“Хурд”-ынд өнгөрүүлсэн нэг өдөр

176a3c54942ea77bigТ.БАТСАЙХАН, Ч.ГАНТУЛГА, Д.ЦЭРЭННАДМИД

Бухын толгой, гавлын яс, үхэр тэрэгний дугуй бол “Хурд” хамтлагийн шүтээн. Бухын толгой мэт хүчирхэг, ялагдашгүй атлаа рок хөгжмийн төлөө “ясаа цайтал” зүтгэнэ хэмээн бэлгэшээн дээдэлнэ. Чингис хаан дэлхийн талыг эзлэхдээ үхэр тэргийг авч явдаг байснаас үхэр тэргэний дугуйг ч тэд бэлтгэлийн өрөөндөө залжээ. “Хурд”-ыг пуужин, онгоц гээд олон зүйлээр илэрхийлж болох ч тэд монгол сэтгэлгээгээ орхиж гээгдүүлсэнгүй.  Эх орноо санан, магтан, бадраан дуулж энэ газар шороон дээр төрснөөрөө бахархаж авдаг ахан дүүс. 20 жил урлагтай амьдралаа холбож, ард түмнээ “үнэн” дуугаараа  уяраасан тэдний тухай энэ удаагийн “Амьдралын тойрог” өгүүлэх болно.

 

ТЭД РОК ХӨГЖМИЙГ МОНГОЛЫН ХӨРСӨНД СУУЛГАСАН

 

Хөгжмийн ертөнцийг “Хурд”-гүйгээр, “Хурд”-ыг сонсогчидгүйгээр төсөөлөх аргагүй.  Энэ хоёрын уялдаа холбоо энгийн атлаа агуу санагдана. Хэний ч санаанд бууж, сэтгэлд багтаагүй  рок урсгалын үрийг тэд Монголын хөрсөнд анх суулгасан. Үүгээрээ “Хурд”-ынхан агуу байлаа. Мөн Рашаант өртөөний жирийн айлын хөвгүүд хамтлаг байгуулан, алдар цуугаа дуудуулна гэж бас л хэн ч бодоогүй. Үүгээрээ ч агуу байж чадсан. “Хурд”-д бахархах, омогших, гайхуулах, уйлуулж, дуулуулах, бусдыг хөгжөөх зүйл олон бий. Тэд 1993 онд  Монголын урлагийн ертөнцийн хаалгыг тогшин орж ирсэн. Төмөр замын Рашаант өртөөнд “Хурд” хэмээх хамтлаг хааяа нэг тоглодог байж.

Д.Ганбаяр тус хамтлагт байсан ч төд удалгүй тарчихсан гэдэг. Түүний урлагт хайртай сэтгэл хамтлаг тарахтай хамт алга болсонгүй. Хуучин “Хурд”-ын суурин дээр шинэ “Хурд” хамтлагийг бий болгов. Энэ нь одоогийн “Хурд”-ынхан. Дүү Д.Отгонбаатар, Д.Отгонбаяр нарыгаа хамтлагтаа авч, багаа бүрдүүлэн гоцлол дуучны эрэлд гарчээ.  Рок хөгжим сонирхдог залуусын дундаас  хайсан ч сэтгэлд таарах нь ховор байж. Нэг өдөр Цогоо нь “Би дуулаад үзэх үү” гэж.

Д.Ганбаяр дүүгээ “Чиний дуулдаг гэж юу байдаг юм” гэж голоод нэг хэсэгтээ л халгаагаагүй гэсэн. Гэвч хэсэг хугацааны дараа түүний бодол өөрчлөгдөж,  Цогоо  “Хурд”-ын гоцлол дуучин болсноор тэд Монголын рок попын ертөнцөд хүч түрэн орж ирсэн. Тухайн үед хүмүүс урт үс, уранхай жинстэй, эрээн алчуураа эв хавгүй боосон залуусыг хүлээн авахад бэлэн биш байсан гэдэг. Гэвч өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд чин сэтгэлээсээ  хөдөлмөрлөж байв. “Хурд” хамтлагийн хамгийн анхны дуу нь “Чоно” нэртэй.  Орост үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг “Весна” магнитофон ашиглан нэгд нь дууныхаа фонаграммыг, нөгөөд нь хөгжмөө тавин дуулж байсан түүхтэй. Түүнээс хойш 20 жил өнгөрч, хамтлаг нь эрийн цээнд хүрчээ.

 

МОНГОЛЫН АНХНЫ АЛТАН ПЯНЗНЫ ЭЗЭД

 

“Хурд” хамт­лагийнхны бэлтгэлийн байр 120 мянгатад байдаг.  Хүний хөл хөдөлгөөн, хотын дуу чимээнээс ангид энэ газар нээрээ л тэдэнд тохирсон мэт санагдана. “Хөгжим нижигнүүллээ”, “Дуу чимээнд чинь амарч чадахгүй байна. Дуугүй бол” гэсэн гомдол хаанаас ч ирэхгүй. Социализмын үед нуувч байсан бөгөөд “Хурд”-ынхан ирж төвхнөөд таван жил болжээ. Тэд энэ л ертөнцдөө дураараа дургиж, дуртай ажлаа хийн, аз жаргалыг мэдэрч яваа хүмүүс.  Хамтлагийнхан 20 жилийн ойн тоглолтын бэлтгэлдээ хэдийнэ орсон байна. Өмнө нь олон удаа тоглож байсан ч энэ удаагийнх арай илүү догдлол, хүлээлт, тэмүүлэл төрүүлж байгаа гэнэ. Учир нь хөгжмийн ертөнцөд 20 жил амьдарна гэдэг “Хурд”-ынхны хувьд баяр гэхээсээ илүү нэр төрийн хэрэг гэсэн юм.  Тэд тоглолтоо хүргэхийн зэрэгцээ Монголд анх удаа алтан пянз гаргаж, банзан гитар, 12 CD, “Хурд”-ын зурагтай цамц, гинж гээд олон зүйлээр фэнүүддээ бэлэг барихаар зэхсэн гэв.

20 жилийн ойн тоглолт ойртож, тэдний хийж амжуулах ажил ид өрнөж байна.  Хажуугаар нь тоглолтоо давтах гээд хамтлагийнхан нэг биеэ хэд хэдэн хэсэг хуваах нь холгүй яваа ажээ.  Хамтлагийг Д.Ганбаяр ерөнхийд нь удирдана.  Тэрээр “ Бид тоглолтоо ямар ч алдаагүй хийхийг хүсч байна. Хүмүүсийн сонсоё гэсэн дуу, үзье гэсэн тоглолтыг үзүүлж сайхан мэдрэмж төрүүлэх болно. Хүмүүс хөлс хүчээ урсган байж олсон мөнгөөрөө тасалбар худалдан авч таараа. Бидний царайг лав харъя гэхгүй байх. Тиймээс бид өдөрт 3-4 цаг бэлтгэл хийж байгаа. Тоглолт болох гээд догдлохын зэрэгцээ аз жаргалтай байна.  Бид өнгөрсөн хугацаанд чамгүй их зүйл амжуулсан байна гэдгээ ч мэдэрсэн.  Ямартай ч 20 жил хийж бүтээснээ ард түмэндээ тайлагнаад  түүний дараах 30 жил рүү зүтгэнэ” хэмээлээ. Тэдний 20 жилийн хамгийн онцлох зүйл нь алтан пянз. Хүн бүхэн түүнийг догдлон баярлан хүлээнэ. Аргагүй биз. Монголд өмнө нь алтан пянз гаргаж байсан удаагүй билээ.

“Хурд” хамтлагийнхны 20 жилийн ойн бэлгэ тэмдэг болсон алтан пянз нь гурав хоногийн дараа хэвлэлтээс гарах гэнэ. Дэлхийн алдарт дуучин Леди Гагатай зэрэг алтан пянзаа хэвлүүлж байгаадаа хамтлагийнхан тун ч сэтгэл хангалуун байх шиг санагдсан. Үнэхээр ч омогшихгүй, баярлахгүй хүлээхгүй байхын аргагүй бүтээл. Тэднээс яагаад алтан пянз хэвлүүлэх болсон талаар асуухад “Алтан пянзыг дэлхийн хөгжмийн ертөнцөд олон жил оршин тогтносон алдартай хамтлаг, дуучид гаргасан байдаг. Бид 20 жил амьдарч, олон үзэгчдийг байлдан дагуулсан.  Ганц Монгол орон биш монгол туургатан биднийг сонсож байна. Эдгээр он жилүүдэд эх орон, аав ээж, ханиа санасан сэтгэлийг бид тайтгаруулж ирлээ. Тэгэхээр алтан пянз гаргах цаг нь болсон гэж үзлээ. Хүмүүс ч санал нэг байгаа болов уу” хэмээж байв.

 

АХЫН СЭ

ТГЭЛ

 

“Хурд” хамт­лагийнхны бэлтгэлийн үеэр найзууд нь их тусалдаг байна. Цэвэр ус, жүүс, ногоо, мах, гурил гээд хүнсний зүйлийг нь цуглуулж өгнө. Ээлжээр ирж хоолыг нь хийнэ. Хааяа пицца, тахианы шарсан мах явуулж гэнэтийн бэлэг барина. Ийнхүү тэдэнд сэтгэлийн дэм өгч, урам зориг хайрлах улс чамгүй олон.

“Аав ээж, найз нөхөдийнхөө хүчээр л бид өдий зэрэгтэй явна” хэмээн даруухан загнах нь ч бий. Мөн нэгэн зүйлийг сонирхуулахад  “Хурд” эрэгтэй тогоочтой юм билээ. Түүнийг н.Уранбаяр гэдэг. Хамтлагийнхан “Хийсэн хоолыг нь хэзээ ч голж байгаагүй, дандаа эрчүүд болоод тэр үү, цэргүүд хооллож байгаа мэт сэтгэгдэл төрдөг, мөн хамгийн их иддэг нь хамгийн том ах нь” хэмээн хошигноод амжив.  Ер нь тэд их нийтэч хүмүүс юм. Амьд хөгжмийн хамтлагийн бэлтгэлийг сонирхох, гитарыг нь тоглох, санал бодлоо солилцох хүсэлтэй хүмүүст тэдний хаалга үргэлж нээлттэй.  Гитар хөгжмийн тансаг аялгуу, бөмбөрийн нижигнээн, Цогоогийн уянгалаг хоолойг яг хажуугаас нь бодитоор мэдрэх их сайхан юм билээ.

Мөн тэдний байранд “Чоно”, “Аадар” хамтлагийн дүү нар нь бэлтгэл хийдэг байна.  “Хурд”-ынхны хамгийн бага дүү Дэрмээ  20 жилийн ойн тоглолтод нь тодорхой үүрэг гүйцэтгэн  ажиллаж байгаа юм. “Чоно” хамтлаг одоогоор уран бүтээлийн түр завсарлага аваад байгаа бөгөөд удахгүй сонсогчидтойгоо уулзана хэмээж байв. Нэгэн айлын хүүхдүүд, нэгэн замаар, нэгэн зүйлийн төлөө  зүтгэж, амжилтад хүрсэн нь гайхамшигтай. Том ах Д.Ганбаяр “Анх тавуулаа байлаа. Хүний амьдралын өсөх үржихийн хуулиар дүү нар маань эхнэр аваад нэг үржлээ. Хүүхэд гараад дахиад үржлээ. Дүү нарынхаа амьдралыг хоолтой ундтай яаж авч явах вэ. Мөн хөгжим техникээ тасалдуулахгүй байхын төлөө бүхнийг зориулсан. Шантрах үе зөндөө байлаа. Гэхдээ ар гэрийнхэн минь их тусалдаг байжээ. Яг цаг үед эхнэрээ магтмаар санагдаж байна.  Лангуун дээр давснаас өөр зүйлгүй байхад нормынхоо цагаан будаа махаар бидэнд хоол хийж ирдэг байсан. Хань минь холыг харж байжээ” хэмээж байв.

 

“ХУРД”-ЫН НЭГДҮГЭЭР ЗӨВЛӨХ

 

“Хурд” хамтла­гийнхны ээж аавыг энд дурсахгүй өнгөрч боломгүй. Тэдний ээж нь хамтлагийн нэгдүгээр зөвлөх нь. Залуудаа Төмөр замд ажиллаж байсан бөгөөд сайхан дуулдаг нэгэн. 1967 онд анх Монголын үндэсний телевизийн шууд эфирээр дуулж байсан түүхтэй. Ээжийнх нь дуулах авьяас Цогоод өвлөгджээ.

“Харин бусад нь дуулахдаа маруухан даа” хэмээн том ах нь өгүүлж байв. Тэд шинэ дуугаа хамгийн эхлээд ээждээ сонсгоно. Ээж нь судлаач хүн биш ч үнэтэй зөвлөгөөг хайрлаж чаддаг байна. Харин тэд аавыгаа “их дуу цөөтэй хүн” хэмээсэн.  Энэ занг нь мөн л Цогоо дуурайсан.  Д.Отгонбаяр  “Ганбаяр ах бид хоёр галзуу, дуутай бол дуутай, сэтгэлийн догдлол ихтэй улс” хэмээж байв. Урлагийн төлөө зүтгэх хувьтай долоон хүүг төрүүлж өсгөнө гэдэг хосгүй хувь заяа билээ. Одоо “Хурд”-ынхан аав ээжийгээ хэнээс ч дутаахааргүй баярлуулж,  хайрлаж, асарч сайхан авч явна.

 

АЛГА ТАШИЛТААС ХЭЗЭЭ Ч УЙДАХГҮЙ

Хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нэгэн зүйлд сэтгэл эмзэглэж явдаг гэнэ. Түүнээс “Танай хамтлаг ганцхан гавьяаттай. Таныг дүү тань хүндэлдэг. Харин дүүгийнхээ цолыг та хааяа хүндэтгэнэ биз” хэмээн асуулаа. Тэрээр “Үгүй дээ. Хамаагүй л харьцдаг. “Хурд” хамтлаг гавьяа шагналаа тодотгож хэлдэггүй.

Гавьяа шагналын  төлөө ч зүтгээгүй. Есөн жилийн өмнө хамтлагаараа СТА авч байлаа. Тэр үед энэ тэмдэг үнэ цэнэтэй байжээ. Харин одоо СУИС-ийн ромботой хамт шахам өгдөг тэмдэг төдий л зүйл. Зүй нь бол соёл урлагийн салбарт тэргүүлээд байгаа хүнд өгөх юм. Гэтэл хамгийн сүүлд яваа улсад л өгөөд байх шиг. Дайн байлдаантай газар л очоод тоглочихдог болчихоогүй бол Монголд нэг ч дуулахыг нь хараагүй хүн ингэж зарлуулах юм. 2000 оноос хойш авсан бүх СТА-г хурааж авах хэрэгтэй байх. Би ч гэсэн өгье, хамаагүй” хэмээн ихэд бухимдангуй байв. Түүнийг нь сонссон Д.Отгонбаяр “Нээрээ ч тийм. Санал нэг байгаа. Гэхдээ бид үүнд нэг их ач холбогдол өгмөөргүй байна. Төр засаг нь үнэлвэл үнэлнэ л биз. Бид бялдуучилж явдаг ч биш.

Гуядаж биш гуйж авсан хүмүүс одоо хөлдөө чирээд л явж байна. Гэхдээ тэр бидэнд хамаагүй. Бидэнд бол алга ташилт л чухал” хэмээлээ. “Алга ташилтаас уйдахгүй юм уу” гэчихэв. Тэд “Алга ташилтаас илүү сайхан зүйл алга. Хэзээ ч уйдахгүй. Бид муухан ламаас дээр сан тавьдаг. Гурван мянган хүн суулгаад хийморийн сан тавья гэвэл хүнд хүрч чадахгүй. Харин бид тэднийг нэг зүг рүү харуулаад  нэг орчинд, зөв энергитэй байлгаж чадаж байна. Тайзан дээр тоглож байгаа бидэнд ч сайхан байдаг.  Харилцан нэмэх цэнэг урсдаг байх. Цэцгээр бол дэлгэрч, үнэртэн гоо сайхнаар бол тэнд хамгийн тансаг үнэр үнэртдэг. Үүнийг л 20 жил мэдэрч чадсан. Одоо бид дөнгөж 40 хүрч явна. Цаашид ч олон жил урлагийн тогоонд амьдарч их зүйл хийнэ. Бид төрсөн авьяастай учраас 20 гаруйхан наснаасаа хүмүүст танигдаж чадсан” хэмээлээ. Нэг иймэрхүү яриа бидний дунд өрнөв.

 

ЭЭЖИЙНХЭЭ ХООЛОЙГ ӨВЛӨСӨН ЦОГОО

 

Хамтлагийн хамгийн даруухан атлаа өвөрмөц нэгэн эгшиг нь дуучин Цогоо. Түүний амьдрал дуу хуураар хөглөгдөн, халуун алга ташилт, урмын үг, ухаарал дунд өнгөрч байгаа нь лавтай. Ээжийнхээ дуулах авьяасыг ганцаараа өвлөсөн гэж ах Д.Ганбаяр нь ярьсан. Үнэхээр “Хурд”-ын гайхалтай дуунуудыг амилуулж, сонсогчдын чихэнд биш зүрхэнд хүргэж чаддаг уран бүтээлч. Тайзан дээр дуулахаараа шийдэмгий, дуучин маань энгийн үедээ харьцангуй даруухан үг цөөнтэй юм. Тэрээр хамгийн чухал үүрэгтэй учраастоглолт хүртэл хоолойгоо хайрлаж байгаа гэлээ. Цогоо “20 жилийн өмнө “Хар салхи” тоглолтын үеэр хөл чичрээд догдолж, сандарч байсан. Анхны бүхэн дурсгалтай, нандин байдаг шүү дээ. Бид 20 жилийн өмнөх тэр л дүр төрхөөрөө тайзнаа гарах учраас яг л тэр үеийнх шиг догдолж байна. Тэр үед айх, гайхах зэрэгцээд хамаг бие халуу оргидог байлаа. Харин одоо 20 жил дуулчихсан болохоор харьцангуй төлөвшсөн.

Бидний тоглолт “Хар салхи”-аар эхэлнэ. 20 жилийн өмнө Цогоо ямар байсан, тэр төрхөөрөө тайзнаа гарна даа” хэмээв. Үнэхээр “Хурд”-ынхан 20 жилийн өмнө тайзан дээр яаж гарч байсан яг тэр хувцастайгаа дахин сонсогчидтойгоо уулзах юм. Жишээ нь Цогоо анхны өмссөн шорт, цамцтайгаа тайзан дээр гарна. Тэрхүү хувцаснууд нь одоо хүртэл хадгалаастай байдаг нь гайхалтай. Бэлтгэлийнх өрөөний өлгүүрт анх өмсөж байсан цэргийн хүрэм нь өлгөөсэй байсан. 20 жилийн түүхийг бүтээлцсэн тэр хүрэм өнгө нь гандаагүй, яг л хуучин хэвээрээ дараагийн тоглолтоо тэсэн ядан хүлээж байгаа харагдсан. Дуучин Цогоо хоолойндоо төдийлөн санаа зовдоггүй гэсэн. Учир нь түүний хоолой хэр барагтай өвддөггүй ажээ. Харин “UB Palace”-ийн концертийн танхим хүйтэн учраас даарах вий гэсэн айдас байгаагаа нуусангүй.

“Хурд”-ын сонсогчдыг хүндлээд эрсдэл гаргахгүй гэдгээ ч амлаж байв.  Уран бүтээлчид гэдэг хариу нэхдэггүй буянтан. Тэдэнд халуун алга ташилт, урмын үг байхад л сэтгэл дүүрэн, жаргалтай байдаг юм шиг. Танхимд чуулсан үзэгчдийн уухайн дуу, урмын үгс дахиад 30 жил хөдөлмөрлөх зорилго, эрч хүчийн эхлэл байх болно гэж хамтлагийнхан найдаж байгаа юм. Цогоод тайзан дээр гарахаар эрх чөлөө, эрч хүч мэдрэгддэг. Юу ч бодолгүй, дуугаа мэдэрч, дуулчихаад тайзнаас буух мөчид үзэгчдийн халуун алга ташилт хамгийн сайхан” гэв.

 

ХАМТЛАГИЙН ХАМГИЙН САЙХАН ҮСТЭЙ НЬ НААЯА

 

Басс гитарчин Б.Наранбаатар амьдралынхаа бүхий л хугацааг хамтлагтаа зориулж, хөг аялгуугаараа чимж яваа нэгэн. Зөвхөн гитар тоглохоос гадна дуучин Цогоогийн ард хоолой “хийдэг” гэсэн. Тэгэхээр шаггүй сайн дуучин гэж тодотгож болохоор. Харин 20 жилийн тоглолтод тэрээр студийн ажлыг хариуцаж байгаа ажээ. Хамтлагийн цомгийн ажил, шинэ дууны хоолойн бичлэг зэрэг ажлыг хариуцаж байгаа юм. Хамтлагийнхаа болон “Чоно” хамтлагийн дүү нарынхаа шинэхэн уран бүтээлийг өлгийдөн авч, эхнээс нь дуустал нь дууны найруулга дээр ажилладаг гэв. Тэрээр гитартай дөрөвдүгээр ангиасаа нөхөрлөжээ. Дунд ангийн бяцхан хүү банзан гитар барин найзуудтайгаа дуулж суудаг байсан нандин дурсамж түүнд бий. Анх хуруу нь цэврүүтэн өвдөж больмоор санагддаг байсан ч хүсэл мөрөөдөл нь түүнд хөгжмийн урлагаас холдох боломжийг өгөөгүй гэсэн. Хөдөө хээр, бороотойд гадаа тоглолт хийхэд хуруу нь наалдаж, гитар нь нороод тог цохидог байсан ч тэр бүхнийг даван туулж уран бүтээлээ хийсээр л байсан.

Түүний хувьд 20 жилийн ойн тоглолтын тайзнаа бариун хар өмд, цамцтай гарна. 20 жилийн өмнө гитараа бариад тайзнаа гарахдаа яг л тийм хувцастай байжээ. Мөн тэрээр сайхан үстэйгээрээ хамтлагтаа алдартай нь. Урт үс тэдний ажлын онцлог, рокийн бэлгэ тэмдэг учраас үсээ тайруулдаггүй.  “Хурд” хамтлагийнхны үс хэдэн жилийн өмнө нуруу шүргэм урт байжээ. Сүүлийн үед бүгдийнх нь үс шингэрээд байгаа тухай хошигнон ярилцаж байв.  Энэ үеэр хамтлагийн бөмбөрчин Д.Отгонбаатар орж ирлээ. Тэрээр охинтойгоо энэ өдрийн бэлтгэл дээр ирсэн байна. Ах нар нь түүнийг “хамгийн эрх” гэж онцолсон. “Хар салхи” тоглолтын үеэр Д.Отгонбаатар 19 настай байжээ. Өнгөрсөн хугацаанд ах нараасаа урлагийн мөн чанар, уран бүтээлч хүнд байх ёстой эрхэм чанаруудыг өөртөө төлөвшүүлж чадсан гэдэг. Тэрээр тоглолтын тайз засалт, тасалбарын ажлыг хариуцаж байгаа. Анхны тоглолтыг санагдуулам тайзны содон шийдэл, өвөрмөц орчинг бий болгохоор хичээж байгаа гэнэ. Түүнийг монголын хамгийн эмоцтой бөмбөрчин гэх нь бий. Арга ч үгүй биз. Тэр бөмбөр тоглохдоо тэр үеийн сэтгэл хөдлөлөө бүрэн илэрхийлж чаддаг гэлтэй.  Ийнхүү 20 жил урлагийн ертөнцөд амьдарсан “Хурд” хамтлагийнхантай нэгэн өдрийг өнгөрүүллээ.  Урлагийн төлөө гэсэн тэдний сэтгэлийг бэлтгэлийнх нь үеэр дуслах хөлснөөс нь хүртэл мэдэрч, гарлаа.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих