Ж.Шинэндэнцэл: Улаанбаатарт муу энергитэй 20 цэг бий

5b2200ba6ee55d01great

Т.БАТСАЙХАН

“TV-9 телевиз”, Замын цагдаагийн газар, “Жанчивдэчинлин” хийд хамтран  “Ариун буяны мөрөөр” нэртэй нэвтрүүлэг хийж байна. Тэд Улаанбаатарт хар цэгээр тэмдэглэгдсэн 20 газарт очиж ном уншиж, газар лусыг нь тахиж байгаа юм. Хар цэгээр тэмдэглэгдсэн газарт зам тээврийн осол гарах эрсдэл өндөр байдаг төдийгүй, эрдэнэт хүний амь эрсдэх гээд байдаг талтай аж. Энэ талаар “Жанчивдэчинлин” хийдийн хамба лам Ж.Шинэндэнцэлтэй ярилцлаа.

 

-Танай хийд хар цэгээр тэмдэглэгдсэн газруудад ном уншиж, лус савдагийг нь тахиж байна. Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө хийж байгаа томоохон буян байх?

-2008 онд манай хийдийн гурван лам 108 хоног хээрийн даян бясалгал хийгээд ирсэн. Хүн амьтанд хорлол үзүүлээд байгаа хээрийн хий биетүүдийг номхруулсан. 2013 онд зургаан шавь маань яваад ирлээ. Ингэж лүүжин уншдаг лам болдог юм.  Тэдэнтэйгээ хамтран ард нийтийнхээ тусын тулд ажлаа эхлүүлээд явж байна. 2012-2013 оны судалгаагаар зам дээр нас барсан хүний тоо 369 байна. Замын цагдаагийн газар дээр хар цэг гэж тэмдэглэсэн 20 газар бий.  Үүнийг судлахаар харагдах орчин муу, гэрэлтүүлэггүй зэрэг зүйл анзаарагдсан. Гэхдээ асуудлыг замын цагдаагийнхан шийдвэрлэж байгаа ч зам тээврийн осол гарсаар байна.  Тиймээс номын хүчээр номруулах санал гарган ажиллаж байна. Хар цэгээр тэмдэглэсэн газруудад газар лус нь муу үйлд дуртай, хүнд хорлол үзүүлэх тусам газар лус нь баярлаад байдаг болчихжээ.

-Тухайн газруудадямар ном уншиж байна вэ.  Одоогоор хэдэн газар уншив?

-Хамгийн сүүлд Налайхын Хонхорт уншсан. Лүүжин хурж байна. Тухайн газруудад хангай дэлхий газар лус нь догширсон, хүний болох бүтэхгүй үйл ажиллагаанаас болоод элдэв гүйдэл, тийрэн, албин,  чөтгөр шүглэсэн байдаг. Түүнийг номын увидасаар өөрийн биед дуудан авчирч байгаад номонд оруулан номх­руулж байгаа хэрэг. Үү­гээрээ Лүүжин цаг­лашгүй хүчтэй ном байгаа юм.

-Лүүжингээс өөр ном унших уу. Энэ номны тухай жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Өөр номоор номх­руулж болдог. Гэхдээ тэрхэн хугацаанд ном­хорч байгаа мэт боловч хэсэг хугацааны дараа муу сэтгэл нь эргээд хорлол үзүүлэх нь дам­жиггүй хэмээн  үздэг юм. Харин Лүүжин муу муухай бүхнийг сайн замд нь оруулдгаараа онцлогтой. Энэ номоор номхорсон бол эргэж хорлол үзүүлдэггүй гэсэн үг. Мөн энэ номын хүнд нөлөөлөх нь цаглашгүй юм. Архи дарс, идээ цагаа, хэл ам, хормойн дэв гээд 499 төрлийн  бузар бүхнийг арилгана. Мөн түүнээс нөлөөлөх 499 төрлийн муу гэмийг номхотгодог. Лүүжинг уншуулсан тохиолдолд хийморийн сан тавиулах шаардлагагүй.  Хүнд бүхий л эерэг нөлөөллийг бий болгодог.

-108 хоног хээрийн даян бясалгал хийсэн лам Лүүжин тавих эрхтэй болдог гэсэн.  Танай хийдэд эрхтэй лам олон байна уу?

-Бурхны шашин таван салбартай. Гэхдээ тэд нэгэн уулын оргил руу таван зүгээс  нь мацаж байгаа. Тэд төгс гэгээрэлд хүрч 84 мянган муу сэтгэлээ дарахын тулд явж байгаа хүмүүс. Очих цэг, зорилго нь нэг. Манайд шарын буюу судар ёс,  улааны буюу агь тарнийн ёс гэж бий. Бид улааны буюу агь тарнийн ёсоор буяны үйлээ хийж байна. Энэ төрлийн гол ном нь Лүүжин юм.  Өөрийн мах цус ясыг өргөлд тавиад  хий биетийг номын хүчээр баясгаж сайн төрлийг олуулдгаараа маш нандин дээдийн ном гэдгийг дахин хэлмээр байна.

-Хар цэг болсон газруудад ном уншиж байхад хий үзэгдэл, чөтгөр нь харагдах уу?

-Бид номондоо чин сүжигтэй ханддаг. Хар цэгийг харахад жалга дов дагасан, догшин уул усыг хөндсөн яг л хий үзэгдэл чөтгөр шуламтай гэсэн сэдлийг төрүүлж байна. Бид гадны нөлөөллийг мэдрэхгүйгээр номондоо орж уншдаг.

-Таныг Монголын хамгийн залуу хамба лам гэж хэлж болох байх. Хэзээнэээс буяны замыг сонгосон бэ?

-Хийдээ байгуулж байхдаа 20 гаруйхан настай байлаа. Тэр үед хамгийн залуу нь байсан байх. Харин одоо мэдэхгүй юм. Монголд маш олон сүм хийд байна. 1990 оноос хойш монголын иргэд шүтэх эрх чөлөөгөө олж авсан. Тэрнээс хойш шашныг хүчээр устгах гэж оролдсон. Гэхдээ шашин гэдэг яах аргагүй үнэн мөн чанартай дээдийн ном учраас сэтгэлийг нь угааж чадаагүй.  Би 1990 онд лам болсон. Амарбаясгалан болон Төв Ганданд шавилж байгаад 2005 онд Жанчивдэчинлин хийдийг З.Дуламжав Зоч Хандмаа ламтай нийлж байгууллаа. Одоог хүртэл тасралтгүйгээр буяны ажлаа хийж байна.

 

-Танай хийд олон залуу шавь нартай юм билээ. Энэ буяны мөрийг сонгон орж ирж байгаа хүүхэд олон байх шиг?

-Хүсэл сонирхолтой л бол бидний хаалга нээлттэй. Гэхдээ зарим нь маш буруугаар бодож орж ирдэг. Лам бол юу ч хийдэггүй, зүгээр суудаг мөнгө олдог гэж ойлгодог. Лам хүн өдөрт 15-20 цаг ажилладаг. Ном судраа үзнэ судална, бясалгана.  Сайн хөдөлмөрлөж байж сайн лам болно шүү дээ. Түүнийг ойлгоосой.

-Ажлынхаа үр дүнгийн талаар юу хэлэх вэ.  Номын хүчээр зам тээврийн осол багасвал сайхан байна?

-Хүмүүс “Энд ном уншсан болохоор дахиад осол гарахгүй, Сайхан болсон юм чинь хамаагүй явна” гэж ойлгож бо­лохгүй.   Үр дүн гарах байх. Нэг жилийн дараа судалгаагаа авна. Түүнийг харна, харьцуулна. Бидний энэ буяны үйлээс  сай­хан үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих