Ж.Сүхбаатарыг ийм эмэгтэйгээр сольжээ
МАН-ын дарга М.Энхболдыг дагаж намын дарга нарын зөвшилцөх уулзалтад очсон эмэгтэйг Х.Булгантуяа гэдэг.
Тэрээр МАН-ын шинэ бүтцэд багтсан, улс төрд танил биш эмэгтэй юм. Намдаа ч гэсэн төдийлөн танил болоогүй юм билээ.
Тэрээр МАН-ын орон нутаг, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллахаар болсон юм.
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар энэ албанд өнгөрсөн нэг жилийн хугацаанд байсан. Түүний орыг Х.Булгантуяа үргэлжлүүлэн ажиллана. Тодруулбал, экс гишүүний дайтай ажиллах шаардлага энэ эмэгтэйд ногдож байгаа хэрэг.
Ж.Сүхбаатар сайн хуульчдын нэг бол Х.Булгантуяа эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь МАН-ын Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны жендер хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн залуучуудын холбооны удирдах зөвлөлд байдаг.
Х.Булгантуяа Австралид дунд сургууль төгсөж, Хятад, Германд бакалаврын зэрэг, АНУ-ын “Yale University”-д эдийн засгийн магистрын зэрэг хамгаалжээ. Сургуулиа төгссөнөөс хойш хөгжиж байгаа орнуудад Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй олон улсын төсөл хөтөлбөрүүдэд зөвлөх, удирдагчаар ажилласан. Монголдоо ажиллах, амьдрах хүсэлдээ хөтлөгдөн 2010 оны эхээр эх орондоо ирж “Оюутолгой” компанид төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ. Харин намын нарийн бичгийн дарга болохоосоо өмнө “Петровис” компанид бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Х.Булгантуяа боловсролын хувьд гологдохгүй ч улс төрийн мэдлэгээрээ Ардын намын удирдах албанд ажиллаж байсан хүмүүс болон нарийн бичгийн дарга нартай харьцуулшгүй гэж хэлж болно. Улс төрд танигдаагүй хүн Ардын намын удирдах албанд маш хурдтай дэвшиж орж ирснийг өөр өнцгөөс хардаг улстөрчид ч бий. Түүнийг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн төлөөний хүн гэж ярьдаг. Мөн нөгөө талаас жендер харгалзан хоёр нарийн бичгийнхээ даргын нэгийг эмэгтэй байхаар тогтсон нь Х.Булгантуяаг зүтгүүлэх боломж олдсон ч гэх юм.
Х.Булгантуяа өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиар МАН-аас Хан-Уул дүүргийн XI хороонд нэр дэвшиж байсан. Тэднийх Хан-Уул дүүрэгт олон жил амьдарч байгаа гэнэ. Иймд энэ дүүрэгт нэр дэвшиж дүүрэг, хорооныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах санаа төрсөн тухайгаа сонгуулийн үеэр онцлон ярьсан байдаг. Ерөнхийдөө тэрээр сүүлийн гурван жилд л улс төрд, тодруулбал, Ардын намд орсон хүн.
Ийм боловсролтой эмэгтэй улс төрд орсныг сайшаах нэгэн байхад “хайран боловсрол” гэж халаглах хүн ч байна. Гадаадын сайн сургуульд өндөр боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ирээд улс төрд орж буйг сүүлийн үед шүүмжилдэг. Тэд сурсан мэдсэнээ эх орондоо хийж хэрэгжүүлэхэд заавал улс төрд орох шаардлагатай гэж үү. Эсвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр тус нам гадаадад боловсорсон залуус дутуу байсан нь шүүмжлэл дагуулсан тул энэ удаад Х.Булгантуяа мэтийн сонголтууд хийсэн юм болов уу.
М.Цэцэг
URL: