Хүүхдүүдээ хашааны завсраар харуулж хорхойсуулахгүй юмсан
Нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн Үндэсний соёл амралтын хүрээлэн ирэх долдугаар сард албан ёсны нээлтээ хийх гэж байна.
Тус хүрээлэнд одоогоор 13 төрлийн тоглоом буюу алсыг харагч, агаарын дугуй, мөргөлддөг машин, эргэдэг дельфин, морин тойруулга, далайн дээрэмчний онгоц, мэлхийн үсрэлт, галзуу хулгана, саран савлуур, завь, гинжит, динозавр зэрэг тоглоомууд байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн нь өнгөрсөн сарын 15-наас телевизийн цуврал нэвтрүүлгийн од “Бонго”-оор нэрлэгдсэн “Бонгын ертөнц” тоглоомын төвийг нээн ажиллуулж эхлээд байна.
Ур чадвараараа өрсөлдөн тоглож ялагч болсон тоглогч шагнал авах сонирхолтой өрсөлдөөнтэй тоглоомууд байгаа аж. Мөн энэ газар 50 гаруй тоглоомтой автомат тоглоомын төв нээгджээ. Автомат тоглоомууд нь жижиг хүүхдийн, өсвөр насны, гэр бүлийн гэсэн ангилалтай байгаагаараа онцлог гэнэ. Тус хүрээлэн нь шат дараалалтайгаар тоглоомуудаа нээсээр байна. Тэднийх энэ жил хүүхэд багачуудын сонирхлыг татахуйц олон ажил хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Олон шинэ тоглоом бий болгож, тохижилтдоо анхаарч байгаа нь сайшаалтай. Хүүхдүүдэд олон жил хүлээлт үүсгэсэн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэнд хийж байгаа ажил их байна.
Тус газар өдөр бүр 11.00-21.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм байна. Улаанбаатарт 1970-аад оноос “Хүүхдийн парк” гэсэн тодотголтой цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан түүхтэй. Үүнийг байгуулахад тухайн үеийн манай тэргүүн хатагтай Цэдэнбал Филатова хэрэндээ мэрийж хэтийн ирээдүйг нь бодож асар том талбайг эзлүүлэн “Хүүхдийн парк”-ийг байгуулсан байдаг. Томчууд хүртэл хүүхдээсээ дутахгүй зугаацаж нааддаг байсан сан. Тэгтэл зах заалд шилжсэн он жилүүдийн давлагаанд хүүхдийн гэх тодотголтой бүхэн хумигдаж байр сууцныхаа гадаа ч салхилах талбайгүй болж хувирсан.
Үүнийг хүүхдийн төлөө “За” гэе гэж худал амлагч томчуудын балаг гэж хэлж болно. Нийслэлийнхэн төдийгүй хөдөөний хүүхдүүд хүртэл “Парк”-т очно гэж шалдаг байсан цаг бий. 2000 оноос гараагаа эхэлсэн нийслэл дэх газрын төлөөх өрсөлдөөнд тус Паркийн газар олны нүдийг хужирлаж, захаасаа хумигдан нийт талбайнхаа гуравны нэгийг хөрөнгөтэй компаниудад алдчихсан. Үүнээс үүдсэн газрын маргаан олон болох гэж ядаж буй Монголын мянга мянган үрсийн тоглож наадах цэцэрлэгийг арав шахам жил хаахад хүргэсэн билээ. Нэг хэсэг, газраа булаацалдаж, дараа нь шинэ тоглоомтой болж байна гэж хүүхдүүдийнхээ нэг үеийг тоглуулж чадалгүй том болгочихсон.
Өнгөрсөн жилээс нээгдэнэ гэж олонд амласан тус Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Эх үрсийн баяраар зарим тоглоомоо суурилуулж амжилгүй нээгдэж байсан. Харин энэ жил олон шинэ тоглоомтой бүрэн ажиллах юм байна. Хашааны завсраар харахад хорхой хүргэсэн тоглоомууд нь шаггүй үнэтэй гэж дуулдав. Тэндхийн ажилтан манай тоглоомууд харьцангуй хямд үнэтэй гэж хэлнэ билээ. Харьцангуй гэдэг нь юутай харьцуулсныг ойлгосонгүй. Манайд өөр хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн байхгүй санагдах юм.
Гадныхантай харьцуулаагүй л байж таараа. Тус хүрээлэнд ороход хүүхэд том хүнгүй 1000 төгрөг төлж орно. Нэг тоглоомон дээр тоглоход 3000-7000 төгрөг төлөх юм байна. Багахан шиг орлоготой айлын хүүхдүүд тоглох боломжгүй бололтой юм. Зарим айл нь юун 10-20 мянган төгрөгөөр хүүхдээ тоглуулах манатай, мах гурилаа авна гэнэ биз дээ. Тоглохсон гэж санаархах хүүхдийн дүрлэгэр хөөрхөн нүд, түүний мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй гэнэн цагаахан аашийг яаж тогтоон барина билээ гэж санагдана.
Тоглоомын үнийг дийлэхгүй аав ээжтэй хүүхдүүд хашааных нь завсараар тоглоом харж зогсон хорхойсох л болж байх шиг ээ. Харин олон нийтийн болон ТББ-ууд дунд орлоготой айлын хүүхдүүдийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах ажил өрнүүлж мэдэх сайшаалтай мэдээ байна. Зах зээлийн нийгэм хатуу хуультай ч хүүхдэд мөнгөний ялгавар үзүүлэх нь зүйд хэр нийцэж байгаа юм болдоо. Үнийг эс тооцвол хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн Үндэсний соёл амралтын хүрээлэн өнгөө засч, өвөрмөц шинэ орчныг бүрдүүлсэн байна.
Н.Лхагва
URL: