Дөрвөн үсгийн цаана буй гурван айдас

DSCF3239Нэгдүгээр айдас:
“Шинэчлэлийн Засгийн Газар” гээд их багагүй, хөгшин хөвөөгүй яриад байхаар нийгэм даяараа ганцхан том дур сонирхолд автчихаад байна. Тэр нь бүгдийг “шинэчлэх” ёстой юм байна гэдэг эндүү ташаа бодол. Хувь хүмүүсийн үзэл санаанд ч хүчтэй нөлөөлөөд эхлэлээ. Тэгээд л орох орохгүй, шинэчлэх, шинэчлэхгүй зүйлүүдээ ялгахаа байлаа, бид. Зүгээр л нэг хүрзээр шороо овоолдог шиг, хөлдүү газар дугуй шатааж гэсгээдэг шиг, талх барьж, төмс хураадаг шиг хамаагүй оролдож болохгүй зүйлсээ хүртэл хамаа намаагүй оролдож, түүнийгээ шинэчлэл” гэж андуурч эхлэлээ. Ийм л сэтгэлзүйгээр, ийм л эр зоригтой алхмаар эх хэл рүүгээ “халдаж” байна. Нийтээрээ, нийгмээрээ дөрвөн үсэг хасах тухай яриад байна.

Бүх юм дөрвөн үсгэнд байна гэж нийгмээрээ эндүүрч байна. Нийтээрээ тэгж л ойлгоод байна. Үнэндээ андуурал эндүүрэл юм шүү? Магадгүй зарим нэг хэсэг бүлэг “УЛС ТӨР”-чин хүмүүсийн дөрвөн үсгээр олныг хуураад цаана нь асар том бодлого зорилго агуулсан үйлдэл гэж хардаж бодох бодол хар аяндаа төрнө. Бодол доо? Тэр дайны жил гэж Д.Пүрэвдорж гуайн нэг найраглалд бичсэн байдаг. Яг л түүн шиг бодол доо, ингэхэд бид яг хэнтэй адилхан ярьдаг, хэнтэй адилхан аман аялгуутай болох гээд байна вэ? Хэн хүсээд, түүнийг нь бид хэрэгжүүлэх гээд дээр доооргүй хөөцөлдөөд байна вэ? Айдас аяндаа ар нуруугаар гүйнэ. Хаанаас сэвэлзсэн салхи вэ? Бодол доо? Би асуултыг бүгдэд үлдээе.
Хоёрдугаар айдас:
Одоо тэгээд төрийн бүх албан бичгийн толгой, төр улс гэлтгүй түмэн олны бүх бичиг баримт зөв бичих дүрмийн алдаатай болчихлоо. Бүх шатны багш нар давтан сургалтанд суухаар боллоо.

Шинэ үсгийн багш гэдэг кино шиг шинэ үсгийн төлбөртэй дамжаанууд хичээллэж эхэлнэ. Зүгээр наад захын явдал. Энэ бүхэн хэнд ашигтай вэ? Надад л лав хамаагүй явдал. Харин хийх ажлаа олохоо байсан хэдэн хүний өвөр түрийнд овоо хэдэн ногоон ягаан “ЧИНГИС” гулсан орж ирэхээр боллоо. Та минь, ээ, эрдэмтэн мэргэд минь, ээ. Ийм замаар түүхэнд үлдэж, ийм замаар Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен багш нарынхаа ариун үйлийг үргэлжлүүлдэггүй л байхгүй юу даа? Өөр аргаар энэ улам харанхуй болж байгаа улс гүрнээ гийгүүлж, гэгээрүүлмээр юм даа? Хийх ажил хангалттай байна. Хиймээргүй ч ажил олон байна. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг яадаг гэдэг билээ.

Түүн лүгээ аргаа бараад хийх юмаа олж чадаад “ЭХ ХЭЛ” гэдэг дэндүү нандин зүйлээ битгий хамаагүй оролдоочээ. Энэ цаг үе надад заримдаа “ЭХ” гэдэг үгээ худалдаж дуусах юм шиг санагдана. Эх орноо худалдаад бараг л дууслаа. Одоо ЭХ ХЭЛ… Айдас ар нуруунаас ахиад шилэн хүзүүг орооном.
Гуравдугаар айдас:
Бидэнд ер нь ямар ирээдүй байна вэ? Солонгос киногоор түвшин тогтоосон арилжааны урлаг, хаанах нь мэдэгдэхгүй хэл яриа, Монгол бичгээ нүд үзүүрлэх үзэл, Монгол хүнийг шүд зуух явдал. Улс үндэстэн оршин тогтнох хувь заяаны ундарга нь эх хэл. Би зохиолч, мэдэх нь мэднэ. Би эх хэлнийхээ өмнө үүрэг өөртөө үүрүүлээд, түүндээ итгэчихсэн гэнэн амьтан. Би эс дуугарваас ирээдүй бидэнд/зохиолчдод/ гомдоно.

Тиймээс ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө, газар нутаг, монгол сэтгэлгээ, монгол сэтгэлийнхээ төлөө Эх хэлний манаанд зогсоо надад “хэл” гэдэг “винтов” байгааг бүү март гэж сануулахыг хүснэм. Би түүгээрээ урвагчдыг шууд буудна. Айдас хүзүүнээс ахиад толгойд орогноном.
Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг


URL:

Сэтгэгдэл бичих