Хамтрагч болж байна уу, Гай болж байна уу?
Улс орны эдийн засаг уруудан, өр зээлэндээ баригдаж, нийгмийн амьдрал доройтож байгаа нь олон учир шалтгаантай. Мэдээжийн хэрэг эрх баригчдын буруутай үйл ажиллагаа юуны өмнө тавигдана. Нөгөө талд хамтрагчдын гай гэж юу юунаас илүү зүйл бий.
АН өнгөрсөн сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан ч Засгийн газраа дангаараа эмхлэн байгуулах хэмжээний суудал авч чадаагүй. Тиймээс олонхи болсон улстөрийн хүчин ямар нэгэн улстөрийн хүчинтэй хамтран засгаа байгуулах дүрэмтэй.
Юутай ч олонхи болсон АН Монголын улстөрийн түүхэнд чамгүй суудал авч, гурав дахь хүчин болж орж ирсэн “Шударга ёс” эвсэл, парламентад хоёрхон суудалтай ИЗНН-ыг хамтрагчаараа сонгосон. Эдгээр гурвалсан хүчин Засгийн газраа байгуулаад нэг жил хагасын хугацаа өнгөрөхөд улс орны амьдрал уруудсан уу гэхээс өөдөлсөнгүй.
Улс орон даяар хэрэгжүүлж байсан олон том төслийг царцааж, шинээр хийх гэсэн оролдлого нь маш том хохирол болов. Тодотгож хэлбэл, бусдын хийснийг буруутгаж, зөвхөн өөрсдөө хийж байгаа мэтээр харагдуулах гэсэн нь ийнхүү эдийн засгийг ч элгээр нь хэвтүүлэв. Төрийн залгамж чанар энэ тэр бол ярилтгүй.
Юуны өмнө “шинэчлэгчид” маань дэлхийн зах зээл дээрээс таван тэрбум ам.долларын бонд гаргаж, 1.5 тэрбум ам.долларыг өөрийн дансандаа оруулав. Уг нь бүтээн байгуулалт нэрийн дор оруулж ирсэн энэ мөнгөөр дорвитой ажил хийгээгүй байхад л хүүгийн өрөнд 100 гаруй тэрбум төгрөг төлсөн байхад хамтрагчид дуугүй л аялдан дагалдав.
Хогийн уут, гудамжны цэцэг гэх мэт аар саархан зүйлд хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулж, үр дүнгүй ажил хийсэн. Хамтрагчид мөн л дуугүй аялдан дагав. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаад байхад хамтраад л хууль зөрчиж байснаас өөр юу ч дуугарсангүй.
Энэ мэт олон зүйлд хамтрагчид аялдан дагасаар өнөөдрийн төрхийг бий болгов. Хамтрагч “Шударга ёс”-чуудад хуваарь ёсоор Сангийн, Эрүүл мэндийн, Эрчим хүчний гэсэн гурван яам оногдсон. Харин нөгөө хамтрагч ИЗНН-д Байгаль орчин ногоон хөгжлийн гэх яамдыг хариуцуулсан.
Тэгэхээр хамтрагчдын өнгөрөгч хугацаанд хийсэн ажлыг цухас дүгнэх нь зүйн хэрэг. Нөгөө талаас улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал уруудахад ямар нөлөөлөл үзүүлсэн бэ гэдгийг тунгаах цаг аль хэдийнэ болсон. Улсын мөнгөний бодлого алдагдаж, төсвийн зарлага хоёр их наяд төгрөгөөр өсч байхад Сангийн яам ямар ч арга хэмжээ авах оролдлого хийсэнгүй.
Хатавчийг нь бараадаж байгаагаа их юм гээд чимээгүй сууж байв. Амь зогоох ганц арга нь энэ болохоор өөр арга ч байдаггүй бололтой. Засгийн газар цалин тэтгэврийг нэг ч удаа нэмсэнгүй. Энэ тухай ганц ч үг цухуйлгаагүй. Төсөв хэлэлцэх үед ирэх онд цалин тэтгэвэр нэмэх зориулалтаар 200 тэрбум төгрөг гаргахаа Ерөнхий сайд дуулгасан.
Энэ тухай Сангийн сайд нь мэдээгүй байх жишээтэй. Уг нь тэдний амлалт ёсоор бол цалин тэтгэврийг 30 хүртэлх хувиар нэмэх учиртай ч ирэх онд гаргаж чадах мөнгө нь дөнгөж найман хувиар л нэмж чадах мөнгө гэдгийг тооцож гаргасан. Валютын ханш огцом өсч, 1700 төгрөг давчихсан байхад Сангийн яам ямар нэгэн нөлөөлөл үзүүлсэнгүй.
Энэ бүгдэд хамтрагчийн байр суурьтай Сангийн яамыг буруутгахаас өөр аргагүй. Шуудхан хэлэхэд бүхэл бүтэн гүрэн улсын Сангийн яам мөнгөний бодлогод огтхон ч нөлөөлж чадсангүй. Үүгээр ч зогсохгүй уруудаж байгаа эдийн засгийг аврах тухай ямар ч ажил хийсэнгүй.
Эрүүл мэндийн салбарт урьд өмнө гараагүй жигтэй үзэгдлүүд энэ Засгийн газрын үед л гарлаа. Улс орны чухал салбар болох эрүүлийг хамгаалах салбар хаашаа яваад байна вэ.
Өвчтөнийхөө гэдсэнд даавуу хийж оёсон, согтуу сувилагч халуун усанд нярай хүүхэд түлж алахаа шахсан, эмч ажилтнуудын дарга, сайдыгаа эсэргүүцсэн жагсаал цуглаан гээд олон зүйлийг дурдаж болно. Юутай ч энэ салбарт хүнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт болон эрүүл мэндийн салбарт ямар нэгэн аян өрнөөгүй гэдийг иргэд бүгд мэднэ.
Яахав ганц нэгэн барилгын шав тавьж, тууз хайчилсныг эс тооцвол өөр цохож хэлэх юу ч алга. Нөгөө нь бялуу хуваарилалтаар орж ирсэн Эрчим хүчний яам юм. Өнөөх тавдугаар цахилгаан станцыг ганц гацааж байгаа газар. Тэр ч бүү хэл энэ өвөл хот дулаан өвөлжих эсэхэд эргэлзээтэй л байна.
Ямар сайндаа Эрчим хүчний яам тавдугаар цахилгаан станцыг барих төслийн дагуу байгаль орчны үнэлгээ хийлгэх гээд нөгөө нэг хамтрагч Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд бичиг баримтаа өгсөн байгаа юм. Гэтэл хамтрагч яам маань материал дутуу гээд гацаачихсан.
Уг нь энэ жил суурийг нь тавих нь гэж ард түмэн их л хүлээсэн. Энэ хүрээнд олон ажил нурж унасан. Олон жилийн өмнөөс эхэлсэн орон сууцжуулах хөтөлбөр хөрөнгө мөнгөндөө бус газар, инженерийн шугам сүлжээ зэрэг бас бусхан шалтгаанаас болоод зогсчихоод байгааг тэр бүр ойлгохгүй л байна.
Гэтэл хамтрагч Эрчим хүчний яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам дараагийн эх үүсвэрийг бий болгохын төлөө нэг ч явсангүй. Харин ч эсрэгээрээ уран олборлох, цөмийн хог хаягдал булшлахыг дуугүй хараад л сууж байгаа. Ийм хамтрагчтай байхад Засгийн газрын ажил хэзээ ч урагшаа явахгүй.
Нөгөө талд эдийн засгийн байдал ч улам дордоно, нийгмийн амьдрал ч уруудна. Ерөөсөө аливаа Засгийн газар хамтрагчаа зөв сонгож гэмээнэ улс орны амьдрал өөдөлдөг жишгийг ард түмэн харж л суугаа.
С.Баяр
Эх сурвалж:
URL: