлээс сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулахаас гадна  сургуулийн сурагч, оюутан сайн дурын идэвхтэн иргэдийг гудамж талбайд хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх ажилд татан оролцуулах юм.
Албан байгууллага бүр орчныхоо 50 м хүртэлх газрыг хариуцан хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхааран ажиллахыг сануулан, удаа дараа цэвэрлэгээ хийгээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих