”Бүтээлчид үү” эсвэл ”Хулгайчид уу”

Оюуны өмчийн хулгай, зохиогчийн эрхийг ярихаас өмнө монголын кино урлагийн эргэн тойрон дахь зарим асуудлыг хөндөх хэрэгтэй юм билээ.Шинээр дэлгэцэд гарч байгаа олонхи кино хуулбар байдгийг уншигчид надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа.
Гадаад дотоодын зохиолчдын бүтээлийг кино найруулагч “мальчик”-ууд хуулсаар цааш явах уу, эсвэл хулгайн киноны мастеруудыг таслан зогсоох уу гэдэг асуултыг хуулийн шатанд тавих нь зүйтэй. Бусдын дэлгэцийн бүтээлийг тэр чигээр нь бүр гаднах рекламны зурагтай нь хулгайлсан “урт гартнууд”-ыг хөдөлшгүй баримтаар түмэнд дэлгэх нь сэтгүүлч бидний үүрэг.
Үүнд нэг бус удаа бусдын бүтээл, гадаадын кинонуудыг “хулгайлдаг” хүмүүс багтана. Сэтгүүлч, кино зохиолч Д.Төрмөнхийн нэгэн сонинд өгсөн ярилцлагад ч энэ тухай тодорхой дурджээ.
Тэрбээр “Манай кино найруулагчид их ядуулаг сэтгэлгээтэй.  Өөрөө кино зохиолоо бичээд, киногоо найруулаад, өөрөө гол дүрдээ тоглоод ахиухан мөнгө олохыг боддог. Гаднын киноноос шууд хуулна.Тиймээс тэдэнд монгол зохиолч хэрэггүй. Миний бичсэн кино зохиолыг авдаггүй шүү дээ. Кино бүтээхэд зөвхөн кино зохиолд л анхаарах хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Зохиолч Д. Төрмөнхийн 1997 онд бүтээсэн “Нохойн орон” нэртэй үйлийн үр, сэтгэлгээг харуулсан кино гадаад дотоодын 40 гаруй орны шагналыг авч байснаараа манай дэлгэцийн урлагт түүхэн дээд амжилт тогтоосон юм. Тэрбээр “Бодлын хулгайч”, “Лардьма” зэрэг киноны зохиол бичиж үзэгчдээс томоохон үнэлгээ хүртсэн.
Ер нь кино бүтээхэд хамгийн гол нь кино зохиол байдаг гэдэг “дүрэм” монголын кинонд эсрэгээрээ байна. Гаднын бүтээлийг энд тэнд нь хольж хутгаад хуулаад л дээр доор нь оруулж хулгайлаад л хийчихдэг болохоор манай дэлгэцийн бүтээлд өдгөө Өвөрмонгол ахан дүүсийн бүтээсэн “Туяагийн гэрлэлт” кино шиг нүүр тахлах стандарт хэмжээ-ний кино, дундаж бүтээл гарсангүй.
2008 онд “Боолын гэрээ” гэдэг кино зөвхөн Монголдоо л тасархай болсон аж. Зураг авалт, жүжигчдийн тоглолт, мөнгө зарлагадсан байдал нь бусад киноноосоо илүү гэж хэлж болно. Харин кино зохиолын хувьд үнэхээр инээдэмтэй. Мафийн бүлэглэлийн боссын амийг нь аварсан хоёр өнчин залууг угтаа насаар нь өнгө мөнгөнд хөрвүүлж, эрхлүүлэн харж үзмээр.
Тэгтэл мафийн толгойлогч “Та хоёр миний өрсөлдөгчийг алахгүй бол амь настай чинь ярина” хэмээн дарамталж байх жишээтэй. Өөрөө гэмт хэргийн том бүлэглэл атгаж байж, амийг нь аварсан өнчин залуусыг хөлсөлж байдаг нь кино зохиолын зөвтгөл хийгээд жанжин шугамыг зөрчсөн байлаа.
“Микроны босс” гэдэг кино өнгөрсөн намар нээлтээ хийсэн, овоо хөөрхөн мөнгө олох шиг болно лээ. Дан залуус нэгдэж анх кино бүтээсэн гэхэд гадаад дотоодын бүтээл хусаагүй, хэл ам татлаагүй нь сайшаалтай. Гэхдээ уг кинонд мэдрэмжтэй, авьяастай зохиолч ажилласан бол “Микроны босс” кино энэ ондоо байлдан дагуулах байв.
Адаглаад л текст, диалог дээр нь мэргэжлийн зохиолч “ороогүй” нь шууд мэдрэгдсэн. Эхнэр нь халтууранд явсан нөхөртэйгөө нэг үг хэлээд л “хайр аа” гэх. “Хоол ид хайраа, даарав уу хайраа, халууцав уу хайраа, унтах уу хайраа” гэх. За энэ ч яахав, мань мэтийн зохиолыг хусчихаагүй бол луувангаа ч иднэ үү, лаагаа ч иднэ үү, тэдний дур.
Манай киночдын хувьд бүгд тойрч суугаад “Чи тэгнэ, дараа нь чи ямар ч яадгийн нэг үг олоод хэлчих. Тэгээд хэрэл дээрэй” гээд мөрийн хөтөлбөр, схем бичээд л кино үйлд вэрлэдэг хуультай. Харин дэлхийг байлдан дагуулдаг кино яаж бүтдэг вэ. Ихэнх кино найруулагчид тууж, роман, өгүүллэг, жүжиг, тэр бүү хэл үлгэрээс сэдэвлэн киногоо бүтээдэг.
Зохиолчийн, эх бүтээлийг 30 хувь өөрчлөх нь кино найруулагчийн эрх гээд “Кино зохиолчдын библи” номонд тодорхой бичсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл кино зохиолын амин сүнс, эхлэл, өрнөл төгсгөл, ноён нурууг “шүүрсэн” бол яаж хутгах нь найруулагчийн мэдэл юм.
Ерээд оны эхээр Холливудад ашиг орлогоороо тэргүүлсэн найруулагч Гэрри Маршалын “Pretty woman” буюу “Хөөрхөн хүүхэн” киног монголчууд бүгд мэднэ. Хожим “Pretty woman” киноны найруулагч Гэрри Маршал “Энэ киноны зохиолыг би Үнсгэлжингийн үлгэрээс сэдэвлэн бүтээсэн” гэж “Peоplе” сэтгүүлд өгсөн ярилцлага нь Холливудад нэлээд шуугиан тарьж байлаа.
Нэртэй кино найруулагч, продюссерын санаанд огт буугаагүй үлгэрээс кино бүтээх үе Америкт 1990-1995 оны хооронд хэд хэдэн удаа давтагдсан байдаг. Бидний хүүхэд ахуй цагийн Зөвлөлтийн мультфильм болох “Алиса ба долоон баатар” үлгэрийг Америкчууд зохиогчийн эрхийн дагуу “Долоон одой ба Цасангоо” нэртэй хүүхэлдэйн кино, уран сайхны кино бүтээсэн.
Гэхдээ Уолт Дисней компани Оросоос зохиогчийн эрхийн зөвшөөрөл авсан гэдэг. Зохиолч, зохиогчийн эрхийг нэн түрүүнд анхаардаг улс орнууд ийнхүү аливаа бүтээлийг бүтээхдээ эх зохиолдоо илүү их анхаардаг нь энэ бүхнээс харагдаж байгаа юм. Тэр бүү хэл өндөр хөгжилтэй оронд зохиогчийн эрхээ барьцаалан банкнаас зээл авч болдог гээд бод!
Гэтэл манай уран бүтээлчид Холливудын хэмжээнд хүрч сэтгэхээ байг гэхэд жалган дотроо л бие биеэ хуулбарлаад, хулхидаад амьдардаг. Тиймээс өдгөө оюуны бүтээлийн рецедив хулгайч, найруулагчдыг кино урлагийн тогооноос хогийн сав уруу “чулуудах” мөн хуулийн хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал.
Харин өнөөдрийн байдлаар зохиолчдын бүтээлийг “тэд” хулгайлчихаад урдаас нь шууд л “Битгий хуц, яваад заргалдаарай, новш минь юм олж долоохыг чинь харна даа” хэмээн гар занган, зүхэж доромжилно. Нэгэн баримтыг сөхөхөд отгон гавьяат жүжигчин Д.Хүрэл хүүгийн бүтээсэн “Тагнуулч аав” кино дэлгэцэд гарчээ.
Харамсалтай нь гавьяат жүжиг чин маань хаяагаа хадарсан үйлдэл нь баригдсан ч зохиолч Д. Төрмөнхийн хэлсэнчлэн ядуулаг сэтгэл гээндээ баригдаад киноных нь эх зохиолыг бичсэн зохиолчийг өнөө хэр үгүйсгэж яваа юм.
Анх тэрбээр зохиолч залуутай утсаар холбогдож, зохиолыг нь хулгайлсныг хэлэхэд “Энэ зохиол миний тархины мухарт хадгалагдчихсан байсан юм. Бодоод байсан чинь чинийх байж л дээ” хэмээн түмэнтээ буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Гэтэл ердөө хоёр хоногийн дараа хэлсэн үгнээсээ буцаж, ичих ч үгүй “Бид энэ киноныхоо санааг тойрч суугаад ярилцаж байгаад гар гачихсан” хэмээн доромжлоод авч. Ганц энэхүү кино зохиолыг ч бус урд өмнө Д.Хүрлээ өнөөх зохиолчийн бүтээлийг уншиж хэдэн жил амьдарч.
Ингэхдээ юм л бол “Би зохиосон” гээд л яриад явсан юмсанж. Мөн Д. Хүрэлхүүтэй хамтарч уг киног найруулсан Д.Галбаяр гэгч амьдралдаа ердөө гуравхан уран сайхны кино найруулсан бөгөөд харамсалтай нь гурвуулаа хуулбар кино байсан нь илрээд байна.
Анх “Хайрын рекорд” хэмээх киногоор эхэлсэн бөгөөд өнөөх нь Америкийн “The invention of lying” киног тэр чигээр нь бүр рекламыг нь хүртэл үлдээлгүй хуулчихсан аж. Зохиогчийн эрхийг авалгүй ингэж “а, б”-гүй хуулж байгааг цэвэр хулгай, дээрэм гэхээс өөрөөр тайлбарлах арга алга. Анхны бүтээлээ хулгайн гараагаар хар мөр татуулан эхэлсэн тэрбээр ахиад хэний ч бүтээлийг “хуссан” надад хэн юу хэлэх вэ хэмээн бодсон бололтой.
Д.Галбаяр нь ахин хулгайн кино нухахдаа, өөрийн гэсэн үзэгчид, фэнтэй “ТВ коктейль” хамтлагтай хамтарч “Намрын синдром” хэмээх кино хийж. Гэхдээ олон түмэнд багагүй нэр хүндтэй хамтлагтай хамтарч киногоо босгох гэсэн боловч эсрэгээрээ шороотой хутгаад хаячихсан. Энэ бол Энэтхэгийн “Достана” киноны нэгэн муу хувилбар болох “Намрын синдром” байв.
Ард түмнээсээ шүүмжлэл хүртсэн “ТВ коктейл”-ийн жүжигчин Б.Цолмонбаяр “Бид анх кино зохиолыг нь уншихдаа хуулбар бүтээл гэж мэдээгүй ээ” гэж үзэгчдээс уучлал гуйсан нь уран бүтээлч хүнд байдаг совесть, жудаг юм. Д. Галбаяраас гадна гадаадын киног хайр найргүй хуулбарлагчийг тоолоод байвал баршгүй.
Хамгийн чухал нь хулгай хийсэн хүмүүсийг эрүүгийн хуулиар хатуу шийтгэдэг, харин оюуны хулгайг хэдэн удаа давтан хийсэн ч хариуцлага тоо цохгүй өнгөрдөгт байгаа юм. Өмнө нь рекламны гавьяат Д.Хүрэлхүү “Гоёлын даашинз” нэртэй киногоо Холливудын “Сая долларын даашинз” гэдэг киноноос хумсалсан.
Энэ үед Д.Хүрэлхүүд ямар ч хариуцлага тооцоогүй учраас мань эр “Тагнуулч аав” киногоо хийх дээ зохиолч Д. Буянгийн “Эвлэрүүлдэг компани” зохио лыг зөвшөөрөл авалгүй сэмхэн хуулсан. Анх удаа гавьяат Д.Хүрэлхүү найзынхаа хормой доогуур гар сунгав уу гэвэл бас тийм биш юм.
Тэрбээр урд өмнө “Боолын гэрээ”, ”Гоёлын даашинз”, “Цасан охин” гэх кинонд продюссер хийжээ. “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” кино нь Холливудын хуулбар бүтээл гэдгийг кино шүүмжлэгч, кино найруулагч А.Миеэгомбо баталж байв. “Гоёлын даашинз” гэдэг кино нь ерээд оны дунд үед Америкт шуугиулж явсан “Сая долларын даашинз” гэх киног урд хойно нь оруулаад хулгайлсан.
Их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий гэдэг шиг рекламын зургийг нь хүртэл туучихсан байгаа юм. Гадаадын том бүтээлийг хулгайлж түрийвчээ түнтийлгэсэн жүжигчин Д.Хүрэлхүү “Цасан охин” гэх киног хийжээ. Энэ кино нь “Four Christmases” нэртэй 2008 онд Холливудад бүтээсэн кино болох нь илчлэгдсэн.
“Four Christmases” кинонд нэрт жүжигчин /Шаргал үст киноны гол дүр/ Reese Witherspoon болон Vince Vaughn нар тогложээ. Хошин урлагт өөрийн байр сууриа алдаж, кино урлагт мөнгө хайж орсон Д.Хүрэлхүүгийн эцэстээ найзын хаа зохиолыг хулгайлснаар мөдхөн шүүхийн хаалга татах гэж байгаа нь энэ юмсанж.
Ийнхүү киночин нэртэй гадна дотнын зохиол, бүтээлийн санааг хумслагчид дэлгэцийн урлагт оршсоор байх уу гэдэг асуултыг уншигч танд үлдээе.
В.Нэргүй 
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих