Ш.Сайхансамбуу: Одоо намаа орхихоос өөр замгүй
УИХ-ын гишүүн асан, “Нарантуул” худалдааны төвийн үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу TV5-ийн “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоунд оролцож улс төр болоод Нарантуул худалдааны төвийн шатсан асуудлаар ярилцсаныг хүргэж байна.
Хоёр худалдааны төвд гал гарч багагүй хохирол амслаа. Галын шалтгаан нөхцлийг юу гэж бодож байна вэ?
Би “Дэнжийн 1000”-ын захыг 1995 оны 9 сард хувьчилж авсан. Тухайн үед “Дэнжийн 1000”-ын зах маш хүнд асуудал байсан. Улаанбаатар хотын түгжрээ анх “Дэнжийн 1000”-ын захаас үүсч байсан юм. Ер нь галыг дотроосоо ч тавьж болно. Худалдаачид хоорондоо маргалдаж, бие биетэйгээ өрсөлдөөд ирэхээр биенийхээ юмыг хорлож гал тавьдаг. Бөмбөгөрийн гал тийм учиртай юм билээ. Хоёр наймаачин хоорондоо маргалдаад гал тавьсан байдаг. Би түүнээс айгаад Нарантуул захыг битүүлж чаддаггүй байсан юм. Хоёр цэнхэр дээврийн дор байлгаад байсны учир нь энэ шүү дээ. Хэрэв битүүлээд барьчихвал цэнхэр дээврийн дор байгаа улсууд чинь тийм чадалтай хүмүүс биш.
Та ардчиллын засаглалын үед Нарантуул худалдааны төвийг барьж бий болгосон. Харин одоо та МАН-ын гишүүн. Тэгэхээр МАН-ын гишүүн гэдэг утгаараа АН-ын Засгийн газраас шахалт дарамт үзүүлж байгаа юм болов уу?
Мэдэхгүй. Би тэгж ойлгохгүй байна. Би өөрөө Ардын намын хүн. Нам солиод л, шинэ нам байгуулаад улстөржөөд байвал тэгэх биз. Хамгийн гол нь тухайн үед бид “Дэнжийн 1000”-ийн захыг тусад нь чөлөөтэй болгох үүднээс өөрчилсөн. Тэр үед үнэхээр Ардчилсан засаг байсан, Ардчиллын засгийн үед боссон эд байхгүй юу. Хэрэв Ардчилал одоо дайраад байгаа бол сонин л байна.
Нөгөө талаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн “Дүнжингарав” худалдааны төв Нарантуул захын ойролцоо байгаа. Тэгэхээр үүнээс үүдэлтэй “Нарантуул” захад санаатайгаар гал тавьсан байж болзошгүй гэж бодов уу?
Би өөрөө ийм ажил эрхэлж байгаа болохоор Дүнжингарав худалдааны төвөөр орж үзсэн. Дүнжингарав захын зохион байгуулалт буруу юм билээ. Тэр бол цуглахад хэцүү. Өөр зориулалтаар ашиглавал их аятайхан, цэвэр цэмцгэр барьсан байна билээ. Зах гэдэг бол замбараагүй эд шүү дээ. Манайхан чинь чөлөөтэй тамхи татах, нус цэрээ чөлөөтэй хаях, чөлөөтэй орилох дуртай учраас би тийм нөхцлийг нь бүрдүүлээд л байж байгаа юм. Хэрэв захыг битүүлчихвэл худалдааны төв болж хувираад дундаас доошчуул яах юм байгаа юм бүү мэд. Би ийм олон хүнийг нэг дор, нэг байшин дотор цуглуулна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Задгай тулдаа л ингээд байж байгаа юм.
Та хохирлыг барагдуулна гэсэн. Ер нь гарах гарцыг юу гэж харж байна вэ?
Би бол түрээслэгдийнхээ хохирлыг тэртээ тэргүй барагдуулна. Манай түрээслэгч нарч ялгаагүй жижигхэн хохирол амсч байна. Тэр нь юу вэ гэхээр ажилгүй болчихож байгаа байхгүй юу. Шинэ худалдааны төвийг ашиглалтанд ортол эд нар чинь хаана, юу хийж яваа юм бүү мэд. Миний ганц зорилго бол шинэ худалдааны төвийг хурдан барьж өгөх л асуудал байна.
Уг нь би шал өөр ажил хийж явсан хүн шүү дээ. Монголд шатдаг занараас түлш гаргах гэж бүтэн 18 жил явж байна. Одоо л дөнгөж нөөцийг нь тогтоогоод, улсын нөөцөд бүртгүүлэх гээд Уул уурхайн яаманд техник эдийн засгийн үндэслэлийг нь өргөн барих гээд явж байна. Бас өмнөд хөршийн хэдэн нөхдүүдтэй нийлээд жилд сая тонн түүхий нефть боловсруулдаг үйлдвэр байгуулах гээд бүх юм нь дуусаад сарын өмнө Эдийн засгийн яаманд өгчихсөн. Дачин Тамсагийн нефтийг цааш нь гаргахгүйгээр Монгол руугаа татна гэсэн үг. Уг нь ийм хоёр ажил хийж явтал худалдааны төвд зах гараад буцаад энэ ажил руу орчихлоо.
Намын ажил бол бүр өнгөрсөн. Тэртэй тэргүй намаа шүүмжилдэг хүн намайг дэд дарга болгохчгүй. Одоо намыг ингээд орхихоос өөр замгүй. Улс төрийг орхиж байгаа юм биш, намыг орхино. Тэгээд 2016 оны сонгууль болтол занар, түүхий нефтийн үйлдвэр байгуулах ажлаа хийгээд улсад өргөн баривал миний ганц мөрөөдөл тэр.
2016 онд нэр дэвших үү?
Дэвшинэ дэвшинэ. 2016 онд аль талдаа их танигдаж ажил хийнэ түүнээсээ хамаараад нэр дэвшинэ. Болохгүй бол урдаасаа нэр дэвшсэн ч яахав гэж бодож байгаа.
Саяхан МАН-ын 27-р их хурал болсон. Тус хурлыг шинэчлэл хийсэн түүхэн хурал боллоо гэж нэг хэсэг нь дүгнэж байхад зарим нь сэтгэл сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байгаа. Таны хувьд МАН-ын их хурлыг юу гэж дүгнэж байна вэ?
Улстөрчид захыг чинь шатаагаад байгаа юм биш үү гэсэн нэг асуудал байгаад байна шүү дээ. Би бол тийм талаас нь харахгүй байгаа. Би АН, МАН гэх хоёр намыг хоёуланг нь яг адилхан шүүмжилдэг хүн. Манай намын хурал болж шинэчлэгдлээ гээд байгаа ч шинэчлэгдсэн юм огт байхгүй. Урьд нь байсан дарга хүн эргээд дарга болсон. Яг намаа шинэчилнэ гэж байгаа бол арай өөр байх зохион байгуулалт хийх хэрэгтэй. Би энэ талаар нэлээн олон хэлээд ад болсон л доо. Нэг ёсондоо би шахагдчихаад байж байгаа хүн. Ер нь бол МАН шинэчлэгдээгүй. Ганц түшиг тулгуур нь хэдэн гишүүд нар нь л байж байгаа юм. Тэднийхээ хүчинд сонгуульд оролцоно, тэднийхээ хүчинд саналаа авна.
Би УИХ-ын гишүүн байхдаа С.Баярын үед М.Энхболд даргатай 2-3 удаа уулзаад нам нэг л болохгүй байна, та намаа аваад цэгцлээч гэхэд “би эргээд хэзээ ч намын дарга болохгүй” гэж байсан хүн шүү дээ. Тэгэхээр М.Энхболд даргыг намын дарга болгочихоод ард нь тоглолт хийх гэж байгаа хүмүүс бий. Хотын захиргааны дарга болгож байгаад ард нь газрын наймаа хийсэн хулгайч нар зөндөө байна шүү дээ. Энэ хүний нэр дээр буудаг байхгүй юу. Энэ хүн нь өөрөө их дөлгөөн хүн юм. Хүний үгэнд ороод. Эд нар олон жил ажилласаар байгаад дасчихдаг юм байна л даа. Яг нэг ангийн хүүхдүүд шиг. Тэгээд л хоорондоо ангийнхаа даргыг сольж хийгээд л. Би бол М.Энхболд даргыг өрөвдөж байгаа. Ард нь зөндөө олон хүн янз бүрийн хулгай луйвар хийнэ. Тэгээд л энэ хүний нэр, толгой дээр бууна. Түүнийгээ ч сайн бэлдэж авах шиг болно лээ. М.Энхболд Хотын захиргааны дарга хийж байхдаа хувьдаа нэг м/кв газар авсныг би л лав мэдэхгүй. Харин энэ хүний гарын үсгээр хулгай хийсэн луйварчид манай нам дотор хангалттай бий. Ардчилсан нам дотор ч бий. Ардчилсан намынхан ч гэсэн хэдхэн хүн солигдоод л сайд, даргаа хийгээд л явж байгаа шүү дээ ялгаа байхгүй.
2012 оны УИХ-ын сонгуулиас хойш таныг намаасаа жийсэн, жийгдсэн гэх асуудал хэвлэлээр нэлээд бичигдсэн шүү дээ?
Намайг бол зохион байгуулалттай унагасан шүү дээ. 76 хүнийг намын удирдах зөвлөлөөс дэвшүүлчихээд ганцхан намайг унагаж байгаа байхгүй юу. Шөнө хурал болоод л өглөө нь чи байхгүй ганцаараа унасан л гэсэн. Аягүй муухай л даа. Би энэ намд өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөс хандив тусламж өгч, янз бүрийн юманд нь зөндөө оролцсон. Яг бичиг цаасны ажилд нь оролцоогүй л дээ. Ж.Сүхбаатарыг хар л даа. Жил гаруй хугацаанд намын нарийн бичиг хийлгэж, хөдөө орон нутаг хариуцуулж баахан ажиллуулж ажиллуулчихаад нэг суудалд өрсөлдүүлсэн болгоод аваад тавьчихаж байгаа юм. Манай нам бол утгагүй л дээ.
Аль ч нам засаг барьсан монголын ард түмний амьдрал сэхгүй юм байна гэсэн зүйлийг жирийн иргэдээс эхлээд хэлж байна. Та юу гэж бодож байна вэ?
Улс төр гэдэг бол нэг хүнийг удаан байлгах, нэг хэсэг хүнийг удаан байлгах нь сонгогч бидэнд осолтой. Болж өгвөл сонгогчид нэг хүнийг 8 жил сонгоод л болдог хуулийг өөрийн дотооддоо зохиочихоосой гэж боддог. Төрийн хуулинд хэд ч сонгоно гээд байж л байна биз. Сонгуулийн үеэр сонгогчдын толгойг угаачихаад байх юм л даа.
- See more at: http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11924#sthash.GmgAuEK0.dpuf
URL: