Ё.Отгонбаяр хүмүүс дарамталсан нь “Жаст”-ын Ш.Батхүү хуурамч гарын үсгээр зээл авсан нь тодорхой болжээ

DSDSDSDSSDW
УМБГ-ынхан өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийж, 2013 он гарснаас хойш хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус газарт энэ оны аравдугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс гэмт хэргийн шинжтэй 28143 гомдол мэдээлэл ирснээс 27178 буюу 96,5 хувийг шийдвэрлэн шалгасан байна. Мөн 16411 хүнд холбогдох 20695 хэрэгт мөрдөн байцаалт явуулж 6771 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт  шилжүүлсэн бол 5495 хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Түүнчлэн 1460 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн гээд тооцвол нийтдээ 12986 хүнд холбогдох 13726 хэргийг шийдвэрлэсэн ажээ. Энэ үеэр тус газрынхан өөрсдийн албан үүргийн хүрээнд шалгаж буй зарим мэдээллийг онцлон өгсөн ба сүүлийн үед эдийн засгийн гэмт хэрэг их гарч байгаа тухай хэлж байсан. Үүнд мөнгө угаах, татвараас зайлсхийх, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргүүдийг онцолж болох ажээ. Мөн УИХ-ын гишүүн гэх мэт төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэд хэдэн хэргийг шалгаж байгаа тухайгаа мэдээлсэн юм.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэргийг Ерөнхий прокурорт танилцуулжээ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэ оны гуравдугаар сард иргэн Ч-г Энхтайваны гүүрэн дээр явж байхад нь үл таних залууст захиалга өгч зодуулан улмаар машиныг нь дээрэмдүүллээ гэх дуудлага УМБГ-т ирсэн ажээ. Энэ дуудлагын дагуу УМБГ-ынхан хэргийг шалгасан байна. Хэргийг шалгаж байх үед тэрбээр БСШУ-ны сайд байхдаа Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг өгөхгүй дарамталж улмаар орлогынхоо 1/4- буюу 230 сая төгрөг өг хэмээн дарамталж Ч-г өгөхгүй гэхэд бүлэг этгээд явуулан түүнийг зодуулж улмаар Ланд-200 машиныг нь дээрэмдүүлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад түүний үйлдсэн хэрэг батлагдсан бөгөөд УМБГ-аас түүнд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорт танилцуулаад байгаа ажээ. Улын ерөнхий прокуор энэ хэргийг хянаад түүнийг гэм буруутай гэж үзвэл гишүүнээс түтгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад  хүргүүлэх юм байна. Мөн эхнэр Б.Эрдэнэсолонгын нэр дээр байсан арилжааны долоон банзаар хийсэн гүйлгээг мөн шалгасан тодорхой хэмжээний хөрөнгийг битүүмжилсэн байна.

“Жаст”-ын Ш.Батхүү Д.Сугар, Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь тодорхой болжээ

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүг төрийн өндөр өлбан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар зурж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлж авсан ч эргэж төлөөгүй гэх хэргийг УМБГ-ынхан шалгаж байгаа. Тэгвэл тэрбээр зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг болон ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтээр тодорхой болсон аж. Мөн тэрбээр мөрдөн байцаалтын явцад хийсэн хэргээ хүлээж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан 109 сая ам.долларынхаа 70 гаруй хувийг “Олон овоот” төсөлдөө зарцуулсан хэмээн мэдүүлэг өгсөн байна.
 

ХААИС-ийн захирал Б.Бямбаагийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлнэ

УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг өнгөрсөн наймдугаар сард баривчилж, эрүүгийн хэрэг  үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар төсвийн хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр  яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Албаныхны мэдээлснээр  тэрбээр ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас “Химон констракшин” ХХК-д өгч, ямар ч тендер зарлалгүйгээр барилга бариулж улмаар улсын төсвөөс 771 сая төгрөгийг  шилжүүлсэн болох нь тогтоогдоод байгаа аж. Мөн тэрбээр өөрийн мэдэлдээ 16 байр авсан ч эрх мэдлээ ашиглан эргэн  тойрныхоо цөөн хүнд хуваарилан өгсөн нь хуулийнхны анхаарлтыг татаад байгаа юм.

НӨАТ-ын баримт хуурамчаар үйлддэг этгээдүүдийг  илрүүлжээ

УМБГ-аас НӨАТ-ын орлого, зарлагын баримт ашиглан, татвар төлөхөөс зайлхийсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж,  заримд нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус газраас гарсан ажлын хэсгийнхний хийсэн  шалгалтын дүнд  2871 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдаас худалдан авсан, 45 аж ахуй нэгж НӨАТ-ын падаан бусдад зарсан хууль бус үйлдэл тогтоосон байна. Энэхүү хууль бус үйлдлээс болж улсын төсөвт орох байсан 47.8 тэрбум төгрөгийн орлого алдагджээ. Тиймээс хуулийн байгууллагаас 572 аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 164, 166 дугаар зүйл анги буюу татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  эхлээд гэнэ. Мөн улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлоос цагдаагийн байгууллага 14.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Түүнчлэн, НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, аж ахуйн нэгжүүдэд худалддаг байсан Д.Дашбаатар, Ц.Гэрэл нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа тухайгаа албаныхан мэдээлсэн юм.
 

2.3 тэрбум орчим төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатуулжээ

Монгол Улсын иргэд  Хятад, Тайвань, Хонгконг зэрэг улсаас их хэмжээний  шүр, сувд, байгалийн үнэт чулуун эдлэл хулгайлсан хэргүүд гарсан тухай дуулиан саяхан дэгдсэн. Тодруулбал, Монгол Улсын иргэн Д гэгч өнгөрсөн оны тавдугаар сард Хонконгт болсон олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн танхимаас нийтдээ 19 ширхэг хэлхээ, 1396 грамм шүр хулгайлан, Монголд оруулж ирснийг хуулийнхан шалгаж байгаа юм. Тэгвэл албанхан өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Шинжинь хотод зохион байгуулсан гоёл чимэглэлийн худалдааны танхимаас 10 сая юань буюу 2.3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий сувдан эдлэлийг Э.Мөнхбат нарын дөрвөн хүн бүлэглэн хулгайлж, Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирэн хадгалж байсныг илрүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад нийтдээ 6480 грамм 3089 ширхэг сувд, 27 ширхэг байгалийн нил чулуу буюу амитисыг эд мөрийн баримтаар хураан авч, Эрүүгийн хуулийн 145.4 буюу “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан, онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад Э.Мөнхбат нь өнгөрсөн жил Тайванийн Тайпей хотын үнэт эдлэлийн дэлгүүрээс шүрэн эдлэл хулгайлсан нь тогтоогдоод байгаа тухай ч мэдээлсэн юм.

URL:

Сэтгэгдэл бичих