Д.Бат: ”Улаанбаатар” зочид буудал, Уртцагааныг Азийн архитектурын үнэт өвд бүртгүүлнэ

Монголын архитекторчдын эвлэлийн  дэд ерөнхийлөгч,  зөвлөх архитектор Д.Бат, Монгол Улсын зөвлөх архитектор, гавъяат барилгачин Д.Өлзийхишиг, архитектор Д.Нямцогт нартай   хот байгуулалт, хот төлөвлөлтийн талаар   ярилцлаа.
-Саяхан Азийн архтитекторчдын холбооны ээлжит уулзалтад оролцоод ирсэн та бүхний аяны богцын сонин сайхныг сонсъё?
-Аравдугаар сарын  5-13-ны хооронд Балба улсын Катманду хотод болж өнгөрлөө. Манай улсаас нийт  зургаан архитекторч очиж оролцоод ирсэн. Энэ удаагийн хуралдаанаар Азийн архитекторчдын залуу үе залгамж халаагаа хэрхэн бэлдэх,  өнөөгийн архтектурын бодлого, шинэлэг санаа зэрэг олон асуудлыг хэлэлцдэг.
Манайх эдгээр хурлуудад  байнга  амжилттай оролцож ирдэг. Түүнээс гадна  өнгөрсөн есдүгээр сарын  2-7-ны хооронд манай улсад эмэгтэй архтекторчдын Их хурлыг зохион байгуулсан. Одоогоор манай улсад 200 гаруй эмэгтэй архитектор байдаг.
-Хот байгуулалт, хот төлөвлөлтийн хамгийн гол  мэргэжилтнүүд бол архитекторчид. Тэгэхээр та бүхэнд өнөөдрийн хот байгуулалт санаанд чинь нийцэж байна уу?
Д.Бат:-Аль ч улсын ямар ч хот батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжих ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд улсаас тодорхой хэмжээний мөнгө төгрөг гаргаж байж хөгждөг.  Хотыг барилгажуулдаг  хууль улс болгонд бий. Бусад орны хууль болохоор төр, захиргааны байгууллагууд нь тодорхой эрх үүрэгтэй байдаг.
Манай оронд Барилгын  тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль бий. Гэвч УИХ, Засгийн газар, аймаг хотын засаг захиргаанд эрх өгсөн ч үүргийг нь тодорхойлж өгөөгүй. Ийм учраас дураараа дургидаг, хот байгуулалт, хот төлөвлөлт ямар ч зохион байгуулалтгүй болчихсон.
Хотын батлагдсан  ерөнхий төлөвлөгөөг авч явдаг хүн нь Ерөнхий архитектор байдаг. Энэ хүн бол өөрийн гэсэн мэргэжлийн албатай байх шаардлагатай.Тэр алба дотор нь газрыналбаныхан багтаж байх ёстой.
Энэ нь ямар учиртай гэхээр архитектор нь аливаа  барилга байшинг барихад  “Энэ газарт ийм юм барих учиртай” гээд цогцоор нь төлөвлөдөг байх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ.Газрын албаны дарга нь архитектороо удирддаг.
Газрын  албаныхан нь өнөө газрыг архитектор төлөвлөгөөгөө гаргахаас өмнө  кадасрын зурагт оруулчихдаг.  Уг нь кадастрын зурагт оруулахаасаа өмнө   тэнд барих байшин барилгын төлөвлөгөөг гаргах ёстой.Газрыг нь ямар ч тооцоо, төлөвлөгөөгүйгээр худалдаа наймааны хэрэгсэл болгочихсон.
Өнөөдөр бүхэл бүтэн зам тавьчих газрыг айлын хашаа байхад нь газрын албаныхан эсвэл  эрх мэдэлтнүүд нь кадастрын зураг гаргаад өгчихдөг.  Ингэхээр нөгөө газар  төлөвлөлт хийгдэх гэхээр өнөөх айлууд нь  “Энэ миний газар” гээд өчнөөн сая төгрөг нэхээд суучихдаг болсон.
Ийм учир хот ёсоороо хөгжиж чадахгүй, архитекторчид төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадахгүй байна.Эрх мэдлээ ашиглаж буй газрын алба, улстөрчид эрх мэдэлтнүүдээс болж хот тэр чигээрээ эмх замбараагүй байдалтай болчихсон.
Д:Өлзийхишиг:-Улаанбаатар хот хөгжиж байна уу гэвэл хөгжиж байгаа. Гэхдээ хөрөнгөжсөн, эрх мэдэлтэй компаниудын барилгаар л хот дүүрч байна.Эдгээр компаниуд Хятад, Солонгосоос зураг төслөө захиалдаг болсон.
Өөрсдийнхөө архитектор, эх орныхоо барилга зураг төслийн байгууллагуудыг тоохгүй, биднийг алгасаад явчихдаг.Өнөөх компаниуд нь манай орны цаг агаарын байдал, хөрс усны онцлогийг мэдэхгүй учраас өндөр өртгөөр нэг л их гоё байшин барилгын зураг төсөл гаргаад өгчихдөг.
Дээр нь архитекторын ямар ч санал бодол ороогүй нь харагддаг.Иймд товчхондоо хэлэхэд, хот хөгжиж байгаа биш ердөө л барилгажиж байна. Ганцхан жишээ хэлэхэд, та нар  40 мянгатаар яваад үзээрэй.
Гал түймэр гарах, гэнэтийн осол аваар болбол ямар ч тусламж авах боломжгүй болтол барилга барьсан байгаа.Машин явах байтугай хүн явах зайгүй болтол битүү баригдсан.
-Тэгэхээр энд өнөө л архитектурын бодлого  үгүйлэгдээд байгааг баталж байна уу?
Д.Өлзийхишиг:-Хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн л хийж буй ажил нь энэ шүү дээ. Дээр нь хотын Ерөнхий архитектор  гэдэг хүн ажлаа хийхгүй байгааг л харуулж байна. Нийслэлийн Засаг даргыг юу гэж хэлнэ, тэрийг нь биелүүлдэг тийм л хүн болж хувирсан.
Уг нь бол даргынхаа  өөдөөс “Архитектурын бодлого гэдэг маань ийм юм байдаг” гээд хэлчих хэрэгтэй. Одоо сүүлийн үед бүр мэргэжил ч байхгүй, туршлага байхгүй ийм хүнийг архитекторын албанд томилж байна. Гэтэл дэлхийн бусад хотууд яагаад ийм эмх цэгцтэй хөгжөөд байна гэхээр эн түрүүнд архитекторуудынхаа үгийг сонсч,  бодол санааг нь тусгадаг учир  ажил хэрэг болж чадаж байна.
Харамсалтай нь манайд Нийслэлийн Засаг дарга, хотын Ерөнхий менежер, Газрын албаны даргаас илүү л гарч чадахгүй байна.Ийм л зарчмаар Монголд хот байгуулалт хөгжихөөр дэвшил харагдахгүй байгаа юм. Номынхоо дагуу, шинжлэх ухаан, батлагдсан төсөв төлөвлөгөөний дагуу хот хөгжиж байна уу гэвэл би “Үгүй” гэж хэлнэ. Дахин хэлэхэд хот хөгжих бус барилгажиж л байна.
-Тэгвэл  энэ бүхнийг залруулах боломж байна уу?
Д.Бат:-Залруулах боломж гэвэл Ерөнхий архитектор гэх хүнийг ёсоор нь ажиллуулах хэрэгтэй. Дөрвөн жил тутам хольж солоод  байх хэрэггүй. Архитекторын албыг мэргэшүүлж өгөх хэрэгтэй. Аймгуудын ерөнхий архитектор хүн газрын албаны мэргэжилтэн гэдэг нэрээр газрын албаны даргад  захирагдаж явж байна.
Мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулж эхэлбэл хөгжих боломжтой.Сонгууль болох тоолонд аймгийн удирдлагууд солигдох бүрт мэргэжлийн архитекторуудыг халдаг.Энэ алдааг л засах хэрэгтэй.
Д.Өлзийхишиг:-Архитектор хүний санал бодлыг тусгаагүйгээс болж,  зураг төслийг нь буруу барьчихсан барилгууд хүртэл байна шүү дээ.Гаднах үзэмж сайхан ч жаахан чичирхийлэл өгвөл нураад уначихмаар барилга Улаанбаатарт маш их болж байна. Ийм байдлаар хөгжихгүй ээ.
Та нар Зайсанг очоод хараарай.Дархан цаазат уулаа нэг ч га газар үлдээлгүй битүү барилга босгочихсон.Уг нь нэг удаа чөлөөлж байсан юм.Гэтэл дараа нь дунд аваачаад нэг том шорон барьчихсан.Одоо бол дийлдэхээ больсон байна лээ.
-Сүүлийн үед манайхан хийц, гаднах үзэмжээ бодоод шилэн барилга их босгох болсон. Гэтэл хөгжилтэй орнууд шилэн барилгаас аль болох татгалзаж эхлээд байгаа?
Д.Өлзийхишиг:-Харин манайд бүх зүйл эсрэгээрээ байдгийн нэг жишээ бол шилэн барилгууд. Манайд одоо ид мода болж эхлээд байгаа биз дээ. Архитектор хүн зөвхөн тухайн барилга байгууламжийн гаднах  үзэмж, хийцийг голчилдоггүй. Хамгийн гол нь тухайн барилгад  хүнийг сайн сайхан амьдруулахын төлөө цогцоор нь хийж өгдөг.
Д.Бат:-Түрүүн ярианд  дурьдсан, гаднын архитекторуудаар зураг төслөө хийлгээд Монголын амьдралд нийцэхгүй байгаа нэг жишээг би хэлье. “Централ тауэр”  гэх энэ том барилга анх баригдахдаа бүх талаасаа шилэн барилга байсан юм.
Гэтэл энэ барилгын зураг төслийг гадаадынхан гаргасан бөгөөд манай орны  байгалийн онцлогийг тусгаагүйгээс болж, өнгөрсөн жил тус барилга гадна талдаа нэлээд өөрчлөлтийг хийсэн. Манай орон ихэнхдээ баруун хойноосоо салхилдаг учир  энэ барилгын баруун хойд талаа аргагүйн эрхэнд шилээ хавтанцраар битүүлж  сольсон.
 Нэг чигийн салхитай тул дулаан алдалт ихээр мэдрэгдэж, гаднаас нь харахад гоё ганган ч гэлээ дотор нь хүн ажиллах нөхцөлгүй болж ирсэн тул арга буюу хавтанцраар бүрсэн. Одоо үлдсэн наад хэсгээ мөн хавтанцраар сольж  байгаа. Тэгэхээр манай орны хувьд шилэн барилга төдийлөн тохиромжтой биш.Нөгөө талаар архитекторын бодлого үгүйлэгдээд байгааг баталж байгаа юм.
-Манай орны хувьд сүүлийн үед баригдаж байгаа барилга байшингууд үндэснийхээ онцлогийг тусгахаа больсон мэт санагддаг. Энэ талаар  та бүхэн юу гэж боддог вэ?
Г.Нямцогт:-Түүх,   соёлын дурсгал дотроос архитектурын дурсгал бол үл хөдлөх түүхийн дурсгал гэдгээрээих чухал байдаг. Манай орны хувьд архитектурын дурсгал багатай.Улаанбаатарын  хувьд гэхэд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Дамбадаржаа, Гандан хийд гэх мэт цөөн тооны үндэсний онцлогийг тусгасан уран барилгын цогцолборууд бий.
Эдгээр бүтээлүүд ЮНЕСКО-гийн хамгаалалтанд орох боломжтой.Харин энэ хамгаалалтанд авахад ямар шаардлага байдаг гэхээр хамгаалалтын тодорхой бүстэй байх ёстой.Гэтэл Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей бүгд хамгаалалтын бүсгүй болтлоо барилгад шахагдчихсан.
Монголын түүхийн хосгүй дурсгал, Монголд үлдсэн  хааны ганц ордон маань  ийнхүү  эрх баригчдын  замбараагүй газар олголтоос болж өнөөдөр ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлж чадахгүй байгаа.  Улаанбаатар хотын хэд хэдэн ерөнхийтөлөвлөгөө байдаг юм.
Тэр төлөвлөгөөн дээр арай ч ингэж төлөвлөөгүй байсан ч хэрэгжүүлж чадаагүйгээс өнөөдөр түүх соёлын хосгүй дурсгалаа дэлхийн соёлын өвд бүртгүүлж чадахгүй болчихоод байна шүү дээ.Уг нь ЮНЕСКО-д бүртгүүлчихвэл манай орны хувьд аялал жуулчлал болоод соёлын талд сул мөнгө орж ирнэ.
Харин хамгаалалтын бүсэд нь барьсан өндөр барилгын эзэд өөрсдөө л баяжина уу гэхээс хажуудаа байгаа түүх соёлын дурсгалыг огтхон  ч хайхрахгүй шүү дээ.  1979-1989 онд Сэлэнгэ аймгийн нутагт орших Амарбаясгалант хийд ЮНЕСКО-гийн  соёл дурсгалын өвд орж, төслөөс санхүүжүүлэн сэргээн засварласан.
ЮНЕСКО-гоос багагүй хөрөнгө мөнгө гаргаж тус хийдийг сэргээн засварлаж, 1991-1993 онд Гүрдаваа ренбүчи хөрөнгө гаргаж өнгө төрхийг нь  шинэчилсэн ч одоо ямар ч тордлогогүй болж, шувууны сангас баасаар дүүрэн, захаасаа нурж эхлэхэд хүрээд байна.
Гэтэл Амарбаясгалант хийд маань 1727 онд  баригдажэхэлсэн бөгөөд тухайн үедээ монгол урчууд инженерийн шугам шийдлийг гайхалтайгаар хийснээрээ аргагүй л дэлхийн түүх соёлын өвд багтах учиртай юм.
Борооны усыг зайлуулахдаа  шалан доогуураа гаргасан нь тухайн үед үнэхээр шинэлэг санаа болж чадсан байдаг. Амарбаясгалант хийдийн өнөөгийн байдалдССАЖЯ-аас анхаарал тавьж сэргээн засварлалтын зураг төсөл судалгааны ажлыг эхлүүлээд байгаа.
-Тухайн үеийн  барилга байгууламжийг түүх дурсгалын үнэт өвд оруулахдаа  тухайн улс орны архитекторын бүтээл гэж онцгойлон үздэг үү?
Г.Нямцогт:-Ер нь голлож харах зүйл нь тухайн улс үндэстний түүх соёлын онцлогийг хэрхэн харуулсан байдгийг  чухалчилдаг. Манай улсын хувьд буддын сүм хийдүүд ихэвчлэн байдаг.Богдын музей бол Монголын шашин төрийг хослон баригч сүүлчийн эзэн хааны ордон гэдэг утгаараа зайлшгүй орох ёстой.
Байшин барилга бол тухайн цаг үеийнхээ түүхийг илтгэж байдаг.Манайд  300 жил болсон барилга ч байна.   100 гаруй жилийн түүхийг өгүүлсэн барилгууд ч байна.Бөхийн өргөөний хажууд манай анхны холбооны байшин одоог хүртэл байна.Холбооны музей болгохоор бид сэргээн засварлаж байсан.
Дэмид жанжны байшин, Шастин эмчийн амьдарч байсан байшин гэх мэт түүх өгүүлэх байшингууд бий.Ийм түүхэн дурсгалт байшингууд манайд цөөнгүй боловч ямар ч сэргээн засварлалт, хамгаалалтанд байгаа нэртэй боловч ямар ч хамгаалалт байхгүй орхигдчихсон байдаг.Түүх соёлын дурсгалт өвд бүртгүүлэх гэхээр өнөө л хамгаалалтын бүсгүй болсон учир бүртгэх ямар ч аргагүй болчихдог.
-Эдгээр асуудлаараа төр засгийн удирдлагуудад хандаж үзэв үү. Уг нь аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл түүх соёлын дурсгалаа ч авч үлдмээр санагдах юм?
Г.Нямцогт:-Яам тамгын газар нь байдаг ч мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй. Бид байнга хөөцөлдөж, хамгаалалтын бүстэй болгож өгөөч гэж хүсэлт гаргадаг. Гэтэл нэг талаас нь чөлөөлөхөөр нөгөө талаас нь барилга байшин баригдаад эхэлчихдэг. Үнэндээ дийлэхгүй  байна.
Д.Бат:-Мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохгүй байгаагийн илрэл. Үнэндээ Монголд ирж буй жуулчид байгаль үзэх гэж ирэхээс бус бусад орных шиг тэр олон жил болчихсон түүх соёлын хосгүй дурсгалыг үзэх гэж ирэхээр тэдгээр нь үнэндээ байхгүй болчихоод байна.
Гэтэл жуулчид хамгийн их очдог газруудын байшин барилга  дор хаяж 300, 400 жилийн түүхээ өгүүлээд байж байдаг. Бусад орнууд эртний түүх соёлоо өгүүлсэн барилга байгууламжуудаа төлөвлөгөөтэйгээр сэргээж байна.Манайд бол  хуучны  юмыг сэргээнэ гэсэн ойлголт байхгүй. Улам л нэмж нураах л сонирхолтой.
-Гэхдээ л та бүхэн мэргэжлийн хүмүүсийнхээ хувьд, зөвхөн төр засгийг хараад байлгүй ЮНЕСКО-гийн үнэт өвд цөөн ч гэсэн  барилга байгууламжаа бүртгүүлснийг сонсоход таатай байлаа. Одоогоор манай улсаас хичнээн өв бүртгэгдээд байгаа вэ?
Г.Нямцогт:-Орхоны хөндийн цогцолбор газар тэр чигээрээ ЮНЕСКО-гийн  түүх соёлын хосгүй дурсгалт өвд багтсан байгаа.  Харин сүүлд Гадаад харилцааны яамны барилга, Улсын драмын эрдмийн театр, Дашчойлон хийд гэх мэт барилгуудыг багтаасан.Гэхдээ энэ барилгууд нь заавал монгол үндэстний онцлогийг харуулсан бус монгол архитектор, барилгачдын бүтээл гэдгээрээ орж болно.
Мөн анх ямар зориулалттай баригдсан тэр чигээрээ ашиглаж байвал бас л түүх соёлын дурсгалын өвд багтаж болно.  Тухайлбал, Гадаад харилцааны яам  гэхэд анх энэ чиглэлээр л ашиглалтад орж байсан.
Д.Өлзийхишиг:-Гадаад хэргийн яам, Улсын драмын эрдмийн театр бол дэлхийн эртний сонгодог барилгын хэлбэр загварыг Монголд оруулж ирснээрээ онцлог болсон. Гэхдээ  дэлхийн шедевр бүтээл бол биш. Монголд сонгодог барилгын хэв загвар орж ирж, дээр нь үндэснийхээ онцлогийг тусгаж өгснөөрөө л давуу талтай болсон юм.
Драмын театрын  баганын толгой дээр эртний Грек, Ромынх бол цэцэг навч байдаг бол манайх морины толгой шигтгэж хийж өгсөн. Энэ бол яах аргагүй монгол архитекторын бүтээл гэдгийг нэг талаасаа харуулж байгаа юм.
-Одоо та бүхэн Монголоос Азийн архитектурын үнэт өвд ямар барилга байгууламжийг багтаахаар ажиллаж байгаагаа сонирхуулна уу?
Д.Өлзийхишиг: -Өнөөдөр дэлхий дээр байгаа 400 жилээс дээш оршин тогтнож байгаа барилгыг дэлхийн шедевр бүтээлүүд гэж үздэг. Ямар ч сайн техник технологитой болсон ч дахин хийж чадахааргүй  бүтээлүүд. Түүхийн барилга гэдэг бол тухайн барилгад ямар алдар цуутай хүмүүс ажиллаж амьдарч байсан бэ гэдэг гол үзүүлэлт.
Тэр барилга нь хэр зэрэг онцлог сайхан барилга байсан  гэдгийг харгалзан үзэж, хойч үедээ үлдээх ёстой юм. Түүнээс бус  европ ч  биш, ази ч биш байдлаар барьсан барилгыг түүхийн өвд оруулна гэвэл өрөөсгөл.
Мөн түүх соёлын барилгыг хамгаалахдаа тойруулаад шинэ барилга байшингаа  барьчихдаг дэлхийн жишиг байдаг. Тэгэхээр заавал буулгаж нураах гэхээсээ илүүтэй тойруулаад орчин үеийн барилгаа барих  боломж бий.
Д.Бат:-Одоо манай Архитекторчдын эвлэлээс  Улаанбаатар зочид буудал, Уртцагааны барилгыг түүх соёлын үнэт өвийн жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаа. Түүгээр  ч барахгүй хот гэдэг өөрийн түүхэн төвтэй байх ёстой. Хамгийн ойрын жишээг хэлэхэд Москвад Улаанталбай, Бээжинд Тань Мины талбай байж л байна.
Варшав дэлхийн II дайнд юу ч үгүй бөмбөгдүүлчихсэн. Гэвч тэр талбай дээрээ түүхэн барилгууд гээд манай Уртцагаанаас навсгар  байшингуудыг  яг тэр хуучин чигээр нь сэргээсэн байгаа. Тэгэхээр манайд  Улаанбаатар хотын Бага тойрууг тэр чигээр нь түүхэн төв болгох хэрэгтэй.
Учир нь Бага тойруу маань дээр үеийн Өргөө хотын хот байгуулалтын төлөвлөлтөөр  баригдсан юм. Үүнийг манай ууган архитекторч Б.Чимэд гуай монгол гэрийн бүтцээр хот төлөвлөлтийг хийсэн нь өдгөөгийн Бага тойруу юм.Иймд зөвхөн ганц нэг барилга гэхээсээ илүүтэй цогцоор нь түүх соёлын үнэт өвд оруулах хэрэгтэй.
Улаанбаатар зочид буудал бас л яах аргагүй монгол онцлогийг харуулсан барилга.Дээвэр  нь сүм хийдийн онцлогийг тусгасан байдаг. Харин Уртцагааны хувьд бас л монгол архитектор Б.Дамбийнямын бүтээл.Гаднах байр байдлыг нь харахад ч яах аргагүй дорно дахины шинжийг өгүүлсэн монгол онцлогийг тусгасан байдаг.
Хот айлын зарчмаар цуварсан байдалтайгаар, мөн дээвэр дээр байрлах чимэглэл нь, цонхны хэлбэр чимэглэл хаанаас нь ч харсан монгол архитекторын бүтээл юм.Мөн энэ барилгыг хоршоологчдын хөрөнгөөр барьсан Монголын ганцхан обьект.
Бага тойруу, 40 мянгатын байшингуудыг нураагаад өнөөх өндөр өндөр шилэн барилгуудаа босгочих юм бол үнэхээр Улаанбаатарт хуучны гэх юм үлдэхгүй. Зөвхөн гаднах төрхийг нь хараад нураах хэрэгтэй гэвэл өрөөсгөл. Мэдээж олон жил болсон байшин барилгууд өнгө төрхөө сэргээн засварлах нь зайлшгүй.
Гэхдээ заавал нураах зарчмаар биш, бид нарын тавьж байгаа хүсэлт бол гаднах өнгө төрхийг нь  яг тэр хэвээр нь үлдээгээд доторх орчноо өөрчилж болно гэж үзэж байгаа.Тэгэхээр одоогоор энэ хоёр барилгыг үнэт өвийн жагсаалтанд оруулахаар бэлтгэж байгаа ч  хамгаалалтын бүсээс гадна дор хаяж  50 жилийн түүхтэй байх ёстой гэсэн нэг шаардлага байдаг.
Иймд архитекторчдын хувьд цаг хугацааны асуудал хүлээгдэж байна.Гэтэл гаднын орнууд түүх соёлын байшин барилгуудаа авч үлдэхийн тулд сэргээн засварлаж, бүр нурсан бол яг тэр хэвээр нь дахин барьж байна.Энэ мэтээр хуучны юмаа сэргээх хэрэгтэй.Манайхан сүүлийн үед бас нэг муу аргатай болоод байгаа.
Хувьчилж байна нэртэйгээр өгөөд түүхийн дурсгалт барилгуудыг юу ч биш болгож байна.Дашчойлон хийдийн хойд хавиар Богдын шар ордон, цам харайх газар нь байсан байгаа юм. Энэ газар  тэдгээр барилга байшингуудыг сэргээн засварлах хэрэгтэй байсан ч Гаалийн газар аль хэдийнэ барилгаа барьчихсан.
Хэрвээ хуучны барилгуудаа нураах юм бол  үзэх  юм байхгүй, хойч үедээ ч үлдээх юм байхгүй болно.  Бидний сайн мэддэг Ленинград буюу одоогийн Санктпетербург хотод  шатаагаагүй тоосгоор барьсан 100 гаруй жилийн түүхтэй барилга байж л байна шүү дээ.
Уртцагааны барилгын хувьд шатаагаагүй тоосгоор барьсан нь юу юм,  гэхдээ анхны монгол архитекторын бүтээл гэдэг утгаараа нураах бус  сэргээн засварлах нь чухал. Миний бодлоор, нийслэлд байгаа түүх өгүүлж буй хуучны хэдэн барилгуудыг  газар хөдлөлт хэмээх өчүүхэн  шалтгаар  нураахыг л санаархаж байгаа байх гэж бодож байна.
Тэгэхээр эхний ээлжинд бид нар Улаанбаатар зочид буудал болон Уртцагааны барилгыг, мөн түүхэн төвийн хувьд монгол гэрийн бүтцээр  тойрог маягаар баригдсан Бага тойрууг Азийн архтектурын үнэт өвд багтаахаар төлөвлөөд байгаа.
-Хотыг зөв төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэхэд архитекторуудын хууль эрхзүйн орчин арай дутмаг байгаа шиг санагдлаа. Тэгэхээр та бүхэнд бие даасан хууль батлах цаг нь болсон юм биш үү?
-Уг нь бид өөрсдийн гэсэн хуультай болохоор  олон удаа санаачилж байсан ч  Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль байгаа учир шаардлагагүй гэж үздэг юм билээ. Гэтэл үнэндээ Барилгын тухай хуулиа мөрддөг газар нэг ч байдаггүй. Аль аль нь маш их учир дутагдалтай.Барилга бол дангаараа архитектур биш.
Барилгын тухай хуульд зөвхөн тухайн барилга, байшингийн асуудал л орсон байдаг. Харин архитектур гэдгийг орчин үед хүн төрөлхтөний соёлын нэг хэсэг, нийгэм, эдийн засаг, оюуны болон  техникийн хөгжлийн тусгал, нийгмийн болон  хүний ажиллаж амьдрах таатай нөхцлийг хүрээлэн буй орчинтой нь уялдуулан бүрдүүлэгч орон зайн төгс зохиомж гэж үзэх болсон.
Өөрөөр хэлбэл, архитектур нь бүх урлагийг өөртөө нэгтгэж байдаг маш өргөн цар хүрээтэй урлаг тул соёлын нэг хэсэг болдог.  Архитектур нь улс орны хэмжээнд болон бүсчилсэн үйлдвэржүүлэх хүчний байршлыг  тогтоох, хүн амын суурьшлыг бүсчлэх, хотжуулах асуудлыг хүрээлэн буй орчинтой нэгтгэн шийддэг учраас нийгэмд социологийн болон эдийн засгийн  чухал үүрэг гүйцэтгэдэг болно. Иймд  эмх цэгцтэй хөгжиж дэвших боломж бол бие даасан Архитектурын тухай хуультай болох нь зайлшгүй болоод байна.

URL:

Сэтгэгдэл бичих