Ч.Улаан, Л.Гантөмөр нар салбартаа “Их наядтан” төсөв батлууллаа
УИХ-ын даргын амлаж байсанчлан өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг баталж амжлаа.
Төсвийн тухай хуулийг нийт гишүүдийн 79.2 хувийн дэмжлэгтэйгээр баталсан бөгөөд ирэх онд төсвийн нийт орлого зургаан их наяд 883.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.6 хувьтай тэнцэхээр баталжээ. Харин зарлага нь долоон их наяд 293.8 тэрбум төгрөг байхаар буюу ДНБ-ий 35.6 хувьтай тэнцэхээр баталсан юм.
Хамгийн их анхаарал татсан асуудал болох нэгдсэн төсвийн алдагдал 409.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх юм. Өөрөөр хэлбэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу алдагдлын хэмжээг тогтоон барьж чадсан байна. Хэрэв эс чадсан бол хууль зөрчөөд зогсохгүй сөрөг хүчнийхний зүгээс “урт хугацааны”, хатуухан зэмлэл, шүүмжлэл хүртэх байсан нь тодорхой.
Мөн хоёр их наяд 567.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл арга хэмжээг, нэг их наяд 143.2 тэрбум төгрөгийн барилга байгууламжийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон байна. Дашрамд дурьдахад цэвэр урсгал зардлаас 200 гаруй тэрбум төгрөгийг “танаж” чаджээ. Харин хасагдсан хөрөнгө оруулалтуудаа орон нутгийн хөгжил, төсвийн ашигтай хөрөнгө оруулалтын чиглэлээр зарцуулах нь зөв гэж үзсэн байна. Үүнд 100 гаруй нэр төрлийн хөрөнгө оруулалт багтсан аж.
Жил жилийн төсвөөс бас нэг анхаарал татдаг зүйл нь аль яам, сайдад хэдний хэмжээний хөрөнгө захиран зарцуулахаар баталсан бол гэдэг асуудал юм. Үүнд:
-Ерөнхий сайд- 107 тэрум 422.7 сая төгрөг
-Шадар сайд- 121 тэрбум 945 сая төгрөг
-ЗГХЭГ-ын дарга 21 тэрбум 37.2 сая төгрөг
-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд- 74 тэрбум 939.7 сая төгрөг
-Сангийн сайд- 1 их наяд 963 тэрбум 454.9 сая төгрөг
-Хууль зүйн яамны сайд- 37 тэрбум 298.1 сая төгрөг
-Барилга, хот байгуулалтын сайд- 208 тэрбум 79.8 сая төгрөг
-Батлан хамгаалахын сайд- 189 тэрбум 828.8 сая төгрөг
-Боловсрол, шинжлэх ухааны сайд- 1 их наяд 96.472 сая төгрөг
-Зам тээврийн яамны сайд- 295 тэрбум 343.3 сая төгрөг
-Соёл, спорт, аялал жуулчлалын сайд- 146 тэрбум 939 сая төгрөг
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд- 151 тэрбум 328 сая төгрөг
-Хүн ам, нийгмийн хөгжлийн яамны сайд- 3 тэрбум 325.2 сая төгрөг
-Эрүүл мэндийн яамны сайд-136 тэрбум 660.2 сая төгрөгийг тус бүр захиран зарцуулахаар Төсвийн хуульд заажээ.
Мөн УИХ-ын дарга ирэх онд 26 тэрбум төгрөг, Үндсэн хуулийн Цэцийн дарга 794 тэрбум таван сая төгрөгийг тус тус зарцуулахаар болсон байна.
Төсвийг ерөнхийд нь захиран зарцуулдаг бусад байгууллагын тухайд:
-Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч- 4 тэрбум 365.1 сая төгрөг
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга- 59 тэрбум 635.6 сая төгрөг
-Хүний эрхийн үндэсний комиссын дарга- 990 сая төгрөг
-Төрийн өмчийн хорооны дарга- 34 тэрбум 723 сая төгрөг
-Улсын ерөнхий прокурор-19 тэрбум 932.2 сая төгрөг
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга- 1 тэрбум 713.9 сая төгрөг
-Монгол Улсын ерөнхий аудитор- 8 тэрбум 875.8 сая төгрөг
-Авлигатай тэмцэх газрын дарга- 14 тэрбум 819.5 сая төгрөг
-Санхүүгийн зохицуулах хорооны дарга- 2 тэрбум 818 сая төгрөг
-Үндэсний статистикийн хорооны дарга- 9 тэрбум 643.7 сая
-Сонгуулийн ерөнхий хорооны дарга- 911.7 сая төгрөг
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга- 927.3 сая төгрөг захиран зарцуулах эрхтэй болсон байна.
У.Оргилмаа
URL: