Хорт хавдар үүсгэгч бенз/а/перин бидний амьдралд заналхийлж байна
Б.ЭНХТУУЛ
Цаг агаар сэрүүсч, цалингийнхаа талыг түлээ нүүрс, ханиад томуугаа эмчлэхэд зарлагаддаг цаг ирээд байна. “Өвлийг өнтэй давахсан” гэж хүн бүр ярих ч “Өмнөхөөсөө илүү хүйтэн өвөл болно” гэсэн яриа иргэдийг бас айлгаад байна. Дээр нь “Дулааны шугам сүлжээ доголдож болзошгүй” гэсэн мэдээлэл сонин хэвлэлээр нэг цацагдаж, түлээ нүүрснийхээ үнийг дийлэхгүй яваа зарим хүнд дугуй шатааж дулаацахаас өөр аргагүй нь гэсэн бодлыг төрүүлээд байх шиг.
Амралтын хоёр өдөр гэр хорооллоор нэлээд явлаа. Өглөө, оройдоо утаа, униаран дундаа умбаад, үзэгдэж харагдах юм үнэндээ алга. Өвлийн хүйтэнд үзэгддэг өнөө бүүдгэр өнгө өнөөдөр бас тэр л хэвээрээ угтаж байна. Дээр нь нүүрсний өмхий үнэр хамар цоргиод, хоолой, ам гашуу оргиод үдэш орой дөрөв, таван цагаас хойш хойд зүгийн гэр хороолол руу зүглэх ч арга алга. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг бол түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүст багтаж буй хотын төвийн гол хоёр дүүрэг. Гэтэл энд иймэрхүү дүр зураг угтаж байна. Тиймээс өдрийн цагаар түлээ, нүүрсний үнэ судалж, зам дагуу баахан алхав. Долоон буудал явах зам дагуу жижигхэн шар шуудайтай, таван кг хүрэхгүй шахам ууттай нүүрсийг 1800-2000 төгрөгөөр зарж байна. Арай дөнгүүр савлагаатай нь 3000-3500 төгрөгийн үнэтэй юм. Хүйтний эрч чангарсан ойрын өдрүүдэд гэр хорооллын иргэд шуудай нүүрсний эрэлд гарч, энэ хавийн ченжүүд хэдэн бор төгрөгний ашигтай ажилласан гэж байна. Харин өдөртөө хүйтрэх нь гайгүй байгаа учраас худалдан авалт бага гэнэ. Портер нүүрсийг 220-250 мянган төгрөгөөр зарж байгаа ч мөнгөө бэлэн тоолоод авах хүн ховор байна гэж ярих аж.
ХОТЫН АГААРТ ЖИЛД 260 МЯНГАН ТОНН ХОРТ БОДИС ЦАЦАГДДАГ
Өнгөрсөн жилийн өдийд Шинэчлэлийн Засгийн газрынхан хямд нүүрсээр иргэдээ хангах ажлыг эхлүүлж, сайн муугаар хэлүүлэн байж гэр хороолол дунд, түлээ нүүрсийг хямдралтай үнээр нийлүүлэх борлуулалтын цэгүүд ажиллуулж байсан. Харин энэ жил энэ мэт ажил сураг чимээгүй байгаа нь түлээ нүүрсээ дийлэхгүй байгаа иргэдэд түүхий хаймар түлээд өвөлжихийг нь зөвшөөрсөн гэсэн үг биз. Учир нь, хүйтэн сэрүүний улиралд нийслэлийн гэр хороололд амьдардаг 177 мянган айл өрхийн ердөө 50 орчим хувь нь жижиглэж савласан нүүрсээр дулааны хэрэгцээгээ хангадаг. Харин 30 орчим хувь нь ачааны машинтай зөөврийн нүүрсээр өвлийг давдаг. Үлдсэн 10 хувь нь хэрэгцээгүй болсон хаягдал дугуйг түлж дулаантай золгодог гэсэн мэдээлэл байна. Тиймээс нийслэлчүүд бидний олонхи нь энэ жил бас хөлдөж үхсэнээс хордож үхсэн нь дээр гэсэн сонголтыг хийж суугаа юм байна.
Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр УИХ-ын Төсвийн Байнгын Хорооны хурал дээр нийслэлд хэрэглэж байгаа түлшний талаар мэдээлэл хийж байсан. Тэрээр хэлэхдээ “Нийслэлчүүд бид жилд 5.9 сая тонн түүхий нүүрс, 237 195 м3 мод, 100 мянга гаруй автомашины дугуй, хуванцар сав шатаадаг болох нь судалгаагаар тогтоогдсон. Энэ бүхний үр дүнд жилд хотын агаарт 260 мянган тонн хорт бодис цацагддаг буюу хотын нэг оршин суугчид 317.8 килограмм хорт бодис ногддог” гэсэн судалгааг танилцуулж байсан. Энэ мэдээллийг уншаад эрхэм та нийслэлчүүд бидний цөөнгүй хэсэг нь хорт хавдраар өвчлөөд, хорвоог орхиод байгаа учир шалтгааныг тайлж суугаа байх.
ХУУЧИН ДУГУЙ ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛД НЭРМЭЭС БОЛЖ БАЙНА
“Автомашинаас ялгарч буй хорт утаанаас 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгардаг” гэдгийг элдэв судалгаан дээр дэлгэрэнгүй дурьдсан байдаг. Тэгвэл дугуй шатааж, амиа аргацаадаг иргэд агаарын бохирдлын тал хувийг үйлдвэрлээд зогсохгүй бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Энгийн үгээр тайлбарлахад, дугуйг нийлэг полимер эдээр хийдэг гэнэ. Энэ нь байгальд хэдэн зуун жил байсан ч устдаггүй хэр баргийн халуунд задарч алга болдоггүй амь бөхтэй материал юм байна. Дугуйг шатаахад хэдэн зуун төрлийн химийн хорт бодис агаарт ялгарч, тэр нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхдөө улаан хоолой, уушги, зүрхний суурь өвчнийг үүсгэж, нүдний салст бүрхэвчийг гэмтээж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг гэдгийг эмнэлгийнхэн хэлж байна. Хамгийн ноцтой нь дугуй шатаахад ялгардаг бенз/а/перин хэмээх бодис нь хорт хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд гудамж талбайд олон хоног хадгалагддаг. Олны хөлөөр агаарт дахин дэгдэж, амьсгалын замаар дамжин уушгинд орж, биднийг хордуулдаг гэдгийг сонсоод айх, гайхах зэрэгцэв.
Нийслэлд амьдарч байгаа хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа, багтраа өвчин хөдөө, орон нутагт амьдардаг хүүхдийнхээс 3.5 дахин илүү, архаг бронхитын өвчлөл хоёр дахин их байна гэсэн судалгаа байна. Үүнийг эмч нар ихэвчхэн агаарын бохирдолтой холбон тайлбарлаж байна. Хорт утаанд хүүхэд илүү өртөмтгий байдаг нь тэдний минутад амьсгалах тоо олон, уушиг болон бусад эрхтэн тогтолцооны хөгжил сул байдагтай холбоотой гэж байна. Түүгээр ч барахгүй бас нэг сэтгэл сэрдхийлгэм мэдээ байна. Сүүлийн үед нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийхэд уушги төдийгүй дотор эрхтнүүд нь харлаж муудсан байдаг гэдгийг эмч нар хэлж байна. “Тэр битгий хэл, дөрөвхөн сартай ургийн дотор эрхтэн дөчин жил хорвоогийн агаар амьсгалсан хүнийхээс илүү хар болсон байсан. Тиймээс агаарын бохирдол хэдий их байна, хүүхдийн өвчлөл төдий чинээ их байна” гэсэн энгийн нэгэн гаргалгааг хийж болох нь.
ЗАСГИЙН ГАЗРААС НӨХӨН ОЛГОВОР НЭХЭХ ҮҮ, ЭСВЭЛ…
Амьд явах эрх маань алхам бүрээр хязгаарлагдаж байгаа энэ үед агаарын бохирдлоо бууруулж чаддаггүй Засгийн газраас амьд явах эрхээ баталгаажуулж, нөхөн олговор нэхэх үү. Эсвэл хуучин дугуй шатааж, хорт хавдар “үйлдвэрлэдэг” нөхдүүдтэй хариуцлага тооцож, торгодог шийтгэдэг болох уу?
Уг нь манай улсад “Агаарын тухай хууль” гэж бий. Уг хуульд “Суурин газрын агаарыг хортой халдвартай эвгүй үнэртэй бодис, хаягдлаар бохирдуулах хог хаягдлыг зориулалтын бус газарт хаяж шатаахыг хориглоно” гээд тодорхой заачихсан байдаг. Мөн дээрх үйлдлийг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох тухай ч дурьдсан байдаг. Гэсэн ч манайд энэ хуулийн заалт хэрэгждэггүй бололтой юм. Дээр нь нийслэлийн агаарын чанарыг шалгадаг харуулын багажууд нь диоксин, фуран, бинзипрен гэх мэт хортой бодисуудыг тогтоож чаддаггүй гэлцэх юм. Тиймээс хаана, хэнд хандаж, хариуцлагыг нь хэнтэй тооцох вэ?
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМААС
Иргэдийн хүлээх үүрэг
•Агаарын чанарын стандартад нийцсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт бүхий зуух, хий, цахилгаан халаагуур болон боловсруулсан түлш сонгон хэрэглэх;
•Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд үнэн зөв мэдээлэх;
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хориглох зүйл
•Түүхий нүүрс түлэх болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс зориулалтын бус түлш, амьтны сэг, дугуй, нийлэг уут, ашигласан тос, масло, хог хаягдал түлэх, шатаах;
•Хязгаарлалтын бүсийн гэр хорооллын нэг /0,07 га хүртэл/ хашаанд гурван яндангаас илүү утаа гаргах эх үүсвэртэй байхыг хориглоно.
Speak out
Хаягдал дугуйг 250-500 төгрөгөөр зардаг
Дугуй засварын газрууд хаягдал дугуйг хямдаар зардаг. Түүнийг нь орлого багатай, ядуу иргэд авч түлдэг тухай өмнөх дугаартаа бид хүргэж байсан. Мөн дугуй засварын газрууд өөрсдөө энэ дугуйнаасаа түлдэг гэх яриа олны дунд байдаг. Тиймээс энэ талаар тодруулахаар Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн хэд хэдэн дугуй засварын газраар орлоо.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Сумъяа: МАНАЙХ ХАЯГДАЛ ДУГУЙ ЗАРДАГГҮЙ
-Дугуй засвар ажиллуулаад хоёр жил гаруй болж байна. Хуучин хээ сайтай дугуй бол худалдаж авна, худалдана. Харин хаягдал дугуй зардаггүй, авдаггүй. Өвөлдөө цахилгаанаар өрөөгөө халаадаг. Өрөө маань жижигхэн учраас цахилгаан халаагуур залгачихдаг. Манай хажуугийн дугуй засварууд хаягдал дугуйг 250-300 төгрөгөөр зардаг. Миний сонссоноор гэрийн буйр, хашаа тэгшлэх, нүх бөглөх гэсэн хүмүүс голдуу авдаг гэсэн.
Баянгол дүүргийн иргэн Т.Наранбаатар: АЙЛУУД ГЭРИЙН БУЙР, ГАЗРАА ТЭГШЛЭХ ГЭЖ ХАЯГДАЛ ДУГУЙ АВДАГ
-Би дугуй засварын газарт ажиллаад долоон жил болж байна. Манайх хаягдал дугуйг 500 төгрөгөөр зардаг. Дугуйг түлэхэд маш их хар утаа гардаг. Тийм учраас түлнэ гэсэн ойлголт байхгүй. Хэрэв дугуй түлвэл ойр хавийн айлууд бөөн хэл ам хийнэ. Айлууд ихэвчлэн хазгай газрыг тэгшлэх гэж авдаг. Мөн хаягдал дугуйг дахин боловсруулдаг байгууллага болон замын компаниуд авдаг. Замын компаниуд асьфалтаа шатаах гэж авдаг. Манайх цахилгаанаар халдаг нам даралтын зуухтай.
Чингэлтэй дүүргийн иргэн М.Доржсүрэн: ГАЗАР ГЭСГЭЭХ ГЭЖ ТҮЛЭХ ТОХИОЛДОЛ БАЙДАГ ГЭСЭН
-Ах нь 13 жил дугуй засварын газар ажиллуулж байна. Манайх хаягдал дугуйг 300 төгрөгөөр зардаг. Хүмүүс ихэвчлэн хазгай газар тэгшлэх гэж хаягдал дугуй авдаг. Мөн хаягдал дугуйг дахин боловсруулж, хүүхдийн тоглоомын талбайн хавтан хийдэг хүмүүс авна. Хүмүүс агаарын бохирдол гэхээр дугуй шатааж байна гэж ярьдаг. Гэтэл дугуй чинь дотроо маш их хэмжээний тросстой байдаг. Тиймээс тэр троссыг нь хөрөөдөөд таслаад сууж байх хүн байхгүй. Тэгээд ч таслахад маш хэцүү. Дийлдэхгүй хатуу. Дулааны шугам хөлдсөн үед газар гэсгээх зорилгоор шатаадах тохиолдол байдаг. Гэхдээ тэр бол ховор. Дугуй засварын газар дугуйгаа түлдэг гэх асуудал байдаггүй. Хаягдал дугуй хямд учраас түлдэг гэж ярьдаг. Энэ худлаа, дугуйг түлэхэд хэцүү. Тэр их тросстой дугуйг жижиглээд түлээд сууж байдаг хүн гэж байхгүй. Харин хогийн цэг дээр байдаг хүмүүс дулаацах гэж түлдэг гэж сонссон.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: