Сургуулийн насанд хүрэхэд тэдний сэтгэцийн байдал бусдыг түгшээж эхэлдэг

2efb028e930ae5b0originalХөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр ирэх сарын 3-нд тохионо. Эл өдрийг угтаж Баянгол дүүргийн тусгай 70 дугаар сургуулиас сурвалжлага бэлтгэсэн юм. Тус сургууль 1977 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 36 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Тусгай 70 дугаар сургуульд Баянгол, Сонгинохайрхан дүүргийн саажилттай болон оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүд хамрагддаг. Өнөөдрийн байдлаар тус сургуульд 215 хүүхэд суралцаж байгаа аж. Биднийг очиход сургалтын менежер Т.Наранчимэг хүлээн авч, сургуулиа танилцуулсан юм. Сургуулийн барилга нэлээн хуучирсан учир шинээр өргөтгөл барьжээ. Өргөтгөлийн барилгын ажил дуусч, улсын комисс хүлээгээд авчихвал шинэ байрандаа орох гээд багш, хүүхэдгүй л бөөн баяр хэмээн тэрбээр өгүүлсэн.

Анги танхим, ширээ сандал нь ч хуучирсан харагдана лээ. Өглөөний ээлж тарж, ахлах ангийн хичээл орох гэж байхтай зэрэгцэн очсон болоод ч тэрүү нам гүм, эл хульхан байв. Сургалтын менежер бэрхшээл тоочихыг урьтал болгосонгүй. Тэрбээр “Бид аль болох л нөөц бололцоогоо ашиглаад өөрсдөө асуудлаа шийдвэрлэж байна. Хамгийн гол нь удахгүй шинэ өргөтгөл ашиглалтад орно. Бас хүүхдүүдээ гэр сургуульд нь зөөх автобус бараг шийдэгдчихсэн. Хүүхдийнхээ сурах орчинг ая тухтай байлгах нь чухал” хэмээсэн юм.

Хэн ч харсан эрхтэн бүтэн эрүүл саруул хүүхдүүд. Хүн болж ирэхэд нь хорвоо хатуурхжээ гэмээр. Хүний хувь тавилан бурхны зураг төөргөөр өөр өөр байдаг гэлцдэг. Эдгээр хүүхдүүд ч гэсэн тэр л зураг төөргөөрөө явж байгаа нь энэ биз хэмээн бодогдох. Тиймээс эдгээр хүүхдийг “эргүү, мангар”-аар дуудах эрх надад бас таньд таны эрүүл саруул өсч яваа хүүхдэд ч байхгүй гэдгийг энд онцолж хэлэхийг хүслээ. Ийн хэлж байгаагийн учир нь энэ хүүхдүүд бусдын л адил инээж, тоглодог бас ичиж, уйлдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх дэлхий нийтийн чиг хандлага өөрчлөгдөж байна гэж ярих.

Харин манай улсад хэзээ, хаана, яаж өөрчлөгдөөд байна вэ. Эрүүл саруул бидэнд мэдрэгдэхгүй байхад эдгээр хүүхдэд яаж мэдрэгдэх билээ. Гудманд тоглох бүртээ хэн нэгэнд шоглуулж, үеийнхэн нь зайгаа барих тэр л ганцаардсан хийгээд сэтгэл эмзэглүүлсэн мэдрэмжийг авч байна шүү дээ. Ийм байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн, хүн амын сэтгэл зүй өөрчлөгдсөн гэж хэлнэ гэж үү. Оюун ухааны бэрхшээлтэй хүмүүсийг гаднаас нь харахад эрүүл саруул харагдах мэт боловч харилцаанд ороод ирэхээр мэдрэгддэг байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн насанд хүрэхэд тэдний сэтгэцийн байдал гэр бүл, ойр дотныхныг нь түгшээж эхэлдэг гэсэн үг. Энэ үеэс л бусдад “тэнэг, мангар, эргүү”-гээрээ дуудуулж, нүд үзүүрлэгдэж эхэлнэ. Одоогоос арав гаруй жилийн өмнө профессор Ж.Раднаабазарын хийсэн судалгаа гаар манай улсад 52 мянган хүн сэтгэл мэдрэлийн ямар нэгэн гажиг, хэвийн бус сэтгэц, оюуны хомсдолтой байгааг тогтоожээ. Үүнээс 22 мянга нь оюуны хомсдолтой, тэдгээрийн 88 хувь нь 16-гаас доош насныхан байгааг тогтоосон байдаг. Тэгвэл дэлхийд 50 сая гаруй хүн оюуны хомсдолтой байгаа нь нийт хүн амын нэг хувийг эзэлдэг ажээ. Үүнээс хойш нарийн хийсэн судалгаа үгүй юм билээ. Ийм хүүхэдтэй гэр бүлийнхэн хүүхдэдээ зөв хүмүүжил олгож чаддаггүй, тэдэнтэй хэрхэн харилцах, хөгжүүлэх арга барилыг эзэм шээгүй, гэр бүлийн хэвийн харилцаа алдагдсан, эцэг, эх нь сэтгэл санааны хүнд дарамтад байдаг зэрэг бэрхшээлүүдтэй түгээмэл тулгардаг байна. Гэтэл нөгөө талаар оюун ухааны эмгэг, согогтой хүүхдүүд гэр бүлдээ олон янзын байр суурийг эзэлдэг аж. Тухайлбал, зарим нь хэт бөөцийлж, шоовдорлодог гэр бүл байхад эсрэгээрээ үр хүүхдээсээ ичиж, эмээж нийгмээс ангид тусгаарладаг ч аав, ээж байдаг байна. Багш нарын хэлснээр амьдралын төвшнөөс дээгүүр орлоготой айл оюуны бэрхшээлтэй хүүхдээсээ ичиж, нийгмээс тусгаарлах нь их байдаг болохыг дурдсан.

МЭРГЭЖИЛДЭЭ ДУРТАЙ, ХҮҮХДЭД ХАЙРТАЙ
БАГШ БАЙХ ШААРДЛАГАТАЙ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуульд 40 гаруй мэргэжлийн согогзүйч багш бий. Өмнөх нийгмийн үед эдгээр багш ОХУ-д сургууль төгсч ирсэн цагаасаа хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа гэсэн. Багш нарын нас дээр гарсан учир удахгүй тэтгэвэртээ гарна. Тиймээс шинэ залуу боловсон хүчин дутагдалтай, шинээр бэлтгэж, гаргахгүй байгаад харамсч байна хэмээсэн. Тодруулбал, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай улс дотооддоо болон гадаадад энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгээгүй аж. Тус сургуулийн хамгийн залуу багш нь 1993 онд ОХУ-д төгсч ирсэн сургалтын менежер нь аж. Харин өнөө жилээс БШУЯ согогзүйч багш бэлтгэх нэг жилийн хугацаатай шинэ анги нээжээ. Үүнд багш нар ам сайтай байсан ч нэг жилийн хугацааг хангалтгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан юм.

Хүүхдэд хайртай, мэргэжилдээ дуртай хүн л энэ хүүхдүүдэд хичээл заана хэмээн тус сургуулийн ахмад согог зүйч багш Б.Энхтуяа учирласан. Түүнчлэн багш нар хүүхэд бүртэй ганцаарчилж хичээлээ заадаг учраас ихээхэн ур чадвар шаарддаг гэсэн. Тодруулбал, хүүхдийг танин мэдэхүйн, үйл ажиллагааны хөгжлөөр хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж гурван төвшинд хуваадаг байна. Тухайн хүүхдийн бие, сэтгэхүйн онцлогт тааруулж хичээлийн хөтөлбөрөө боловсруулдаг гэсэн үг юм. Бид Монгол хэл, уран зохиолын “9-б” ангиар орж багш, сурагчидтай уулзаж, ярилцлаа. Монгол хэл, уран зохиолын багш Чанцалдулам “Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүд мэдээж эрүүл хүүхдийн төвшинд аливаа зүйлийг сэтгэж, бодож, сурч чадахгүй. Тэр чадвар нь дутуу хөгжсөн байдаг.

Манай анги 10 хүүхэдтэй. Энэ хүүхдүүдийн дотор төрөлхийн, олдмол, саажилттай гээд янз бүрийн хүүхдүүд бий. Тэр бүхэнд нь тааруулсан сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгтэй болдог. Энгийн сургуулийн хүүхдүүд багшаар аливаа зүйлийг нэг эсвэл хоёр удаа хэлүүлээд ойлгоно. Харин бид нэг зүйлээ хэдэн арван удаа хэлж, ярьж байж ойлгуулдаг. Хэсэг хугацааны дараа нөгөө зүйлийг мартчихсан байх жишээтэй. БШУЯ-наас оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Математик-I”, “Монгол хэл-II” номыг гаргасан.

Хэдийгээр сайн хэрэг боловч олон янзын төвшинтэй хүүхдүүдэд нэг номоор хичээл заах боломжгүй” гэв. Энэ ангийн сурагч Д.Заяа охин “Би Монгол хэл, биеийн тамирын хичээлдээ дуртай. Харин хөдөлмөр, технологийн хичээлд дургүй. Биеийн тамирын хичээлээр олон гоё тоглоом тоглодог. Технологийн хичээлээр залхтал юм оёулж, бичүүлдэг учраас дургүй. Би том болоод ангийн багш шигээ багш болно гэж боддог” хэмээн өгүүлсэн. Бүгдээрээ л эрүүл саруул аав, ээжийн энхрий үрс харагдсан. Хэн ч харсан эргүү, мангар гэж гоочлохооргүй. Бид тэргэнцэртэй, хараагүй нэгнийг эргүү, мангар гэж шоглодоггүй шүү дээ. Гэтэл эрхтэн бүтэн хэрнээ хэн нэгнээс оюун ухамсар дутуугийнхаа төлөө эдгээр хүүхдийг үг хэлээр доромжилж бие махбод, сэтгэл санааны дарамтад оруулах учиргүй гэдгийг дахин сануулъя.

-Энэ үеэр согогзүйч, зөвлөх багш Б.Энхтуяатай цөөн хором ярилцлаа.

Б.Энхтуяа: МАНАЙ ЕБС-ИЙН БАГШ НАР
ЭНЭ ХҮҮХДҮҮДИЙГ ЭЕРЭГЭЭР
ХҮЛЭЭЖ АВДАГ БАЙМААР БАЙНА

-Манайд оюун ухааны бэрхшээлтэй хэчнээн хүн байдаг вэ. Тэр талын нарийн судалгаа бий юу?
-Яг тэд гэж хэлэх боломжгүй л дээ. Ямар ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүд олширч байгаа нь үнэн. Харахад эрүүл мэт боловч бусадтай харилцаанд ороод ирэхээр мэдрэгддэгт асуудал байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ багш нар шиг харилцаж чаддаггүй. Хүүхдээ юу хүсч, юунд тэмүүлээд байгааг ч мэддэггүй юм. Нэг үеэ бодоход хөгжлийн бэрхээлтэй иргэдийн талаарх нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж байна. Гэхдээ л оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авах сэтгэл зүй бүрэлдээгүй байна шүү дээ. Гудамжинд явахад нь үеийн хүүхдүүд нь шоглож байна. Манай сургуулийг төгсөөд МСҮТ, коллежид ороход гадуурхах үзэгдэл байнга давтагддаг. Багш нар нь хүртэл мангаруудын, үмхий сургуулиас ирсэн гэж гадуурхдаг. Гэтэл үнэндээ энэ хүүхдүүд мангар, эргүү биш гаргүй, хөлгүй хүмүүсийн адил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шүү дээ.

-Оюун ухааны бэрхшээлтэй болоход ямар хүчин зүйлч нөлөөлж байна вэ?
-Олон хүчин зүйлс нөлөөлдөг. Төрөлхийн оюуны бэрхшээлтэй нэгэн байхад олдмол ч байна. Олдмол нь осол аваар, гэмтэл, хүчтэй эм тариа хэрэглэснээс болдог. Мөн гаднын буюу гэр бүл, амьдардаг орчин ч нөлөөлдөг. Энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсч байна. Сургуулийн өмнөх бага насны хүүхдүүдийн дунд хэл ярианы судалгаа хийхэд маш олон хүүхэд хэл ярианы бэрхшээлтэй байгаа нь тогтоогдсон. Эцэг, эхчүүд хүүхдээ угийн хэл муутай, “р” үсэг хэлж чаддагүй гэдэг. Гэтэл үнэндээ энэ нь хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд байдаг. Ийм хүүхдийн хэл яриаг 4-5 насанд нь засахгүй бол хожим хойно засардаггүй. Тэр чигээрээ хэл муутай болдог.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТАЛААРХ
ДЭЛХИЙ НИЙТИЙН ЧИГ ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДСӨН.
ХАРИН МАНАЙ УЛСАД

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй бэрхшээл, тэдний эрх, хаана, хэрхэн зөрчигдөж байгаа талаар, түүнийг хамгаалах гээд олон төрөл, зүйлийн агуулгатай хурал, сургалтыг зохион байгуулж байна. Олон жилийн турш эдгээр асуудлыг ярьж, өдий хүрсэн. Ярьсных нь хэрээр эдгээр иргэд маань эрхээ хамгаалуулж, түүнийгээ эдэлж чадаж байна уу гэвэл үгүй. Өөрөөр хэлбэл, хөрсөн дээр бууж, зорьсон хүндээ хүрч чадахгүй байсаар байна. Манай улс одоогоос хоёр, гурван жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар арай илүү дуугарч, анхаарч ирсэн. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийн дуу хоолой нийгэмд үгүйлэгдсээр л байна. Харин өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань зүгээр суух биш хөдөлмөрлөж, ажил хийх хүсэлтэй болж ээ. Ар гэрийнхнийхээ хараа хяналт, хэн нэгний гарыг харж байснаас, хөдөлмөр эрхэлж нийгэмд өөрийн байр суурийг бий болгож, бусдаар өөрийгөө хүрээлүүлэх, хамт олонтой болох хүсэл эрмэлзэлтэй болсон байна.

Ийм хэмжээнд хүргэхийн тулд төр засаг нь аль аль төвшиндөө анхаарч, нийгэм нь байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй байгаа юм. Дэлхий нийтийн чиг хандлага өөрчлөгдсөн гээд байгаа нь ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдийг нийгмийн аливаа үйл ажилд оролцуулах, хөдөлмөрлөх эрхээр нь хангах, аливаа сургалтад суулгаж мэргэжил олгох гээд хувь хүн тал уруу нь хөгжүүлэх үйл явц уруу чиглэсэн. Өөрчлөлт гэдэг нь энэ юм. Хамгийн гол нь “Би гэр бүлдээ, өөрөө өөрийнхөө төлөө, бүр цаашлаад нийгэм, улс орондоо юу хийж чадах вэ” гэсэн хүсэл сэтгэлийг төрүүлэхийг чухалчлах болсон. Үүний тулд багаас нь суурь боловсрол олгож, бие даан хөдөлмөр эрхлэх, сурах, нийгэмших чадварыг олгох хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Суурь боловсрол эзэмшээгүй хүүхэд өсч том болсон хойноо бие даан аливаа зүйлийг хийх чадваргүй болдог учраас, хүний гар харсан нэгэн болж хувирдаг байна. Гэтэл манай иргэдийн сэтгэл зүй өөрчлөгдсөн үү. Эдгээр иргэдийг байгаагаар нь хүлээн авч, гадуурхаж нийгмээс ангид байлгахгүй байж чадаж байна уу. Үгүй шүү дээ. Өдөр тутам, цаг минут бүрт эрх нь зөрчигдөж байгаа нь үнэн.

Ядаж л бид хараагүй нэгэн тэмтчиж явахад гараас нь хөтлөөд зам хөндлөн гаргаад өгчихдөг бол, замын энхэл доголд тулаад зогсчихсон нэгэнд тусалчихдаг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээж авах сэтгэл зүй өөрчлөгдсөн гэж бардам ярьж, хэлж, бичиж болмоор санагдана. Гэтэл тийм биш. Туслах байтугай зайгаа барьдаг, холуур тойроод гардгаа бодохоор бид ямархан ядуу сэтгэлтэй, тарчиг ухамсартай юм бэ гэж хэлмээр. Энэ нийгмийн дотор байраа эзэлсэн, хэр хэмжээндээ таарч тохирох ажил, сургуульд сурч амьдрах эрхтэй монгол аав ээжийн үрс шүү дээ, тэд.

С.ДУЛАМСҮРЭН

URL:

Сэтгэгдэл бичих