Ядуу энэтхэг охины амьдралын нэг өдөр

Энэтхэгийн Дулиан хотын ядуусын хороололд амьдардаг Сагира Ансари охины өдөр тутам хийдэг зүйл энэ. Тэр эвэршиж хуурайшсан бяцхан гараараа тамхины хатуу навч үйрүүлж, алга дээрээ нухан нунтагладаг. Өдөр бүр хийдэг болохоор охин ажилдаа тун сурмаг бөгөөд үйлсэн навчаа тусгайлан бэлдсэн цаасанд ороон хуйлдаг. Сагира өдөр бүр найман цагийн турш биди хэмээн нутгийнханы нэрлэж заншсан гар аргаар үйлдвэрлэсэн тамхи хийдэг. Гэхдээ энэ бол 11-хэн настай охины хувьд тун хүнд хөдөлмөр. Сагира охин Энэтхэгийн хөдөө аж ахуй, гар үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хэдэн 100 мянган хүүхдийн ердөө нэг нь.

Сагира болон түүний гэр бүлийнхэн 1000 биди тамхи хийгээд 75 рупи буюу ойролцоогоор 1,5 долларын өчүүхэн хөлс авдаг. Энэ нь дунджаар сард 150 доллар олдог гэсэн үг. Энэтхэгийн үйлдвэрийн эздийг хүүхдийн хөдөлмөрийг мөлждөг хэмээн буруутгадаг ч зөвхөн биди тамхи үйлдвэрлэлийн 15 хувь нь хүүхдийн гараар бүтдэг байна. Нэг хайрцаг биди тамхи 2-3 рупи байдаг тул Энэтхэгт “ядуусын тамхи” хэмээн нэрлэгддэг бөгөөд тамхины зах зээлийн 53 хувийг дангаараа хангадаг гэнэ. Тэгэхээр энэ нь тус улсын амьжиргааны түвшнийг тодорхойлох бас нэг бодит үзүүлэлт ажээ.

М.Далай


URL:

Сэтгэгдэл бичих