Баячуудын хүүхдийн өмнө “сөхөрсөн” шүүх засаглал
Тэнд ч осол гарлаа, энд ч буун дуу гарлаа. Тэр бааранд зодоон болжээ, тийм ч хүн хутгалууллаа гэсэн мэдээ ойр ойрхон гарах болов. Үнэтэй баар, цэнгээний газарт болж байгаа энэ хэргийн цаана дандаа л хөрөнгө чинээтэй, нэр хүндтэй хүмүүсийн хүүхдүүд байна гэх мэдээлэл бий.
Хамгийн сонирхолтой нь мөнгөлөгт тооцогдох хүмүүсийн хүүхдүүдийн холбогдсон хэрэг яаж шийдэгдсэн талаар мэдээлэл гардаггүй. Бараг тэгсхийгээд л өнгөрдөг гэдэг нь нууц биш. Тиймээс ч Монголын Шүүх баячуудын хүүхдүүдийн өмнө “сөхөрч” байна гэж халаглах дээрээ тулчихаад байгаа юм.
Ерөөс баян хүний хүүхэд болоод төрчихсөн бол юу ч хийж болно гэсэн сэтгэхүйтэй нөхдүүд цөөнгүй байгаа юм. Мөнгөтэй хүн бүрийн хүүхэд тийм биш нь мэдээж.
Гадаадад суралцаж, өндөр мэдлэг боловсролтой болоод, улс эх орныхоо төлөө ажиллаж яваа мундаг залуучууд алийг тэр гэх вэ. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр мөнгөөр дутахын зовлон үзээгүй, айлын эрх хүүхдүүд бараг л хүн алж “тоглох” дээрээ тулчихаад байгаа нь үнэн.
Ерөнхийдөө баячуудын хүүхдүүд Монголд байгаа бүх л муу муухайг үүсгэж, дэлгэрүүлж байна гээд хэлчихвэл хатуудсан болохгүй. Яагаад ингэж хатуурхаж байгаагаа хэдхэн жишээгээр тайлбарлачихъя. Хамгийн наад захын жишээ хар тамхи. Нэгэн цагт манай улс хар тамхины гол дамжуулагч бааз гэгдэж байлаа.
Бас ч гэж танагтай байсан гэсэн үг. Харин одоо бол хэрэглэгч орон болчихсон. Бүр хар тамхины мафи хүртэл байгуулагдсан талаар жиг жуг гэлцэх боллоо.
2010 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийнхэн нийслэлийн 22 дунд сургууль, 12 дээд сургуулийн 2000 хүүхдийн дунд судалгаа хийхэд 54 хүүхэд хар тамхи хэрэглэж үзсэн нь тогтоогдсон байдаг.
Тэдгээрийн 36 нь каннабис, 18 хүүхэд нь экстас хэрэглэж үзсэн гэдэг дүн гарч байлаа. Хамгийн гол нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид нь голдуу баян айлын хүүхэд байсан гэсэн судалгаа гарсан шүү дээ.
Дээр дурьдсан тоо баримт ч гэсэн эцсийн дүндээ баян айлын хүүхэд мансууруулах бодис хэрэглэж үзсэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
Дахиад өөр нэг судалгаа байна. Манай улсад албан ёсны тоогоор 2000 орчим мансуурагч байгаагаас 1500 орчим нь баян, чинээлэг айлын хүүхдүүд, харин үлдсэн нь биеэ үнэлэгчид байна гэсэн судалгаа шүү.
Нэг үгээр, хэлбэл хөрөнгөлөг, чинээлэг айлын хүүхдүүд хар тамхины мафийг санхүүжүүлдэг гэхэд болно. Гол худалдан авагч нь тэд учраас. Энэ бол баячуудын хүүхдүүд ямар том гай тарьж байгаагийн зөвхөн нэг л хэлбэр. Ийм судалгаа байсаар байтал хэдэн хүүхдийг шүүхээр хэргийг нь шийдсэн бэ гэдэг судалгаа үнэндээ байдаггүй.
Заавал баян, ядуудаа биш. Хар тамхи хэрэглэсэн, худалдаж авсан, дамжуулсан, хадгалсан хэргээр хэдэн хүн шийтгэл хүлээсэн, цаашлаад шоронд хоригдсон бэ гээд асуувал тун бага тоо гарч ирнэ. Мэдээж судалгаа хийхдээ цагдаагийн газартай хамтарсан байж таарах байх. Тэгээд бодохоор цагдаа нар хэргийг илрүүлдэг ч шүүх дээр очоод хаагддаг, дарагддаг байх магадлал өндөр байгаа.
Дээрээс нь баян, мөнгөлөг эрхмүүдийн хүүхэд бааранд буун дуу гарсан, хүн зодож, хутга гаргаж танхайрсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэг сүүлийн ганц хоёр сард л гэхэд 2-3 гарлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “I Loft” бааранд буун дуу гарч, залуус хутга мэс хэрэглэн зодолдсон хэрэг гарсан тухай янз бүрийн мэдээлэл хэвлэлээр хөвөрч байгаа. Олон хэвлэлд бичсэнээр мөн л мөнгөтэй, баян хүний хүүхэд байсан талаар шуугиж байна.
Мөн их аварга Д.Дагвадоржтой нэг нөхөр муудалцаж, зуушны хутга барьж танхайрсан талаар хэвлэлүүд хангалттай шуугисан.
Эцэстээ Д.Дагвадорж аваргатай зодолдож, хутга гаргасан этгээд Б.Дөлгөөн гэгч болж таарсан юм. Б.Дөлгөөн “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү юм билээ. Их аварга өөрөө гомдол гаргаснаар хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа тухай ч албаны хүмүүс хэлсэн байсан. Хэрэг одоо ямар шатандаа яваа талаар мэдээлэл алга.
Бодвол буруугүй гэгдээд, хэргийг нь шалгах шаардлагагүй гээд хаасан биз. Яг л бааранд болсон хэрэгтэй адил. Дахиад нэг жишээ татъя. Өнгөрөгч аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Налайх дүүрэгт буудалцаан болж, хүн амины аймшигт хэрэг гарсан тухай хэвлэлээр хангалттай мэдээлэгдсэн.
“Mustang” гэх баарны гадна нийслэлийн БГД-ийн харьяат нэгэн иргэн машиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан байсан хэрэг шүү дээ. Гэтэл хэргийг “Sun town” баарны эзэн н.Алтангэрэл гэгч чинээлэг нэгний хүү А.Мэндбаяр үйлдсэн болох нь тогтоогдон Цагдаагийн газар шалгаж байгаа гэсэн мэдээлэл ч цахим сайтуудаар дүүрэн хөвөрч байна.
Мөн Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ч гарч л байна. Энд дурьдсан хэргүүд зөвхөн сүүлийн хэдхэн сард болсон. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж л байгаа байх. Зарим нь ч эхнээсээ шийдэгдэж, хэрэгсэхгүй болж байх шиг байна.
Үүнтэй адил маш олон хэрэг гарсан, баячуудын хүүхдүүд энгийн иргэнийг зодсон, танхайрсан, гэмтээсэн хэрэг маш их гарсан. Ганцхан зүйл үнэн нь баячуудын хүүхэд холбогдсон хэрэг тэгсхийгээд л өнгөрдөг. Өнөөдөр шүүх хэнээс ч хараат бус ажиллана. Шүүхийн шинэчлэл гээд л яриад байгаа боловч яг начир дээрээ шүүх мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний талд үйлчилдэг хэвээрээ л байна.
Баячуудын хүүхэд шүүхийн өмнө очоод, мөнгөтэй учраас тэр талд нь хэргийг шийдвэрлэсэн жишээ аваад ир гэвэл хэцүү нь мэдээж. Гэхдээ бас баячуудын хүүхэд буу, хутга шийдэм гаргаж танхайрч, хэн дуртайгаа зодож, хар тамхи татаж, бусдыг доромжилж байхад хэрэгт татаад, шийтгэчихсэн жишээ аваад ир гэвэл бас л олдохгүй шүү дээ.
Яах аргагүй хүний амь нас хөнөөж, хүнд гэмтээсэн бол тодорхой хэмжээгээр шийтгэж байгаа нь тодорхой байх. Түүнээс биш дээр дурьдсан хэргүүдтэй адилхан, ойролцоо тохиолдолд тэгсхийгээд л өнгөрч байна. Тиймээс баячуудын өмнө шүүх сөхөрч байна гэж зоригтойгоор хэлээд байгаа юм.
Энэ янзаараа байвал нэг л өдөр баячуудын хүүхэд буудалцжээ гэсэн мэдээлэл гарч, түүнийг үгүйсгээд, хуулийн байгууллага нь дараад өнгөрөх нь энүүхэнд болох байх шүү. Хайран ч хууль, журам. Мөнгөнөөс давдаггүй хууль, журам, шүүх. Ёстой хөөрхий гэхээс өөр хэлэх үг алга байна.
Н.Пунцагболд
URL: