Гишүүд хурууны хээгээр санал өгдөг болох уу?
Эрхэм гишүүд нэгнийхээ өмнөөс кноп дарж санал өгчихдөг. Чуулганы танхимд 12-хон гишүүн суучихаад 40 хүний өмнөөс санал өгдөг үзэгдэл долоо хоног бүр гардаг. Санал хураалт болохоор нэг гишүүн хажуу талынхаа хэд хэдэн кнопыг дарчихдаг. Үүнийг төгөлдөр хуур тоглогчид гэнэ.
Мөн чуулганы танхим хий үзэгдэлтэй ч гэж хэвлэлийнхэн шүүмжилсээр байтал энэ явдал давтагдсаар байгаа.
Энэ байдлыг таслан зогсоож гишүүн бүр зөвхөн өөрийнхөө өмнөөс санал өгдөг байхын тулд хурууны хээгээ ашигладаг болъё гэсэн саналыг гишүүд гаргаж байгаа гэнэ. Тэдний хурууны хээ давхцахгүй нь мэдээж. Тэр миний өмнөөс хуруугаа дарчихаж гэж хэрүүл хийхгүй байх. Хийлээ гэхэд тэрийг нь шалгадаг барьдаг техник байх биз.
Харин байнгын хорооны хуралдаанд кнопоор бус гар өргөж санал өгдөг болохоор нэгнийгээ орлож санал өгнө гэж байхгүй. Бас хүчээр санал өгүүлдэг юм харагддаг л даа. Эсрэг саналтай гишүүнийхээ тохойноос өргөсөөр байгаад гар өргүүлчихдэг явдал ч байдаг л юм гэсэн.
М.Ган
URL: