ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ба ЖИНХЭНЭ АДГИЙН ШААРУУД
Эдийн засагч Х.Болорболд
“Эх оронч үзэл бол адгийн шааруудын хорогдох сүүлчийн оромж” гэсэн нэгэн үгийг космо-либерал үзэл сурталдаа ашиглаж хүмүүст зориуд буруу ойлгуулж төөрөгдөлд оруулснаас болж одоо олон хүмүүс, ялангуяа залуучууд огт буруугаар ойлгож явдаг болсон байгаа учир энэхүү ноцтой ташаа ойлголт – төөрөгдлийг залруулах хэрэгтэй байгаа юм.
Энэхүү хэллэг үгийг манай цөөн хэдхэн “улайрсан” либералчдын нэг – суртал ухуулагч өөрийн нийтлэлдээ ишлэхдээ энэ үгийг анх хэлсэн тэр жинхэнэ утгын холбоотой санаан дотроос нь сугалж аваад шал өөр утга, өнгө аяс оруулж огт өөр зүйлтэй холбож хэрэглэсэн нь (!) энэ үгийг анх хэлсэн тэр хүний хэлэх гэсэн санаанаас нь шал өөр эсрэг ойлголт, бодол санааг монголчуудад, ялангуяа залууст төрүүлсэн байдаг.
Энэхүү гуйвуулсан “жигүүрт хэллэгийг” нь олж уншиж ташаа ойлголттой болсон монгол залуучуудын нилээд хэсэг нь Эх орон гэж ярихаас, Эх оронч гэж харагдахаас айж ичиж жийрхэж явдаг болсон юм. Энэ бол Эх оронгүй, Үндэс угсаагүй, хаана амар жимэр гэдэс цатгалан амьдарч болж байна тэр газраа “бага эх орон” гэж үздэг космополит – дэлхийн хүн гэсэн неолиберал үзлийг дэлгэрүүлэх гэсэн алсдаа тун уршигтай, либералчдын явуулга юм. Үүнийг үр дүнг бид бүхэн улс үндэстнээрээ одоо хангалттай “амсаж” харж байна!
Энэ үгийг манай тэр либералчийн бичдгээр Л. Н. Толстой хэлээгүй, харин Британийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, түүхч Сэмуэль Джонсон (1709-1784) 1775 оны 4-р сарын 7-нд нэгэн оройн хүлээн авалтын үеэр тэр үеийн английн III Джордж хааныг хувийн улстөрийнхөө явцуу ашиг сонирхолынхоо үүднээс дайрч шүүмжилж байсан либерал улстөрч Эдмунд Бёркэд хандаж хэлсэн ажээ. Англи дээрхи эх үүсвэрээс нь харвал Patriotism is the last refuge of a scoundrel гэсэн байгаа.
Джонсон энэ үгээ хэлэхдээ чухам яг энэ санаагаар хэлсэн үү, аль эсвэл шал өөр утгаар хэлсэн үү? Тэрбээр эх оронч үзлийг адгийн шааруудын сүүлчийн нэг арга бач гэж үзэж ер нь эх оронч үзлийн эсрэг байсан хэрэг үү?
Үгүй ээ! Харин ч яг эсрэгээрээ..!?
Энэ үгийг Джонсоны ойрын найз, зохиолч Джеймс Боуэлл хожим бүтээлдээ иш татаж хүмүүст хүргэхдээ Джонсон либерал улстөрчдийн худал дүр эсгэсэн, хувийн эрх ашгаа халхлахын тулд эх оронч мэт баашилж байгаа байдлыг нь л шүүмжилж хэлсэн, үнэндээ бол ямар ч өөдгүй новшийн этгээдэд ч гэсэн Эх орон гэдэг агуу нэг ойлголт үлдсэн байх ёстой, хэрэв ийм юм ч үлдээгүй этгээд бол хүн биш адгуус! гэдэг утгаар хэлснийг нь тайлбарлаж бичсэн байдаг. Тэр үед ч бас английн олон либерал улстөрчид хаанаа, засаг төрөө шүүмжилж жирийн гэнэн хүмүүст таалагдах гэсэн элдэв үг яриа хэлж ярьж байгаагаараа өөрсдийгөө эх орончид гэж ойлгуулахыг оролдож байсан гэдэг…
Гэвч жинхэнэ эх оронч цөөнгүй хүмүүс тэдний энэ башир залийг нь сайн ойлгож байсан ба тэднийг ёс суртахуунгүй, хариуцлагагүй хоосон чалчигчид гэж буруутгаж шүүмжилж байсан юм. Тэр эх орончдын нэг байсан Джонсоны бүх уран бүтээлд түүний Эх оронч үзэл нь нэвт шингэсэн байдаг. Тэрээр харин ч Эх оронч үзлийг аливаа хүний хамгийн эрхэм дээд чанар гэж тэмдэглэн хэлж ярьж Patroit – Эх оронч гэдэг үгийг дандаа том үсгээр эхлэн бичиж байсан ажээ.Сэмуэль Джонсоны “Эх оронч хүн” (“The Patriot” /1774/) нийтлэлээс нь хэрэв иш татвал:
“Зарим хүн хэдийгээр төрөө – эзэн хаанаа үзэн ядаж байж болох ч тэр бас үүний хажуугаар өөрийн Эх орон, ард түмнээ ч хайрлахгүй, зөвхөн өөрийн өчүүхэн эрх ашгийг л урьтал болгож байж болдог“ гэдгийг сануулжээ.
Ер нь төр гэдэг бол тухайн үед засгийн эрхийг барьж байгаа тэр увайгүй хүмүүс хараахан биш ээ, тэд бол түр зуурын л этгээдүүд, харин Төр бол улс, ард түмэн бие даан тусгаар оршин тогтнохын үндсийн үндэс юм. Иймээс одоогийн “ардчилсан” Монголын хуйвалдаан, хээл хахуульдаа живсэн цөөн хэдхэн бүлэг хүмүүсээр далимдуулж Монголын төрийг харааж зүхэж мөн зарим ухвар мөчид хүмүүсээр хараалгуулж зүхүүлж байгаа нь неолибералчдын жинхэнэ увайгүй заль, урт хугацааны цаад зорилготой хорт явуулга юм. Монголын төрийг үгүйсгэж байгаа нь Монгол улсын тусгаар тогтнолыг, Төр улсыг үгүйсгэж мөнх харийн колони байлгах гэсэн чивэлт явуулга юм. Ер нь нео-либерал үзэл бол цаад зорилгоо хэзээ ч шууд хэлдэггүй, түүнийгээ дандаа өөр үг уриагаар халхалж зүтгүүлдэг тун өвөрмөц хүмүүсийн явуулга гэдгийг нэгмөр сайн ойлгож тогтоож авах хэрэгтэй…
”Эх оронч хүн бол улстөр, нийгмийн амьдралд оролцохдоо зөвхөн гацнхан л сэдлээр – чухамдаа бол Эх орноо хайрлах сэтгэлийг чин удирдлагаа болгосон хүн юм, энэ бол парламентын гишүүн байсан ч ялгаагүй, хувьдаа бол найдвар горьдлогоо ч, айдас хүйдсээ ч, сайхан сэтгэлээ ч, гомдол харууслаа ч үл тоон харин өөрөө өөрийгөө гагцхүү улс Эх орон, нийгмийнхээ сайн сайхны төлөө өгч зүтгэж байгаа тэр хүн юм” гэж бичсэн байдаг.
Мөн иш татвал : “Эх оронч үзлийн гол чанарууд бол аливааг хардан шалгадаг сонор соргог байх, бүх далд нууц махинацуудыг нь ажиглан хардаг байх, мөн нийгэмдээ орж ирэхээр айсуй яваа аюулыг алсаас олж харж чаддаг байх гэсэн үг юм. Өөрийн улс эх орныг чин сэтгэлээсээ хайрладаг хүн өөрийн эмзэглэл, шаналалуудыг ярихад мөн аюул ойртон ирж байгааг мэдэрч байгаа бол түгшүүрийн харанга дэлдэхэд хэзээд бэлэн байдаг. Гэвч тэр түгшүүрийн харанга байнга дэлдээд байдаггүй. Хэрэв дайсан байхгүй бол, өөрт нь эмзэглэл болгоомжлол төрөхөөс нааш тэрээр хэзээ ч өөрийн эх орон нэгтнүүдээ айлган сүрдүүлдэггүй. Ийм учраас үнэнд үл нийцэх худал зүйлүүд ярьж улс ард түмэндээ сэтгэл тавьж байгаа мэт байгаа зарим хүмүүсийн “эх оронч үзэл” нь зүй ёсны шударга эргэлзээг төрүүлж байдаг” гэж бичиж байжээ.
Харанхуй хүмүүст л таалагдах гэж хоосон чалчигдын /демагогуудын/ ээлжит нэг золиос нь болохгүйн тулд дараахи зүйлийг санаж явахад илүүдэхгүй биз ээ. Мөн энэ бүтээлээс нь иш татвал:
Эх оронч хүн хэзээд заавал өөрийн ард түмнээ хайрлаж байдаг. Гэвч энэ шинж тэмдэг нь ч бас бид бүхнийг хууран мэхлэж чадна. Ард түмэн бол янз бүрийн хүмүүсийн, баян ба ядуу, саруул ухаан ба ухвар мөчид, сайн ба муугийн ер нь нэг утгаар ойлгох боломжгүй нэг цул нэгдэл юм. Өөрийн ард түмний төлөө санаа тавьж байгаа нэг хүнд эх оронч хүн нэрийг олгохын өмнө тэр хүн ард түмний чухам ямар хэсэг үрүү нь анхаарлаа хандуулж байгааг нь авч үзэх ёстой. Зүйр үг байдаг шүү дээ: чиний найз чинь хэн гэдгийг надад хэл, тэгвэл би чамайг өөрийг чинь хэн гэдгийг чинь хэлээд өгье гэж. Хэрэв эх оронч гэж байгаа тэр хүн өндөр түвшний хүмүүст зөв үзэл санаануудыг суулгаж өгч тэднээр дамжуулан доод түвшний хүмүүсийг зөв замд удирдах гэж хичээж байгаа бол, хэрэв тэрээр голдуу ухаалаг, даруу төлөв, хуулийг дээдэлдэг мөн сайн үйл бүтээж явдаг хүмүүстэй харьцдаг бол түүний ард түмнээ хайрлах сэтгэл бол чин сэтгэлийнх байж болдог. Хэрэв тэр хүний үндсэн ажил нь хялбархаан молигодож болох доод түвшний ядууст, өөрийн цаад дотоод мөн чанараараа бүх зүйлд сэжиглэнгүй хандаж байдаг сул дорой мулгуу хүмүүст, хойноосоо амархаан дагуулж болох боловсролгүй мөн гэнэн залуу хүмүүст, гай зовлон ба цөхрөлд унаж ёс суртахуунгүй болсон хүмүүст хандаж байгаа бол түүнд өөрийн ард түмнийг хайрлаж байгаа гэх эрх байхгүй юм. Хэн ч үхрийн мах сайхан шардаг, гутал хийдэг, жагсаал цуглаанд очдог эсвэл ямар нэг клубт гишүүн болсноороо өөрийн эх орныг хайрладаг хүн гэж тооцогдож чадахгүй ээ. Тэр хүн согтуурагчдын дунд сэтгэлийн найз нь байж болох ч мөн эрүүл саруул бас элдэв муу зүйлд сэргэлэнчүүдийн дунд байхдаа харьцахад амархан, эелдэг нэгэн эрхэм байж болох ч жинхэнэ эх оронч хүн гэж тооцогдохын тулд юуны өмнө эдгээрээс илүү бас онцгой чухал шинж чанаруудтай байх ёстой юм”…
Манай өвөг дээдэс мөн гадаадын олон нэрт хүмүүс өөр өөрсдийн Эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлийг дээдлэн амьдарч төлөө нь тэмцэж туурвиж бичиж хөдөлмөрлөж ирсэн байсан байхад одоогийн “ардчилсан” Монголд энэхүү агуу үзлийг зориуд гуйвуулан үгүйсгэж бүр буруу орчуулж залуучууд, хүмүүсийн тархийг угааж эргээд тэднийг хорлож байгаа!
Ер нь монголчууд бид яагаад Эх орноо хайрладаг, дээдэлдэг сэтгэлтэй, үзэлтэй байж болохгүй, ийм эрхгүй байх ёстой юм бэ?….. Чухамдаа үүнээс л харийн хоосон үзлийг шүтэн мөргөдөг неолибералчид хамгийн их айж үзэн ядаж тачаадаж байдаг билээ…
Монголын ард түмнийг “умардын зэрлэгүүд” гэж бичиж гутаан доромжилж өнгөрсөн Түүхийг маань бүхэлд нь харлуулж нүүдэлчид, коммунист гэх мэт барууны үзэл суртлын шошгууд нааж дорд үзэж үгүйсгэдэг, харин барууны араас бол нүдээ анин чихээ таглан гэлдрэх ёстой гэж сурталддаг монголын цөөн либералчдын шүтээн – англисаксууд нь болохоор “зөв ч байсан, буруу ч байсан энэ бол миний эх орон” гэж үздэгийг тэд ядаж мэддэг болов уу …
Монгол Эх оронч үзэл, Эх оронч байх гэдэг бол Эх орноо өөрийн гэсэн өвөрмөц соёл иргэншил, эцэг эхийн минь Эх орон, намайг төрүүлж өсгөсөн Эх нутаг минь, ямар ч байдаг байсан Эх орноо гэж хайрлах дээдлэх үзэл юм. Үүний зэрэгцээ мөн өөрийн улс Эх орон, ард түмний уламжлал, ёс суртахууны үнэт зүйлүүд, агуу Түүхээ судалдаг сайн мэддэг, улс орныхоо амжилт ололтууд, алдаа оноог ч бас мэддэг тэр бүхнийг зөв ухаалгаар үнэлж дүгнэж чаддаг байх, Эх орноо чин сэтгэлээсээ хайрлан дээдлэх үзэл, хамгийн гол нь Эх орондоо зүтгэх үүрэг хариуцлага юм.
Бидний тархи толгой, зүрх сэтгэлийг “ардчилсан, зах зээлжсэн” 20 гаруй жилийн турш Барууны үзэл суртлын машины тусламжтайгаар маш хүчтэй угааж ирсэн ба энэ бүхэнд итгэж төөрөлдсөн, зүг чиг баримжаагаа алдсан олон хүмүүс олон олон хоосон үл гүйцэлдэх үзлүүд, ташаа ойлголтуудын дунд нэг үгээр хэлбэл харийн “үлгэр” дор амь зууцгааж байна! Энэ бол манай Эх орон, ард түмний өнөөгийн энэ ядуу сул дорой байдлын нэг гол шалтгаан юм!
Үүнээс гарах гарц бол юуны өмнө бид оюун санааны энэ төөрөгдөл, хүлээснээс гарч гэгээрэл ухаарал уруу тэмүүлж амьдрах явдал юм… Энэхүү хүлээснээс гарахын хирээр монгол хүн бүрийн өмнө бидний хамтын амьдрал, бидний улс Эх орны маань хөгжил цэцэглэлтийн зам мөр улам тод зурайх болно гэж итгэж найдаж байна.
Харин дийлэнх маань үүнийг ойлгож ухаарахаас нааш бидний хамтын амьдрал, амьдрал аж байдал маань улам хэцүү болсоор байх болно гэдгийг мартаж болохгүй юм!
http://ru.wikipedia.org/wiki/Джонсон,_Сэмюэл ubmenmn
URL: