“Мах импекс” хэрэглэгчээс уучлал гуйхын оронд шүүхэд өгсөн гэв үү?

131119 hiamХүнсний аюулгүй байдал бол улс орны амин чухал асуудал. Тиймээс хүнс үйлдвэрлэгч, импортлогч байгууллага, аж ахуй нэгжүүд хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр сахин биелүүлэх учиртай юм. Гэтэл сүүлийн үед дотоодын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүн дотроос элдэв хог, хаягдал гарч, зарим нь бүр муудсан бүтээгдэхүүн байдаг талаар хэрэглэгчид гомдоллох болсон. Тэгвэл муудсан бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгч өөрийн цахим сүлжээг ашиглан, муудсан бүтээгдэхүүнийх нь талаарх мэдээллийг олон нийтэд цацаж, бусдад сэрэмжлүүлэг өгсөнийхөө төлөө шүүхэд дуудагдаж, хэдэн арван сая төгрөгийн өрөнд унаад байгаа талаар мэдээлэл цацагдлаа. Энэ нөгөө МУ-ын ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг нарын яриад байгаа шударга ёсонд хэр нийцэх юм бол!?

 

Нэгэн иргэн 2013 оны  9  дүгээр сарын 30-ны өдөр хуучнаар “ Далай ээж”  хүнсний захаас ‘MAX IMPEX’-ийн  “Нийслэл” хиамыг худалдан авсан байна. Гэвч тухайн хиаман дотроос ногоон өнгөтэй мах гэхэд мах биш,  өөх гэхэд өөх биш, булчихай гэхэд булчирхай биш  сонин зүйл гарч иржээ. Тиймээс тухайн компаньд дургүйцэн зургийг нь авч өөрийн цахим хуудсанд байршуулан, хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуй, ариун цэврийг хэрэгжүүлэх ёстойг сануулсан байна. Хэрэглэгчийн дээрх сануулгаас үүдэж, “Мах импекс”-ийн борлуулалт буурч, улмаар 15 сая төгрөгийн алдагдал оржээ. Ингээд тэд шүүхэд гомдол гаргаж, хэрэглэгчээс 15 сая төгрөг нэхэмжилсэн байх юм. Харин ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хохирсон иргэн үүргээ ухамсарлаагүй үйлдвэрлэгчийн буруутай үйлдлийг нийтэд зарласныхаа төлөө олон арван сая төгрөг төлөх болж байх шиг.

 

Бизнесийн зах зээлийн өрсөлдөөн бол чанар. Тэгэхээр чанартай, хэрэглэгчдийнхээ эрүүл ахуйд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудын урагшлах зам нь шулуун байж, бизнесийн ашиг орлого нь нэмэгдэх нь мэдээж. Харин хэрэглэгчийнхээ эрүүл ахуйд үл нийцэх, чанаргүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа компаниуд зах зээлээс арчигдаж, орлого нь буурах нь зүйн хэрэг. Дээрх үйл явдал үүнийг л харуулж байна. Харин ч тухайн компани өөрсдийн буруутай үйл ажиллагааныхаа төлөө хэрэглэгчээсээ уучлалт гуйхын оронд буруутгаж, шүүхэд  өгсөн нь уйваагүй үйлдэл гэлтэй. Тиймээс шүүх байгууллага уг хэргийг үнэн зөвийг нь дэнсэлж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална гэдэгт найдаж байна. Түүнчлэн үйлдвэрлэгчид хэрэглэгчийн эрх ашгаас илүү өөрсдийн орлогыг нэгдүгээрт тавьдаг гэдэг нь харагдаж буй.

 

Н.Чинзориг

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих